Thursday, January 8, 2009

Б.Ринчен : Эмгэн сойвон

Бямбын Ринчений энэ зохиолд анхдугаар Богд Г.Занабазарын жанч халсан нууц түүхийн тухай өгүүлэх болно.


Манж Дайчин улсын богд эзний хувийн сайд Улсын нагац Йехенара овогт өвгөн вангийн бичгийн балгад, гадаа хэдий сайхан нартай хаврын өдөр боловч, цаас наасан цонхны доод хэдэн шагаавар нүдэнд өрөөтэй шилээр л нарны сацраг тусах төдий ажээ. Дээд талын нимгэн цагаан цаасаар нэвтрэх цэгээн гэгээ гэрэл, тэр том балгадыг сонин байдалтай болгож өдөр гэхэд өдөр биш, үдэш гэхэд үдэш биш гагцхүү нарны сацраг нарийхан шил нүдээр шалын хүрэн хивс дээр туссан төдийгөөр нартай өглөө гэж мэдэгдэх болой.

Бичгийн балгадын туургыг луутай хүрэн торгоор өнгөлсөн нь, алтан хатгамал лууны хайрс нь тодхон ялгарч хоймор талын туурганаа тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн Дайчин улсын хуандийн сахиус болсон Гуан богд Гэсэрийн сүрт зураг дэлгэн өрөөстэй нь, таван салаа сахлаа сэрвийлгэн, ширүүн харцтай догшин хар нүд нь улсын нагац Йе вангийн бичгийн балгадад орогсдыг нэвт ширтэн харж байх мэт сүртэй ажээ. Тэр зургийн хоёр хажуу талд нэрт сайцуулын нангиад манж үсгээр эвхэж бичсэн хос уянга, сайхан шаазан бумбанд хийсэн цэцгийн хэлбэртэй бөгөөд нарийвчлан үзвээс Күнзийн "Дөрвөн бичгээс" иш татсан бэлгэт сургаал үг амуу. Вангийн бичгийн балгадын өмнө өрнө булангаас туурга дагуулан хүрэн суман ташингатад хар хөх, шар торгон дугтуйт манж нангиад бичиг судар, хойморт буй Гэсэрийн зураг, хос уянгын доогуур залган үргэлжилж, цонхон хооронд гурван луу хөлтэй газрын дүрэмт сав, таван тивийн гадар хөрөг маш сайхан сийлээстэй, тэнгэрийн дүрэмт сав огторгуйн олон од гаригийн байдлыг дүрслээстэй, хийц байдал нь Зүүн Баруун далайн эрдэмтэн урцуулын арга чимэг хосолсон сонин байдалтай бөгөөд балгадын эзэн, олон ухааны зүйл сонирхдог бөгөөд бичиг зохиол их үздэг шинж илт ажээ.

Улсын нагац Йе ван, биед өмссөн манж бичгийн хүний дүрэмт хувцас баахан элбэгдэсхийж халхгардсан авч, хөгшин вангийн тэргүүн, даруй хүн олныг үе улиран захирч сурсан удамтны эрхлиг байдалтай. Битүү сахал мөнгөлөг буурал. Сорви мэт нарийн уруул тас жимийгээстэй нь энэ толгой халж болно, энэ санал халж үл болно хэмээн буцах няцахыг мэдэхгүй хатан зоригтой, уярах энэрэхийг мэдэхгүй хатуу сэтгэлтэйн шинжийг хоёр завжиндаа шингээжээ. Эртний арслан зааны соёо шиг хув шар өнгөтэй царай нь дотроо чухам юу бодож байгааг мэдэгдэхгүй, хөндий цээжинд гал шатавч утааг хамраар гаргахгүйн сургууль хийсэн шинжтэй дөрвөн бичиг, таван номд нэвтэрхий тэр үеийн бичгийн сайдын байдалтай. Өндөр товгор хамрын самсаа нимгэн, ямархан нэгэн махчин шувууны догшин байдал санагдуулж, бууралтсан өтгөн хөмсөгний дорхи уртлаг нүдний харц, залуугийн гал хэвээр, дугуй том усан болор шилийн цаанаас хүнийг нэвт харах мэт бөгөөд өрөвдөх хайрлахыг мэдэхгүй жигтэй ширүүн хүйтэн тул Гуан богд Гэсэрийн зураг дахь дүрийн догшин харц нь Йе вангийн харцны дэргэд, зөөлөн сэтгэлт эмэгтэйн энэрэнгүй нүдээр харж байгаатай адил санагдах тул, вангийн гэрийн зардас, эзнийхээ нүдэн өөд аюумшиггүй харж чаддаггүй, вангийн хилэнт нүдээр нэг ширвүүлснээс зуу ташуурдуулсан дээр гэж хэлэлцэх ажээ. Ханзан дээрээ хойморт голлон сууж, намхан ширээн дээрээ нэгэн дугтуй бичиг дэлгэн үзэж суутал нь, хаалганы цаана ямархан нэгэн хүн аяархнаар хэд хэд ханиах чимээ гарсанд ширээнээ буй хүрэл луугийн амнаас зүүлттэй бяцхан хонхыг луу ороосон мөнгөн дохиураар зөөлөн дэлдвээс, уянгалан хангинах чимээ гарч хаалга нээгдэн гэрийн дарга орж ирээд сөгдөсхийн өчрүүн:
- Өнөөх өвгөн хутагтын Эмгэн сойвон гэдэг Тойн Шар Дорж хэдийн хүрч ирээд, бараалхахыг хүлээж байна хэмээвээс ван огцом дуугаар,
- Оруул. Цай авцар! гэлээ.

Гэрийн дарга ухарсаар гарч, удалгүй нэгэн хувраг хүнийг удирдан оруулав. Өвгөн хутагт өндөр гэгээний дэргэдийн сойвон тэр хүн, бие нилээд махлаг хүнд, сахалгүй улцгардуу царай нь үнээр эмгэн хүний байдалтай тул, хочдоо яв цав нийлэлдмой. Насаараа ихсийн үүдийг сөхөж, өрхийг татаж далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч ирдэг маш дуулгавартай бөгөөд эрдэм ном төдий л үзсэн, юм боддог сэтгэдэг шинж бараг үгүй, гэнэн сэтгэлтэй номой хүний шинжтэй. Захирахыг та мэд, гүйцэтгэхийг би мэдсү гэсэн шинж бие царайд нь нэвт шингэсэн байдалтай хижээл насны нэгэн хувраг ажээ. Балгадын хаалга татан оруут, хоймор зүг тоотой хэд алхаад гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөөд Йе вангийн амар амгаланг машид хичээнгүйлэн айлтгаж алга хавсран ихсийн өмнө хүндэтгэхийн үүрэг ардаа үүрч сурсан заншлаар бөхийсхийн зогсож.
- Суу! гэж нам дуугаар вангийн өгүүлэхэд тэр зогссон газраа сөгдөн суутал нь, вангийн гэрийн дотоод зардас, өмнө нь гантиг өртэй, тана шигтгэн чимсэн сайхан монгол ширээ тавиад хаалган цаанаас нэгэн хүний өгсөн гүцтэй цай авч, ванъеэгийн нарийн шаазан аяганд хийгээд алтан тагаар нь таглаж, сойвонгийн өмнө гүцээ барин хүрч ирэхэд өврөөсөө яаран тагшаа гаргаж хоёр гараар тосон цайг дундуурхан хийлгээд ширээн дээр аяархан тавьтал, вангийн зардас, ширээн дээр нь алтан хээ угалзтай, улаан хар өнгийн ширдмэл багвартай идээ тавиад өглөө. Сойвон, Монгол ёсоор зүүн гараараа тохойгоо түшин, баруун гарынхаа алгыг өөд нь харуулан, дунд хурууныхаа үзүүрээр багварт хүрч идээг хүлээн хүртсэн хүндэтгэл ёслолыг нэн хичээнгүйлэн гүйцэтгээд вангийн цай амсахаас урд аягатай цайндаа аюумшиггүй ам хүрсэнтэй бөгцийсхийн сууж, вангийн өөдөөс сүрдэн эмээсэн байдалтай нүд шилжилгүй харах завсар ван, тэргүүнийг зүүнээс баруун тийш эргүүлсхийн, сойвонг тэнсэн ажих нүдээр харваас вангийн ширүүн харцтай нүдийг дагаж сойвон, халзан толгойгоо эргүүлэн, тэсгэлгүй сүрдсэн байдал царайд нь мэдэгдэв. Ван, сойвонгийн эмээн бэндсэн байдлыг үл мэдэг инээмсэглэн ажиж аяганыхаа алтан тагийг ширээн дээрх шаазан пял дээр тавиад мэйхуа цэцэгтэй цайг амсваас Эмгэн сойвон даган дууриаж аягаа бариад аман дотроо нэг юм уншин уруулаа хөдөлгөөд яаран шур хийтэл соруут нам гүм балгадад аягүй чимээ гаргаж ёс алдав хэмээн сандарч царайн өнгө хувиран халзан дух нь зэс мэт улаан хүрэн болж хөлс барзайн гарав.

Ван, тэргүүнийг үл мэдэг дохимогц зардас, үүдэн зүг араараа чив чимээгүй гарч хаалгыг хичээнгүйлэн хаав. Бичгийн балгадад вангаас сүрдэн тэвдсэн сойвонгийн амисгах анир сонсдон түүнээсээ болж бүр ч тэвдээд, нэгэн хэсэг амьсгалаа бариваас царай нь улайн чинэрч, хоёр чамархайн судас гүрийгээд уйлах гэж байгаа юм шиг хачин болчихлоо. Ван хоолойгоо засаад нам боловч сөрөхийг огт үл хүлээх, гуйхыг ер мэдэхгүй, гагцхүү тушаан захирч сурсан дуугаар асууруун,
- Сойвон чамд миний жигүүрийн сайд, тэнгэрийн нууцыг ухуулсан биз! хэмээвээс
- Жа, сурган гийгүүлсээн! гэлээ.
- Богд эзэн хаан, тэнгэрийн нууцыг гэгээн мэргэнээр тольдон мэдээд Ар монголыг ихэд өршөөн нигүүлсэхүйн сэтгэлээр түг түмэн хар тэргүүтнээс ганц чамайг шашин амьтны тусын тулд их үйлсийг туурвин гүйцэтгэх төгс хувьтай хувраг гэж биднийг соён сургажээ. Өдгөө чи тэнгэрийн нууц таалал мэдсэн учир, эсвэл дагаж гүйцэтгэх, эсвэл төрөл арилжих энэ хоёрын нэгийг сонгох боллоо. Дагаж гүйцэтгээд олон монгол шавь нарыг баясган гийгүүлэх тэнгэрийн бошго хүртээхийн буян үйлдвээс богд эзэн хаан чамайг хувилгаан цорж өргөмжилж төрөл тутамдаа чиний багшийн дэргэд тодруулна гээд нэгэн хэсэг дуугай болоод
- Хэрэв тэнгэрийн нууцыг зөрчихөд хүрвэл гээд дуугаа маш сүртэй болгож,
- Арван найман тамд үзээгүй эрүү зовлонг эдлэн хорхой мэт амиа алдана! Яахыгаа одоо чи өөрөө мэд. Жигүүрийн сайдын чамд хэлсэн тэнгэрийн нууц, миний энэ хэлсэн үгийг бид гурваас өөр хэн ч мэдэх ёсгүй. Энэ шөнө л тэнгэрийн тогтсон цаг бий. Тэнгэрийн оноосон хувь төгөлдөр хүн чи байна. Энэ учир би чамайг дуудуулав, өөр зүйл үгүй гээд сойвонг сүрхий ширтэн харваас царайд нь сэтгэл тун ихэд хөдөлсөн байдал тодорч вангийн зүг тэсгэлгүй итгэн бишрэхүйн нүдээр алга хавсран,
- Би жигүүрийн сайдын сурган ухуулсныг дотроо ихэд эргэцүүлэн бодож үнэн тийм хувьтай бол миний хүн болсон хэрэг бүтлээ гэж бодмор болоод одоо улсын нагац их вангийн сургаал зарлиг сонсоод бүр ч итгэж сэтгэл шулуудан буяны зүг буцалтгүй хандлаа. Шажин амьтны тусыг бодож ихсийн зарлиг, тэнгэрийн бошгыг хичээнгүйлэн дагаж гүйцэтгэсү гээд мөргөв. Йе вангийн царайд сэтгэл ханасан байдал тодорч мишээгээд сойвонг зоригжуулан,
- Буяны зүгт айн эмээх зүйлгүй. Чиний хичээх тэнгэрийн нууцыг хэнд ч задруулж болохгүй. Айх юмгүй. Танай Ар монголын олон шавь нарын хүсэл ч бүрэлдэн бүтнэ. Чиний заяа буян ч дэлгэрнэ! гээд толгой дохин бараалхал дууссаныг мэдэгдвээс Эмгэн сойвон яаран босч Йе вангийн зүг сөгдөж мөргөөд гарахыг завдан хаалган зүг ухарваас ван, өнөөх хонхоо дэлдмэгц гэрийн дарга орж ирэн Эмгэн сойвонг дагуулан ухарсаар хоёул бичгийн балгадаас гарав.

Гэрийн дарга дахин орж ирээд, сойвонгийн өмнө тавьсан ширээ багварыг авч одсон хойно Йе ван нэгэн зурвас бичиг бичиж дугтуйлаад хонхоо цохин зардас ирүүлж, жигүүрийн сайдын гарт яаравчлан биеэр хүргэж өг. Бусад хүнээр дамжуулж болохгүй гэж захиад зардсыг гарсан хойно бичгийн балгадад өвөр хүмүн үгүй тул, сэтгэлийг сул талбин, царайд нь хэдийн бодсон нэгэн зүйл чухал хэрэг ёсоор болж буйд дотор уужирсан байдал тодорч инээмсэглэв.

Эмгэн сойвон Шар сүмийн газар, өндөр гэгээний буусан буудалд эгвээс өвгөн хутагт эзгүй. Бараа бологсдоо цөмийг дагуулан Лигдэн хутагтын шүтдэг байсан Бээжин Махагалын сүмд очжээ. Орой л морилж ирэх байх гэж цахар бандиас сонсоод өндөр гэгээний үүдний өрөөнд монгол орон дээрээ суутал тэр банди домботой цай идээ барин ирээд сойвонгийн зүг харан нам дуугаар
- Багшийн бие тав үгүй юу? Царайд баахан алжаасан шинж байна. Эмч залж ирэх үү? хэмээвээс
- Үгүй, зүгээр зүгээр. Эндхийн цаг уур баахан зохихгүй, баахан ядарсан болохоос бие гэмгүй гээд, тэр бандийг үүдэн тушаа зогсож байх тул аягатай цайгаа барин, уншлага унших дүрэм үзүүлэн нүд аниваас, тэр банди чимээгүй гарч одсон хойно аягаа тавиад өглөөгүүр жигүүрийн сайдаас сүрхий үг захиа сонсч, олон юм асуулгаад дараа нь улсын нагац сүр ихт Йе ванд бараалхсанаа санан сэтгэл үймцэж цай уух ч дургүй, яаж нэгэнт хүлээсэн үүргийг гүйцээдэг билээ? гэж номун сахиусанд залбиран дотор хачин аягүй болж толгой эргэж байгаа ч юм шиг, чухам хаа байгаагаа ч мэдэхгүй дэмий л өөрийн сууж байгаа өрөөний байдлыг сая үзсэн мэт гайхан харж ар газрын Хүрээнээ Бор өргөөний зүүн хойт талын сангийн өргөөнд сууж байгаа хэрэг биш Бээжинд Шар сүмийн буурчийн газар байгаагаа ухааран тэнхээ тамир алдарч нойр ч хүрч байгаа юм шиг жигтэй эвгүй болоод өвгөн хутагт буцаж иртэл хаа ч байгаа юм бэ зайтай байна. Шөнө болтол бас өдий. Тэр хүртэл яаж тэсч байдаг билээ. Цаг нь болоод ирэхэд амласан юмаа яаж ёсоор болгодог билээ? гэж ухаан элий балай мэт болж хүлээх нэг хэцүү, байх нэгэн хэцүү. Хүн орж ирэхэд сэтгэл үймцсэнээ яаж дарж далдалдаг билээ? гэж эрхиэ барин уншлагаа уншиж гарлаа. Чингээд, хар багаас цээжилсэн уншлагыг аман дотроо шивнэн уншсаар түүндээ сэтгэлээ саатуулж нэгэн хэсэг юу ч мэдэхгүй болж хичнээн болсноо мэдсэнгүй.

Гаднаас хүн алхан айсуйн чимээ чихэнд нь тусч яаран нүд нээн харваас өрөөнд бүрий баруй. өвгөн хутагт хаалга нээн орж сойвонгийн зүг,
- Зул дэн барихгүй яасан юм бэ? Юунд харанхуйгаар суув? гэхэд нь хэдийн таньдаг тэр дуу нь хачин сонин санагдаж яаран босон,
- Уншлагаа уншиж байгаад, дэн барихын хэрэгцээ ч үгүй байлаа гэхэд өвгөн хутагт өрөөндөө ороод, удалгүй зама нь домботой цай барин орж өглөөний зоогт юу бэлдэхийг нам дуугаар айлтгаж байгаа нь дуулдлаа. Түүнийг сонсмогц сойвонгийн дотор хачин бодол төрж, өвгөн хутагт тэнгэрийн цагийг мэдэх билигүн нүдтэй хувилгаан хүн, лав замын сэтгэл чилээхгүй гэж ингэж байгаа билүү? гэж бодож их л гайхав. Замыг гарсан хойно өвгөн хутагтынхаа дэргэд орваас дэнгийн гэрэлд нэг хуучин монгол судар дэлгэн үзэж байснаа,
- Өнөөдөр Махагалын сүмд номын сангийн судар дотроос Лигдэн хааны үеийн нэг сонин ховор түүх олж авлаа. Ар газар эрээд олсонгүй судрыг харин Бээжингээс олж авлаа гэж инээмсэглэн өгүүлээд, он удаж шарласан хуудсыг эргүүлтлээ сойвонгийн царайг ажин,
- Бие зүгээр биз? Царай нэг хачин болсон байдалтай байна гээд сойвонгийн өөдөөс харахад хэлэх үг олж ядан,
- Зүгээр ээ гэж аман дотроо гүнгэнэв.
- Очиж амар даа! гээд толгой дохин өнөөх хуучин судраа дахин үзэхэд нь чимээгүй гарч өрөөндөө ороод суух байх газраа олж ядан хойморт буй гүнгэрвааны өмнө зул барин, орон дээрээ сууж уншлагаа уншиж нэгэн хэсэг болтол, зама оройн зоог орууллаа. Сойвонгийн ширээн дээр бас тавагтай идээ тавиад гарлаа. Өнөөхөөс нь ам хүрсэн болоод байтал өвгөн хутагт өрөөнөөсөө гадаалан гарч,
- Өнөө шөнө тэнгэр цэлмэг сайхан байх шив гээд орж ирсэнд, хойноос нь зама орж тавагтай юм, домботой цайг авч гараад чив чимээгүй болов. Өвгөн хутагт эрт нойрсож, өглөө эрт босдог тул сонсвол дэнгээ үлээн унтраажээ. Чагнаад суутал хичнээн болсноо мэдсэнгүй. Нэг мэдэхнээ гүн шөнө болж өвгөн хутагтын өрөөнөөс үе үе хурхирсхийх чимээ гарч байх тул тэр үүнийг сонсоод гэнэт санаа шийдэж хутгаа бариад сэм алхаж өндөр гэгээний өрөөнд орвоос бурхны өмнөх том мөнгөн цөгцтэй зул бадамлаад зулын тос ширчигнэсхийх чимээ гарч бүдэг гэрэлд орон дээрээ наашаа хараад нойрсож буй өндөр гэгээний бие нь сүртэй том мэт харагджээ. Зүрх цохилон дэргэд нь аяархан ойрттол унтсаар аман дотроо нэг юм өгүүлсэн мэт, хэдийн нөгчсөн хатныхаа нэр хэлэх шиг санагдлаа. Дотор хачин эвгүй болоод,
- Буцаж ирэх үү? гэж захин сургасан үгээ өөрийн эрхгүй дуудан нүд анин хутгаар өвгөн хутагтын өргөн хэнхдэгийг чичээд автал, хутганы ир махны ширхгийг тас огтлон, нэгэн зөөлөн юманд орох байдал мэдэгдэн нүд нээн харваас хутагт цочин сэрээд нойрмоглон юу болсон учрыг мэдэхгүй гагцхүү, буцаж ирэх үү? гэж асуусанд,
- Ирнээ ирнэ! гэж дуугарах нь дуулдлаа. Тэгмэгц сойвон ухаан амьгүй юу хийж байгаагаа ч мэдэхээ байж дэмий л,
- Буцаж ирэх үү? Буцаж ирэх үү? гээд сандран тэвдэж эмээн бахархсандаа дэмий л хутгаар чичсээр, нэг мэдэхэд нь өндийсхийгээд ирсэн өвгөн хутагт гэдэргээ орон дээрээ ойчоод чив чимээгүй болчихлоо. Сойвонгийн гар нэг бүлээн нойтон юм болоод хутагтын бие хучлага нь цөм цус болжээ. Тэвдэж сандарсандаа юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж хучлаганд нь гараа арчаад хутгаа бас арчиж арчиж хаалгыг нь хаагаад, өрөөндөө орж зүүдэлж байгаа хүн шиг дээл хувцсаа тайчин орондоо ороод нүд аниваас өндөр гэгээний нүүр, цус болсон бие нь үзэгдэх шиг болж бүх бие чичрэн багшийгаа алчихлаа, Үгүй мэс өргөлөө... Буцаж ирнэ гэж айлдсанаар нь бодвол эргэж Ар монголдоо тодрох боллоо... Багшийгаа алчихлаа. Таван завсаргүй их, нүглийн нэгийг хийчихлээ... үгүй, богд эзэн хааны зарлигийн ихэс сайд, хутагтыг эргэж монголд тодрохын их үйлсийг гүйцэтгэ! гэсэн билээ. Багш минь эргэж Ар газраа тодрох боллоо... гэж зүүдэлсэн юм шиг ухаан солиорох мэт нэг биеэ буруушаан нэг зөвтгөн завсар хооронд нь уншлагаа өөрийн мэдэлгүй уншин урваж хөрвөсөөр үүрийн хяраанаар босоод хутагтын өргөөнд орж нүүрийг нь тэсгэлгүй эмээн хараад хучлагыг нь засахчаан болж бурхны өмнө шинэ зул бариад гадагш гарч салхинд баахан сэрүүцэн, дотор онгойх шиг болж нүүр гараа угаагаад орон дээрээ уншлагаа уншин суутал зама, мөнгөн гадир бариад орж ирсэнд,
- Багш өндөрлөөгүй. Бумба гадир хоёроо энд тавьж орхи гэж тушаалаа. Тэгээд, замыг гарсан хойно гадир бумба хоёрыг авч гараад удалгүй өглөөний зоог, цай бариад ирэхэд нь,
- Багш шөнө баахан муу нойрссон тул, түр амсхийж байна. Цай идээг энд тавьж орхи. Гэгээний дуудсан цагт би оруулна гэхэд зама, сойвонгийн нойргүй хонож зовнисон хачин царайг хараад багшийн төлөө сэтгэл зовсон байдалтайяа гэж дотогш оролгүй, домботой цай, тавагтай мах сэлтийг сойвонгийн өрөөнд тавиад сойвонд бас цай идээ ацарч өгөөд гарлаа.

Замыг гармагц эмгэн сойвон яаран хутагтын зоогоос ганц нэг хэрчим мах ам хүрсэн болоод нүдэнд нь хутагтын нүүр, цус болсон хэнхдэг, хучилга нь үзэгдэх шиг дотор маш аягүй болох тул юм идэж чадсангүй, хоолой зангирчээ.Чингээд сууж байтал зама орж ирээд нам дуугаар,
-Багш зоог барив уу? гэж нам дугаар асууваас,
-Багш зооглолоо. Энэ цай идээг аваад яв гэсэн гэхэд зама, тавагтай махыг автал шаант чөмгийг харуут царай хувьсаж,
-Та багшийг зоогоо барьсан гэл үү? гэхэд нь,
-Тэгсээн, үүнийгээ авад яв! гэхэд замын царай нэг сонин хачин бодоод,
-Та багшийг зоог барилаа гэж юунд намайг хуурч байна? Багш шант чөмөгтэй зоог оруулахад цатгалан ч байсан, өлөн ч байсан юуны өмнө энэ нэг өөхийг нь заавал урдаар амсан зооглодог заншилтай. Тэгтэл шаант чөмөгний тэр цагаан өөх нь хэвээрээ байна. Багш яасан ч зоог бариагүй. Таны худал хэлдэг ч нэг учир байна. Би багшаас асууна! гээд, сойвонгийн хориг тавихын өмнө яаран өвгөн хутагтын өрөөнд ороод их дуу алдан,
-Энэ шулмын хувилгаан сойвон, Багшийг жанч халуулчихлаа! Ээ яадаг билээ? Багш маань улаан шунх болчихоод жанчаа халчихлаа! Эвий халаг! Эвий халаг! гээд өндөр дуугаар уйлан бахирч, сандарсан сойвонгийн хажуугаар хуй салхи мэт дайран гарч гадаа гашуудан бархирах: ЧИМЭЭГҮЙ нь сойвон сонсоод хирдхийн цочиж бүх бие чичрэн зогсож баитал олон хүн гаднаас гүйн орж зарим нэг нь сойвонг ноцон дарж хүлэв. Зарим нэг нь айж эмээн өвгөн хутагтын өрөөнөө орцгоож халаглан гаслах дуу чимээ дуулдах завсар гаднаас гэнэт албаны цагдаа түшмэл орж ирээд, сойвонг багшийнхаа амийг хорлосон гэж олж сонсмогц хүзүүнд нь наян жингийн гинж зүүн баривчилж, туун аваачив. Өвгөн хутагтын бараа бологсод өндөр наст цорж нар хэлмэгдэн цочиж дэргэдийн итгэлт сойвон ингэчихдэг нь ямар нүгэлтэй амьтан бэ? Даанч яав даа? Ямар бузар булай амьтан багшийгаа ингэж хорлодог билээ? гэж гайхшаа барж ном буян хийх бас дээд албаны газар бичиг мэдүүлэх, мөн өвгөн хутагтын чандарыг их ёслолоор залж, шарил бүтээх зэрэг бөөн ажил гарч бужигналаа.

Гашуудан эмгэнэсэн монголчуудын зүг манж сайд,
- Та бүхэн бэлбэсрэлийн тэмдэг зүүн ирж, энэ тухайд хараахан ташаарчээ, тэмдгээ авцгаа! гээд хэдэн түшмэлийг
- Жебзүндамба хутагтын дэргэдийн сойвонг удирдан ирүүл! гэхэд олон цөм гайхацгааж тушаал дагаж бэлбэсрэлийн тэмдгийг хураацгаав. Хэдэн түшмэл эмгэн сойвонг удирдан оруулж, тусгай заасан газар зогсоовоос царайд нь уг хэрэг учир ямар болохыг сайн мэдээгүй, баахан сүрдсэн байдалтай дэмий л яамлах сайдын тавцан, түүний өмнө зогсон буй монголчуудыг эмээн зовсхийж харах ажээ. Ёслолыг удирдах түшмэл урагш давшин, төрийн ихэс сайд яамлаар ирснийг мэдэгдэж улсын нагац, эзний хувийн сайд Йе ван тэргүүтэй манж сайдыг гарч ирэхэд олныг сөгтгөн мөргүүлэх ёслол үйлдүүлэв. Олон сайд дэс дэсээр суудал эзэлмэгц Йе ван босч олны зүг өндөр дуугаар, Богд эзэн хааны эрхэмлэн шүтдэг өвгөн хутагт эртний Энэтхэг Төвдийн орны Даранада богдын хувилгаан бөгөөд тэнгэрийн тогтоосон сүүдрийн тоо, тэр хүү мэс өргөсөн шөнийн хулгана үхэр цагийн заагт гүйцэж ЭнэтхэгТөвдийн орноо тодрон хувилахаар болсон байжээ.

Тэгтэл Монгол олон шавь нарын буян, хувилгаан сахиусны ивээлээр өвгөн сойвон уг хулгана цаг шувтрахаас хэдхэн хормын өмне амжин завдаж, эргэж Монгол газар тодрохын бэлэг айлтгаж, завсрын саадыг огтлон таслах мэс өргөж Багшийгаа буцаж ир! гэж айлтгасныг өвгөн хутагт хүлээн тогтоож, буцаж ирнэ! хэмээн айлдсан бэлгээр дахин Монгол газраа уг мэс өргөсөн тоогоор хойшид долоон удаа Жебзүндамба хутагтын гэгээн тодрох болсон учрыг эрдэмтэн мэргэд тэнгэрийн бэлгэ шинжээр осолгүй магадлан мэдэж усан нүдтэй, цусан зүрхтэй хүний мунхаглан бодоход Дээдсийн алтан аминд халдсан ялт хэрэг үйлдсэн нь, тэнгэрийн эчнээ зарлигаар олон монголчуудын тусын тулд хутагтыг дахин тодруулах буяны үйлс үйлдсэн байнам гэжээ.

No comments:

: