Thursday, April 23, 2009

Д.Цэвээндорж: Монголоос олдсон МӨСӨН МУМИ бол дэлхийд хосгүй үзмэр

Америкийн “Discover” сэтгүүлээс Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Монголын Алтай таван богдоос олдсон Мөсөн мумиг нэрлэсэн. Энэхүү олдворын талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржтой ярилцлаа.

-Алтай таван богдод хийсэн археологийн малтлагын үеэр Монгол, Германы эрдэмтэд Мөсөн муми олж шуугиан дэгдээсэн. Цэвдгийн булшны малтлагыг хэдийнээс хийж эхлэв?
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай 2000 онд ОХУ-ын Новосибирск хотноо очиж, Оросын Алтай цэвдэгт малтсан булшийг үзсэн юм. Ингээд л энэ Монголд Мөсөн муми хайх ажлын эхлэл тавигдсан. Цэвдгийн булш нь бусад булшийг бодвол эмзэг, их мэдээллийн шинж чанартай байдаг.Тиймээс туршлагатай, техник, тоног төхөөрөмж сайтай лабораторийнхонтой хамтрахгүй бол болохгүй байлаа.Ингээд Оросын археологичид, Герман улсын экспедицийнхэнтэй хамтран 2004 онд булш бүхий 22 газрыг тогтоосон.Мэдээж хэрэг, энэ бүхэнд хөрөнгө мөнгө чухал шүү дээ. Дээр нь булш буй газраа тогтоосон ч цэвдэг байна уу, үгүй гэдгийг нягтлуулахаар 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Новосибирск дахь Геологийн хүрээлэнгийн эрдэмтдийг урьж, геофизикийн судалгаа хийлгэсэн юм.Судалгааны явцад тав, зургаан газар нь цэвдэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Археологийн малтлагын явцад Монголын талаас хоёр археологич нэгдээд 2006 онд ажлаа эхэллээ. Хоёр, гурван малтлагаар гараагүй л дээ. Ер нь хоёр булш малтах гэрээтэй байсан ч цааш нь үргэлжлүүлсэн.Ингээд хоёр морины оршуулга, бамбай бүхий доод тал нь огт хөндөгдөөгүй нэгэн булш олсон юм. Энэ дотор Мөсөн муми байсан даа. Бүгдийг маш нарийн малтаж, цэвэрлээд авчрахад газраар зөөхөөс эхлээд хүндрэлтэй асуудал байсан ч бүрэн бүтнээр нь авчирсан.
-Булшнаас гадна эдлэл, хэрэглэл олон гарсан гэлээ. Хэчнээн олдвор байсан бэ?
-Булш, модон буу, дээл, хувцас гээд олон зүйл гарсан. Хамгийн гол нь түүх, соёлын олдвор болох Мөсөн мумиг нээсэн нь сайн хэрэг болсон. Тэгээд олдворуудаа Орос руу шинжилгээнд явуулсан. Манайхан үүнийг гадаадынханд өгчихөж байгаа мэтээр буруу ойлгодог. Гэтэл тэд олдворыг судалж, шинжлээд ямар үнэ цэнэтэй болохыг нь хүртэл тогтоогоод өгч байгаа юм шүү дээ. Энэ жил судалгаа, шинжилгээг нь дуусгаад Орос дахь Монголын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгсөн байгаа. Энэ олдвор нь зөвхөн Мөсөн мумигаараа алдаршаад зогсоогүй, булшны хайрцгийг нь хэрэм, хурга, адууны арьсаас доторлосон байснаараа дэлхийд хосгүй үзмэрт тооцогдож байгаа юм.
-Мөсөн муми дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр тодроход ямар сэтгэгдэл төрж байв?
-Америкийн “Discover” сэтгүүлээс 2006 онд Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Мөсөн мумиг зарласан нь бахархууштай хэрэг. Яагаад гэхээр энэ сэтгүүл барагтай юмыг зарладаггүй нь нэг талаараа бидэнд түүх, соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлж байна л даа.
-Булшийг Мөсөн муми гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ булш бүхлээрээ месөөр хучигдсан байсан гэсэн үг үү. Хэзээнээс олон түмэнд үзүүлж эхлэх вэ?
-Булш маань мөсөн цэвдэгт байсан л даа. Гэхдээ онцлог нь бүх юм нь мөс хүрээгүй яг австай хэсэг нь мөстэй байсан. Хэрвээ битүү мөстэй байсан бол судалгаа хийхэд хүндрэлтэй байх байсан. Тэгээд энэ бүх олдвороор Германд үзэсгэлэн гаргасан. Ер нь олдвороос харж байхад дэлхийд огт бүртгэгдээгүй нум хүртэл байх жишээтэй. Мөн сум, модон сийлбэрүүд байна. Үүн дотроо аргалын эвэр, шавраар хийсэн, модоор хийсэн сав гэх зэрэг тэр үеийн холбогдолтой эмээл, хазаар, бүх юм байсан. Эдгээр эдлэлээс нь хэдий үеийн олдвор болохыг нь тогтоох боломжтой. Шинжлэх ухааны олдворыг хамаагүй эрт олонгуутаа дэвэргэж, олон нийтэд зарлаж болдоггүй. Шуугиан дэгдээхээсээ өмнө шинжилгээнд хамруулж, нарийн тогтоолгох шаардлагатай байдаг. Ингээд л дэлхийн дансанд Монголын олдвор гэдгээр нь бүртгүүлэх хэрэгтэй. Энэ булш маань одоо шинжилгээний шатандаа байгаа. Энэ оны сүүлч гэхэд лабораторийн шинжилгээний хариу эцсийн байдлаар гарна.
-Мөсөн муми тэгэхээр хэдий үеийн олдворт хамрагдаж байгаа вэ?
-Булшийг 2500 гаруй жилийн өмнө байсан гэж тогтоож байгаа. Үүнийг гаргахад шинжлэх ухааны үүднээс бол амархан болсон л доо.
-Мөсөн муми ямар нэгэн дээд язгуурын хүний шарил болов уу, эсвэл?
-Тэгэхээр Муми гэдэг нь хатаасан шарилыг хэлж байгаа юм. Энэ булшны хувьд хөлдөөсөн байгаа. Хүний хувьд, арьс, мах нь хатсанаас биш олдвор яг хэвээрээ байгаа нь гайхалтай. Мөсөн муми бол Ойрхи дорнод Иран, Иракаас нүүдэллэн ирж нутаглаж байсан овгийн төлөөлөгч хүний шарил болох нь тогтоогдсон.

С.МӨНХБАЯСГАЛАН

No comments:

: