Aрхангай аймгийн Тариатын хүрээний салбар өвөр Хужиртын хүрээнд 1900 аад оны үед баригдсан нэгэн суврага байсан ба суварганы үлдэгдэл нь одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумаас зүүн урагш 30 км зайд Их Хужиртын эх гэдэг газар байна.
Тариатын хүрээнд шавилан сууж байсан унзад буюу "хурал эхлэгч" цолтой Дэлэг гэдэг хүн газар ус, нутгийн олондоо буян үйлдэж 1900-1930-аад оны хооронд шавилан сууж байсан газрууд болох Тариатын хүрээнд 1, одоогийн Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутагт, өвөр хужиртын хүрээнд 1 нийт 3 суврагыг бүтээн босгосон байна.
Их Хужиртын суврагыг дан боржин чулуугаар бүтээсэн ба чулууг хийдээс зүүн зүгт 20 гаруй км-т байдаг Халзангийн асгат гэдэг газраас саарал өнгийн нарийн ширхэгт боржин чулууг сонгон авч газар дээр нь углуургадан хийхээр төлөвлөн засан янзалж бэлдэн зүүж авчирч байжээ. Суврага нь углуургадан чагталж өрж босгосон 3 үе ба сэнтий нь арслан болон хээ хуар сийлж урласан, 6 ханатай гэрийн буйрийн хэртэй /энэ нь 4.5 м квадрат орчим/, өндөр нь 5 метр гаруй, 4 талд нь цоолборлон урласан 4 чулуун арслантай, сувраганы оройн дээд нар сарнаас нь 4 арслангийн хүзүү рүү холбожуясан гинжин хонхтой, нэг гинжинд 16 хонх нийт 64 хонхыг хэлхэн уясан байжээ.
Суваргыг барихаар Хүрээнээс 20-иод урчууд хавар хүрэлцэн ирж намрын дунд сард дуусгахад, ном судар хийн шүншиглэн аравнайлж босгожээ. Уг суврага нь Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутагт дахь чулуун суврагатай адил хийцтэй байсан ба эдгээр сувраганууд 1930-1940 өөд оны үед сүм хийдийн олноор нь буулган нураах үед өртөгдөн, хонхнуудыг нутгийн ардууд адуу малын хүзүүнд зүүх, өрлөг чулуу, арслангуудыг зүүн авч тараан үгүй болгожээ. Зөвхөн сувраганы сэнтийн хэсэг үлдсэн байсныг 1994-1995 онд нутгийн олны санаачилгаар сэргээн босгожээ. Дээрх суврага нь хувь хүний дурсгалын суварганы төрөлд багтах барилгын байгууламж юм.
No comments:
Post a Comment