Sunday, July 20, 2008

Алтан орд


Алтан Орд буюу Кипчакын хаант улс (Зүчийн улус) нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэгт 1241-1260 он хүртэл байсан. Энэ улс нь Өгөөдэй хааны зарлигийн дагуу Чингис хааны ач Бат хааны удирдлаган дор хийсэн ахмад хөвгүүдийн аян дайны дараа зүүн европын Ижил мөрний сав газар буюу Кипчакд байгуулагдсан Монгол, Татарын улс юм. Гэхдээ энэхүү улсын эх сурвалж нь Чингис хааны ууган хүү Зүчийн хувь улсын газар нутаг билээ. Эцэг Зүчи нь залуугаараа нас барсан тул Чингис хаан түүний хоёр хүү Орда эзэн, Бат хаан хоёрт газрыг нь хуваан захируулжээ. Алтан ордын газар нутаг дотор Батын удмынханы эзэмшлийг Хөх орд, Ордын удмынханы эзэмшлийг Цагаан орд гэж нэрлэдэг байв. Хэдийгээр энэ хоёр улс бие биеэ хүндэтгэн тус тус даа засаглаж байсан боловч нийт Алтан ордны төрийн хэргийг Хөх ордны хаад удирдан гүйцэтгэдэг байсан юм.



Алтан ордны улс нь Хорезм, Орос, Сибирь Украйныг колоничлохоос гадна Болгар, Серб, Белорусь улсууд хараат нь байжээ


Орос, Европыг байлдан дагуулсан нь

Чингисийн залгамжлагч Өгөөдэйн Орос руу илгээсэн гурван довтолгооны нэгийг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. 1235-1236 онуудад өмнөд орос, сибирийн Кипчак, Башкир, Мордови, Булгарчуудыг байлдан дагуулаад оросын Рязаны вант улсыг бут ниргэсэний дараа түр завсарлажээ. Эргээд Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан төв Орост нэвтрээд Москва, Украйны Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силези, Унгарт очиж 1240 онд Люблин, Краков, Пештийг газартай тэгшилсэн байна. Батын нэг жигүүр 1241 оны 4-р сард Легник буюу Легницид Силезийн ван Ариун явдалт Хенри удирдсан рыцариудын цэргийн нэгдсэн армийг бут цохисон байна. Мөн 3 хоногийн дараа мажаруудыг Сайо голын цутгалан Тисса мөрний хөндий Мохид ялжээ. Үүний дараа дорнод Чех, Хорват, Серб, Албани, Австри зэрэг орнуудруу цөмөрсөн боловч Өгөдэй хаан нас барсан тухай мэдэ Хархорумаас ирсэн байна. Дараа жилийн эхээр Бат хаан болон Субээдэй баатар нар довтолгоогоо зогсоож, зүүн зүг буцан Волга мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. Энэхүү алтадсан унь бүхий гэрээс үүдэж Алтан Орд хэмээх болсон гэсэн таамаг байдаг.

Нийслэл хотууд

1243 онд Бат хааны зарлигаар Ижил мөрөн, түүний зэргээлдээх сав газар Сарай буюу Саравч нэртэй хотыг байгуулжээ. 1260 оноос дүү Бэрх нь Ижил мөрний дээд биед нийслэлээ шилжүүлж Сарай-Бэрх хэмээн нэрийджээ. Харин хуучин нийслэлийг түүнээс ялгаж салгахын тулд Сарай-Бат гэдэг.
Тэр үеийн нэгэн аянчин бичиж үлдээсэн тэмдэглэлд Сарай хотын нэг захаас нөгөө зах хүртэл явахад бүтэн өдөр өнгөрдөг гэжээ. Мөн тэрээр тэр хотын усжуулалт, ус сувгийн хоолой, асар том сүм, худалдааны гудамж, захын талаар өгүүлсэн байдаг. Сарай Бэрхэд хагас сая хүн амьдардаг гэж хэлсэн боловч энэ тоонд болгоомжтой хандах хэрэгтэй юм. Тус хот нь европоос азируу орох худалдааны замын уулзвар дээр байсан бөгөөд Сарайд монгол, кипчак, ас, булгар, черкесс, мөн бусад түрэг үндэстэнүүд, орос, италийн худалдаачид оршин суудаг байв.
Мөн Уралийн хавьд Сарайчик нэртэй хот байсан бөгөөд Хөх ордны зарим хаадыг тэнд оршуулсан ажээ.

Зүчийнхэн бусад монгол улсуудтай холбоотой байсан нь

1262 онд Ил хаан Хүлэгү кавказаар дамжин Бэрхийн газар нутагруу довтолсон тэр үеэс Ил хаадын улс, Алтан ордны хооронд 14-р зууны дунд үе хүртэл урт удаан үргэлжилсэн Монгол гүрний иргэний дайн эхэлсэн юм. Зарим үед Зүчийн үр удам Хүлэгүүгийнхэнтэй эв найртай байж, бүр худ ураг бололцсон тухай мэдээ бий боловч өвөр Кавказ, Азербайжаныг өөрсдийн болгох санаанаасаа ухраагүй юм. Хоёр тал харилцан амжилтгүй дайныг хийж байсан бөгөөд ихэнх тохиолдолд Алтан ордны арми Иран дахь монголчуудын нутагт халддаг байжээ.

Бэрх, Тодмөнх нар лалын шашинт хаад байсан боловч улс даяар исламчлах ажлыг хийж байсангүй. Узбек хаан 1315 он гэхэд Алтан ордныг хүчээр лалын шашинд оруулжээ. Энэ үеэр эсэргүүцсэн Чингисийн удмын 70 монгол ноёдыг цаазалсан байна. Тэдний нэг нь Цагаан ордны Ильбасан юм.
Хубилайн эсрэг Аригбөх, Хайдугийн тэмцлийг Хөх ордны хаад дэмжиж байв. Энэ нь тэдний их хааны нөлөөллөөс холдох эхлэл болсон. Гэвч Юан улстай 1304 онд чөлөөт худалдааны төлөвлөгөө боловсруулж, Их хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь Юан ши, ил хаан Өлзийтийн захианаас батлагддаг.

Цагаадайн улстай ямар харилцаатай байсан талаар төдийлөн их мэдээлэл бидний үед хүрч үлдээгүй боловч Цагаадайнхан Цагаан ордны дотоод хэрэгт оролцсон, бүр гэр бүл доторх хэрүүл маргаанаас дайжсан зарим нь Алтан ордод ирж суурьшсан баримт бий. Цагаадайн улсын цэргүүд хааяа хааяа дээрмийн шинжтэй халдлага Алтан ордны хил дагуу хийдэг болсон байна.

Алтан Ордны мөхөл

1259 оноос хойш хаан ширээний төлөөх ширүүн тэмцэл өрнөж сульдаж доройтсон тус улсыг 1380 онд Москвагийн оросууд Куликовын тулаанд ялав. Ер нь 14 дүгээр зууны сүүлээр Алтан ордны хаант улс Чингисийн угсааныханы өвөр хоорондын дайн, хүчирхэгжиж буй Мусковчуудын (Москвагийн вант улс) бослогуудаас сульдсан юм. Тохтамыш 1382 онд Алтан ордны улсыг түр нэгтгэсэн ч түүнийг Доголон Төмөр бут ниргэсэний дараа Сарайн Их орд, Астархан, Казань, Крым, Сибирь гэх таван улсад хуваагдаж 15 дугаар зууны сүүл хүртэл Их Орд нэртэйгээр оршсон байна.
1480 онд гуравдугаар 3-р Иван Василевич Axмeд
хаанд татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар орос дахь татар-монголчуудын ноёрхол оршин тогтнохоо больсон байна. Татар монгол гэсэний учир бол энэ үед монголчууд нилээд түрэгжиж Булгар, Кипчакууд дунд ууссан байв. 1502 онд Крымийн татарууд Менгли Гирейтэй ирж Сарайг шатааснаар Алтан ордны сүүлийн амьсгааг тасалсан гэдэг.


No comments:

: