Friday, April 24, 2009

ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Төв Азийн тал нутгаар нүүдлэн амьдрагч тархай бутархай Монгол аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг эмхтгэн байгуулж, зуун зууныг дамжин дуурсах их алдрыг хүртсэн Чингис хааны амьдрал, тэмцлийг уран сайхны аргаар өгүүлсэн “Heaven’s Favorite“ (Тэнгэрийн таалал) хэмээх хоёр дэвтэр түүхэн романыг АНУ-ын Колорадо мужийн “MindShare Press” хэвлэлийн газар (4285 Slash Pine Drive Colorado Springs, CO 80908) тун саяхан хэвлэж, худалдаанд гаргалаа.


Зохиогч Том Шанли (Tom Shanley) уг түүхэн романдаа өсөх бага насандаа эцгээсээ өнчирч үлдээд, төрөл садангууддаа ч орхигдоход хүрч хүнд бэрх амьдралыг туулсан Тэмүжин хожмын их үйлсийн аянд өөрт нь тулах түшиг болсон итгэлт анд-хүлэг баатрууд, дотны зөвлөгч, халуун хайрт ханиа хэрхэн олсон хийгээд байр сууриа бэхэжүүлснийг “Мандал бадрал: Чингис хааны хүчирхэгжил” хэмээх тэргүүн дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлжээ. Тал нутгийн овог аймгуудыг нэгэн хүчирхэг гарын дор нэгдсэн захиргаанд оруулж, хаяа залгасан бусад улсад төдийгүй, тив дэлхийн сонорыг дэлдэж, зүрхийг донсолгом их үйлсийг өрнүүлсэн тухай “Ноёрхол: Монголын гүрний шинэ эрин” хэмээх удаах дэвтэрт сонирхол татахуйцаар үзүүлсэн байна. Зохиогч Том Шанли энэ зохиолоо сүүлийн гурван жил гаруй хугацаанд туурвихдаа түүхэн үйл явдлуудын төрөлх дэвжээ болсон Монгол нутгаар хэдэнтээ аялаж, Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн багш эрдэмтэн Х.Лхагвсүрэн, нэрт түүхч О.Сүхбаатар, бусад олон хүнтэй уулзан, санал бодлоо солилцож, гар нийлж хамтран ажилласан тухайгаа номынхоо эхэнд дурдаж тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Хэвлэгдсэн даруйдаа нэгэнбум илүү ширхэг нь борлож 2003 онд борлуулалт сайтай бүтээл буюу “Бэстсэллэр” -т шалгарсан “Чингис хаан ба орчин цагийн дэлхий ертөнц” номын зохиогч Минносота мужийн Макластр коллежийн профессор эрдэмтэн Жак Уэрдфорд ахайтан ч эрдэмтэн Х.Лхагвасүрэн, түүхч О.Сүхбаатар нартай дотно хамтарч ажилласан тухайгаа онцлон тэмдэглээд зогсохгүй номынхоо монгол хэлээр борлуулах эрхийг итгэмжлэн шилжүүлсэн байдаг нь эх орныхоо түүхийг олон жилийн туршид хичээнгүйлэн судалсан манай түүхч эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүнг олон орны уншигчдад хүргэх талаар бусад улсын, түүний дотор АНУ-ын эрдэмтэд, зохиолчидтой үр бүтээлтэй ажиллаж байгаагийн илрэл болов уу.Нийт тавь шахам бүлэгтэй нэлээд хэдэн зураг сэлт бүхий эл романы хавтасны зураг чимэглэлүүдийг зураач Ч.Ганболд хийсэн нь уг зохиолын агуулгыг тодотгон донж нэмсэн харагдана.Монгол Улсаас АНУ-д Элчин сайдын яаманд элэгсэг үгтэй захидлын хамтаар түүхэн романыхаа дээжийг ирүүлсэн зохиогч Том Шанлид халуун талархал илэрхийлэх нь зүйтэй. Зохиогчийн өмнө нь ямар бүтээлүүд туурвисан, цаашид юуг хийж бүтээхээр бодож яваа болон утга зохиол шүүмжлэгчид, түүх судлаачид, урлаг, соёлын асуудлаар мэргэшсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувь мэргэжилтнүүд энд өгүүлсэн “Тэнгэрийн таалал” хоёр дэвтэр түүхэн романыг хэрхэн үнэлж байгаа талаар уг номын танилцуулгад болон түүнд дурдсан www.heavensfavorite.com вэб хуудсанд огт дурдаагүй байх тул энэ удаа яаран олныг өгүүлэхийг зорьсонгүй. Түүхийн судалгаа биш, олны дунд нэгэнт тогтсон хэвшмэл төсөөлөлтэй эс тохирох, нэр, үг хэллэг, ойлголтын хувьд оновчтой биш гэхээр ч зүйл нэг биш байгааг үгүйсгэхгүй. Ямар боловч Монголын түүхийн нэн сонирхолтой, магадгүй урлагийн олон төрлөөр цаашид шинэ зохиол бүтээлүүд үргэлжлэн гарах нэгээхэн хэсгийг уран сайхны аргаар дүрслэн харуулахыг зорьсон энэхүү түүхэн роман англи хэлээр уншигчдын сонирхлыг татаж, тэр хэрээрээ Монгол орны зүгт олон хүний хараа, анхаарлыг хандуулахад, Монголын хүүхэд залуучуудад англи хэлийг шамдан суралцахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна.

Г.Ганболд

No comments:

: