Дарьгангачуул нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин Дарьгангын сүрэгчин нь доорх 5 гар болж байв. Үүнд:
1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв.
2 . Зүүн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.
3.Баруун гар тэмээчин. Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.
4. Зүүн агр тэмээчин. Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Өөш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бүхий говирхог газраар нутаглана.
5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар сууна. Дарьгангын сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар Төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ. Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна. Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.
No comments:
Post a Comment