Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна. Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овгийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох Хятад улс ч бас төр засаг улс төрийн хувьд эмхлэн цэгцлэгдэж байсан төдийгүй нийслэл хот нь одоогийн Бээжинд нүүж ирсэн байна. Гэсэн хэдий ч хойд зүгийн нүүдэлчиийн байнгын довтолгооноос болж анхны хаан болох Сунг өөрийн байр суурийг төдийлөн бэхжүүлж чадахгүй байснаар ч ул барам Шар мөрний хойд эргийг нүүдэлчдэд бүрэн алджээ. Энэхүү нүүдэлчид нь Монголчууд болон Манжуудаас (Манжууд мөн адил Монголын нутаг дэвсгэрээр нүүдэллэн амьдардаг байсан нүүдэлчдийн үр удам) уг гаралтай Киданууд байсан байна. Киданууд цаашдаа Шар мөрнөөс хойш Хятадын хойд хэсгийг эзлэн орших болсон бөгөөд Ли (Төмөр) овгийг үүсгэжээ. Киданууд нүүдэлчин овгуудаас хамгийн хурдан хятадчлагдсан гэж болно. Өөрийн байлдах ур чадвар, нүүдэлчин шинж чанараа алдсанаар Жүрчид овгийн нүүдэлчдэд шахагдаж 1125 он гэхэд Кидан гүрэн оршин тогтнохоо бүрэн болсон юм.Чингис хааны өвөг аав болох Хабул хааны үед Монголчууд ихээхэн хүчирхэг болсон боловч удаан хугацаагаар үргэлжлээгүй юм. Гэсэн хэдий ч Хятадуудыг удаа дараа шахан заналхийлж байсан учираас Алтан улсын хаан найрамдахыг уриалж өөрийн ордон Бээжин лүү урж байжээ. Хабул хааныг маш эелдэг дотноор хүлээн авч ихээхэн хэмжээгээр дайлж байсан боловч Хабул хаан эртний өвөг дээдэс Хүннүчүүдтэйгээ адил энэхүү нүүр хуурсан эелдэг байдал, дипломат харьцаанд ач холбогдол нэг их өгөхгүй харьцаж байсан төдийгүй нэг удаагийн цайллага дээр Хабул хаан өөрийн өмнө тавьсан бүхий л амттан хоолыг идэж барьж, маш их хэмжээгээр архи дарсыг ууж, дууч эмсийг татан чангааж биеэ авч явж байсан бөгөөд эцэст нь Алтан хаантай дарс тулгаж ууж байхдаа сахалнаас нь татсанаар энэхүү цайллага дууссан байна. Хэдийгээр ингэж ёс бус харьцаж байсан ч Алтан улсын хаан асар их хэмжээний бэлэг сэлт өгч найрамдлыг дахин дахин хүсч явуулж байжээ. Хабул хаан маш олон хүүхэдтэй тэдгээр нь бүгд их зоримог, дайнч, догшин ширүүн зантай байсан учираас Хиад(ширүүн хүчтэй уулын горхи) овгийг үүсгэжээ. Хабул хааны үед Монголчууд Хянганы нуруугаар нутаглан амьдардаг байсан Татаруудтай дайтаж эхэлсэн боловч төдийлөн амжилт олохгүй байсан бөгөөд нэгэн удаагийн тулаанаар Хабул хаан хөнгөн шархдаж тулалдааныг өндөрлөсөн байна. Энэ үед сайн бөө удгад нь Татар угсааныхан байсан учираас эдгээр бөө нар Хабул хааныг эмчилсэн боловч бүр дордож удалгүй өнгөрчээ. Үхлийн шалтгааныг Монголчууд бөө удган нарт байгаа гэж үзэж бүх бөө удгадыг алж дуусгажээ. Улмаар энэхүү дайн нь өс хонзонгийн шинж чанартай болж улам бүр хурцадмал байдалтай болсон байна. Хабул хааны хойчоор Амбагай сонгогдсон байна. Амбагай хаан нэгэн удаагийн тохиолоор Татаруудад дахин баригдан Алтан улсад хүргэгдэж цаазлагджээ. Цаазлах энэхүү арга нь хэрэгтнийг модон илжигэнд суулгаж эмээлэнд нь бэхэлсэн урт шор модоор амьдаар нь шорлож алдаг байна.Амбагай хаан үхэхдээ миний үхлийг та бүгд хэд дахин нугалж төлөх болно гэж зөгнөж хэлж байжээ.Үүний дараагаар Хабул хааны хүү Хоталаг хаан ширээнд өргөмжилжээ. Хотала хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна. Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ. Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өсийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.Хабул сэцний долоон хөвгүүний анхны ах нь Охинбархаг, Бардан баатар, Хутугту мөнгүр, Хотала хаан, Хулан баатар, Хадаган, Төдөгэн эд долоо бөлгөө. Охинбархагийн хөвгүүн зоригт Жүрхэ нэрт бөлгүү. Хөвгүүн нь Сэцэнбэх, Дайчу хоёр бөлгөө. Жүрхэн омогтон болов. Жүрхэний өвөг тэд бөлгөө. Бардан баатрын хөвгүүн Есүхэй баатар, Нэгүн тайш, Мэнгитүхиа, Мэргэн Ихтэй, Даридай Отчигин тэд тав бөлгөө. Сочихил үжингээс төржээ. Сочихил үжин Монгол Таргужин Жисүтэйн охин ажгуу. Хутугту мөнгүрийн хүү Бүри Бөхэ Ононы түнд (шугуйд) жүрхэн лүгээ хуримлахуйд Бэлгүтэй ноёны мөр хага цавчсан бөлгөө. Хотала хааны хөвгүүн Зочи, Хирмигу, Алтан гурав бөлгөө. Үеэгэд омогтон болов. Хулан баатрын хөвгүүн Их Чэрэн бөлгөө. Бадай, Хишлиг хоёр Дархудын ноён тэр бөлгөө. Хадаган, Төдөгэн хоёр ураггүй бөлгөө. Хамаг монголыг Хабул хаан мэдэн явав. Хабул хааны хойно түүний үгээр долоон хөвгүүн нь бөгөөтөл, Тайчуудын Сэнгүм Бэлгийн хөвгүүн Амбагай хаан мэдэн явав. Буйр нуур, Хөлөн нуур хоёрын зуур урсах мөрнөө бүхий ураг ноён Буйргуд овгийн татаар иргэнээ Амбагай хаан охиноо өгч өөрөө үдэж очиход татар иргэн Чуин иргэн Хияад Амагай хааныг барьж Хятадын Алтан хаанд авч одоход Амбагай хаан Бэсүдэйн Балхагчи нэрт элчээрээ өгүүлж илгээсэн нь: Хабул хааны долоон хүүгийн дотор Хоталад өгүүл, миний арван хүүгийн дотор Хадаган тайшид өгүүл хэмээн өгүүлж илгээсэн нь: Хамгийн хаан улсын эзэн болж бөгөөтлөө өөрөө охиноо үдэн Амбагай гэгдэгч, татаар иргэнээ баригдав. Таван хурууныхаа хумсыг тамтартал, арван хурууныхаа хумсыг хадтал ачийг минь (өшөөг минь) авран хууриятгун (авахыг оролдогтун Н. Т.) гэж илгээжээ.Монголын нууц товчоонд хамаг монгол улсыг Хабул хаан мэдэж байв. Хабул хэмээх нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд хамаг монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан бол Рашид-Ад-Диний «Судрын чуулган»-д Тумбинай хааны зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм. Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ. Хамаг монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зүрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зүрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ. Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав. Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байх магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусэн бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зүрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “бурхнаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан улсын хааны сахлыг шувтарчээ. Тэгэхэд Алтан улсын түшмэлүүд Хабулыг барьж цаазлахыг завдав.Алтан хаан: — Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ. 1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутагруу илгээжээ. Хушаху Хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зүрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтанд хүрэхийг зорьж байв. Хабул довтлон ирсэн зүрчдийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахам оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санааг нь үхүүлж байлаа. Хушахугийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ. Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж, Алтан улстай дайтаж эхлэв. Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан эжээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зүрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов.Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. Хи Цзун хаан Хятадын Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан Учжу жанжинг Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлуулан хөдөлгөжээ. Зүрчид, монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар, ихэд товойн гарсныг хэлэх юун. Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад Зүрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм. 1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр Зүрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар алба төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Хабул хаан Монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор "Олонхийн монгол улс" буюу "Хамаг монгол" улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм. Хабул хааныг зарим түүхийн номонд "шинэчлэгч хаан", "олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч" гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна.Ийнхүү XI зууны тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол Улсад Хүннүгээс уламжилсан монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ. Хабул хаан өвчнөөр нас барсан байна.Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.Тайчуудын Сэнгүн билгэгийн хөвүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай Лянхуагийн хөвүүн билээ. Бодончарын хөвүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарын жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хамаг монголын хаан болгохоор нэр заажээ. Хабул хааны долоон хөвүүний аль нь ч улс төрийг тэргүүлэх буурь суурийн хувьд хөнгөмсөг байсан учраас Хабул хаан тэр цагийн төрийн бодлогод тохирох өөрийн төрөл угсааны Сэнгүн Билгэгийн хүүг хамаг монгол тайчуудын хаан болгосон байна. Амбагай хаан болоод улсын төрийн зохион байхуулалтад зарим өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тайш гэдэг хааны дараах мэдэлтнийг бий болгожээ. Улсын тайш тушаалд өөрийн дунд хүү Хадааныг томилжээ. Улсын тайш бол тэр цагтаа цэргийг голлон мэдэгч байв.Тэр үед Хабул хааны хатны дүү Саяндэчин гэгч гэнэт өвчин тусахад нэгэн бөөг татар аймгаас залж ирж үзүүлсэн боловч бие нь сайн болсонгүй байсаар үхжээ. Хамаг монголчууд тэр бөө Саяндэчинг хорлолоо гэж үзээд түүнийг цаазлав. Үүнд татарууд хорсож, өш авахаар удаа дараа монголчууд руу дайран ирэхэд Хабул хааны зургадугаар хөвгүүн Хадаан тосон байлдаж, тэднийг ихэд дийлэн, тэргүүлэгчийг нь хүртэл алжээ. Тэгэхэд татарууд баахан хулчийж, илээр найрамдахыг хичээн, далдуур хорссоор байв. Амбагай хааныг татарууд уран үг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.Татарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, захисан нь:— “Хабул хааны долоон хөвүүний дундах Хотула, миний арван хөвүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болготун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэжээ.Татарууд Амбагай хааныг хамаг монголтой хуучин өш хонзонтой Алтан улсад хүргүүлэв. Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжигэнд хадаж тарчилган хороожээ.XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол туургатны гол улс байгуулагдсан юм. Хамаг монгол улс чухам хэдэн онд жинхэнэ ёсоор байгуулагдсан нь бас л тодорхойгүй. Судалгаанаас үзвэл 1130 онд Хабул нь гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөн байна. Ингэж монгол туургатны дотор "Цагаан ясны хаан" гэж нэрлэгдэх болсон алтан ургийн хаадын эхлэл бий болж суурь нь нэгэнт тавигджээ. Хамаг монгол улсын нутаг дэвсгэр нь Байгал нуураас нааш, Хангайн нурууны хоёр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын хоёр хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарсан байжээ. Хамаг монгол улс нь дотроо төв, баруун, зүүн хэсэгт хуваагдаж, тэдгээрийг тус бүр нэгэн сурвалжтан мэдэн захирч байсан хэдий ч ерөнхийдөө Хабулын хүчтэй засаглал ноёрхсоор байжээ.
Saturday, April 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
:
2 comments:
Маш их баярласан шүү хөв хэрэгтэй мэдээлэл байна
Bayrlalaa mash goe medee bn Hamag Mongol uls ueiin ued uurd orshig
Post a Comment