Tuesday, January 6, 2009

Шингэн төмөр

Кидан гүрний их сэргэн мандалтын үе

Нэгэнт өв залгамжлан суух болсон хааны сэнтийгээс эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовон ширтэх их Елюйн сэтгэлд элдэв бодол хөврөх бөгөөд түүний хамгийн их санаа зовоох асуудал нь урд зүгт хил залган орших суурин иргэдтэй хэрхэн эв эеийг сахин амьдрах талаарх бодол нь байлаа.
Иргэд, ардаа дайн тулаанаас ангид тайван амгалан амьдруулахын тухайд оюун чилээж суугаа түүний хувьд хамгийн зөв сонголт нь гүрэн хоорондын найрамдлыг бататгах "ураг барилдан гүнж илгээх" хэмээх ганц гарц л хамгийн зөв бодол мэт санагдан "даахийг нь үнэрлэн өсөгсөн охин үр минь..." хэмээх гашуун бодол зүрх зүсэн, аньсага чийгтүүлэн зовооно.

Хөсөг тэрэг, бараа бологч, инж бэлэг болон ижий ааваа уйлуулан элгэн түмнийхээ амгалангийн төлөөд харьд одсон охиных нь сураг хацар дагах нулимастай, хардлага төрүүлэх сэжигтэй, дайн тулааны дуудлагатай, давхар хөтлөх оньсогoтой ирлээ.
Сүн улсын угсаа залгамжлах ханхүүд хатан болгон илгээсэн хайртай гүнж нь гэнэт учир битүүлгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн тэнгэрийн таалалд очсоныг сонссон даруйд хөсөг хөлөглөн мордсон хаантныг Сүн улсын ихэс дээдэс их л энэлсэн хуурамч царайтай, цаанаа ямар нэгэн зүйлийг ихэд нууцлан хямгaдах мэт санагдахаар угтлаа.

Охиныг нь өөрийн уламжлалын дагуу дээдсийн ёсоор онголж байгаа хэмээн мэхэлзэх олон өмнөд иргэдийн заасан замаар арц хүжийн үнэр суунаглан ариун дагшин орныг санагдуулах боловч нэг л хүйтэн зэвэргэн агаар сэтгэлийг нь мөстүүлэх мэт цоргих их танхимд ороод өөрийн мэдэлгүй "Ээ хөх тэнгэр минь" хэмээн уулга алдлаа.
Эцсийн удаа зөөлөн магнайг нь үнэрлэж, бүлээн гараараа хүрэхийг хүссэн охиных нь цогцосыг битүү алтаар бүрэн зөвхөн дотор нь хүн байгаа даа гэх төдий тэмдэг үлдээснийг хараад өмнө нь өчүүхэн төдийд цүхалзаж байсан "сэжиг" нь өнөө "өс" болон зангирах шиг боллоо. Нутгийн зүг хөлгийн жолоо эс татан довтолгов.

Хятадын Сүн улсын хааны өргөө

- Эцэг минь юунд миний үзэсгэлэнт хатанг өөрийн бусаар тэнгэрт илгээв
- Хацар гоо эмсийг хэдэн ч удаа олж болно. Харин эзэнт гүрэн нэг л олддог юм хүү минь. танай хатныг эв нэгдлийг бодсон бус их гүрнийг тагнах атгаг бодол өвөрлөн чамаар дамжуулан биднийг мэдэх гэсэн Елюйн нууц бодлого хэмээн үзсэн тул энэ бүхнийг би өөрийн хүслээр хийлгэсэн юм. Эр хүн шиг байж эзэнт гүрнийхээ талд зогс... хэмээн чанга бөгөөд эзэрхэг дуугаар өгүүлэх эцгийнхээ их сүрэнд дарагдан элдэв бодлоо хөөн тэмцэлдэх залуухан хунтайж хэдэн өдрийн өмнө энэхүү өргөөнд болсон нууц уулзалтын талаар төсөөлж ч чадахгүй сууна.

...

"Кидан гүрэн хэт хүчирхэгжиж байна. Өнөөгийн өдөртөө бид тэднийг довтлон орвоос өөрийн хүчин мөхөс байгаа тул тэдний өехийг гижигдэн өөрсдөөр нь довтлуулах мэргэн аргыг олох нь чухал байна" гэсэн их хааны зарлигт хариу болгон хэлэх мэргэн санаа олохоор дор бүрнээ шуухитнан суугаа сайдуудын дундаас хэн нэг нь газар сөхрөн "Их хаантны таалалд өчүүхэн боолын сэдсэн санаа үл нийцвээс амийг минь хэлтрүүлэх буйзай" хэмээн бувтнаад "Саяхан Елюй хоёр орны эв нэгдлийг тогтноон бэхжүүлэхийг зорьж өөрийн эрх гүнжээ манай Тэнгэрийн хүүд хатан болгон ирүүлсэн билээ. Энэхүү гүнжийг элдэв сэжиг төрүүлэхгүй ч эцэст нэгийг бодуулахаар тэнгэрийн оронд хүргэвээс цөс ихт нүүдэлчдийн омог лав биднийг онилох нь гарцаагүй бөлгөө. Энэ цагт эв эвдсэн хэмээн ял тулган эргэн тойрны бусад улсын хүчийг хавсран өөрийн нутагт эгүүлэн довтловоос магад бага хүчээр ихийг номхотгох мэргэн арга болов уу? хэмээн мөхөс бий сэтгэлээ" хэмээн айлдахад магад мэргэн санаааг олсондоо бахдан баярлах "тэнгэрийн хүү"

- Хэрхэн сэжиг эс төрүүлэх ч сэтгэлд мөс хуруулах арга байна хэмээн лавлалаа. Гэтэл ордны их оточ "мэс үл хүргэн магад үхэлд илгээх "шингэн төмөр"-ийг хүртээх мэргэн аргыг манай оточ нар нээсэн билээ. Гэвч тэнгэрт одогч нь өглөөн наран дахин ургахын төдийд мөс мэт хөхрөн, магад хэн ч үзсэн эмээхүйц болдог гэм буй" хэмээн бөхөлзөн айлтгалаа. Их сэнтийдээ хөдлөн суун сахлаа илэх "тэнгэрийн хүү"
- Мэргэн санааг үл ойшоох нь эцэст эмгэнэл болох аюултай тул нутгийн их хүндэтгэл үзүүллээ хэмээн гүнжийг алтаар хучиж түмэн олон бүү хэл төрсөн эцэг нь ч хараад мэдэхгүй болгоё. Түүнийг үеийн үед хэн ч үл мэдэх ёстой тул гурван давхар бунханд онголон оршоосугай хэмээн зарилагдлаа.

2008 он ӨвөрМонголын их талд

Археологчидын олон жилийн нөр их зүтгэлийн үр дүнд Хятадын бүү хэл дэлхийн түүхэнд томоохон үнэт олдвор болох бунхны малталтын ажил өндөрлөж бунхан хэнийх болох түүнд агуулагдах нууцыг илрүүлэх шинжилгээний ажил эхэллээ.
Гадна талаараа зузаан модоор чагтлан бунхалсан дотроо хоёр ч давхар алтан хүрээ бүхий энэхүү олдвор нь яавч эгэл хүмүүний өлгий бус гэдгийг хэн ч харсан мэдэхээр байлаа. Ази тивд төдийлөн тохиолддоггүй шинжлэх ухааны хэлээр бол Муми маягтай болгон алтаар хучин онголсон нь ч бас л нэг тайлагдашгүй нууцын эхлэл болж шинжлэн судлах багийнхны сэтгэлийг улам ихээр татна.
Түүхийн үнэт дурсгалын олдмол төрхийг алдагдуулахгүйн тулд доторхи бүтцийг нягтлан судлах ЭХО аппаратны бичлэг тэднийг зайлшгүй алтан бүрхүүлийг задлаж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ.

Хэвлий тушаа харагдах жижиг бөөрөнхий биетүүд нь шүр сувд мэт үнэт чулуу болов уу? хэмээхэд хэт жижиг бөгөөд маш зөв хэлбэртэй байгаа нь тэднийг ийнхүү түүхийн дурсгалыг задлан үзэхэд хүргэсэн байна. Задлан шинжилсэн багийн тайлан тэднийг хамгийн их гацаанд оруулж түүхийн "мухардалд" орууллаа.
1000 гаруй жилийн өмнөх бунханаас "Мөнгөн ус" цэвэр байдлаараа олдоод алтан ялтас дээр эгээ л өчигдөр оруулан тавьсан мэт бөнжигнөлдөх нь үнэхээр байж боломгүй мэт санагдах бөлгөө.

1000 жилийн тэртээд

Хайртай гүнжээ харамсалтайгаар тэр тусмаа харийн гүрэнд тэнгэрт хальсанд уурссан Елюй, Сүн улстай дайн зарлаж тэдний нэлээд мужийг өөрийн эзэмшил болгожээ. Харин Сүн улстай хамтран дайнд оролцох байсан овог аймгуудын дунд нэгэнт "Киданы гүнж"-ийн тухай домог өртөөлөн хүрсэн байсан тул хүчин үл хавсарснаас СҮН улсын "мэргэн" бодлого талаар болжээ.

2008 он Монгол улсын нийслэл Улаанбаатар хот

Бараг л өдөр болгон шахам энд тэндээс, ил далдаар их, бага хэмжээний Мөнгөн ус олдлоо, гар аргаар алт олборлогчид мөнгөн усыг гар дээгүүрээ гулгуулан тоглож байна, мөнгөн усны хордлого ихэслээ гэсэн гарчигтай мэдээ хаа сайгүй тархаж нэг хэсэг сүрхий шуугиулсан. Яг тэр үеэр нь улам л их мөнгөн ус дуу дуугаа аван хэдэн кг-аараа ч энд тэндээс олдож, устгагдаж байх болсон.
Нэг үгээр, Монголчуудад мөнгөн ус зүгээр л ингээд хаана ч байж л байдаг эд шүү дээ гэсэн "хэнэггүйчлэл"-ийг бий болгох гэсэн улиглал байсан мэт санагдана.

Тухайн үед та "яанаа мөнгөн ус олдож гэнээ" хэмээн уулга алддаг байсан бол одоо "аан тэгээ юу" хэмээн үл тоомсорлодог болчихсон байгаа байх. Олон ч "чухал" зүйлсийг бид ийнхүү улиг болгон "өвөртөө" оруулсаар байна бусуу. Энийг "хэн, хэзээнээс хийсэн" юм бэ? Бодмоор юм.

"Өмнө зүгт Тангууд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай!" Чингис хаан


Жич: Энэхүү бичлэгт гарсан олдвор нь үнэхээр олдсон бөгөөд дотроос нь мөнгөн ус гарсан нь ч үнэн болохыг CCTV-10 сувгаар үзүүлсэн болно.
(Елюй-Кидан гүрний хүчирхэгжилтийн үед хаан ширээг өв залгамжлан сахих болсон овгийн нэр)

www.anjigai.blog.mn

1 comment:

anjigai said...

Эх сурвалжийн нэрийг зөв бичнэ үү? Уг нь бас энийг эндээс авсан гээд биччихвэл тиймээ. Гялайлаа. Миний хаяг www.anjigai.com шүү

: