Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, сумын төвөөс чанх урагш 12 км зайтай, Молцог элc хэмээх их элсний өмнө захад Сүмтийн тойром хэмээх эрт үед их устай тойром байсны ул мөрийг хадгалсан хонхорын хойд хэсэгт эртний нэгэн балгасны үлдэгдэл бийг Сүмтийн туйр гэдэг.
Энд эрт үед орон барилга байсны ул мер бүхий гурван том овгор, уг барилгуудыг хойгуур нь тойрон хүрээлж байсан бололтой далан хэрмийн нурсан тасархай хэсэг илт ажиглагддаг бөгөөд хөрсөн дээгүүр нь барилгын дээврийн тосгуур, нөмрөг ваар, улаан хүрэн, хар саарал өнгөтэй тоосгоны хэлтэрхий хэсгүүд ил элбэг тааралддаг. Энэхүү эртний хотын турийг судлаачид удаа дараа их бага хэмжээгээр судалж байснаас хамгийн сүүлд 1994 онд Монгол-Солонгосын эрдэмтдийн хамтарсан "Дорнод Монгол" төслийн судалгааны анги бага хэмжээний малтлага хийжээ.
Судалгаанаас үзэхэд уг туйрын хамгийн урд захын том овгор нь шүтээний сүм байсан бололтой юм. Энд чулуугаар суурь тавьж барьсан барилгын ор үлдэгдэл гарсан ба малтлагын явцад товгор цэцгэн хээтэй барилгын чимэг тоосго, янз бүрийн хэмжээтэй жирийн тоосго, дотор талдаа нэхмэл эдийн ором бүхий дээврийн тосгуур, нөмрөг ваар, багана бололтой дүнз мод, шалны ногоон өнгийн паалан бүхий зургаан талт хавтан, гуулин бурхан зэрэг олдвор гарснаас гадна бурхан шашны сэдэвт зурагтай барилгын ханын шаваасны үлдэгдэл их хэмжээтэй олдсон билээ. Олдсон барилгын материал нь хоорондоо ялгаатай, түүхийн нэгэн үе бус өөр өөр цаг үед холбогдож болмоор шинж ажиглагддаг.
Тухайлбал, товгор цэцгэн хээ бүхий чимэглэлийн тоосго нь Х-ХII зууны Кидан улсын үед холбогдох Хэрлэн Барс хотынхтой яг ижил байхад ногоон паалан бүхий чимэглэлийн зарим олдвор нь XIII зууны Хар Хорум хотын олдвортой ижил төстэй. Түүнчлэн малтлагаас олдсон модыг радиокарбоны аргаар шинжилж үзэхэд ХV-ХVI зууны үед хопбогдох он цагийг зааж байлаа. Хотын хэрмийн өмнөх цонжийн суурь гэмээр байгууламжит гонзгой овгорыг малтахад чулуугаар өрж хийсэн гурван тасалгаа гарсан бөгөөд эхний тасалгааг эндхийн хөрснөөс их өөр улаан өнгийн зос шороогоор дүүрэгсэн атал ямарваа оршуулгын ул мөр гараагүй болно. Хоёр гуравдугаар тасалгаанаас малын цөөн тооны яс болон барилгын ваарны хэлтэрхийгээс өөр зүйл гараагүй.
Харин дээд хэсгээс нь ихэд үжирч муудсан гуулин бурхан гарсан. Энэ байгууламжийн хийц зохион байгуулалт нь урьд өмнө манай оронд олдож байсан эртний дурсгалуудаас их л өөр, харин Солонгосын эртний Когурё улсын үеийн оршуулга тахилгын байгууламжуудтай зарим талаар төстэй болохыг солонгос эрдэмтэд онцлон тэмдэглэсэн юм. Энэ бүхнээс үзэхэд эртний энэ хотын туйр нь дундад зууны түүхийн хэд хэдэн үед холбогдох нь илэрхий бөгөөд нутгийн ард түмэн үүнийг Сүмтийн элсний сүм буюу Гуулин улс нутаглаж байсан хот гэж ам дамжин домоглосоор ирсэн нь бас ч бодит ул үндэстэй байж мэдэх юм.
No comments:
Post a Comment