Tuesday, January 13, 2009

Чингис хаан, түүний гүн ухаан


Чингис хаан өөрийн гүн ухааныг нэн идэвхтэй зарч­маар, аугаа их бодитой үйл ажиллагаагаар бүтээн босго­жээ. Чингис хааны гүн ухаа­ныг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, түүний үндсэн ба­римт­лал болох эв нэгдлийн үзлийг хангах шилдэг арга хэрэгсэл бол итгэл, бат итгэлцэлийг бий болгох явдал байв. Үүний тулд хүний сэтгэлийг гүн мэдрэх, сэтгэ­лийн гүнд нь нэвтрэх явдал эрхэм чухал байдаг байв. Чухам энэ л нөхөр ба нөхөр бишийг таних түлхүүр, эе эвийг бэхжүүлэх, хүчийг олох, нэмж зузаатгах үндэс болдог ажээ.

Хүн төрөлхтөний түүх “эрдэм төгс” суут хүмүүсийн намтраар элбэг баян ч бүр онцгой нь нэн ховор юм. БНСУ-н зохиолч, сэтгүүлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” номондоо “Аргын тооллын 1001 оноос 2000 жил хүүртэл нэр алдар нь дуурс­сан хүн ер нь хичнээн байдаг бол. Тоолвол асар олон тоо гарах боловч тэдний дотроос хамгийн алдартай хүн ганц л гарна” гэсэн байх агаад “Түүхэнд хөндлөн огтлолын буюу өргөргийн үзлийг бараг төгс хэрэгжүүлсэн цорын ганц хүн бол Чингис хаан мөн” гэжээ. Хүмүүний эрдэм ухаан төгс байдлыг амьд сэрүүн­дээ түүний бүтээсэн их үйлийн ач тус, хойчийн үр нөлөөгөөр нь тодор­хойл­дог. Чингис хаан үнэхээр үл зүйрлэх нээлт, бүтээл туур­вилийг бий болгож хүн тө­рөлхтөний түүхийг бүхэлд нь урагш ахиулжээ. Монголчуудын хэлдгээр Чингис хаан ёстой л “эрдэмтэй хүн” байв. Эрдэм ухаан гэгч өөр юугаар ч үл орлуулах эрдэнэ бөгөөд бодгаль бүрийн өөрийн үзэл бодлоор дамжин илэрч үйл ажиллагаанд нь биежин хэ­рэгж­дэг жамтай ажээ. Даш­рамд тэмдэглэхэд, хү­ний үзэл бодол гэдэг бол гадаад ертөнцөөс уураг тархинд хураан авсан “ур­гац”, түүнийг боловсруулах явцад төлөв­шиж, харь­цангуй тогтворжсон сэтгэл­гээний хэв маяг юм. Чингис хааны оюуны чадавхи асар өндөр байжээ. Үнэндээ тэр нь юунд ч дийлдэшгүй байсан нь түү­хэн үнэн бөгөөд дэлхий да­хинаа нотлогдсон зүйл. Түү­ний аугаа хүчит оюун ухааны голомт нь юуны өмнө, Тэмүү­жинд байгалиас заяа­сан уураг тархины асар их баг­таамж, сэтгэх чадварын өндөр хурд ба хүч байв. Чингис хааны оюуны чадавх буюу IQ нь 204 байсан гэж судлаачид шинжлэн тог­тоосон. Ийм хэмжээнд хүр­сэн толгой энэ ертөнцөд өнөө хүртэл өөр үгүй юм.

Чингис хааны сэтгэх чадварыг туйлдуулсан, гаргах шийдвэрийг хазайлгасан, хүрэх зорилгыг хязгаарласан үйл явдал түү­ний амьдралын түүхэнд нэгээ­хэн ч тохио­гоогүй. Бөртэг Мэргэ­дээс чө­лөө­лөн авах явдлаар эхэл­сэн ширүүн ту­лаанаас хойш түүний амьд­ралын бүхий л үеийн туршид юм бүхэн, бүх үйл явц зөвхөн түүний хүс­лийг даган хөврөх жам хууль хөдөл­гөөнгүй тогт­сон мэт. Чингис хааны өмнө тулгар­сан үйл явдал бүхэн айм­шиг­тай хурц ши­рүүн, хүнд хэ­цүү байх атал тэдгээр нь зөв­хөн түүнд л ну­га даруулж бай­хаар үүс­сэн мэт гай­хам­­шигтай түр­гэн шуурхай, эрч хүчтэй яваг­даж, асар их, чухамхүү хүссэн үр дүнд хүрч, гар­цаа­гүй зөв шийд­лийг ол­дог бай­лаа. Энэ бү­хэнд Чин­гис хаа­ны суут оюун ухаан шийдвэрлэх үүрэг гүй­цэтгэ­дэг байв. Үүгээрээ Чин­гис хаан дэлхий дахинд хү­лээн зөвшөөрөгдөж, хүн тө­рөлх­төний хоёр дахь мян­га­ны хамгийн аугаа хүнээр өр­гөмж­­лөгдсөн билээ. Чингис хаа­ны төрөлхийн суу билиг, амьд­ралын явцад түүнд ху­римт­лагдсан хүний эрхэм дээд чанаруудын цогц шинж нь тийм аугаа шинжийг бүр­дүүлжээ.

Чингис хаан аугаа их гүн ухаантан байв. Тэрээр элдэв эрдэм ухааны номонд сурал­цаагүй, гүн ухааны онол сургаал боловсруулаагүй. Гэвч түүнээс гүн ухаан оргилон гардаг байсан. Эр­дэм­тэн Б.Даш-Ёндон Пла­тоны “Захидлууд”-ыг орчуу­лаад өөрийн тайлбар тэм­дэглэж бичсэний дотор “Фи­лософич гэж хэн бэ гэвэл, мэргэн ухааныг өөрөөсөө төрүүлэн гаргагчийг нэрлэнэ гэж хэл­мээр байна “ гэсэн буй. Тэгвэл Чингис хаан чухамхүү мэргэн ухааныг өөрөө төрүү­лэн гаргагч байв. Ийм боло­хоор Чингис хааны гүн ухаа­ны тухай хэлэл­цэхгүй бай­хын аргагүй. Энэ бол Чингис хааны эрдэмлэг саруул сэтгэлгээ, аугаа прагматик гүн ухааны тухай яриа болох нь дамжиггүй. Харин Чингис хаан фило­софич биш.

Академич Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” бүтээл­дээ Өвөр монголын Багана хэмээгч эрдэмтний нэгэн өгүүлэлээс иш татасныг үзэхүл, тэрхүү эрдэмтэн: “Чингис хаан бол гүн ухаан­тан, бичгийн хүн, утга зохио­лын эрдэмтэн биш учир түүний үзэл санааг яг дээрхи хүмүүсийн (бичгийн эрдэм­тэдийн нэр дурьдсан шиг байгаа юм. Ч.Б) гүн ухааны үзэл санаатай шууд адилтган үзэж болохгүй....” гэсэн байна. Эрдэмтэн Баганы судалгаа бол ертөнцийг үзэх Чингис хааны үзлийн тогтол­цоог анх удаа шинжлэн тодорхойлохыг оролдсон болохоор тэр биз Чингис хааныг бас л албан хүчээр “Философич” болгох гэсэн гэнэн хандлага харагдана. Тухайлбал тэр: “Чингис хаан ... аливаа асуудалд мате­риалист онол, диалектик аргын үүднээс хандаж бай­жээ” гэсэн байна. Тэгэвч тэрээр, Чингис хааны энэхүү материалист, диалекитик арга нь туйлын эгэл бүдүүн бай­сан нь мэдээж хэмээн ухралт хийсэн юм. Ямар ч онол номтой холбоогүйгээр, монгол хар ухаанаар, морин дэл дээр, зайлшгүй гэсэн аргуудаар асуудал шийдэж, ажил үйлс гүйцэлдүүлж явахад диалектиктэй манатай. “Арван буянт номын цагаан түүх”-ийг үзхүл: “Ямар­ваа нэг улсын дотроос чадахуйн сайдыг гүн ухаан­тан... бүх улсын дотроос цолгорон (цойлон) гарсан мэргэн сэцэн сайдыг гүн ухаантан гэнэ” гэсэн байх ба өвөрмонголын эрдэмтэн Г.Мөнх “Гүн ухаан гэдэг даруй өнгөрсөнийг эргэ­цүүлэн сэтгэж, түүхийг тун­гаан бодож, туршлага сур­гамжийг оновчтой задлан шинжлэхийг хэлнэ” гэсэн зэргийг анхааралтай авч үзүүштэй. Чингис хааны гүн ухаан бол дэлхий ертөнцийг бүхэлд нь нээж шинчлэлийг дэлхий дахины үйл хэрэг болгон тавьж өгсөн аугаа суут билиг оюуны охь манлай мөн. Чингис хааны гүн ухаан бол нүүдэлчидийн олон мянган жилийн амьдарлын хэвшмэл байдлыг халж шинэчлэн өөрчилж, монгол үндэстэнийг буй болгож, тухайн үеийн дэлхий ертөнцийг хага татан гарч ирсэн юм.

Чингис хаан хэзээ ч, юунд ч алгуурлаж, хуучинтай зууралдаж байсангүй. Тэ­рээр, аливаад хурд, хүч хоёрыг эрхэмлэн хослуулж чаддаг байлаа. Түүний сэт­гэл­гээ ямагт нээлттэй байдаг байлаа. Эдгээрээр Чингис хааны гүн ухааны аугаа хүч, онцгой содон шинж тодор­хойлогдоно. Чингис хааны гүн ухаан амьдарлын хүнд бэрх бүхнийг даван туулах явцад боловсорч, төлөвшин тогтсон бөгөөд нийгмийн харилцааны бүх салбар, аж ахуй, эдийн засаг, хууль цааз, нийгмийн бодлого, цэргийн эрдэм, олон улсын харилцаанд нэгэн зэрэг нэвчин шингэж, эв нэгдлийн бат зангилааг бий болгосон юм. Монголын нэгдсэн тулгар төрийг байгуулж, зохион байгуулалтын бүтцийг өмнөх үеийн төрүүдээс улам на­рийсган, хууль цаазыг эм­хэлж, шинэ маягийн хүчирхэг цэрэг арми бүрдүүлэн, ний­гэмд хатуу чанга сахилга бат тогтоож, төрийг ямагт хайрлан бэхжүүлэхийн чухлыг бүх талаар үндсэлсэн Чингис хааны төрт ёсны үзэл нь түүний гүн ухааны төвлөрсөн үр дүн, ялалт амжилтын баталгаа нь мөн. Чингис хааны гүн ухааны үндсэн үзэл санаа (үзэл баримтлал) нь эв нэгдлийн үзэл мөн. Эв нэгдэл, эв нэгдлийн үзэл гэдэг бол болох, болохгүй болгоныг барьж холбохын нэр бишээ. Энэ бол ариун нандин бөгөөд саруул ухааны дүнд бүрэлдэн төлөвшдөг үйл хэрэг. Болохгүй юм болохгүй л байдаг. Тиймээс жинхэнэ ёсоор эвлэлдэн нэгдэхийн тулд болохгүйгээс бушуу түргэн, эрс шууд зааглан салах ёсон бий. Жишээ нь, МНТ-ны мэдээ ёсоор, бага наснаас дахин дахин андгай тангараг өргөж анд нөхөд болсон боловч Жамухагийн төрөл­хийн туйлбаргүй, атаач, хутган үймүүлэгч, мунхаг сэтгэлийн улмаас нөхөр бус болж хувирсан тул Чингис хаан түүнээс зааглах нь гарцаагүй болсон. Эцсийн дүнд өөрсдийнхөндөө ба­ривч­лагдан хүргэгдэж ирэхэд нь Чингис хаан түүнийг өршөөхөө амлаж, урьдын адил нөхөрлөж явахыг санал болгосон хэдий ч Жамухад ёс суртахууны тийм эрх нэгэнт үгүй болсон байв. Үүнийгээ ч мэдэрч тэрээр өөрийгөө эцэслүүлэхийг хариу санал болгосон. Тэрчлэн Тэв тэнгэр бөө өөрийнх нь нэр нөлөө өсөхийн хэрээр хутган үй­мүүлэх, хагалан бутаргах арга хэрэглэн тэрсэлдэх болсон тул түүнээс бас шууд ангид болохоос өөр аргагүйд хүрсэн. Энэ бол түүхийн тэр нөхцөлд эв нэгдлийг жинхэнэ ёсоор хангахад зайлшгүй чухал болсон арга байв. Гэтэл манай гуйвуулагдсан буюу “Бялдууч түүх”-ийн зарим нэг бичээч “Тэмүүжин Жамухатай анд болсон бо­ловч андгай тангаргаа тийм ч үнэтэй зүйл гэж үзэхгүй байсан бөгөөд түүнийг ашиг­лаж байгаад эвгүй болсон үед хаяна гэж үзэж байсан бай­на.” Хэмээсэн нь (Ч.Жүгдэр. Монголд фиодализм тогтох үеийн нийгэм улс төр, гүн ухааны сэтгэлгээ. УБ. 1987; 93 дах тал) МНТ-д маш тодорхой бичигдсэн бөгөөд хүн бүхэнд нэн илэрхий байгаа зүйлийг дэндүү муу­хайгаар мушгин гуйвуулж Жамухагийн хамаг бурууг ердөө л Чингис хаанд тохох гэж ёстой л донтсон байх юм. Ийм албаар тонгоруулсан түүх бичлэг манайд ч, бусад оронд ч олон бий. Харин иймэрхүү юмс аяндаа түү­хийн хог руу шидэгдэж байгаа нь сайн хэрэг. Цаг хугацаа, түүх шударга шүүгч гэдэг энэ юм.

Чингис хаан өөрийн гүн ухааныг нэн идэвхтэй зарч­маар, аугаа их бодитой үйл ажиллагаагаар бүтээн босго­жээ. Чингис хааны гүн ухаа­ныг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, түүний үндсэн ба­римт­лал болох эв нэгдлийн үзлийг хангах шилдэг арга хэрэгсэл бол итгэл, бат итгэлцлийг бий болгох явдал байв. Үүний тулд хүний сэтгэлийг гүн мэдрэх, сэтгэ­лийн гүнд нь нэвтрэх явдал эрхэм чухал байдаг байв. Чухам энэ л нөхөр ба нөхөр бишийг таних түлхүүр, эе эвийг бэхжүүлэх, хүчийг олох, нэмж зузаатгах үндэс болдог ажээ. Хүмүүний гол хүч нь сэтгэлийн хүч, оюун ухаандаа байдгийг Чингис хаан хамгаас илүү мэддэг байв. Тэрээр: “Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу” хэмээн сургасныг Лу.Алтантовчид өгүүлжээ. Энэ үндсэн дээр “олон улсыг барьсу (олон хүн ардыг захиръя -Ч.Б) гэвэл биеийг хураахаас сэтгэлийг нь хураагтун. Сэтгэлийг хурааваас бие нь хаа одох вэ” гэж сургасан байна.

Чингис хаан өөрөө бус­дын сэтгэлийг эзэмдэх гай­халтай авьяас билигтэй учраас хүмүүс түүнд улам олноор тасралтгүй ирж нийл­сээр түүний хүчийг нэ­мэг­дүүлэн хүнд хэцүү ялал­туудын гол хүч болж мон­голын нэгдсэн тулгар төрийн бат бэх үндсийг бэхжүүлсэн юм. Алунгоо эхээс 400-гаад жилийн хойно амьдарч бай­сан Өүлэн хатан бас л цэл залуудаа бэлбэсэрч хүнд зовлонтой учирсан хэдий ч хүүхдүүдээ мөн эв нэгдлийн үзлээр хүмүүжүүлж, зааж сургаж, хатуужуулсан билээ.

XII зуунд хамаг монголын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, алдар хүнд нэр нөлөө­гөөрөө түүнийг толгойлон захирч байсан Есүхэй баатар татааруудад хорлогдсоны дараахан тайчуудын уршгаар үндэсний бутрал үүссэн. Гэвч Тэмүүжинийхэн юуны өмнө дотроо эв нэгдлийн уламж­лалт үзэлд үнэнч байж, түүнийг баттай хадгалж чад­сан юм. Үүний ачаар олон жилийн хүнд бэрх тэмцлийн дүнд, энэ үйл явцыг оройлон манлайлсан Тэмүүжин хамаг монголыг бүхэлд нь эв нэгд­лийн зангилаанд дахин баттай оруулж амжсан билээ. Ингэс­нээр Хамаг монголын хаан ширээнд өргөмжлөгдсөн энэ аугаа хүн монгол туургатны эртний өвөг дээдсээс уламж­лалттай эв нэгдлийн үзлийг оргилд хүргэж хөгжүүлсэн юм. Энэхүү оргил нь 1206 онд Монголын нэгдсэн тулгар төр үүсч, Их монгол улс бай­гуулагдсан, Монгол гэдэг нэгдмэл нэг үндэстэн бүрд­сэн явдал.

Чингис хааны гүн ухаан дөрвөн үе шатыг дамжин хөгжсөн байдал харагдаж байна. Нэгдүгээрт, хүнд нөхцөлд бие даасан үзэл бодлын хатуужил сууж, тө­лөвш­лийг олоод тодорхой хүрээнд байр сууриа эзэл­сэн үе. Энэ бол эхийн сур­гаал, өвөг дээдсийн үлгэр дуурайлаар өөрийгөө хөв­чилж, нөхрийн ёсонд тү­шиглэн шадар түшиг хүчийг бүрдүүлсэн түүхэн цаг хуга­цаа буюу 1170-1179 он. Үйл явдалын хувьд Бөртэг мэргэ­дээс чөлөөлж авсан явдлаар шувтарсан юм. Хоёрдугаарт. Хамаг монголын эв нэгдлийг сэргээхэд янз бүрийн аргаар хангалттай дэмжлэгийг олоод, гарцаагүй нөхцөлийг бүр­дүүл­сэний үндсэн дээр, хамаг монголын сэргэн ман­далыг тунхаглаж, хаанд өргөмжлөгдөн “Чингис” хэ­мээх гүн агуулагатай алдар цол хэргэмтэй болсон үе буюу 1180-1189 он. Гуравдугаарт. Хамаг монголын цэрэг-улс төр, нийгэм-эдийн засгийн суурьт тулгуурлан овгийн байгууллын аливаа үлдэг­дэлийг шийдвэртэй дуусга­вар болгож улс төрийн цоо шинэ хүчийг бүрдүүлэн Их Монгол Улсыг тунхагласан үе буюу 1189-1206 он...­

1 comment:

Anonymous said...

Чалчиж өгдөг хулгайч вээ яасан. Зунгааралдсан заваан юм бичихээд.

: