Wednesday, January 7, 2009

Хас дүрс

Хас дүрсийг судлаач М.Энхпүрэв: Гитлер Чингис хаан шиг дэлхийн хэмжээний эзэнт гүрнийг байгуулах гэсэндээ Монголын хас дүрсийг сүлдээ болгосон.

Сүүлийн үед хас дүрсийн тухай мэдээлэл интернэтийн сүлжээнд болон зарим нэг сонин хэвлэлд гарах болсон билээ. Ер нь ихэнх хүмүүс хас дүрсний утга санаа, үүсэл түүхийг нарийн мэддэггүй аж. Түүнчлэн түүхч, судлаачид ч өнөөг хүртэл хас дүрсийг нарийн судалж амжаагүй юм байна. Харин үүнийг нарийн судалдаг нэг судлаач байдгийг сонслоо. Тэр хүн бол хас дүрсийг судлаач, хас судлалын анхны магистр, польш хэлтэй М.Энхпүрэв. Тэрээр 1992-2000 онд Варшав хот дахь Америк-Польшийн хамтарсан "Натураль эмнэлгийн институт"-д ажиллаж байжээ. 2000 оноос эхлэн Хас-Төр ба хасбуу тамганы тухай сонгодог сэтгэлгээ, Хасбуу судлалын тулгамдсан асуудал, Хасбуу тэмдгийн гүн ухааны утга санаа зэрэг 20 гаруй судалгааны нийтлэл, өгүүлэл, мэдээ гаргасан байна. Бараг мартагдсан сонирхолтой сэдвээр судалгаа хийж "Мөнх тэнгэрийн хасбуу", "Монгол хасын эх орон" зэрэг ном бичиж хүмүүсийн анхаарлыг татжээ. Түүнтэй уулзлаа.

-Таныг хас дүрсийг судалдаг бараг ганц судлаач гэж сонсоод сонирхол татагдлаа. Мөн хас судлалын анхны магистр гэсэн. Тэгэхээр ямар учир шалтгаан, зорилготой энэ дүрсийг судлах болов. Монголоос гарал, үүсэлтэй гэдгийг нотлох гэсэн хэрэг үү. Ер нь хас тэмдэг, хас дүрс гэж ярих уу?
-Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. Ер нь хас гэдэг судлагдаагүй сэдэв байсан, ном сударт хас тэмдэг гэж бичигдээгүй. Харин хас дүрсийг хас бэлгэдэл гэж бичиж, ярьж байгаа. Тухайлбал ном сударт хас бэлгэдэл, хасбуу, хас эрдэнэ, түмэннасан гэсэн үгээр гүн хүндэтгэлтэй тэмдэглэсэн байдаг. Ихэнх эрдэмтэн судлаачид хасны тухай бичихдээ хүндэтгэсэн өнгө аясаар буддын шашинтай холбож тайлбарласан хавсралтуудыг л олж үзсэн. Миний хувьд хасыг судлахдаа хаанаас үүсэлтэйг нотлох гэж зориогүй. Харин хас гэдэг бэлгэдэлд монголчууд гүн ухааны ямар утга санааг илэрхийлэв, Монгол уламжлалд ямар ач холбогдолтой болохыг гол зорилгоо болгосон.

-Тэгвэл хас дүрсийг германы бэлгэ тэмдэг гэсэн ойлголт монголчуудын дунд тогтсон байгаа. Гэтэл таны гаргасан судалгааны номыг үзэхэд, мөн таны зорилгыг сонсоход ингэж ойлгох нь буруу юм шиг санагдлаа. Чухам хас дүрс ямар утга санааг бэлгэдэж, юуг илэрхийлж байсан талаар сонирхуулна уу?
-Хорьдугаар зууны сүүлийн 55 жилийн турш хас дүрсийг фашизмын бэлгэдэл гэж үзэж ирсэн. Учир нь Гитлер хас дүрсийг антисемитизмийн /еврейн эсэргүүцэл/ бэлгэдэл болгосноор дэлхийн олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм. Ер нь германчууд хас дүрсийг хэрэглэхээс өмнө Орос, Америк, Прибалтикийн орны болон Монгол, Барон Унгерны цэргүүд мөрөн дээрээ хасыг зүүдэг байж, түүнчлэн дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний хаан хасыг зүүж хэрэглэж байсан учир Гитлер мөн адил дэлхийн хэмжээний эзэнт гүрнийг байгуулах сонирхолдоо хөтлөгдөн хасыг сүлдээ болгож байв. Гэтэл мөнх тэнгэрийн хүч бол алтан ургийнхны шүтдэг шүтээн юм. Чингис хаан мөнх тэнгэрийн хүчийг шүтдэг хүн байлаа. Мөнхтэнгэрийн хүчний бэлгэдэл зүйн дүрс хас гэдэг нь тодорсон. Энэ тухай ном сударт "Хас их-төр ёс" гэсэн том ойлголт байсан гэж тэмдэглэжээ. Орчин үеийн судлаачид хасыг шашны тухай ойлголттой холбож тайлбарлаж байгаа. Энэ бол буруу ташаа тайлбар ойлголт юм. Хас дүрс нь монголын хаадтай холбоотой байсан болохоор хорьдугаар зуунд үүнийг судлах боломжгүй, тойрч өнгөрдөг байсан цаг үе. Одоо бол өөр эрин.

-Таны яриагаар бол хас гэдэг нь зөвхөн бэлгэдлийн чанартай гэсэн үг гэж ойлгож болох нь ээ?
-Бэлгэдэл төдийгүй маш гүн ухааны утга агуулгатай үг. Тухайлбал, Монголын хаадын үед хаан хүний барьдаг төрийг Хастөр гэж нэрлэдэг, хасбуу гэдэг зарлигийн тамгатай, хас их зарлиг гэдэг тушаалтай байж. Хасбуу гэдэг нь мөнхтэнгэрийн хүчийг шингээсэн хувилгаан тамга гэсэн утга санааг илэрхийлдэг. Мөн Чингис хаан хасыг товойлгон хийсэн бадмаараг шигтгээтэй алтан бөгжийг зүүдэг байсан байна. Тиймээс хасны цаана ямар утга санаа нуугдаж байна вэ гэвэл мөнх тэнгэрийн хүчийг бэлгэдсэн гүн утга агуулга оршиж байна. Хасбуу тамганд мөнх тэнгэрийн хүчийг шившлэг болгож шингээсэн. Нарийвчлаад хэлбэл, Хастөрийн хаан хүн мөнх тэнгэрийн хүчээр дэлхийн эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан юм байна гэдэг утга санаа илэрхийлэгдэж байгаа. Тэр үеийн монголчууд төрөө "цогцлоон байгуулах" гэдэг сайхан үг хэрэглэдэг байж. Мөнх тэнгэрийн хүчний гүн ухааны хүчийг өөртөө авсан хүн дэлхийн эзэнт гүрнийг захирч чаддаг. Тэгэхээр хаадын баримталж байсан үзэл санаа нь цэгцэрсэн гүн ухааны онол байсан юм гэдгийг нотолж тодорхойлох гэсэн хэрэг юм.

-Та нэг номоо "Монгол хасын эх орон" гэж нэрлэжээ. Энэ нэр хэний тодорхойлолт вэ. Эсвэл та судалгаанаасаа ингэж нотолж байгаа юу?
-Хас нь дэлхийн хэмжээнд түгэн дэлгэрсэн. Европт хасыг махир хэрээс, загалмай тэмдэг гэж нэрлэж байсан бол Адимирал Колчакин Засгийн газрын Сангийн сайд асан профессор А.П.Оссендовский 1922 онд Лондонд "Хүн араатан бурхад" нэртэй номондоо Монголын хасны тухай бичихдээ "Монгол хасын эх орон" гэж зарласан байдаг. 1920-оод оны үед Богд Жавзандамба хутагт Барон Унгерн нартай уулзахдаа Чингис хаанаас уламжлагдан Хубилай хааны хэрэглэж байсан хасыг товойлгон хийлгэсэн бадмаараг эрдэнийн чулуутай бөгжийг үзүүлсэн тухай номонд байдаг. Мөн Богд хааны эрдэнэсийн сангийн ном сударт хас бэлгэдэл байсан, цэргүүд хас тэмдгийг хэрэглэж байсан зэрэг түүхэн баримтаас үндсэлж энэ профессор тодорхойлсон байсан. Тэгэхээр энэ нь манай монгол үндэсний язгуур соёлд хас бэлгэдэл шингэсэн байдаг гэдгийг баталж байгаа юм.

-Монголын хаадын өмсгөл, Английн сүмийн хананд, Өвөрмонголын зарим нутгийн уул хаданд, Грекийн ваар зэрэг хас дүрс байдаг гэсэн баримт дурдагдсан байна. Тиймээс хэдий үеэс анх хаана хэрэглэж ирсэн юм бол?
-Дэлхийн аль улс үндэстэн анх хэрэглэж ирсэн бэ гэдгийг тогтооход хэцүү. Харин хэдэн жилийн түүхтэй, өөр улс үндэстэнд хасыг юу гэж нэрлэж, ямар утга санааг агуулан хэрэглэж байсан бэ гэдгийг тодорхойлж болно. Эртний эд хэрэглэлд ч мөн адил хас байсныг түүх харуулсан. Хас нь гадаадын оронд дизайн урлаг, барилга архитектур, шашны соёл, ваар, хана хад зэрэгт гоёл чимэглэлийн утга санаагаар дүрслэгдэж тархсан. Гэтэл монголчуудын дунд төрийн хэмжээний бэлгэдэл дүрс болгосон байдаг. Монголчууд эрт үеэс хасыг шүтэж биширдэг.Энэ утга агуулгаар том ялгаатай байгаа биз дээ.

-Орчин үед хас бэлгэдэл нь ямар түвшинд уламжлагдаж байгаа юм бол?
-Монгол хасны уламжлал хорьдугаар зуунд тасарсан. 1930-аад оны үед Х.Чойбалсан "Коминтерний тушаалаар хасыг төрийн хэмжээнд, ард олны дунд хэрэглэхийг хориглосон зарлиг гаргасан. Харин 2000 оноос энэ хандлага өөрчлөгдсөн. Энэ нь Чингис хааныг дэлхийд зууны эзэн хаан гэж хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой. 2001 оны 5-р сарын 20-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Багабанди төрийн зоригтой, зүтгэлтэн шиг Монгол улс "Хас төрийн бэлгэдэлтэй орон" гэсэн сурталчилгаа хийсэн нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон. Энэ сурталчилгаа нь цаашид хасыг дэлгэрүүлэхэд, хас бол бидний соёл юм гэдгийг таниулахад ач холбогдол өгсөн. Тэгэхээр хас сэргэж, эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Чингис хаан дээд сургуулийн цагаан сүлд тугны сууринд хасыг гаргасан байгаа. Хас нь хүний анхаарлыг татаж, хүний сэтгэлд хүчтэй сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой дүрс юм.

-Нар, сарны хас дүрсийг номныхоо хавтасны дээд талд байрлуулсан байсан. Яагаад заавал нар, сарны хасыг сонгосон юм бэ?
-Дэлхийн судлаачдын бүтээлээс үзэхэд нар, сарны хас гэсэн нэр томъёог хэрэглэсэн байдаг. Номны хавтсан дээр тэнгэрийн хоёр эрхэсийн эргэлтийн хөдөлгөөнийг хоёр төрлийн хасаар /наранд зөв, саранд буруу байрлуулсан хас/ бэлгэдэж дүрсэлсэн. Тэгэхээр Чингис хаанаас өмнөх нэн эртний хүмүүс нар сарны эргэлтийг хасаар бэлгэдсэн нь мөнхтэнгэрийн хүчийг шүтэж байсан гэдэг нь батлагдаж байгаа. Харин Чингис хаан хас дүрсийг боловсруулан төрийн хэмжээнд баяжуулж хэрэглэсэн. Нэн эртний хүмүүст тэнгэр шүтэх гүн ухаан байсан бол Чингис хааны үед мөнх тэнгэрийн хүч гэж баяжуулан онолын шинэ түвшинд гарч, гүн ухааны утга агуулан бэлгэдэж байсан түүхтэй. Дэлхийд нийтлэг тархсан ойлголт нь нар, сарны хас бэлгэдэл юм. Иймээс мөнхтэнгэрийн хүч ивээл гэдэг ойлголтыг хас бэлгэдлээр төлөөлүүлэн ойлгуулж байжээ.

-Хас гэдэг ном томъёог хөгжим, аман зохиол зэрэгт монголчууд уламжлал юм шиг хэрэглэж байсан гэдэг. Энэ талаар жишээ дурдаж болох уу?
-Монгол ардын аман зохиолд хасыг магтсан мөр шүлэг, өгүүллэг олон. Хөх хотын гүүш Цорж "Үлгэрийн далай" судартаа: Гайхамшигт тэр богд Алтан хаан Хан оронд төвшин оршсон Хас их төр ёсыг сайтар тэр Хамаг алдаршсан Амудай Сэцэн Хаан хийгээд гэж магтсан байна. Хубилай Сэцэн хааны үед "Их хөгжмийн яам" байгуулагдаж хас чулуугаар хийсэн хас туурга хөгжим, хулсаар хийсэн хасын хөндлөн лимбэ гэж нэрлэн тоглодог байжээ. Түүнчлэн Орчлон ертөнцийн зүй тогтол, оддын бүтцийг судалдаг газраа Хас-шинжлэлийн оргил гэдэг байсан. Тэгэхээр орчлон ертөнцийн зүй тогтол хас хэлбэртэй байдгийг Монголын хаадууд тэр үед мэдэж байсан учраас ингэж нэрлэсэн нь ойлгомжтой. 13-р зууны үеийн хятадууд монголын хаадыг зурахдаа морины эмээлийн гөлөмт хас, түмэн насан хээгээр дүрсэлсэн байдаг. Энэ түүхэн баримтууд бас нэг нотолгоо болж байгаа юм.

No comments:

: