Эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил нь юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. "Монголчууд" гэж хэн юм бэ? гэсэн дээрэнгүй асуултад та шууд хариулж чадах уу? Энэ зохиолыг заавал уншигтун.
Нэгдүгээр бүлэг. БӨРТЭ
Эс мартагдах өс хонзон
Тахир сэлэм шиг саран дотроос чоно улиж байв. Түүний бардам ихэмсэг дуу тэнгэрээс доошилж, уул гүвээ дамнан үргэлжилсэн их цэргийн цуваан дээгүүр хэсэг цуурайтаад газар шингэн замхрах ажээ. Аян дайны зам зуур чоно тааралдах нь ялалт олохын билэг тэмдэг гэж монголчууд үздэг тул хэдий чимээ гаргахыг цаазалсан ч бүгд баясан хамар дороо уухайлж явлаа. Хавирган сарны хүйтэн цэнхэр туяанд эргэн тойрны уулс тэнгэрийн хаяанд сүүдийж, дөрвөн түмэн агт морьдын туурайн чимээ битүү нүргэн, газар доргиж байх шиг санагдана. Онгон зэрлэг хээрийн ургамал цэцэгс талхлагдан анхилуун хурц үнэр нь морьдын хөлсний үнэртэй холилдон хамар сэтрэм ханхлах ажээ. Морьдын тургилах, их цэргийг цувааны дөрөө харших нь шөнийн цэнгэг сэрүүхэн агаарт тов тод сонсдох агаад энэ олон агтын хөлөөр бужигнасан улаан шороо агаарт дэгдэж нарийн тоос ам хамраар чихэн уушгинд очиж наалдана.
Тэмүүжин урьд нь ийм олон морьт цэргийн дунд явж үзсэнгүй тул өөрийн эрхгүй сүрдэн биширч байсан ч түүнийгээ аль болох нуухыг хичээж байлаа. Хэдэн уул гүвээ давж сарны цэнхэр гэрэлд сүр бараалан үргэлжилсэн морьт цэргийн цувааг харахад аварга том үхэр могой мушгиран эвхэрч байх шиг үзэгдэнэ. Бас замд саран дороос чоно улих сонсогдсон нь эрт бага насанд нь зүүдэнд нь үзэгдсэн өнөөх галт чоныг эрхгүй санагдуулсан тул сэтгэл нь тэсэлгүй ихээр догдолжээ. Гэвч Тэмүүжин өөрийн сэтгэлийн гүн дэх хувирал хөдлөлөө хэнд ч анзаарагдахгүйгээр тэвчин барьж сурсан билээ. Ийм занг өдгөө хүртэлх зовлонт амьдрал нь түүнд сургасан юм. Анх Хонгирад аймгийн Дайсэцэний гэрт Есүхэй эцэг нь орхин явахад эргэж ч харахгүйгээр холдон одож буй эцгийнхээ араас гүймээр, хашгирч орилмоор байсан ч цийлэлзэн гарах нулимсаа тэвчин барьж, цааш шингээснээр барахгүй бүр хэнэггүй царай гаргаж чадсан билээ. Дотроо эцэгтээ гомдож, бүр харуусан гашуудсан ч амьдрал нэгэнт л ингэхийг шаардсан тул Тэмүүжин үг дуугүй түүний аяыг дагажээ. Нэр мэдэх ч зүс үзээгүй харийн аймагт, хүний гэрт ганцаар хаягдах юм гэж даанч санаагүй билээ. Эцэг нь салахдаа ядаж цөөн ч гэлээ урмын үг хэлж, уруул хүргэн үнссэн ч үгүй. Эцгийн нь ширүүн түрэмгий харц нэгэнтээ түүн дээр тусахад "Аав одоо намайг үнсэж элгэндээ тэвэрнэ дээ" гэж бодсонсон. Гэвч тэгсэнгүй билээ. Есүхэй эцэг нь мордохынхоо өмнө:- Дайсэцэн, би Тэмүүжин хөвгүүнээ худ чиний хүссэнээр танайд орхилоо. Чи сайтар харгалзах биз. Хөвгүүн минь нохойноос цочимтгой юм. Чи хичээгээрэй гэж хэлэхдээ ч Тэмүүжинг хайрлаж, өрөвдөхгүй байх шиг санагдсаар байжээ. Бүр түүнийг танихгүй олны өмнө, тэр дундаа сүй тавьсан Бөртэ охины өмнө аймхай ичимхийгээр нь дуудаж, гутаан доромжилж байх шиг санагдсанд эрхгүй гомджээ. Ийн гомдсоноос болоод гэрт үлдсэн эх өөртэй дүү Бэгтэрт ихэд атаархаж, эцэг нь тэр хөвгүүндээ илүү хайртай юм байна гэж бодсон билээ. Гэрт үлдсэн дүү нар дотроос хамгийн ахмад нь Бэгтэр бөгөөд түүнээс ердөө ганцхан сараар дүү байсан нь ингэж бодоход хүргэв. Гэвч Тэмүүжин эцэгтээ гомдон хорсож болох эсэхдээ эргэлзсээр байлаа. Энэ явдал Тэмүүжиний эцэг эх хоёртоо итгэх сэтгэлд гүнзгий өөрчлөлт оруулж, анх удаа өөрийнхөө хувь заяаны тухай балчир ухааныхаа хэрээр эргэцүүлэн бодов. Амьдарч дассан гэр орноос нь, дүү нараас нь салгаж харь аймгийн танихгүй айлд сүй тавих нэрээр авчирч орхиод зугтаах мэт давхин одсон эцэгтээ гомдохоос өөр арга даанч байсангүй. Сүй тавих гэдэг юу болохыг мэдэж, ойлгож байсан ч хүний гэрт гэнэт ганцаар орхих болсныг нь зөвтгөн бодож чадсангүй. "Тэмүүжин хөвгүүндээ өөрийн садан төрлөөс эхнэр авч өгнө" гэж Есүхэй эцгийг нь шавдуулсаар байсан Өүлэн эхийнхээ байдлыг ч сэжиглэн эргэлзэхэд хүрчээ. Гэнэт эцэг эх нь бүгд хуйвалдан Тэмүүжинг өөрийн гэрээс холдуулсан мэт санагдана. Тийм бол яах гэж, юуны учир ингэв гэж шаналан гомдон боджээ. Есөн настай балчир Тэмүүжиний сэтгэл үүнээс өөрийг олж ойлгож, онцолж бодож чадсангүй. Цасанд хучигдсан их талын гүнд эцгийн бараа тасран далд ороход орчлонд цор ганцаар хаягдан хоцрох шиг болоод тэвчин барьсан нулимс нь сул урсжээ. Нулимсаа тэвчин барих чадал гэнэтхэн ингэж үгүй болдгийг тэр анх удаа үзсэн нь энэ байлаа. Харин Тэмүжиний сэтгэлийн гүн дэх нууц хямралыг хамгаас илүү, өөриймсгөөр ойлгож эвийлэн дэмжсэн хүн нь арван настай Бөртэ охин байлаа. Эцгийнхээ хойноос гүйсээр бахардан унасан Тэмүжиний хүйтэн жаварт сарвайн бээрсэн гарыг нь халуун амьсгалаараа үлээн дулаацуулж, хацрыг нь даган урсч хөлдсөн нулимсыг зөөлөн дулаан гараараа арчин аргадсан хүн бол Бөртэ юм. Бөртэ охин Тэмүжиний хөлс үнэртсэн толгойг яг Өэлүн эх шиг нь элгэндээ наан тэврэн суухад энд ирснээс хойш тэдний хооронд байсан гэрэвшил, бишүүрхэл хоромхноо арилан үгүй болохыг тэд хоюул мэдэрчээ.Одоо энэ харь элгийн танихгүй хүмүүс дунд сэтгэлийн хань болох ганц хүн нь Бөртэ болохыг Тэмүжин ингэж зүрхний угаас мэдэрсэн билээ. Энэ мөчөөс хойш Бөртэд хандах ийм сэтгэл Тэмүжиний дотор үүрд салахгүйгээр хадагдан үлдсэн юм. Гэвч тэр цагт тэдэнд мэдэхгүй, ойлгохгүй зүйлс даанч олон байжээ. Есүхэй эцэг нь зам зуурт татаарт хорлогдон үхсэн нь Тэмүжинг Бөртэд даалгаад одсон мэт, бүр хувь тавилангийн учрал тохиолыг урьдчилан тааж мэдээд нэгэнт амьсгалын тоо гүйцсэн тул нялх хөвүүнээ осол аюулаас зайлуулан холдуулж, хаа холын Хонгирад аймагт аваачиж орхих гэж яаран довтолгосон нь хожим нь Тэмүжинд санагддаг байв. Эцгийнхээ хөшиж, хөхөрсөн шарилын дэргэд сууж байхдаа Тэмүжин зарим нэг зүйлийн учрыг бүүр түүр гадарлаж эхэлжээ. Амьдралын элдэв учрал тохиолын цаад наад учрыг ухаж таахын аргагүй ч Тэмүжин Бөртэтэй учирснаа жирийн явдал, хувь тавилангаар учирсан эхнэр нөхрийн байдаг л нэг хэлхээ холбоо гэж огт ойлгодоггүй билээ. Ямартай ч гоо үзэмж төгс Бөртэ бүсгүй Есүхэй эцгийнх нь амь насны үнэтэйг мартахын аргагүй. Тийм учраас Бөртийг мэргэдээс буцааж булаан авах нь зүгээр нэг эр хүний нэр төрийн хэрэг төдий биү юм. Энэ бол Тэмүжиний хувьд хэн болохоо харуулах, үхэл үргэлж хатавч, хаяанд отон зогсож байх аймшигт амьдралд тэсч үлдэх, өөрийн үр удмыг үргэлжлүүлж, Есүхэй эцгийнхээ алдсан нэр төр, аймаг улсыг эргүүлэн авах их тэмцлийн эх байлаа.
Арван найман нас хүрмэгцээ Бөртийг эцгийнх нь гэрээс авчирч өөрийн өрх бүлээ үүсгэсэн нь эзэнгүй мэт болсон Есүхэйн удмын хувьд дахин сэргэж, тархаж одсон албат иргэдийнхээ дунд нэр хүндээ сэргээх цорын ганц боломж байлаа. Учир нь Есүхэйн удам өсч өндийн хүчирхэгжихийг битүүдээ хүсч байсан олон отог овог Боржигон аймгийхан дунд байгааг Тэмүжин мэднэ. Гэвч түүний бага нас, өөрийн хуримтлуулсан хүч баялаг үгүй байсан нь бүхэнд саад болж хүмүүсийг дагуулан манлайлахтай манатай, гагцхүү санамсаргүй таарсан малын хулгайч, эсвэл эцгийнхээ хуучин өстнүүдэд алуулчихгүй амиа хамгаалах нь гол байсан билээ. Баян чинээлэг Хонгирад аймгийн нэртэй зүстэй хүний нэг Дайсэцэний охин Бөртийг Тэмүжин гэргий болгон авсан тухай мэдээ тал нутгаар салхи адил хурдан тархсан нь Есүхэйн албатууд эргэн ирэх шалтаг, санаархлыг бий болгосон ч энэ нь зарим хүнд хуучин цагийн өс хонзонг сэргээн сануулсан явдал болжээ. Иймээс ч Тэмүжин, Бөртэ хоёрын жаргалант амьдрал хэдхэн сарын настай байлаа. Тэмүжиний нялх эмзэг гэр бүл, нэр төрийг бараадсан эхний нүүдэл ирээд бараг төвхнөж амжаагүй байхад Тогтоэбэхийн толгойлсон Мэргэд аймгийн гурван зуун цэрэг гэнэт довтлон ирж, үзэсгэлэнт залуу эхнэр Бөртийг нь булаан одов. Энэ үед эсэргүүцэх ямар ч хүчгүй байсан Тэмүжин зөвхөн өөрийн хар амийг хоохойлон гутамшигтайгаар зугтаахаас өөр арга байсангүй. Бөртийг булаасан нь мэргэдүүдийн хувьд урьд Өүлэнг Есүхэйд булаалгасны өшөөг авсан хэрэг байсан бол Тэмүжиний хувьд Бөртийг алдсан нь эцгийгээ хорлуулсантай дүйхүйц хүнд цохилт, сүйрэл байлаа. Мэргэдийн Их Чилэдүгийн ёсолж авсан эм Өүлэнг нэгэн цагт Есүхэй булаан авсны эс мартагдах өсм хонзон хожим ингэж Тэмүжиний хамаг зовлонгийн эх болов. Бөртэ бол Тэмүжиний хувьд гэр бүлийнхээ дунд толгойлогч нь байхын гол баталгаа байсныг тэр гэнэт ухаарчээ. Бас заналт мэргэдүүдээс Бөртийг даруй эргүүлэн булааж авах нь зөвхөн тэдний гэр бүлийн хэрэг биш, ерөөсөө Боржигон аймгийн нэр төр, хувь заяаны хэрэг болсныг Тэмүжин мэдэрч, энэ хэрэг явдалд яаж хандах, юу хийх ёстойгоо сайн тунгаан бодож шийдэх гэж оролдож байв. Гэвч бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр дагуулж мордох цэрэггүй, дуудаад ирэх нөхөдгүй болохоор санаснаа гүйцэлдүүлэх ямар ч аргагүй болж мухардана. Тэмүжинд хэдэн балчир дүү, Боорчи Зэлмэ хоёроос өөр хань байсангүй. Бас ганц чадах юм нь зугатаах, нуугдах л байлаа. Тэмүжиний энэ арга барагдсан байдал гаднаас нь харахад Бөртийг мэргэдэд алдсандаа огт харамсахгүй, бүр түүнийг буцаан авах санаагүй мэт сэтгэгдэл төрүүлэн дүү нарыг нь бухимдуулж, тэр бүү хэл хэзээд тайван тогтуун зантай байдаг Боорчийг хүртэл гайхашруулжээ. Нэн ялангуяа нэгэнд эрийн цээнд хүрч, харвах, цавчих нь хүнээс дутуугүй болсон, бяртай биерхүү Хасар Билгүтэй хоёр мэргэдийг сэм довтолж Бөртийг хулгайлан авахыг шаардаж байлаа. Үнэхээр ч ингэж болох байв. Дүү нар болоод Боорчи, Зэлмэ бүгд хүч хавсарвал Бөртийг хулгайлан авч чадах билээ. Гэвч түр зуурын хөөрөл, нэр төрийн ашгийн төлөө хөөрхий гэр бүлээ сүйрүүлэхийг Тэмүжин хүсэхгүй байв. Учир нь Бөртийг булаан авсан нь мэргэдийг түр зуур тайвшруулсан болохоос тэд Тэмүжинг алахаас нааш санаа нь амрахгүй гэдгийг тэр сайн ойлгож байлаа. Тийм болохоор одоо Бөртийг булаан авахаас илүү өөрийн амийг хамгаалан хайрлах ёстой гэж Тэмүжин боджээ. Бөртийг буцааж хулгайлан авлаа гэхэд мэргэдүүд бүр их хүчээр довтлон ирж, тэднийг хүйс тэмтрэх нь өглөө болж нар мандахтай адил тодорхой хэрэг юм. Мэргэдийн цэргүүдээс зугтаах газар, эсэргүүцэх хүч Тэмүжинд байхгүй тул өөрийн болоод эх, дүү нарынхаа амийг аврахын тулд гашуун ч гэлээ хувь тавилантайгаа эвлэрэн нэг хэсэгтээ Бөртийг зөнд нь орхих ёстой байлаа. Тэмүжиний сэтгэлийн гүн дэх энэ шаналалыг хэн ч ойлгож мэдрэхгүй бизээ. Хайртай Бөртийгөө хүчин мөхөсдөн булаалгасан нь өнчин, ядуу амьдралдаа түүний амссан хамгийн аймшигтай доромжлол, хүнд цохилт байлаа. Есүхэй эцгийнх нь өшөөг мэргэдүүд түүнээс ингэж нэхнэ гэж Тэмүжин даанч санаагүй билээ. Амьдрал өөрийн хатуу харгис хуультай болохыг, хүссэн хүсээгүй тэр жамыг дагах ёстой гэдгийг Тэмүжин ийнхүү эрт ойлгож авчээ. Тийм болохоор хамгийн зөв шийдвэр олохыг тэр хичээж байлаа. Бас эх, дүү нарынх нь амь амьдрал түүнтэй салшгүй холбоотой болохыг ч ухаарчээ. Ийнхүү нөхцөл байдал тааж мэдэхийн аргагүй хурднаар өөрчлөгдсөөр байлаа.
Мэргэдийг оролдож, тэднийг цаг бусаар хилэгнүүлэх нь яг одоохондоо амиа хорлосонтой адил хэрэг болох юм. Бөртийг булаан авахаар нэгэнт л зоригловол мэргэдийг дахин довтлохгүй болтол нь сөнөөх хэрэгтэй байв. Ингэж гэмээ нь Бөртийг авраад зогсохгүй, бас өөрийн амийг ч хамгаалах болно. Гэвч ийм хүч, боломж залуу Тэмүжинд даанч байсангүй. Харин түүнд нэгэн бодол байсан билээ. Зөв эсэх, бас бүтэх эсэх нь тодорхойгүй ч түүнд үүнээс өөр оновчтой арга байсангүй. Энэ бол Бөртийг булаалгаснаар шалтаглан мэргэдийн эсрэг хэн нэгэнтэй хүч хавсран довтлох тухай санаа юм. Чухам хэн түүнд тусалж болохыг олох гэж тэр их удаан бодсон билээ. Есүхэй эцгийнх нь хуучин анд Хэрэйд аймгийн хан Тоорилыг Мэргэд аймгийн эсрэг хөдөлгөх гол санаа Тэмүжиний дотор боловсроод их уджээ. Бөртийн инжинд ирсэн булган дахыг хуримынхаа дараа Тоорилд аваачиж бэлэглэхдээ хожим энэ тухай яриа өрнүүлэх шалтаг болох юм гэж Тэмүжин тэр үедээ санасангүй билээ. Өөрийн хурим, гэр бүлийн хүндийг өргөх, бас олонд мэдүүлэх, хуучин найртай харилцаа хийгээд Есүхэй эцгийн хүргэсэн тусыг сануулах гэсэн Өэлүн эхийн ухаан, заавраар Туулын хар шугуйд байх Тоорилын өргөөнд Тэмүжин очсон юм. Харин Тоорил хан хуучин анд Есүхэйн хөвүүн Тэмүжинг өгөөмөр сэтгэлээр угтаж өчүүхэн бэлгийг нь чамлалгүй авсан нь түүнийг хүн сайтай, бас ч гэж Есүхэйн тусыг мартаагүй гэдгийг баталсан билээ. Тэмүжин энэ бүгдийг олонтаа эргэцүүлэн бодсон ч Тоорилын хүрээнд дахин очиж түүнээс тусламж гүйх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзсээр байлаа. Гэвч Тэмүжиний эргэлзээг тайлах гэж Тэнгэр түүнд элчээ илгээжээ. Зүүд мэт гэнэт гарч ирээд, бас манан мэт хормын дотор сарнин үгүй болсон тэр хүнийг ганц Тэмүжин биш, Хасар, Боорчи, Зэлмэ бүгд харж түүний "Тэмүжин" хэмээн тод дуудахыг сонсоцгоосон билээ. Бүр тэр Тэнгэрийн элчийн хөлөглөж явсан мухлаг тэрэг, унаа морьд тэдний нүдний өмнө харсаар байтал алга болж, буурин дээр нь адууны шинэ хомоол, галын халуун үнс, цог үлдсэнийг барьж үзсэн болохоор итгэхээс өөр зам үлдсэнгүй. Эхлээд тэд энэ хачирхалтай явдалд цочирдоэ алмайраад хэрхэх учраа ч олсонгүй. Цэнхэрийн голыг өгсөн гэнэт гарч ирсэн тэр баг иргэнийг сэм довтлон агт морьдыг нь булаан авахаар санаархан шөнө хүрч очсон нь эцэстээ Тэмүжин Тэнгэрийн элчтэй уулзсанаар шувтарчээ.
Үлгэрт гардаг шиг харсаар байтал алга болсон тэдний буурин дээр гайхан зогсож байхдаа яах аргагүй тэр хүнтэй уулзаж үг сольсон болохоор нь Тэмүжинээс хэнтэй уулзсаныг асуухад хүргэжээ. Тэмүжин хэсэг зуур дуугүй зогсоод, "Тэр Тэнгэрийн лч юм" гэж шивнэжээ. Нөхөд нь Тэмүжиний энэ үгэнд итгэхээс өөр зам байсангүй. Тэнгэрийн элчээс өөр хэн ингэж харахын хооронд мөргүй алга болж чадах билээ. Тэнгэрийн элч Тэмүжинд юу гэж хэлснийг хэн ч зүрхэлж асуусангүй. Тэмүжин ч энэ тухай дурдаж хэлсэнгүй олон хоног бодолд автжээ. Тэмүжиний хар багаасаа Тэнгэрт мөргөдөг байсан нь огт оргүй хоосон хэрэг биш болохыг Хасар сая л нэг ойлгов. Зарц Мэнлигийн солиотой хөвүүн Хөхөчүг дуурайн Тэнгэрт мөргөх болсон Тэмүжинг тэр ил далд бишгүй нэг шоолж дооглодог байжээ. Гэтэл одоо Тэнгэрийн элч Тэмүжинтэй ирж уулзахыг үзэв. Тэнгэрийн элч Тэмүжинг зорин ирж уулзсан нь түүнийг нөхдийн дунд товойлгон гаргаж, бүгд юу хэлэхийг нь дуугүй хүлээхэд хүргэв. Бас үүний хажуугаар Тэнгэрийн элч Тэмүжинд чухам юу гэж хэлсэн бол, мэдэхсэн гэхээс байж ядна. Тэнгэрийн элч ирсэн нь Тэмүжинд ч итгэмгүй санагдсаар байсан ч нөхдийнхөө өмнө ийм итгэлгүй байдал ерөөс үзүүлж болохгүй гэдгийг тэр сайтар ухаарч байлаа. Учир нь энэ явдал Тэмүжинг Тэнгэрийн ивээлд багтсан хүн болохыг тэдэнд батлан харуулсан нь чухал байв. Ийм учраас тэр Тэнгэрийн элч чухам хэн байсан, бас түүнд юу гэж хэлж, юу өгсөнийг хэнд ч хэлэхгүй тас нуухаар шийджээ. Харанхуйд, тэгээд ч олон алхмын зайтай уулзсан болохоор тэдний юу ярилцсаныг солонго мэт сонор Зэлмэ ч олж сонссонгүй билээ. Аливаа нууцлаг зүйл өөртөө далд хүч агуулж байдгийг Тэмүжин ингэж анх ухааран мэдэрчээ. Ингэж нууцалснаар нөхөд нь Тэмүжинг бүр ч бишрэхэд хүргэнэ гэж түүний тооцсон нь зөв байлаа. Бусдын сэтгэлийг дагуулан захирахад Тэнгэрийн нэрийг ашиглаж болох нь ийнхүү Тэмүжинд тов тодорхой болжээ. Харин Тэмүжин Тэнгэрийн элчийн үгийг олон хоног бодсоны эцэст Хэрэйд аймгийн хан Тоорилынд очих цаг нь болж гэдгийг ухаарав. Гэвч ганц Тоорилыг хөдөлгөн мэргэдийг довтлох нь зөвхөн Бөртийг булаан авахаар төгсөж болох тул хуучин Боржигон аймгийн олонхи албат дэргэд нь очсон Жамухыг эл хэрэгт оролцуулах нь бас чухал байлаа.
Харин Жамуха Тэмүжинтэй багын анд боловч түүний үгийг анхаарч тоох нь юу л бол. Иймээс Мэргэд аймгийг сөнөөх өөрийн далд санааг хүчирхэг Хэрэйд аймгийн хан Тоорилын амаар хэлүүлбэл Жамуха юутай ч эсэргүүцэхгүй бөгөөд гол нь Мэргэд аймгаас олох олзоо алдахыг тэр яавч хүсэхгүй гэж Тэмүжин тооцжээ. Жамуха сэтгэл санаа хурц хувирамтгай, их хартай, олон ааштай, орон гаран хүн тул Тэмүжин өөрөө түүнд шууд хандан тусламж гуйх нь Жамухын ихэмсэг занг хөдөлгөхөөс гадна одоохондоо түүний мэдэлд байгаа Боржигон аймгийн иргэдийг Тэмүжин буцаан авахаар санаархаж байна хэмээн муу санаалан түүнд туслахаас татгалзаж ч мэдэх байв. Энэ бүгдийг олон хоног лавшруулан бодсоны эцэст анхны цас хаялсан нэг тогтуун өдөр өөрийн шийдвэрийг дүү нар болон Боорчи, Зэлмэ хоёр нөхөртөө хэлэхээр шийдэв. Тэгэхэд Тэмүжинийхэн Хэрлэнгийн эхэнд нэгэн нөмөр буйд эргийн дор намаржиж байлаа. Намаржааны хойд энгэрийн хадан дээр тэд сууцгааж байв. Тэмүжиний хэд хоногоор дуугаа хураасныг хүлцэж, юу гэхийг нь тэвчээртэй хүлээсэн нөхөд нь ямар нэг юм болно гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан тул хамгийн түргэн омголон зантай Хасар хүртэл ахынхаа бодлогоширсон царайг дув дуугай цоо ширтэж суув. Ер нь Тэнгэрийн элч ирснээс хойш нөхөд нь түүнд онцгой хүндэтгэлтэй хандах болсныг Тэмүжин мэдэрч байв. Бүтдэг ч бүтдэггүй ч бодсоноо хийхээс өөр зам түүнд байсангүй. Мэргэдийн эргүүлийн баг цэрэг байн байн үзэгдэж, хуучин нутаг туурин дээгүүр нь эргэлдэх нь цаашид алгуурлан хүлээхэд аюултай болж байгааг илтгэж байв. Тэмүжиний малгайн дээр унасан намар эртийн цас тэр дороо хайлна. ТЭр идэр залуу нөхдийнхаөө царайг ээлжлэн ширтэж сууснаа:
- Морьдоо уяж хагсраа. Би хэд хоногоос явж Хэрэйдийн Тоорил ханаас тусламж хүсэхээр шийдлээ хэмээн эрс шулуун өгүүлэв. Тэмүжин энэ хэдэн үгийг аяархан боловч зуунги агаад эрс тод хэлжээ. Хэсэг зуур нам гүм болов. Түргэн зантай Хасар аанай л түрүүлэн ам нээв.
- Ахаа, та ноднин жил Бөртийн инжний булган дахыг аваачиж бэлэглэхэд "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэхэд нь хариу хэлэлгүй аманд орсон шар тосыг хэлээр түлхэв гэдэг болсон мөртлөө одоо дахин очиж Тоорил ханд амаа асуулгах нь дутав уу. Хасар энэ үгийг хэлэхдээ хор шар нь буцалж байгааг Тэмүжин ажив.
- Хасар аа. Би үүнийг учрыг та нарт сайтар ухуулсан биш үү. Харин одоо энэ бол "Тэнгэрийн зарлиг юм" гэж Тэмүжин товч хэлээд дуугүй болов. Дахин хэн ч дуугарсангүй. Тэмүжиний амнаас анх гарсан "Тэнгэрийн зарлиг" хэмээх шидэт үг нөхдийнх нь эсэргүүцэл, асуулт бүгдийг тэр дор нь нам дарахыг тэр тод харж байлаа. Тэр бүү хэл энэ үг ийм их хүчтэй болохыг үзээд өөрөө ч их гайхжээ. Хэрэв ингэж үгээ олж хэлээгүй бол тэдний дунд дахин бөөн маргаан дэгдэх байв. Ноднин Тоорил ханы хүрээнээс буцах замд Тэмүжин, Хасар, Билгүтэй гурвын дунд бөөн хэрүүл болж, уурсаж хорссон Хасар түрүүлэн давхиж одсон билээ. Тоорил хан өнгөн дээрээ "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэх авч цаанаа Тэмүжиний нэрийн дор өөрийн аймагт хүчээр нийлүүлэн авах санаа нь тодорхой байсныг ядуу ч гэлээ зөвшөөрч болохгүй байв. Есүхэй хорлогдож үхсэн, Боржигон аймаг хангүй болж тарж бутарсан нь тэдний дотоод хэрэг болохоос гадна хэн нэгний, тэр дундаа Хэрэйд аймгийн хүчээр шийдэж болохгүй гэж Тэмүжин сэтгэсэн билээ. Боржигон аймгийнхан өөрсдөө л удирдагчаа сонгож, нэгдэх ёстой гэж Тэмүжин бодно. Бутарсан аймгаа Тоорилын хүчээр нэгтгэн авлаа гэхэд хэзээ ч түүний мэдлийнх болохгүй гэдгийг ч тэр ойлгож байв. Тийм учраас өнгөндөө аятай сонсогдох Тоорилын үгийг Тэмүжин албаар хариугүй орхисон билээ.
Ингэх бас нэг учир байсан нь Боржигон аймгийн нэлээд хэсэг иргэд Жамухын мэдэлд байсанд оршино. Тоорил Боржигон аймгийн албатуудыг нэгтгэхээр цэрэглэн хөдөлбөл Жамухын эсэргүүцэлтэй тулгарч, гурван голын Монгол аймгуудыг хамарсан том дайн дэгдэх нь гарцаагүй бөгөөд үүний дунд ганцхан Боржигон аймаг л сүйрч дуусах төдийгүй эцсийн эцэст хэзээ ч сэргэхгүйгээр хэн дийлсний нь эрхэнд орох байв. Хэдийгээр Тоорил аман дээрээ "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэж уриалгахан загнаж байвч яг цагаа тулахаар эртний нөхөр Жамухтай дайтахыг хүсэхгүй тул түүний энэ үг бэлэн амнаас цаашгүй, булган дахны хариуд хэлсэн булзаа хоосон үг байлаа. Тэмүжин энэ бодлоо дүү нартаа сайтар тайлбарласан боловч
- Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг биз. Дндүү холыг бодов. Ухаантай хүн болох гэж ядав хэмээсэн омголон түргэн зантай Хасарын гашуун үгийг сонсож билээ. Гэвч Тэмүжин өөрийн бодлоос ухарсангүй. Харин одоо байдал арай өөрөөр эргэснийг дахин тайлбарлах шаардлага тулсныг нөхдийнхөө хүрлийсэн царайнаас тэр ойлгов. Энэ хэргийн чухлыг ойлгоход ганц "Тэнгэрийн зарлиг" гэдэг үг бас багадах ажээ.
- Мэргэд аймгийг довтлох шалтан Тоорил ханд тийм олон олдохгүй тул ийм боломжийг алдахыг тэр хүсэхгүй. Бас Тэмүжинд би туслах ёстой юм гэж өөрийгөө цагаатгах учир байгаа тул мэргэдийг довтлоход түүнд айж ичих зүйлгүй. Энэ хэрэгт Жамухыг оролцуулахыг би Тоорил ханаас гуйна. Хасар, Билгүтэй гурвуулаа явъя. Боорчи Зэлмэ хоёр гэрээ харгалзах үлдэгтүн хэмээсэн Тэмүжиний үг эрс хатуу, эргэлтгүй байсан тул хэн нь ч дахин сөргөж элдвийг асууж лавласангүй гэрийн зүг одоцгоов. Тэмүжиний сонгосон энэ зам үнэхээр зөв байсныг одоо тэд гүн шөнийн тэнгэр дор Тоорил, Жамуха хоёрын нийлсэн дөрвөн түмэн цэргийн цуваанд явахдаа дор дороо, өөр өөрийнхөөрөө ойлгож байв. Учирч тулгарсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн залуу Тэмүжинй овжиноор сэтгэсэн анхны дайн ийнхүү эхэлж байлаа. Өөрийнхөөрөө зүтгэж, тэднийг харсаар байтал Хэрэйд аймгийн хан Тоорил, Жадаран аймгийн Жамуха нарын дөрвөн түмэн цэргийг мэргэдийн эсрэг хөдөлгөж чадсан нь ийнхүү Тэмүжинг нөхдийн дунд тэргүүлэх сууринд бат зогсоож, түүний хэлсэн болгоныг "Тэнгэрийн зарлиг" гэж үг дуугүй дагах ёстойг гүн гүнзгий ухааруулсан явдал болжээ.
Тэмүжиний хувьд энэ явдал хүчирхэг байхын тулд цэрэг зэвсгээс гадна холч ухаан хэрэгтэйг харуулсан бөгөөд бас өөртөө итгэх асар их итгэл урам өгсөн юм. Энэ бол арван найман настай Тэмүжиний анхны том ялалт байв. Бөртийг алдсан нь Тэмүжиний амьдрал сэтгэхүйд эргэлт болж тэр өөрийн ухаан сууж байгааг алхам тутамдаа мэдэрч байлаа.
No comments:
Post a Comment