Wednesday, July 9, 2008

Жаргалантын дуган


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилгат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890 ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дуганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төв байгаа газар авчиран барьжээ. Туc дуган нь монгол загварын сүм дуганы төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд банз модоор хийн банзыг хагас сэр хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ.


Жаргалантын дуган

Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуургадан зангидах, шаантаглаж холбох, ханыг дан банзаар хөндлөн босгох зэрэг аргаар угсран барьсан нь буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмбэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй гадуураа эргэн тойрон 6-8 баганатай, гурван үе байсан ба 1930 аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзалж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ

No comments:

: