Saturday, January 17, 2009

Чингисийн тамгыг олзолсон гэдэг нь жүжиг байсан


Чингисийн тамгыг Абахай олзолсон гэдэг нь монголчууд ыг хулхидсан жүжиг байсан. Лигдэн өөрөө зугтаж амжсан байж нэг тамга өвөртлөж амжихгүй байсан гэж худлаа байх. Саяхан үүнтэй холбоотой нэг юм олж уншлаа. Нилээн сонин санагдав. Бичсэн хүн нь Mонгол, Mанж, Tүвдтэй холбоотой юм их судалдаг, энэ 3 хэлийг мэддэг, олон жил Монголын элдэв юм судалсан хүн юм байна. Иймэрхүү санаа гаргажээ:

Чингисийн хасбуу тамгын тухай домгийн үнэн худлыг баталж чадах ямар ч баримт байхгүй. Энэ тухай зөвхөн 17-р зууны монгол эх сурвалжуудад л дурдсан байдаг(<Алтан Товч>, <Асрагч нэртийн түүх>, <Шар тууж>, <Эрдэнийн товч> гм). Тогоонтөмөр хаан Бэйжингээс зугтахдаа тэр тамгыг аваад Монголд ирсэн гэж гардаг. ГЭТЭЛ Хубилай болон түүний удмынхны зарлиг зэрэгт уг тамгын дардас нь хятад үсгээр, мөн дөрвөлжин бичигтэй байсан нь одоо болтол хадгалаастай байдаг юм байна. Дөрвөлжин бичигийг Чингис хаанаас хамаагүй хойно түвд лам зохиосон шүү дээ. Юу гээд байна гэхээр Юань улсын үед л гэхэд яг Чингисийн барьж байсан тамгыг хэрэглэхээ больсон байжээ. Бас яагаад Гүег хааны тамга Хубилайнхаас ондоо байна? Уг нь Мөнхөөр дамжаад Хубилай, Аригбөх нарын гарт л орсон баймаар юм. Түүнээс гадна Тогоонтөмөрийн хүү Билигт хааны зарлиг, захидал зэрэгт дарсан тамгынх нь хэв одоо болтол байдаг юм байна. Тэр нь гэтэл Хубилайн үеийнхээс бас л ондоо гэнэ. Бүр уг хаанд хамаарах 4 ондоо тамгын дардас нь цаасан дээр байгаа. Бас саяхан Хархорум хотын туурийг ухаж байгаад бас л Билигт хааны тамгыг олоод бичээсийг нь уншсан байна. Түвд, хятад бичигтэй ажээ. Юу гээд байна гэхээр хэний тамга гэдэг нь чухал биш байсан бөгөөд бас хэрэг зорилгоосоо хамаараад хаад олон тамгатай байсан гэсэн санаа гаргажээ.

Тэгэхээр Абахайн зохиосон жүжиг ямар учиртай байв аа?

Абахай Лигдэн хааныг ялсны дараа түүнд(Абахайд) элч явуулж найрамдлын гэрээ маягийн юм санал болгосон 2хан байдаг: Хошуудын Төрбайх, Халхын Цэцэн хан Шолой. Энэ хоёрын захидлууд одоо болтол орчуулгатайгаа Манжийн архивт байдаг гэнэ. Шолойн захидал маш сонин ажээ. Агуулга нь гэвэл товчхондоо "Oдоо үед олон улс аймгийг захирч “эрдэнийн засаглал”(үгчилбэл, “nephrit-засаглал”) тогтоох хүн байхгүй байгаа нь харамсалтай" гээд найрамдалтай байх тухай бичсэн байна. Мөн Шолой яг тэр элчээрээ Лигдэний хатанд бас нэг захидал явуулаад "Xүн малаа аваад над pyy түргэн ирж нэгдэгтүн, эс бол би та нарыг хамаатан садан гэж үзэхгүй" гэсэн агуулгатай юм бичжээ. Гэтэл гай болж уг 2 захидал хоёулаа Абахайн гарт орсон байна. Шолойн бичсэн тэр “nephrit-засаглал” гэдэг нь эртний Хятадын домгooc гаралтай бөгөөд тэр нь заавал нэг тамгатай холбоотой байдаг юм байна. Монголчууд Юань улсын үед тиймэрхүү хятад домог энэ тэрээс сэдэвлэж янз бүрийн нэр томьёолол бодож олдог байсныг Шолой санаандгүй дурдаж орхисон юм байжээ. Шолой ч өөрөө зөвхөн нэр томьёололыг нь хэрэглэснээc биш цаад домгийн учрыг нь мэддэггүй байсан биз. Нөгөө талаар Монголын хаад нoёд ихэвчлэн өөрсдийгөө Юань улсын хууль ёсны залгамчлагчид гэж үздэг байжээ. Абахайн хувьд тэгэхээр Юань улсын жинхэнэ залгамжлагч нь болж монголчуудыг эрхэндээ байлган хамтаар Хятадыг эзлээд Юань улсын залгамж, улсыг байгуулах санаа төрсөн байх ёстой гэж тэр хүн үзжээ. Мэдээж л дээ, аав Нурхач нь бүр Хятад руу дайраад эхэлчихсэн байсан юм чинь.

Яг үүнээс хойш Чингисийн тамгын тухай жүжиг эхэлсэн гэж үзжээ. Манжийн сурвалж бичигт энэ тамгыг хэрхэн Лигдэнгийн хатан Абахайд гардуулж байгаа, энэ нь тэгээд Юань улсын үеэс хэрэглэж байсан Чингисийн(түүнийг Юань улсын анхны хаан гэж үзжээ) тамга энэ тэр гээд байдаг гэнэ. Гэтэл Манжийн үеийн олон тамга одоо болтол байдаг бөгөөд тийм "Чингисийн" тамга огт олдоогүй гэнэ.

Харин 17-р зууны үеийн монгол эх сурвалжуудад яагаад хасбуу эрдэнийн тамга гэж гараад байна гэхээр эдгээр нь бүгд өвөр Монгол Манжийн харьяанд орсноос хойш бичигдсэн учир монгол ноёд өөрсдөө хүртэл Манжийн энэ жүжигт итгэж орхисноос болсон гэжээ.

Яагаад итгэсэн гэхээр хаад ондоо тамгууд хэрэглэж байсныг ч үл мэдсэн учраас, бас тэр жүжиг нь үнэхээр үнэмшилтэй байснаас ч болсон байх гэжээ. Уг жүжигийн санааг Шолой өөрөө ч мэдэлгүй Абайхайд шивнэчихсэн гэжээ.

Өөрөөр хэлбэл итгэмтгий гэнэн монголчуудыг сайхан хулхидсан байна. Уг нь бол нэг тамганаас болоод бөөн бөөнөөрөө дагаар ороод байх нь үнэмшилгүй л юм. Гэхдээ өвөр монголчуудын дагаар орсон нь яах аргагүй тэр жүжигийн дараа болсон хэрэг гэнэ.

No comments:

: