Saturday, April 18, 2009

Кальчик Голын Тулалдаан


1219 онд итгэлийг эвдэн Их Монгол улсын энгийн номхон худал- даачдыг хөнөөсний хариуд Чингис Хаан Сартуулын Эзэнт Улсад довтлов. 3 жилийн дотор Чингис Хаан ба түүний жанжид Сартуулын цэргийг удаа дараалан цохиж энэ хүчирхэг улсыг мөхөөжээ. Сартуулын хаан Мухаммед Султан Монгол цэргээс амь зулбан зугтсаар Каспийн Тэнгисийн нэгэн жижиг арал дээр өвчнөөр амьсгал хураажээ.
Мухаммед Султаны хойноос хөөж байсан Монгол жанжин Зэв, Ала Ад-Дин Мухаммедийн үхсэнийг сонсоод нутаг буцалгүй Чингис Хаанд элч илгээн цааш давшиж Кавказын чанадад нэгээс хоёр жилийн хугацаагаар хайгуул хийх зөвшөөрөл хүсчээ.
Чингис Хаанаас хариу хүлээж байх зуур Зэв болон түүний хоршоо Сүбээдэй ноёд тус бүр нэг түмэн цэргээ удирдан Ирак-и Ажем /Өнөөгийн Ираны төвийн мужууд/, Азербайжанд довтолж Рей, Зенджа́н, Казвин хотуудыг эзэлж тонон дээрэмдэв. Хамадан хотын хамгаалагчид байлдалгүй бууж өгчээ. Азербайжаны атабек Өзбег улс орноо эвдрэл сүйрлээс аврахын тулд Монголчуудад их хэмжээний мөнгө, хувцас хунар, адуу гаргаж өгсний хүчинд нийслэл Тебриз хотоо сүйтгүүлэлгүй авч үлджээ. Тебризээс хойш эргэсэн Монгол цэрэг Муганы талд буудаллан өвөлжсөн байна. Тэнд Курд, Туркмений тэнүүлч дайчид сайн дураараа ирж элссэнээр Монгол ноёдын цэрэг хүчээ зузаатгаж авчээ.

Кавказад довтолсон нь

Муганд өвөлжиж байх зуур 2 ноён Гүржийн зүг анхаарлаа хандуулж 1221 оны 1-2-р сард Курд Туркмений дайчдыг манлай болгон илгээж Кура голын саваар хайгуул хийлгэв. Энэ удаад Монголчууд дайлан эзлэх бус тонон дээрэмдэх зорилготой байсан юм. Яг энэ үед Гүржийн IV Лаша хаан армийнхаа манлайд нэг түмэн цэрэг удирдан ирж Монгол цэргийг Тбилис хүртэл ухраажээ. Монголчууд дайсны цэргийг дагуулан хэсэг зугтсанаа гэнэт эргэн бүх хүчээрээ сөрөг дайралт хийж Гүржийн 7 түмэн их цэргийг бут ниргэжээ.
3 сард Монголчууд Азербайжанд буцаж ирээд Марага хотыг нэг сарын турш бүслэн хааж олзны хүмүүсээр бамбай хийн довтолсоор эзлээд оршин суугчдынх нь ихэнхийг хядав. Цаашид Зэв , Сүбээдэй нар Лалын шашны зүрх Аббасын Халифт Улсын нийслэл Багдад хотыг эзлэхээр төлөвлөөд байснаа больж оронд нь ахиухан мөнгө золионд аваад жолоогоо Азербайжаны Хамадан хотын зүг залжээ. Гэтэл урд нь байлдалгүй бууж өгсөн тус хотын хамгаалагчид энэ удаа Монгол цэргийг хотдоо оруулалгүй зэвсэг барин тэмцэж ихэд хохируулжээ. Эцэст нь Монголчууд хотыг эзэлж тонон дээрэмдэв.
1221 оны эцсээр Гүржүүд урьдын шархаа нөхөж амжаагүй байтал Монголчууд дахин Кура голын савд орж ирэв. Тбилисийн орчимд хүлээж байсан Гүржийн цэрэг рүү Сүбээдэй баатрын цэрэг дайран хэсэг зуур байлдаад хуурамчаар ухарчээ. Сүбээдэйн хойноос нэхсэн Гүржийн морин цэрэг Зэвийн бэлдсэн отоонд орж хүнд ялагдал хүлээв. Георгий Хаан өөрөө хүнд шархтай зугтаж, Монголчууд өмнөд Гүржийг цөлмөн дээрэмдэв.

Их тулалдааны оршил

Удаан хүлээсний эцэст Чингис Хааны зөвшөөрлийг авсан Зэв, түүний туслахаар томилогдсон Сүбээдэй нар Дербент хотод ирээдбууж өгөхөөс татгалзсан хариу авсан ч энэ удаа довтлон байлдсангүй. Харин хотоос Кавказыг давахад газарчлах 10 хөтөч гаргаж өгвөл өршөөхийг амлажээ. Газарчдыг чулуу хөөлгөж магадгүй гэж сэрэмжилсэн Зэв тэдний нэгийг бусдынх нь нүдний өмнө сануулга болгон цаазалсан байна. Цас мөсөөр хучигдсан, эгц цавчим Кавказыг давах амаргүй байлаа. Монголын олон зуун цэрэг хөлдөж үхсэнээс гадна хэрэм эвдэх бүх багажаа ууланд орхихоос аргагүйд хүрчээ. Эцэст нь гуу жалга бүрийг амь үрэгдэгсдийн цогцос, тэрэг чарга, авч явсан бусад эд агуурсаар дүүргэн тэгшилж байж арайхийн Кавказыг давжээ.
Кавказыг давах гэж туйлдаа хүртэл ядарсан Монголчууд агтаа ч амрааж амжилгүй Лезгин, Черкес, Алан зэрэг нутгийн олон овог аймгийн эвслийн 5 түмэн цэрэгтэй тулгарчээ. Дараа нь тэдгээр овог аймгийн цэрэг дээр нэмэгдэн Балхаш нуураас Хар Тэнгисийн хооронд өргөн уудам нутгийг эзэгнэн оршдог Куман хэмээх Түрэг угсааны томоохон улсын цэрэг ирж нийлжээ. Үүгээр ч зогсолгүй Ижил мөрний Болгарчууд болон Хазарчуудад элч илгээн цэрэг гарган туслахыг гуйжээ. Куманы хаан Хотен цэргээ ах Юрий, хүү Даниел нарт захируулсан байна. 2 талын цэргийн анхны тулалдаанд аль аль тал нь зорилгодоо хүрсэнгүй, тодорхой ялагчгүйгээр өндөрлөжээ. Ар талаасаа олон мянган бээрийн алсад яваа ядарч туйлдсан Монголчууд хүчээр давуу дайсныг нэг удаадаа тогтоож чадсан боловч дараагийн удаад ялагдах нь тодорхой мэт харагдаж байв. Монгол ноёд ч мөн дайснаа хүчээр дийлэхгүйгээ ойлгож арга зохион Куманчуудад элч илгээн Түрэг, Монголчуудын эртнээс улбаатай цусан төрлийн холбоог сануулан олон илжигт ачсан их хэмжээний алт мөнгө хахууль болгон өгснөөс гадна дайны дараа олсон олзоо хуваахыг санал болгожээ.
Куманчууд ч зөвшөөрч тулааны талбарыг орхисноор Монголчууд дайран орж эвслийн цэргийг хиар цохижээ. Ялсан Монголчууд зогсолгүй довтолгосоор 2 хуваагдан нутаг руугаа буцаж явсан Куманчуудыг гүйцэн 2-ууланг нь хүйс тэмтэрч тэдэнд өгсөн алт мөнгөө буцааж аваад зогсолгүй өөрсдийнх нь эд хөрөнгийг ч булаан авчээ. Куманы олзлогдогсдыг ч амь өршөөлгүй хяджээ. Тэндээс Монгол ноёд Астрахан хотыг галдаад, Куманы нутагт цөмрөн оров. Хүчин мөхөстсөн Куманы хаан албат иргэдээ дагуулан баруун хойд зүгт зугтсан байна.
Энэ үед Венецийн элч ирж Монгол ноёдтой хэлэлцээр хийн холбоотны гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд тохиролцсоноор Монголчуудын замд Венециэс бусад Европын аль ч улсын худалдааны пост таарсан заавал эзлэн авч сүйтгэх үүрэг хүлээжээ. Үүний дагуу Зэв Куманчуудыг мөрдөн хөөхийн хамт нэг баг цэрэг илгээн Крымд байсан Генуя улсын Судак нэртэй худалдааны боомт хотыг эзлэн сүйтгэжээ. Энэ зуур Хотен өөрийн хүргэн Галичийн ван Зоригт Мстислав дээр зугтан очиж хоргодов. Тэрээр Мстиславыг Монголын эсрэг турхирч “Өнөөдөр Монголчууд манай нутгийг эзэллээ, маргааш танайхыг эзэлнэ дээ” гэж хатгаж байв. Уг нь Куманчууд Оросын нутагт байнга довтолдог эртний дайсан нь байсан юм. Хэдий тийм боловч Монголчуудын Днестр мөрний эргээр үзэгдсэн тухай мэдээ Киевт хүрснээр Оросууд арга хэмжээ авахаар шийдлээ. Ингээд Галичийн Зоригт Мстислав, Киевийн ван III Мстислав, Владимирийн ван II Юрий тэргүүтэй Оросын нөлөө бүхий вангуудыг оролцуулан эвсэл байгуулж дайнд бэлдэж эхэлжээ.

Тулалдаан

Эхний маневрууд

Түүхчид 2 талын цэргийн тоон дээр санал зөрөлдөөнтэй байдаг. Лео де Хартог Оросууд 3 түмэн цэрэгтэй байсан гэж бичсэн байдаг. Харин Ричард Габриел , Гектор Хью Манро нар Оросууд 8 түмэн цэрэгтэй байсан гэж үздэг. Монгол цэргийн тухайд Хартог 2 түм байсан, харин Габриел 23000 байсан гэж бичдэг.
Орос цэрэг цуглаад хөдлөх үед Монголчууд Днепр мөрний зүүн эрэгт Чингис Хааны ахмад хүү Зүчийн цэргийн ирж нийлэхийг хүлээж байв. Зүчийн цэрэг Арал тэнгисийн хавьд байлдаж байсан бөгөөд Зэв, Сүбээдэй нартай нийлэхээр явах замдаа өвчин тусч замдаа саатсанаар тэдгээр ноёдтой очиж нийлэх боломжгүй болжээ.
Эхлээд Оросууд газар нутгаа илүү мэддэгээ ашиглан Монголчуудыг урхинд оруулах гэж оролджээ. Галич, Волыний вангууд цэргийн хамт гол уруудан өмнө зүгт явж байхад, Киев, Черниговын вангууд гол өгсөн хойд зүгт, харин Курскийн цэрэг голыг гатлан нөгөө эрэгт нь гарчээ. Мөн Куманчууд Монгол цэргийн хойно гарч бүслэхийг оролдов. Монголчууд энэ бүхнийг цаг тухайд нь мэдэж байсан тул дайсны аргад орсонгүй. Харин ч 10 элч илгээн Монголчууд Куманчуудтай байлдаж байгаа болохоос Оросуудтай ямар нэг маргаан байхгүй гэдгийг дурдаад, өөрийн цэргийн хөдөлгөөн Оросын хотуудаас хол дорно зүгт чиглэж байгааг ч хэлжээ. Гэтэл Киевийн Мстислав Монголын элч нарын үгийг хүлээж авалгүй алснаар Зэв дахин элч илгээж дайн зарлав.
Орос цэргийн хөдөлгөөн Монголчуудыг бүслэхээр байсан тул Зэв, Сүбээдэй нар үлдсэн гарц руу зүүн зүгт ухарч эхлэв. Гэхдээ ухарч байгаа цэргийн арыг хамгаалах, дайсны хөдөлгөөнийг мэдээлж байх зорилгоор Хамабек баатар тэргүүтэй 1000 цэрэг үлдээжээ. Удалгүй Зоригт Мстислав үлдсэн цэргийн байрласан хэсгээр голд тулж ирснээр Зэв, Сүбээдэй нар Оросууд нэгдсэн удирдлагагүй болохыг ойлгожээ. Энэ нь Оросын ван бүр өөрийн дураар хөдөлж байна гэсэн үг байв. Хамабек баатрын Монгол цэрэг дайсныг гол гаргахгүйн тулд суман мөндөр буулгаж байсан боловч хүчээр ааглуулан, дайсныг тогтоож дийлэлгүй нэг ч хүн үлдэлгүй бүгд алагджээ.

Оросын довтолгоо

Монгол цэрэг хойноос нь хөөж яваа дайсанд гүйцэгдэлгүй, гэхдээ бараагаа алдуулалгүйгээр хойноосоо дагуулан ес хоног зугтсаар Азовын Тэнгист цутгадаг Кальчик голыг гатлаад цэргээ засан тулаанд бэлдэв. Олон хоног Монгол цэргийн хойноос хөөх явцад Оросын вангууд бие биенээсээ тасран ихэд цуварчээ. Монгол цэрэг олон хоног байлдалгүй зугтсан нь Оросын ноёдыг дайснаа дорд үзэн сэрэмж алдахад хүргэжээ.
Бүх зүйл Зэв, Сүбээдэй нарын төлөвлөснөөр болж Орос цэрэг гол гаталж байхад нь Монголчууд довтлов. Оросын сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр цэргийн манлайд явж байсан Куманчууд байлдалгүй эргэн зугтахдаа Орос цэргийн жагсаал дундуур дайран гарч Оросуудыг үймүүлсэн нь ялагдлын гол шалтгаан болсон гэжээ.

Оросын ялагдал

Волынь, Курскийн цэргүүд зугтаж яваа Куманчуудад зам тавьж өгөхөөр 2 тийшээ ярагдсан нь алдаа болж морин жадтай Монголын хүнд морин цэрэг дундуур нь дайран гарч цаанаас ирж явсан тулалдаан эхэлснийг мэдээгүй Черниговын цэрэг рүү дайран үймүүлжээ. Сандарсан Черниговын цэрэг эмх замбараагүй зугтаж тэргүүлэгч ван нь өөрөө алагджээ. Ийнхүү Монгол цэргийн дунд үлдсэн Волынь, Курскийн вангууд гарах газаргүй болж бүслэгджээ. Монголчууд бүслэгдсэн дайсны зүг суман мөндөр буулгахын хажуугаар байн байн хүнд морин цэргээр дайрсаар байв. Орос цэргийн ихэнхи нь алагдсан боловч Галичийн Зоригт Мстислав тэргүүтэй хэсэг цэрэг бүслэлтийг сэтлэн гарч зугтжээ. Зоригт Мстислав Днепр мөрнийг завиар гатлан зугтахдаа Монголчуудыг гол гаргахгүйн тулд бүх завийг эвджээ. Энэ нь түүний хойноос зугтаж явсан бусад вангуудыг дайсны аманд хаяж өгснөөс ялгаагүй хэрэг болжээ.
Энэ үед Киевийн Мстислав ван өөрийн нэг түмэн цэрэгтэй ирж Монголчуудыг угтан байлджээ. Гэвч тэсэлгүй ухарч Днепр мөрний хөвөөн дэх нэгэн толгодод шивээлэн хориглосон байна. Удалгүй Монголчууд нэхэн ирж дайсны хүрээг бүсэлжээ. Киевчүүд Монголын дайралтыг гурав хоног тогтоосны эцэст III Мстислав түүний болон цэргүүдийнх нь амийг хэлтрүүлбэл бууж өгөхийг зөвшөөрчээ. Мстиславын болзлыг хүлээж аваад Зэв, Сүбээдэй нар хүрээг эзэлж аваад гэнэтийн дохиогоор цэргээ хөдөлгөн гол ноёдоос нь бусад бүх орос цэргүүдийг нэг ч хүн үлдээлгүй хяджээ.

Дараа нь

Ричард Габриелийн бичсэнээр энэ дайнд Оросууд 50000 цэргээ алдсан бол Монголын хохирол тэдэнтэй зүйрлэшгүй бага байв. Оросын вангуудаас зөвхөн шархадсан Волыний Даниель, Зоригт Мстислав нар зугтаж амьд гарчээ. Оросын олон ван энэ дайнд армиа бүхэлд нь алдаж сүйрлийн ирмэгт очжээ. Түүхч Роберт Маршаллын хэлсэнчлэн Зэв, Сүбээдэй нар энэ аян дайнаараа дэлхийн цэргийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн бөгөөд, морин цэргээр хийсэн түүхэнд урд хожид давтагдаагүй аян байсан юм.
Монголчууд элч нарынхаа өшөөг авахын тулд Киевийн Мстислав тэргүүтэй ноёдын язгуур угсааг хүндэтгэн Монголын уламжлалаар цус урсгалгүй алахаар шийдэж газар хэвтүүлж байгаад дээр нь банз дэвсэн найрласнаар дарагдаж үхэцгээжээ.
Оросын цэргийг ялсан ч Монголчууд энэ удаа Орос орныг эзлэхийг оролдолгүй, өмнө зүгийн хэдэн хотыг талаад нутгийн зүг буцсан юм. Зам зуураа одоогийн Волгоград хотын орчимд Ижил мөрнийг гаталж байхдаа Ижил мөрний Болгарчуудын отоонд орж ялагджээ. Гэвч Зэв, Сүбээдэй нар үлдсэн цэргээ засан дахин байлдаж Болгарчуудыг ялснаар Болгарын нутгаар дайран гарч чадсан байна. Цааш явж байхад нь Уралын нурууны орчимд Канглисийн Куманчууд довтолсон ч хааныг нь алж улсыг нь Их Монгол Улсын хараат болгосон юм.
Анх Сартуулын нутгаас гарснаас 3 жил шахам дайтсан энэ жижиг арми замд нь гарч ирсэн дайсан бүхнийг ялсаар 1225 онд Чингис Хааныг Сыр Дерьяа мөрний хөвөөнд буудаллаж байхад нь ирж нийлжээ. Харамсалтай нь Их Монгол Улсын домогт жанжин Зэв буцах замдаа 1225 онд өвчнөөр өөд болжээ. Энэ аян нь түүхэн дэх морин цэргийн хамгийн алсын аян бөгөөд Монголчууд 3 жилийн хугацаанд 5500 бээр (8,851 км) зам туулжээ. Энэ аяны явцад Сүбээдэй баатар зам зуур дайрч өнгөрсөн нутгууддаа хожим хэрэглэхээр олон зуун тагнуул байршуулсан бөгөөд тэдний аялах явцдаа цуглуулсан мэдээлэл нь хожим Бат Хаан, Сүбээдэй нарын баруун зүгт хийсэн аян дайны амжилтын үндэс болсон юм.

No comments:

: