Мөнх тэнгэрийн ивээлээр газар лусын өршөөлөөр Монгол хэмээх нэрийг түүхийн хуудсанд балрашгүй тодоор vлдээсэн, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг цаашид үргэлжлүүлэх үүд хаалгыг нээсэн Хубилай хааны тухай олон ном судар байх билээ.Тэдгээрт бичигдсэн он цаг, удирдсан жанжин, эзлэгдэж сүйрсэн хот балгадын нэрсийг энд өгүүлэх нь миний хувийн ёс зүйд үл нийцэж сонирхол төрөхгүй тул энд би дурдахгүй. Чухам миний сонирхол татагдаж буй зүйл гэвээс 13-р зууны үед мэдэгдэж байсан газар нутгийн дөрөвний гурваас илүүг эзлэн захирч, тогтоон барьж байсан Хубилай хаан ямар хүн байж гэмээ нь ямар арга ухаанаар ийнхүү энэ бүгдийг эрхэндээ оруулсан билээ.
24 насандаа хятад газар 10000 өрх захирахдаа хятад эрдэмтдийн арга ухааныг хэрэглэх нь болoмжийн гэж бодсон, 36 насандаа Алтан улсын нутгыг засах үүргийг Мөнх хаанаас авч хятад газар суурьшсан ба иргэдээс нь Күнзийн сурталтан их багш нэр авав. Мөнх хаанаас арван түмэн цэрэг авч Да-ли улсийг мөхөөж ирэээд Кэй-пин хотыг бариулж байтал Мөнх хаанд сэжиглэгдэн удалгүй цагаатгадан Сүн улстай байлдан мохоож байтал Мөнх хаан тэнгэр халив гэх үед Сүн улс эвлэё хэмээн бэлэг сэлт барихад зөвшөөгөөд Кэй-пинд очоод өөрийгөө Их хаан болгосон нь уламжлан ирсэн ёс журамыг зөрчсөн ч Гүюүг,Мөнх хоёрыг хаан болоход ихэд дэмжиж байсан атал одоо юунд ёсыг огоорон авирлах болсон нь тэр үед Хубилайгаас илүү хүч чадалтай ухаантай хүн байгаагүй ба үүндээ ч Хубилай бат итгэлтэй байж.
Ахтайгаа тэрсэлсэн Аригбөх яав ч олигтой хан болохгүйг, Өгөөдэйн үр сад өвсөнд боовч үхэр тоохгүй хүмүүс байсан, мөн баруун гарын ах дүү нар самуурч байсан болохоор хамгийн гол хятад иргэний санаа бодлыг таньж тэднийг эвтэйхэн дарлаж хэрэглэж чадах хүн өөрөөс нь өөр хүн бас л байгаагүй. Ийнхүү тэр өвөг эцэг Чингисийн өөртөө итгэлтэй чигч шулуун зангаар их хаан болж төрийн төв нийслэлийг нүүлгэн монгол нутгаа давааны арын муж хэмээн нэрлэсэн нь эх нутгаа амар түвшин байлгаж урд газрын үймээн самууныг намжаан Сүн улсыг мөхөөхөд нь дөхөмтэй байсан бизээ.
1215 оны 8 сарын 23 нд төрж 1261 онд хаан болж, Шандугаас Дайду руу нүүх бүр замдаа ан ав хоморголж хээр хонох, айраг ууж, ордондоо эсгий гэр барьж Чибэр хатнаараа монгол дээл малгай урлуулан өмсөх дуртай Хубилай хаан, хятад газрыг хятад аргаар удирдахаас өөр арга байхгүй гэх хятад түшмэдүүдээ үл ойшоон сохор зоос хулгайлсан хятад хүнийг цаазлах, шөнө орой хэд гурваар нийлж яваа хятад иргэдийг шалган байцаах, монгол хүнтэй хятад хүн хэрэлдвэл хятадыг нь шийтгэх гэх мэт зарлиг гаргаж, монгол цэрэг, иргэндээ илүү итгэж байсан ч нэгэн явдлыг сөхвөл монгол хятад хэмээн ялгалгүй шудрага байхыг хүсч байжээ. Энэ юу вэ? Хааны мөнгө хадгалах сангаас хөрөнгө завшсан хэргээр нярвыг ны байцaaх болоход шүүгч ноёноор нь монгол хүн сонгоё гэсэнд өнөөгийн монголчууд дунд эрт цагийн цагаан цайлган зан aалиа алдагсад байгаа, тэд нар шүүн таслах ажлыг ашиг хонжоо харж хуурмаг төгсгөж мэднэ хэмээгээд хялбар зөвшөөрөөгүй гэнэ.
Их эзэн чингис хаан бие барахын өмнөө түшмэд жанжиддаа хэлсэн нь:
...Хубилай хөвүүнийг хичээн өсгөхтүн
Хожим магад надаас давмой...
гэсэн нь зүгээр ч нэг үг биш байсан нь их хүн л их хүнээ танидаг хэмээх үг үнэн ажээ.
No comments:
Post a Comment