Wednesday, July 9, 2008

Дамбадаржаалин хийд


Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоёр Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин /Шашныг бадруулагч сүм/ хийд оршдог.

Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалдзориулан Манжийнэзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас гаргасан тэрхүү зарлигийг тэмдэглэж монгол, төвд, манж, хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэлт хөшөөг эндэх Түүхийн сүмд байрлуулжээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд талын өнцөгт II Богдын шарилын суврагыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон ажгуу. 1778 онд хийдэд II Богдын шарилыг шилжүүлэн авчиржээ. Дамбардаржаалин хийд нь Цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байжээ.


Дамбадаржаалин хийдийн хэсэг

Туc хийдэд Гавжийн Дамжаа гэдэг хурал хуруулж эрдмийн цол мяндаг хайрладаг байв. Уг хийдийг анх байгуулснаас хойш 150-иад жилийн дараа 1907 онд сэргээн засварласан байна. 1930 он хүртэл шашны хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хэсэг хугацаанд тасалдаж 1990 оноос эндэх Цэцэн хан аймгийн гэр дуганыг лам нар өөрсдийн хүчээр засч шашны хурал хурж эхэлжээ. Дамбадаржаалин хийдээс одоо Цогчин дуган /хийц, т өлөвлөлтийг нэлээд өөрчилсөн/, Жин хонх, Жин хэнгэрэгний сүм, Түүхийн Баруун, Зүүн сүм, Лавиран, хоёр Жотхан, Асар хаалга, хэрэмний үлдэгдэл, дөрвөн дуган үлджээ. 1971 онд улсын хамгаалалтад авсан. Дамбадаржаалин хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд тэнхлэгийн голд Цогчин дуганыг байрлуулж бусад сүм дуганыг тэгш хэмийн төлөвлөлтөөр хоёр талд нь байрлуулсан ба давхар хэрэмтэи байжээ. Барилгын үндсэн материал нь боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод юм.


No comments:

: