Эрт цагт хүнийг 70 орчим наслахаар нь үе сүүл аманд нь үмхүүлээд шагайн чөмөгний нарийн үзүүрээр гударч хороодог байсан тухай яриа ард олны дунд өнөөг хүртэл хэлэгддэг. “Аавдаа сайн хаан” /Автай сайн хаан/ хаан болоогүй жирийн нэг залуу байв. Аавыгаа нас нь хөгшрөхөд хороолгүй нуучихжээ. Энэ үеэр улсын хааныд өөр нэг улсаас бэлгэнд улаан нүдтэй, улаан хамартай хонин чинээ биетэй цагаан амьтан, нөгөө нь хүн шиг хэлбэртэй толгойтой амьтан ирсэн байсанж. Тэр хоёр амьтныг хэн ч мэддэггүй агаад шөнө бүр залуу хүнээр мануулж, түүнийг нь өнөөх хоёр амьтан идчихдэг байжээ. Аавыгаа нуусан залуугийн манах ээлж ирж аавдаа хэлжээ. Аав нь цагаан амьтны байдлыг лавлаж мэдээд хүүгээ муур аваад яв. Тэр амьтныг ойртоод ирэхээр нь муураа үзүүлээд бай гэв. Манаанд сууж байтал ойртоод ирэхэд нь муураа үзүүлтэл нөгөө амьтан буцаад явчихжээ. Тэр шөнө өнөөх залуу идүүлсэнгүй амар мэнд хоножээ. Дараа нь тал толгойтой хүн шиг амьтныг манах болоход аав нь амьтныг ойртмогц гарынхаа хумсыг хавирч дуугаргаад байгаарай гэжээ. Манаад сууж байтал нөгөө амьтан ойртоод ирэхээр нь гарынхаа хумсыг хооронд нь хавирч дуугаргасанд мөнөөх амьтан буцаад явчихжээ. Манаж хоносон залууг хаан дуудуулж ирээд “Чи яагаад манасан амьтдад идүүлсэнгүй хонов” гэхэд нөгөө залуу “Би аавыгаа алалгүй нуусан билээ. Аавын зааж өгснөөр амьтанд идүүлсэнгүй амьд хонолоо” гэж хэлжээ. Тэр цагаас хойш улсын хаан настай хүнийг хороохоо больж хүндэтгэлтэй байлгах зарлиг гаргаж, нөгөө залууд “Аавдаан сайн хаан” гэдэг цол өргөмжлөөд хаан ширээгээ тэр залууд өгсөн гэдэг. Автай сайн хааны түүх энэ бөлгөө. Харин өнөөх хоёр амьтны цагаан нь буйлуулсан хулгана, хүн шиг нь буйлуулсан бөөс байсан гэдэг.
Монголд шарын шашин залсан нь
Аавдаа сайн хаан ан ав хийх маш дуртай, ямагт ан гөрөө хийж явдаг байж. Нэг өдөр ан хийж явтал голын бургасандунд утаа уугиж байхаар нь үзээд ир гэж хүн явуулжээ. Нөгөөх нь хув чихтэй, орог саарал хувцастай хүн майханд сууж байхыг үзээд хув орог юм л сууж байна гэв. Энэ нь яваандаа “лам хувраг” гэдэг нэрний эхлэл болжээ. Аавдаан сайн хааны хөл нь маш өвддөг тул амьд хүний өрийг нь зураад цусанд нь хөлөө хийж өвчнөө намдаадаг байж. Хөл нь өвдөөд нөгөө хув орог хүний өрийг цоолох гэтэл “Би хөлийг чинь эдгээгээд өгье” гэжээ. Нөгөө хүн аман дотроо шившлэг уншсанд хөлийн нь өвчин эдгэрчээ. Хаан түүнээс “Чи юун хүн бэ. Нутаг хошуу хаана вэ” гэж асуусанд “Би төвдийн Далай лам байна. Бурхны номын хүчээр хөлийг чинь эдгээж өгөв. Энэ өвчин чинь “умыяан” гэдэг өвчин байна. Би танай оронд очиж бурхан шашныг дэлгэрүүлье” хэмээн хаантай тохиров. Тэр цагаас хойш нэлээд удсаны дараа шашин, бурхан залахаар Автай сайн хаан бэлтгэлээ базааж, нэлээд тооны цэрэг дагуулан Монголоос хөдөлжээ. Төвдийн нутаг дөхөж явтал тэднээс айгаад амьтан бүхэн зугтаж, амь зайлж байв. Гэтэл уулын ард хонь хариулж явсан өвгөн зугтсангүйд түүнтэй уулзаж “Биднээс айж амьтан бүхэн зугтаж байхад та яагаад зугтсангүй вэ” гэхэд “Би зугтаагаад яах вэ. Олон жилийн насгүй болсон намайг алвал алаг, аварвал ч авраг гэж бодлоо” гэжээ. “Төвдөд очих дөхөм зам аль вэ” гэхэд “Уушгаан даваагаар даваад явбал дөт боловч монгол хүн давбал заавал үхдэг юм” гэжээ. Дөт замаар нь явахаар болж тэндээ хоноод маргааш нь Уушгаан даваа өөд нэг сум шившиж харвачихаад даваад явчихав. Ингэж явсаар Төвдийн дуган сүмийн бараа харагдаж гэнэ. Лам нар тэдний ирж явааг хараад айсандаа гарз нохойнуудаар бариулахаар тавьжээ. Тэнгэрт хадсан их улаан тоос хоёр талаас нийлэн юу ч үзэгдэхгүй болжээ. Удалгүй цэргүүд хүрээнд оров. Өнөөх гарз нохойнууд нь эрх хав шиг цэргүүдэд эрхэлсээр ирж гэнэ. Далай ламд бараалхахаар Аавдаан сайн хааныг өргөөнд ороход дал мөрөө харвуулаад цус нь гоожсон нэг хүнийг Далай лам “Чи Уушгаан даваагаар давсан монгол хүнийг битгий хөнөөж бай. Зүгээр явуулж бай” хэмээн зэмлээд явуулжээ. Тэр хүн нь өнөөх монгол хүн давж болдоггүй Уушгаан давааны савдаг байжээ. Ill Далай ламаас Бурхан шашин залах гэж яваагаа айлдсанд авах бурхан, лам хоёроо өөрөө сонго гэжээ. Тэгэхээр нь бурхнуудын хөшгийг сөхөөд сэлмээрээ хатгах дүр үзүүлээд явж байтал урдаас нь нэг бурхан цээжээ дүүхэлзүүлээд байхаар нь түүнийг авчээ. Тэр нь Гомбогүр бурхан байж. Ламаа олж авахын тулд сэлмээрээ лам нарын нүүр лүү нь хатгах дүр үзүүлээд явтал бүх лам нар далдирч байхад баруун мөрний адагт сууж байсан жижиг бор банди тоох ч үгүй сууж байж. Тэр бандийг авъя гэсэнд “Та очоод бурхан шашнаа дэлгэрүүлж бай. Энэ удаад би явж чадахгүй нь. Хойноос чинь очноо” гэжээ. Аавдаан сайн хаан Далай ламтай дахин уулзахад “Шашнаа эхлэхдээ зуун ламаар мандал өргүүлээрэй. Би эндээс мандал өргөнө” гэж хэлээд нэг хадаг өгснийг найм нугалаад өвөртөлчихжээ. Аавдаан сайн хаан буцаж явахдаа шохойн хөтөл дээр гарч бие захасахдаа бурхнаа газар тавьчихаж. Тэгээд авах гэтэл бурхан нь газартай наадчихаад авагдахгүй байсанд дундуур нь тас цавчаад аваад явжээ. Тэр цагаас хойш шохойн хөтлийг Бөгс даваа гэж нэрлэжээ. Харин Гомбогүр бурхны бөгсийг мөнгөөр хийлгэсэн гэдэг. Нутагтаа ирээд Эрдэнэ зуу хийдийг байгуулаад, зуун ламаар мандал өргүүлжээ. Далай лам нутгаасаа мандал өргөөгүйг Аавдаан сайн хаан мэдээд нэг сум шившээд тавьжээ. Тэр сум Далай ламын үүдэнд тор гээд унасанд Далай лам мандал өргөөд тариагаа цацахад Эрдэнэ зуу орчмын нутгаар тариагаар бороо орж байсан гэнэ. Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Есөнзүйл булгийн орчимд Түшээт хан Гомбодоржийнд 1632 онд нэг сайхан хүү мэндэлснийг өвөө аав Аавдаан сайн хаан үзээд “Миний Төвд орноос залсан бор банди мөн байна” гэж таньжээ. Тэр нь анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар юм. 1642 онд Өндөр гэгээнийг ширээнд нь залжээ.
Утга зохиол урлаг
Утга зохиол урлаг
No comments:
Post a Comment