Sunday, July 20, 2008

Аттила

АТТИЛА (406-453) Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гүрэн бүхий л түүхийнхээ туршид хүннү омог, түүний дайнч удирдагч шиг сүрхий дайсантай тэр бүр тулгарч байгаагүй ажээ.

Аттила бол олон тооны нүүдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хүн байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс Ижил мөрний зүгээс Паннонид (өнөөгийн Унгар) нүүдэллэн ирж суурьшсан хүннү омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт гүрнээс хүн амтай нь цуг өвлүүлэн өгсөн байв. Тэр үед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгүй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийг удирдан чиглүүлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хүсэл бүхий залуу хаан Аттилад төрөлхийн морьтон хүннү омгуудын цэргийг удирдах үүрэг ногджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд түүнийг алж хүннү омгуудын хаан, цэргийн жанжин болжээ.

Аттила бүх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх "будүүлэг" ард түмнүүд болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин суудаг болон Дунай мөрний эрэг дагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж хүчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хүннүчүүдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байв.

Христос шүтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт "бүдүүлэгчүүд"-ийн хүчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гүрэн нийслэл Константинополь хотыг тойруулан "Феодосевийн хэрэм" гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мөрний эрэг хавиар олон цайз босгожээ.
Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хүчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв.

ХI зууны үеийн готын түүхч Иордан, ромын түүхч Приск нар Аттила хааны нийслэлийн тухай ийн бичиж үлдээжээ. "Суурингийн модон хэрэм дотор ороход эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бүхий багануудтай сууцны байшингууд сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайг тойруулсан өндөр хашаа байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё хотуудаас энэхүү баргар сууринг илүүд үзэж энд л байнга суудаг байв." гэжээ.
Аттила хаан 443,447-448 онуудад Дорнод Ромын эзэнт гүрэн рүү хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний хоёрдугаар Феодосий хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгүй гэдгээ ойлгож хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг "бэлэглэж" байж эсэн мэнд мултарчээ.

Аттила хааны удирдсан талын хүннү омгийн дайралтын тухай домог яриа өргөн тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна, хүннүчүүдийн морин цэргүүд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж үймээн бужигнаан үүсэхэд сая уулгалан дайрна.
Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, түүний нөхөр хоёр хүннүчүүдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү харц хандуулж тэднийг эс тоожээ.
Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болгон өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гүрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хүннүчүүд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бүсгүй хатан нь болох хүсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хүчирхэг армитай вестготуудын нэгдүгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хүчээ зузаатгаж амжжээ.

Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангүй, 451 оны эхээр Паннони мужаас өрнө зүг рүү аян дайнд мордов. Хүннүчүүд холбоотон омгуудтай хамтран уулгалан довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг амжилттай гаталж Галли оров. Зам зуур тааралдсан бүх хот, тосгоныг галдан сүйтгэж балгас болгон хувиргаж байлаа.
Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин омгийнхны довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гүн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз, феодалуудын шилтгээнийг бүслэлт хийж цаг алдахыг хүсэхгүй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хүннүчүүд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү хийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ.

Хүннүчүүд Орлеан хот руу дөхөн ирж бүслэлт хийх үед хориглолт хийсэн хотынхонд туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж хотын бүслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ.
Жанжин Аэций, нэгдүгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргөн талд дэлхийн түүхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж холбоотны армийн баруун жигүүр, төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтод тулж зогслоо. Холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг бут ниргэсэн ч тэдний хайртай нэгдүгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хүлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгүй. Аттила хаан ч бүрэн ялагдал амсаж магадгүй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ. Хүннүчүүд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж хилийн бэхжүүлсэн шугамыг сэтэлж Умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж худалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулж ирэв.

Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хүч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангүй, хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр өлсгөлөн гарснаас хүннүчүүд Италийн нутгаас аль болох түргэн гарч явахыг яаравчилж байгааг огт таамаглаагүй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдүгээр Лев хамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ.
Тавьсан зорилгоо биелүүлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хүрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ.
Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. "Бүдүүлэгчүүд"-ийн дээрэм тонуулаас дайжин зугтсан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ.
Аттила хаан Галли нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнт бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч түүнийг алсан, тэрчилэн бургундын ард түмнийг үгүйрүүлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь түүнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна.

Аттила хаан нүд анисны дараа олон тооны хөвгүүд нь хоорондоо булаацалдсанаас морин цэргийн хүч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлж хорин жилийн дараа Хүннүгийн хүчирхэг гүрэн задран мөхжээ. Хүннүгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гүрний эрхшээлд оржээ.
Аттила бол байлдааны үед морин цэргийн маневрыг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотнуудаа зоригжуулж нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ.

Аттила бол христос шашин шүтдэг ард түмнүүдийг хүйс тэмтрэх аян дайн хийхэд бүхий л амьдралаа зориулсан харгис хүн гэж дийлэнх түүхч үздэг боловч цэргийн жанжны хосгүй чадварыг нь бүгд хүлээн зөвшөөрдөг юм.

No comments:

: