“Монголын Нууц Товчоо” нь Монголчуудын хувьд түүхийн үнэт дурсгал, утга зохиол хэмээн тооцогдох хэмжээнээс аль хэдийн даван оджээ.Ерөнхийлөгчийн зарлигаар МНТ-г айл өрх, албан газар бүхэн, мөн төрийн ордон залах болж, хэвлэлийн компаниуд янз бүрийн дезайнаар, үнэт эрдэнэ, торго дурдан, тэр бүү хэл ясан дээр лазериар хүртэл сийлэн хийж, нэг ёсондоо тахин шүтэж байна. Нухацтайхан түүхчид маань МНТ-г тухайн үеийн түүхийн хамгийн гол эх сурвалж хэмээн зүй ёсоор үзэж байгаа бол түүх сонирхогчид цорын ганц эх сурвалжаа болгож байна. Ард иргэд харин МНТ-г Чингис хааны бидэнд үлдээсэн гэрээслэл, дагах ёстой хууль хэмээн ойлгодог тул тахин шүтэх нь бас аргагүй юм. Гэтэл ийм чухал бүтээлийнхээ хамгийн энгийн зүйлүүд дээр ард иргэд одоог хүртэл эндүүрсээр яваад бяцхан тайлбар хийх нь зүйтэй болов уу хэмээн хэрэг болгон үзэг цаас холболоо.
Монголын Нууц Товчооны хэлийг орчуулгаар нь төсөөлдөг анхдугаар алдаа
Найман зуу гаруй жилийн өмнө бичигдсэн МНТ нь тухайн үеийн хэлнийхээ онцлогийг хадгалан үлдсэн тул одоогийн Монголчуудад зориулсан орчуулга хэд хэд байдгаас Ц.Дамдинсүрэн гуайнх хамгийн алдартай нь. Одоог хүртэл олон хүн МНТ-ний хэлийг Ц. Дамдинсүрэн гуайн орчуулгын хэлээр төсөөлөн боддогийг хоёр өөр төвшний нэжгээд жишээгээр харуулъя.
Жишээ 1
2000 онд байна уу даа, УБИС-ийн “Монгол хэлшинжлэлийн тэнхим” дээр Архангай аймгийн нэг хүн ирсэн юм. Манай эрхлэгч байсан Ж.Санжаа багш тэр хүнийг над дээр авчраад “Энэ хүн нэг сонин юм яриад байх юм. Чи нягтлаад өгөөч” гэж байна. Ингээд ажилтай нь танилцлаа. МНТ бол нууц код юм гэнэ. Кодыг нь тайлбал Чингис хааныг хаа оршуулсныг хэлсэн байгаа аж. Тэгээд мань хүн алгоритм гээчээр тайлжээ. Алгоритм гэдгийг нь хэл шинжлэлд хэрэглэдэг утгаар арай өөрөөр яриад байхыг нь ойлгохгүй байтал мань эр намайг математикч биш учраас ойлгохгүй нь аргагүй гэж тайвшруулаад 7, 13, 15, 23 гэхчлэн тооны дараалал үзүүлэн, тэр гайхамшигт дэс дарааллыг хонон өнжин сууж нээснийхээ ачаар МНТ-ны цаадах утгыг мэдсэн хэмээв. Ингээд Да багшийн Нууц Товчоог гаргаж ирээд нэгдүгээр бүлгээс нь эхлэн тухайн дугаар бүр дэх үсгийг түүж гарав.
Гэтэл тэр нь өнөөгийн бидний хэлээр янз бүрийн өгүүлбэр, захиас болж эхлэх нь ээ. За тэр тоо гайхамшигтай байг, хамаагүй, би хэлний хүн болохоор математикийн тодорхой давтамж ойлгодоггүй байж хамаагүй, хамгийн гол нь Да багш МНТ-г орчуулахдаа бидэнд тодорхой болгох үүднээс үг нэмж, хасаж, орчин цагийн хэллэгээр сольж, зарим өгүүлбэрийг нэгтгэж, заримыг нь дэлгэрүүлж, маш их янзалсан байгаа шүү дээ. … гэргий Гуа маралын хамт… гэж эхний өгүүлбэрт хэлэлгүй … Гэргий Ухаа Маралтайгаа… гээд л буулгачихсан бол нөгөө алгоритм!!! ёсоор нь арын бүх үсэг өөрчлөгдөөд огт утгагүй текст болчихно оо доо. Үүнийг тайлбарлаад өгсөн чинь “судлаач” маань жаахан гайхаад “Тийм үү, тэгээд жинхэнэ МНТ ямархуу байдаг юм бэ?” гэж байна. Гарын дор Дашцэдэн багшийн галиг байсныг жишээ болгон үзүүлбэл, би нэг өдөр харчхаад өгье гээд авч одов.
Маргааш нь харин шал өөр “алгоритм” гаргачихсан, нөгөө Дашцэдэн гуайн галигаас тэр давтамжаараа түүсэн латин үсэгнүүд нь аанай л өчигдрийн гэрээслэл маягаар, хачирхалтай нь өнөөгийн монгол хэлээр цуварч өгөх аж. (Тодорхой давтамжаар цуврах тоон дарааллыг юу гэдэг юм бэ гэж энэ өгүүллийг бичиж байхдаа хүүгээсээ асуусан англиар лав pattern гэдэг гэнэ. Алгоритм гэдэг нь тухайн шат бүрд зөв шийдлийг сонгон үргэлжлэх гэдэг утгаараа бол хэл шинжлэлийнхтэй дүйх л юм билээ, одоо бодоход)
Сэдвээсээ халихуй: Ам нээсэн дээр уушиг нээ гэж, Монголоор дүүрэн ид шид судалдаг, англи хэлийг хоёр долоо хоногт сургадаг, бөөлдөг, хараадаг эрдэмтэд, академичид бий боллоо. Баабараас өөр энэ талаар дуугарах, хэлж өгөх хүн байна уу? Ард түмэн маань ерөнхий боловсролоор хир доор байгааг тэдний сургаал ном хир өргөн тархаж байгаагаас харж болж байна. Энэ тал дээр Орос манай хоёр адил бололтой юм. Долоо хоногийн өмнө Брүүклин дэх орос номын дэлгүүрээс хэдэн сайхан ном олж авах санаатай орлоо. Гэтэл хамгийн сайхан хэвлэгдсэн, хамгийн гүйлгээтэй номууд нь хэрхэн баяжих вэ, яаж амархан, хурдан хэл сурах вэ, за тэгээд шинжлэх ухаантай холбоотой гэхээр юмс нь элдэв хачин үзэгдэл, газраас ялгардаг энерги, сүнс, сүг, бүх төрлийн зурхай, сэтгэл санааны болон йогийн зөвлөгөөнүүд, нөхрөө гэртээ тогтоох арга чарга, гэртээ тавилгаа яаж тавибал их мөнгө олохыг хэлсэн номнууд байх аж.
Энэ ертөнц дээр элдэв оньсого, шинжлэх ухаанаар тайлж чадахгүй үзэгдлүүд байгаа гэдгийг хэн бүхэн зөвшөөрнө. Гэвч эхлээд ядаж бүх ертөнцийн таталцлын хуулиа мэддэг болж байж, дараа нь тэр таталцаж өгдөггүй элдэв юмсыгсонирхвол дээргүй сэн биш үү?
Монголын их сургуулийн багш нар, хүрээлэнгийн эрдэмтэд муудаа ийм байдалд хүрчхээд байгаа юм биш, харин ч тэд маань хэтэрхий сайндаад байгаа санагддаг юм. Ухаан нь манай чиглэлээр л гэхэд нэг гаж донтой, харваас галзуу нөхөр гарч ирээд Монгол үгийн язгуур энэ тэр гээд яриад унавал УБИС, МУИС-ийн багш нар, том хэл шинжээчид тэрийг нь үгүй биш ээ хэмээн шүүмжилж “доош орохгүй” шүү дээ. Бараг л тэрэнтэй нэг түвшинд ороод мэтгэлцэж байгаа мэт болно. (мань мэт нь л угаасаа газарт, доошоо унах боломжгүй болохоороо ингээд үглээд суух) Гэтэл ийм байдлаар академичид маань “доошоо орохгүй”, тайлбар өгөхгүй яваад л байвал ард түмний боловсрол гэж хөөрхий болох нь ээ? Өөрийнхөө судалдаг ухааныг өмгөөлөх цаг хэн хүнд ирсэн биш үү? Энэ бүхэн дунд сургуульд бид хэтэрхий академик зүйл заасаар байгаад харин ч юу ч ойлгуулахгүй, баахан мухар сүсэг дүүрэн улсыг төгсгөөд байгаагийн илрэл биш гэж үү?
Жишээ 2
Өмнө татсан нэгдүгээр жишээг өдгөө улам олон болоод байгаа үзмэрч, ид шидтэн эрдэмтдийн нэг юм гээд хайхралгүй өнгөрч болох юм. Тэгвэл “Монгол хэл шинжлэл” хэмээх эрдмийн тулхтай сэтгүүлийн 2001 оны дугаарт хэвлэгдсэн нэр бүхий авторын “МНТ-ны хэл найруулгын тэгш хэмд хийсэн ажиглалт” хэмээх өгүүллийг аваад үзье. Тус сэтгүүлийн 122-р талд өгүүлсэн нь: “…тэр цагийн нэгэн үеийг 254-р зүйлд:
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв… хэмээн 8 мөр шүлгээр утгыг давтан эрчимжүүлсэн…
“Одтой тэнгэр орчиж - Хөрст дэлхий хөрвөж” хэмээн “тэнгэр” – “дэлхий” гэсэн хоёр үгийг оновчтой сонгон зэрэгцүүлсэн…” гэх мэтчилэн тайлбарлажээ.
Юуны өмнө уг эх дээрээ дээрх шүлэг ямархуу байдалтай байгааг үзье.
hодутай тэнгэри
hорчижу бүлэ’э
олон улс булха бүлээ
орун-дурияан үлү орон
олжалулдан бүлээ
көрисүтэй этүгэн
көрбэжү бүлээ
гүр улус булха бүлээ
көнжилэ-дээн үл кэбтэн
гөрүлүлдэн бүлээ… Үүнээс харахад нэгд найман мөр биш арван мөр, хоёрт гэвэл “дэлхий” гэсэн үг ер байхгүй, “этүгэн” гэж байгаа, тийм учраас “дэлхий” гэдэг үгийг маш оновчтой сонгожээ гэж магтах хэрэгтэй бол МНТ-ны зохиогчийг бус чухам тийн сонгосон Да багшийг магтсан нь зүйд нийцэх юм.
Лу “Алтан Товч”-ийн оруулгыг МНТ-ных хэмээн андуурдаг дэд алдаа
Да багш орчуулгаа хийхдээ бидэнд аль болох ойлгомжтой болгохыг хичээсэн тухай өмнө хэлсэн буй. Нийтэд зориулсан орчуулга учраас улам тодорхой болох үүднээс МНТ-д байхгүй боловч Лу Алтн товч, Чингисийн цэдиг, Рашид ад Дин-д байгаа зарим нэмэлт мэдээ, үг зэргийг дөрвөлжин хаалтанд хийж оруулаад [А. То] [Чи. Цэ] гэх мэтээр тодорхой заас өгсөн байдаг. Гэвч Алтан товчийн оруулбар заримдаа маш урт, ялангуяа “Гурван зуун тайчуудыг дарсан домог” бол 149-р зүйлийн эхэнд хэдэн хуудас дараалан хөврөх бөгөөд хар ухаанаар бодоход хэн нэг нь МНТ-г зүгээр шүүрч аваад дурын хуудсаа нээн унштал мөнөөх домог таарсан тохиолдолд хэдэн хуудсын ард буй жижиг дөрвөлжин хаалт хийгээд А. То гэсэн тэмдэглэгээ харагдахгүй юм. Монголын Нууц Товчооноос тодорхой утга бүхий үг түүгээд ир гэж даалгасан оюутнууд маань заримдаа Алтан Товчийн үг бариад ирдэг байсны учир тэр.
МНТ дахь баримтыг хөдөлшгүй үнэн хэмээн хүлээн авдаг гутгаар алдаа
МНТ-д он дарааллын алдаа олон байдаг гэж бичихээр хүмүүс намайг хоёр янзаар хүлээн авна байх. Мэргэжлийн түүхчид бол ийм энгийн, амархан юмыг юунд бичдэг байна аа, угаасаа ямар ч түүхэн судар, баримттай харьцахдаа… гэх мэтээр нэг их тоохгүй бол энгийн хүмүүсийн зарим нь МНТ-ны алдааг залруулдаг, чи чинь хэн гээч вэ, үүх түүх рүү маань дайрах нь уу гэхчлэн загнаж эхэлнэ. Гээд яах вэ дээ, ямар МНТ-г тэнгэр бурхан бүтээсэн биш, усан нүдтэй цусан зүрхтэй нэгэн л бичсэн хойно алдаа байх нь аргагүй юм. Харин түүнийг нь ярьж бичиж болохгүй гээд дараад нуугаад байх нь хэнд ашигтай байх вэ? Түүхийн бусад дурсгалтай харьцуулан МНТ-ны зарим ташаарсан он дарааллаас үзүүлье. Дашрамд дурдахад миний бие түүхч огтхон ч биш, харин гадаад дотоодын тулхтайхан түүхч нарын ном бүтээлээс уншиж, мэдсэнээсээ л танд толилуулж буйг болгоогоорой.
МНТ-ны 198, 199 –р зүйлд Сүбээдэй Мэргидийг нэхэн, сөнөөснийг үхэр жил буюу 1205 онд тохиосон хэмээсэн бол Рашид Ад Динээс авхуулаад бусад сурвалжууд 1217 онд болсон явдал гэдгийг баталж байна. (Эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас зүүлт, номзүй зэргийг хийх хэрэггүй гэж үзэв)
Мухулайд Гоо ван цол өгснийг МНТ-ны 206-р зүйлд 1206 онд болсон явдал хэмээн бичсэн бол угтаа нэлээн хожуу болсныг, тухайлбал, перс, хятад дурсгалуудад 1217, Мухулайн намтар, Юань-Ши зэрэгт 1218 он хэмээн бичсэн байдаг нь үзүүлж байна.
Бүр хол зөрж буй (даруй хориод жил) нэг он бол Шихихутагт “Улсын заргач” цолыг олгож буй явдал. МНТ-д Шихихутаг нь 1195-1196 оны үед бяцхан өнчин хүү олдож байснаа ердөө аравхан жилийн дараа, 1206 онд, өөрөөр хэлбэл арав гаруйхан насандаа Чингис хааны хамгийн итгэлт зөвлөх болж байгаа нь нягтлууштай. Шихихутагийг бусад олон сурвалжид 1234-1235 онд “заргач” цолтой болсон тухай тэмдэглэсэн байдаг. Бас нэг анхаармаар зүйл бол МНТ-д Шихихутагийг Өэлүн эх өргөмөл хүүгээ болгож байгаа, өөрөөр хэлбэл Чингис хааны дүү болж байгаа бол Рашид ад Дин түүнийг Бөртэгийн өргөмөл хүү, Чингис хааны хувьд бол хүү шиг нь байсан хэмээдэг. Насны хувьд бодвол сүүлийнх нь илүү үнэмшилтэй байж болох талтай. Юань Ши-д Чингис хааны үед Бэлгүтэйг “заргач” байсан хэмээнэ.
Энэ мэтчилэн олон жишээ байгаагаас дахин ганцыг татахад, МНТ-ны 260-р зүйлд Чингис хаан Чормаганыг Багдад руу 1221 онд довтлуулж байгаа гардаг бол Жувейни, Рашид ад Дин болон Хятадын бүх бичигт Чормаган Чингисийн бус Өгөдэйн дор 1228, эсвэл 1229 онд Багдадын халифыг унагаасныг ижилхэн батлан өгүүлдэг.
Аливаа зүйлийг хөдөлшгүй үнэн гэж ойлгох нь дараа нь өөр баримт, үзэл бодол гарч ирэхэд хүлээж авч чадахгүйд хүрч, хямралд орох гэмтэй. Ялангуяа бид дунд сургуулийн хүүхдүүдэд мэдээллийг байнга ганцхан шийдлээр, туйлын үнэн мэтээр өгдөг нь тэднийхээ сэтгэлгээг улам нэг хэвэнд цутгаж байх шиг санагддаг юм.
Эцэст нь өгүүлэхэд
Монголын Нууц Товчоог бид Монголын түүх, хэл, утга зохиол, соёлын гайхамшигт дурсгал болохынх нь хувьд шүтэх, бишрэх, бахархах учиртай нь тодорхой. Гэвч үүний зэрэгцээ бас түүнийгээ уншиж, нягталж, харьцуулж, судалж байх нь бас чухал юм гэсэн л санааг хэлэх гэсэндээ үүнийг бичив.
М. Саруул-Эрдэнэ ( saruulerdene@yahoo.com)
No comments:
Post a Comment