Wednesday, July 9, 2008

Гүндгаравлин хийд, Сэцэн ханы Алтай жан өргөө


Xэнтий аймгийн төв Өндөрхаан хотын баруун урд "Хийдийн суурин" гэж нэрлэгдсэн олон овгор шороо, чулуун суурь байдаг нь гурван зуу илүү жилийн шаштир түүхтэй Гүндгаравлин хийд оршин байсны ул мөр юм. Халхын Шолой Сэцэнханы /1577-1652/ санаачлагаар Хэрлэн голын эрэгт байгуулагдсан Гүндгаравлин хийд нь зургаан дацан, дөрвөн аймаг, арван дуган, арван дөрвөн сүм суварга, арван жастай таван зуун хорин ламтай /1930-аад оны байдлаар/ байжээ. Сэцэнханы гол хийдийг Манжийн хааны эевэр засагчийн 17 дугаар /1660/ оны цагаан хулгана жил үүсгэсэн гэж дане хараанд тэмдэглэсэн боловч түүнээс ч эрт үүссэн баримтыг түүхч Хөдөөгийн Пэрлээ судлан тэмдэглэсэн нь бий. Гүндгаравлин хийд нь ус элбэг, уудам талибуун хөндийд байрлажээ. Хийдийн ихэнх дуган сүмийг 1950 -аад оны дунд хүртэл буулгаагүй байв.


Сэцэн ханы Алтай жан өргөөний хэсэг


Хийд Түвдэнжунай-шадавчойпэллэн хэмээх Чойрын, Гүндгаравлин хэмээх Чогчины, Сан-аг-дэчин-чойхорлин хэмээх Жүдийн, Ээвэмдашийпунцоглин хэмээх Дүйнхорын, Шампансойриг-шадавдаржаалэн хэмээх Мамбын, Гунгаасамдан-пэлжээлэн хэмээх Ёгийн дацан, зүүн урд Пунцогдэжидлэн, баруун урд Гэндэн-пэлжээлэн, баруун хойд Шадавдаржаалэн, зүүн хойд Пунцогхамцанлин аймгуудтай арван дуганаас гадна Мянган бурханы, Хангалын гэсэн хоёр дугантай байв. Эл хийдэд Халхын анхны чойр бий болж үүнээс долоон жилийн хойно Богдын хүрээнд чойртой болсон гэдэг бөгөөд баруун зүгийн ёс дэглэмтэй хийд байсан гэж халхад алдаршжээ. Мөн хийдээс зүүн хойш Сэцэн ханы алтанжан, Тахилын байшин, Арын хөх зэрэг хятад маягийн хийцэт өөргөөнүүд байв. Арын хөх гэдэг нь Сэцэнханд бараалхахаар ирсэн манжхятадын буурчийн газар, Сэцэнханы Алтай жан гэдэг нь ёслолын өргөө юм. Алтай жангаас баруун хэсэгт Сэцэнханы бурхан тахилын дөрвөн барилга байв. Эдгээр барилгын зарим нь үлдсэн агаад өдгөө Хэнтий аймгийн угсаатны зүйн музейн барилга болжээ. Хэдэн жилийн өмнөөс Гүндгаравлин хийдийг сэргээн модон дуган барьж хурал ном хурдаг болжээ

No comments:

: