Monday, January 12, 2009

Шинэ Монголын соён гэгээрүүлэгч О.Жамьян гүн


Өөрийгөө ямагт “Халх монголын дорд бичээч юу болхи өвгөн” гэж нэрлэж явсан авьяас нэгт эрдэмтэн Жамъян хуучин Сэцэн хан аймгийн Ачит ван Сансрайдоржийн хошуунд XIV жарны хөх хулгана жил (1864) төржээ. Эцэг нь түүнд нутгийн номтой хүнээр бичиг заалгаж, оюун билгийн нь нүдийг нээсэн байна. Жамъян 10 наснаасаа Хошуу тамгын жасаанд дагалдан, тал бичээч, дараа нь жинхэнэ бичээч зэрэг ажилд цэвшин ажиллаж, албан бичгийг зохиох, найруулахад гойд мэргэшжээ. Тийм учраас билэг авьяаст залуу бичээчийнн нэр хошуу хотолдоо алдаршин, тэр нь сумын занги, чуулганы дарга, жанжны газар эх зохиох түшмэлийн зэрэг албанаа тохоогдон, ажил үйлст шударга, голч, нягт нямбай хандаж явсан тул тэр цагийн засаг заслалын хэрэг явуулах чадвар бололцоотой нэгний тоонд орох болсон байна. Иймээс Жамъян нь гүн цолоор шагнагджээ. Монгол улс Манжийн захиргаанаас гарч автономит засаг тогтноход Жамъян гүн Автономит Монголын Сангийн яамны нярав, дансны түшмэлээр (нягтлан бодогч) ажиллаж, дундад эртний бүрдүүлэг харанхуй байдлаас ард түмнээ ангижруулах чин эрмэлзлэлтэй учир ардын олон хүүхдэд гэрээр үсэг бичиг заадаг байжээ. Жамъян 1919 онд хувьсгалт нууц бүлгэмд элсэн орсон байна. Тэгээд намын нууц бүлгэмийн даалгавраар автономит засгийн доод хуралд оролцож явсны дээр Зөвлөлт Засагт Холбоот Орос улсаас тусламж гуйх бичгийн эхийг зохиолцсон мэдээ бий. Жамъянг бас хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын үсэг бичгийн багш гэж ярилцдаг бөгөөд “Сүхбаатар зайсан Жамъянгаар монгол бичиг, тоо бодлого заалгасаар нэлээд сайжирчээ” хэмээн “Сүхбаатарын намтар” (1943) гэдэг номонд бичсэн байна. Жамъян гүнг ийнхүү эх оронч, хувьсгалч үзэл санаатай байсны учир харийн түрэмгийлэгчдийн захиргаа болох Си Линбуугийн яам баривчлан авч, хувьсгалт бүлгэмийн нууцыг хэлүүлэхээр эрүүдэн шүүж улмаар шоронд хорьжээ. Тэр үеэс буюу 1919 оны эхээр Барон Унгерний дээрэмчин цэрэг нийслэл Хүрээнд дайлаар ирж, их хөл үймээн болохын сацуу Жамъян гүн шоронгоос суллагджээ. Монгол оронд халдан орж гай гамшиг тарьсан Унгерн гурван улсын гэрээг биелүүлж байгаа гэх нэрээр автономит засгийг дахин байгуулахад Жамъян Сангийн яамны дэд сайдын нэр хүлээж, умар зүг одсон нөхдийн чимээ, уул зорилго гүйцэлдэхийн дохиог тэсгэлгүй хүлээж суужээ. 1921 оны ардын хувьсгал ялж, Ардын засгий газар байгуулахад Жамъян гүн Сангийн яамны тэргүүн сайд хамаарсан дэд сайдын албанаа тохоон томилогдож, уул ажилд хүч хайрлахгүй зүтгэжээ. Эзэрхэг түрэмгий болон феодал эсэргүүцсэн хувьсгалын зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд соёл түгээх газар олныг байгуулж эхлэв. Үүний нэгэнд монгол улсын эрдэм шинжилгээний анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн зүй ёсоор ордог. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах, удирдах үүрэг Жамъянд оногдсон байна. Жамъян 1921 оны 11-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо өөрийн гэрт тэр үеийн эрдэмтэн, сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн, манжич Бат-Очир зэрэг хүмүүстэй нийлэн хуралдаж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан нээснээ зохих газруудад зарлан мэдэгджээ. Судар бичгийн хүрээлэнгийн ажилд энэтхэгч Дандаа, Шагж зэрэг боловсролтой сэхээтнийг татан оролцуулахын хамт Холбоот Орос улсын их эрдэмтэн Козлов, Владимирцов, Франц улсын монголч эрдэмтэн Пеллио, Польш улсын монголч эрдэмтэн Котвич зэрэг хүмүүсийг хүрээлэнгийнхээ хүндэт болон жинхэнэ гишүүнээр сонгож, тэдгээртэй үр ашигтай харилцаа тогтоож байжээ. О.Жамъян бол үндэсний соёлын өв тэгш их өвийг хайрлан хямгадаж, цугларуулах талаар ихээхэн гавьяа бүхий эрдэмтэн билээ. Тэрээр ховор чухаг ном судар эрж сурвалжлан, олж цуглуулах ажлаар олонтаа томилогдож, Бээжин, Шанхай, Өвөр Монгол зэрэг олон газраар явж байхдаа дэлхийд хосгүй ховор монгол Данжуур гэдэг 226 боть номыг Наянт вангаас олж авчээ. 16 үхэр тэрэг буюу 25 тэмээнд ачих жин бүхий энэхүү Данжуур зэрэг ховор нандин ном олныг цуглуулж, Улсын номын санг үндэслэн байгуулсан юм. О.Жамъян бас Ардыг гэгээрүүлэх яамны анх түрүүний сайдаар томилогдож байжээ. 1924 оны гуравдугаар сарын дөрвөнд хуралдсан Засгийн газрын 55 тоот хурлын тогтоолд “…мөнхүү яамны сайдад тавьсан гүн О.Жамъянгийн бие энэ завсар Судар бичгийн хүрээлэнгийн хэргээр Бээжин зэрэг газар зарагдан очсон зүйл буй тул түүний биеийг тушаалд иртэл тамга хэргийг эрхэлсэн түшмэл Батхаанд (Эрдэнэбат) хамааруулан хэрэг шийтгүүлсүгэй” гэжээ. Эрдэмтэн О.Жамъян 1925 онд Буриад Монгол улсын хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгогдож явсны дээр нам, төрийн үйл ажиллагаанд зүйл зүйлээр оролцож явсан байна. О.Жамъян монгол хэл бичиг, тооны ухаанд нэвтэрхий мэргэжсэний гадна манж, түвд хэл бичиг мэддэг байжээ. Тэрээр бүтээлч амьдралынхаа жилүүдэд хэдий олон зүйл албан ажилд самбаа зориг гарган оролцож явсан боловч ардын олон үр хүүхдийн сурч хүмүүжихэд ач тус хүргэсэн ном зохиол туурвих ажлыг хойш тавьсангүй. 1926 онд “Тоо бодлогыг анхан сурагчдын зам хэмээх бичиг” нэртэй 150 шахам хуудас ном зохиож 3000 хувь хэвлүүлсэн нь тэр цагтаа олон сургуулиудад сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байв. Мөн 1921 оноос “Монгол үсгийн ёсыг өчүүхэн төдий товчлон гаргасан байдал”, “Монгол үгсийн аймаг, анхан сурах хөвгүүдийн оюуны алсыг нээх тодорхой толь хэмээгдэх оршвой”, “Монгол үсгийн цагаан толгой оршвой”, “Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршвой” гэх зэрэг нэртэй хуучин бичигт суралцах хялбар, дөхөм бичиг ном зохиож, удаа дараа хэвлүүлэн нийгэм олонд гарын авлага болгож байсан юм. “Эрдэмтэн О.Жамъян дан ганц сурах бичгийн зүйл оролдоод зогсоогүй, шинжлэл судлалын чанартай зүйл их хийж байсан” хэмээн Улсын номын сангийн дарга асан өвгөн Жадамбаа гуай үгүүлж, түүний зохиол “Урт өдрийн улиг үгийн бичиг” гэдэг ном над өгч билээ. Энэ ном хэдий нимгэн ч утга гүн, учир тодорхой тул залуу сэхээтнүүдийн билэг авьяасыг хөгжөөхөд багагүй тусыг хүргэжээ. О.Жамъян хэл бичгийн ухааныг судлан, түгээн дэлгэрүүлэхийн хамт бас түүхэн зохиол бичигч, түүхийн баримт хэрэглэгдэхүүн олж цуглуулах, эрж хайх ажилд идэвхийлэн оролцож байв. Ардын жаргалын төлөө эрдэмтэн Жамъян Монгол улсынхаа шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэнг удирдан толгойлж агсаар 1930 онд бие барсан билээ. Эрдэмтэн О.Жамъянгийн тухай энэ мэт хэсэг бусаг мэдээ хэрэглэгдэхүүнээс үйл амьдрал тодорхой харагдахгүй нь мэдээж. Гэвч О.Жамъян бол ард түмний дундаас төрж гарсан хувьсгалч сэхээтний нэг, төрийн зүтгэлтэн, бичгийн эрдэмтэн, гэрээрүүлэгч хүн байсан нь тодорхой. үүний хамт бас амьдарч байсан цаг үеэсээ шалтгаалцаад үндэсний үзлийн хандлага, шашин шүтлэгийн нөлөөнөөс ангид байж чадаагүй юм гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Утга зохиол урлаг

No comments:

: