Хэрэгт холбогдсон гол зарим хүмүүсийн мэдүүлгийг үзвэл:

Мөн “ловон Шаамар хэмээх ламд өөрийн санал бодлыг дэлгэрэнгүй ярьж уг хэргийн бүтэх эсэх тухай аврал асуусанд “Цагийн байдлыг харгалзаж хөдөлгөвөл зохино” гэж буулгасан. Энэ хэргийг Дашдэндэв, ловон Шаамар бид гурваас өөр мэдэх хүнгүй”, “Ерөөс ардын засаг анх мандахдаа ард түмэнд энэрэнгүй мэт байсан боловч цаашид ямар болох нь мэдэгдэхгүй болсноос миний дотор элдэв санаа бодол төрөх болсон. Ялангуяа жил улирах тутам нам засгийн ажил явуулга улам догшрон хатуурч … шарын шашин баларч мөхөхөд хүрээд … эрхбиш гадаадаас тусламж гуйхаас өөр аргагүй болсон тул дэлгэрэнгүй учрыг гадаадад явуулах бичгийн дотор тодорхойлсон ба өөрчлөх зүйлгүй болохыг мэдүүлсэн болно”, “Гандан хийдэд суугаа гавж Бүүвэйгээс унаа тэмээ худалдан авах үедээ би гадаадаас тусламж гуйхаар Хятад улсын нутагт одохыг завдаж байгаагаа тэр Бүүвэй болон түүний ах Чойжиннямд хэлсэн… Бүүвэй гавж сонсоод бидний монголчууд эртнээс шүтэж ирсэн шарын шашин даруй мөхөхөд хүрч байна гэж байсан” гэх мэтээр мэдүүлэг өгч байжээ.
2/ Ловон Шаамар хэмээх Д.Ишлодонг 5-6 дугаар сард 11 удаа байцааж мэдүүлэг авсан байна. Тэрээр “Эрэгдэндагва ганцаар очиж ярилцахдаа Банчинбогдыг зална. Дундад иргэн улсад бичиг хүргэнэ гэхээр нь ямар бичиг болохыг асуухад төрийн тухай тусламж гуйх бичиг гэж над хариулсан. Түүний хариуд хуучин хүн гэхдээ сайн яваад ирээрэй гэж би хэлээд шоо орхиж үзээд зорьсон хэрэг сайн бүтнэ. Балгандолийн сэржим өргөөд даруйхан явбал сайн байна… Бурхан сахиусаа сайн тахиул гэж хэлсэн… Эрэгдэндагва ярихдаа миний бие өвлийн турш нэг бичиг хийж гэрт гадаа хог шороонд өвөлжсөн бөгөөд энэ бичгийг заримдаа галдаа түлмээр болж заримдаа хүн амьтанд үзүүлмээр бодогдож байгаад хөрөнгөө хураагдсан лам Дашдэндэвт үзүүлсэнд “болно” гэсэн, одоо танд ирэв гэхэд нь ямар бичиг болохыг лавласанд ийм бичиг гэж нэгэн бичиг гаргаж сонсгох гэхэд нь би сонсоод яахав гэсэнд Банчинбогдыг зална төрийн тухай тусламж гуйна гэж хэлсэн санагдана” гэж мэдүүлжээ.
3/ Гавж Ж.Бүүвэйг 6 удаа байцааж мэдүүлэг авчээ. Тэрээр “Эрэгдэндагва анх уулзахдаа нутаг буцаж цаашдаа Банчинбогдод мөргөж ирэх санаатай… Эрэгдэндагва манай гэрт ирээд тус улсын зарим анги этгээдэд ихээхэн гачигдалтай байдал тохиолдсон учир Дундад иргэн улсын засгийн газар эл учирыг тоочин мэдүүлж цэрэг зэвсгийн тусламж гуйна гэж хэлж байсан нь үнэн. Бас сүүлд ирээд Дундад иргэн улсын засгийн газар ба Банчинбогдод нэр хамтран мэдүүлэх бичгийг Бүүвэй надад уншиж өгсөн… Эрэгдэндагва улс төрийн талаар элдэв зүйлийг ярьсан нь тун олон” гэжээ.
4/ Чин ван лам Л.Дашдэндэвийг 5, 6 дугаар сард гуравхан удаа байцаасан бөгөөд түүний мэдүүлсэн: “Зүс таних тайж Эрэгдэндагва намайг гэртээ ганцаар байхад орж ирээд байн байсаар бурхан шашин балрахад хүрүүзэй гэж санаа зовохдоо Банчинбогдыг залж ирүүлэх ба Дундад улсаас тусламж гуйхаар гэнэт санаа төрж ийм бичиг зохиосноо танд үзүүлье гэж ирсэн билээ гээд олон үг бүхий навтарга хуудас үзүүлснийг уншиж үзсэн, энэ хэргийг ловон Шаамар, зайсан Маньбазар, гавж Бүүвэй, Донойжав, Чойжинням, эмэгтэй Долгор нарт хэлж мэдэгдсэн гэж хэлж байсан… Иймд хүнд холбогдол бүхий зохиосон бичгийг уншиж үзээд дув дуугүй суух нь туйлын мунхаг буруу тул эл хэргийг гэрчлэн мэдүүлж ардын засгийн агуу өршөөлөөр татан хүмүүжүүлэхийг гуйна” гэжээ.
Эд нарыг тус бүрийг 2-10 гаруй 20 шахам удаа байцааж мэдүүлэг авсан бөгөөд Б.Эрэгдэндагвыг хэд хэдэн хүнтэй нүүрэлдүүлснээс өөрөөр шалгаж баримтжуулсан ажиллагаа хавтаст хэргээс үзэхэд байхгүй юм. Тиймээс ч нотлогдсон баримтжсан мэдүүлэгтэй хүн ихээхэн цөөн бөгөөд түүгээр ч барахгүй өөрөө хэрэг хүлээгээгүй хүн байхад шалгалгүй, бусдын мэдүүлгийг үндэслэн тулгаж шийтгэсэн явдал ч харагдаж байгаа юм. Зарим баримтыг дурдъя. Манзшир хутагт С.Цэрэндорж мэдүүлэхдээ: “Миний шавь Данигай хэмээх Дамдин манайд ирж ярьснаар бол түүний бие ловон Шаамар багшийнд очиж ном уншилцсан гэх бөгөөд тэр үед тэднийхээр Эрэгдэндагва, Адшдэндэв нар ороод явсан гэнэ. Эрэгдэндагва нэг бичиг аваад цааш явах юм гэнэ. Учир нь Банчинбогдод мөргөөд дундад иргэн улсын засгийн газраас цэрэг зэвсгийн тусламж олох, хамгаалалт гуйх юм гэж хэлээд багш танд Эрэгдэндагва нэг хадаг бариулсныг би авчраагүй. Бас тэд багш тантай ирж уулзахталаар асуухад нь би хориглож зогсоов гэж хэлсэн нь үнэн” гэснээр өөр Эрэгдэндагватай холбоотой ямар ч мэдүүлэг үгүй атал энэ хэрэгт холбосон байдаг билээ.
No comments:
Post a Comment