Төв Азийн өргөн уудам нутагт нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд дэлхий дахинд нэртэй баялаг түүхтэй ард түмэн билээ. Ард түмний минь буурал их түүхийг сөхөхөд алдарт их хаад жанжин эрдэмтэн мэргэд зэрэг эрчүүдээс гадна эрдэм ухаанаараа эрчүүдтэй эн зэрэгцэх Мандухай цэцэн, Ану зэрэг эмэгтэйчүүд төрөн гарч байсан. Сайн муу хоёр ямагт цуг явж зөрчилдөж байдаг шиг эдгээр эмэгтэйчүүдээс гадна түүхэнд сөрөг үйл үйлдсэн эмэгтэйчүүд ч гарч ирсэн юм. Энэ бол Өгөөдэй хааны хамгийн эрх мэдэлт хатан Туракина /Дөргэнэ/ буюу Найманжин юм.
Чингис хаан Мэргэд иргэнийг эзэлж Тогтаа бэхийн их хөвгүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос Дөргэнг тэнд Өгөөдэйд өгөв”. Нууц товчооны VIII бүлэгт бичжээ.
Үүнээс үзвэл Туракина нь Удуйд мэргэдийн Тогта бэхийн их хүү Худугийн хатан байжээ. Өгөөдэй 1229-1241 оны хооронд их хаан ор суусан бөгөөд түүний 6 хатнаас Гүюг, Годан, Хүч, Харачар, Хаш, Хадаан, Мэлэг гэсэн 7 хүү төрсөн. Эдгээрээс Гүюг нь 1206 онд буюу Их монгол улсыг тунхагласан жил Туракина хатнаас төржээ. Өгөөдэй хааны эдгээр 7 хүү нь цөм л авьяаслаг залуучууд байсан гэдэг.
1241 оны 12-р сарын 11-нд Өгөөдэй хаан их л сэжигтэйгээр хээрийн асартаа гэнэт нас барсны дараа түүний хатан Туракина төрийн хэргийг шүүрэн авч 1241-1246 онд их хааныг сонгох асуудлыг арга бааш хэрэглэн саатуулсаар 5 жил төрийн хэргийг мэдэж байлаа. Энэ хугацаанд Туракина ихээхэн эмгэнэлт явдлуудыг гаргасныг түүх бичлэгт сүүрс алдан бичсэн байдаг. Туракина Лалын худалдаачин Абдурхмантай хуйвалдан түүнд их хааны тамга дарсан хоосон цаас өгөн эзлэгдсэн улс аймгаас өөрсдийн дураар татвар авч тэдгээр улс аймгийн ард түмний дургүйцлыг улам нэмэгдүүлж байлаа. Тэрээр өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд олон эмгэнэлт явдал гаргасны нэг нь Өгөөдэй хааны II хүү Годаныг хөнөөсөн явдал юм.
Өгөөдэйн Шилжи хатнаас гарсан II хүү Годан бол бүх юмыг нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс ухаардаг хүн байв. Тэр 1235 онд эцэг хааны зарлигаар их цэрэг захиран Сүн улсыг дайлаар Сычуан орж улмаар цаст Төвдийг довтолжээ. 1245 онд Хөх нуурт байхдаа Төвдийн Сажа Бандида Гунгаажалцаны хоёр ач Пагва, Зэнээ нарыг залж бурханы ном уншуулжээ. Улмаар Сажа Бандида Гунгаажалцан өөрийн биеэр Хөх нуурт ирж Годантай уулзаж Төвдийг Монголын эрхшээлд оруулахыг хүлээн зөвшөөрчээ. Өгөөдэй хааныг тэнгэр болсны дараа Годан Туракинатай төрийн эрхийг булаацалдан далдуур тэмцэлдэх болсны улмаас Туракинад хөнөөгджээ.
Олон ноёд түүний эсрэг ил далд тэмцэх болсон тул тэрээр 1246 онд өөрийн төрсөн хүү Гүюгийг их хаанаар суулгажээ. Гүюгийг өв залгамжилсны дараа Туракина удалгүй нас баржээ. 1248 онд Гүюг Бат хантай байлдаан хийхээр аялан явах замдаа нас барсны дараа 1248-1251 оны хооронд 3 жил түүний хатан Ойрадын Хутуга бэхийн охин Ууган Хаймаш төр барьсан гэдэг.
Сэтгүүлч Д.Авирмэд
Сэтгүүлч Д.Авирмэд
No comments:
Post a Comment