Saturday, April 18, 2009

Бараан Хээрийн Тулалдаан


1221 онд өнөөгийн Афганис- таны Газни Хотын орчим Сартуулын сүүлчийн султан Жалал Ад-дин, Монголын жанжин Шиги Хутаг нарын хооронд болсон тулалдаан. Энэ тулаан бол Монголын Эзэнт Гүрний зүгээс Дундад Азийг байлдан дагуулах явцдаа амссан томоохон хэмжээний цорын ганц ялагдал юм.
Сартуулын хуучин нийслэл Самаркандыг эзэлснээр Монголын Эзэнт Гүрэнтэй дүйцэхүйц их гүрний хаан султан II Мухаммедэд өөрийн улс оронд нь амь хоргодох газар олдохгүй болж, хойноос нь гэзэг даран нэхэх Зэв, Сүбээдэй нараас зугтсаар Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр амьсгал хураажээ. Бухар, Самарканд зэрэг хотуудыг эзэлж Сартуулын цэргийн гол хүчийг дарсныхаа дараа Чингис Хаан цэргээ хэд хуваан, 3 том хүү Зүч, Цагаадай, Өгөөдэй нарыг 5 түмэн цэргийн хамт Сартуулын шинэ нийслэл Гүргенчийн зүг, бага хүү Толуйг 5 түмэн цэргийн хамт Хорасаны зүг илгээж өөрөө Афганистаныг байлдан эзлэхээр хөдөлсөн байна.
Энэ үед эцгийнхээ орыг залган Сартуулын шинэ султан болсон Жалал Ад-дин Афган, Кипчак, Иракийн ноёдын дэмжлэгтэйгээр 8 түмэн цэрэг хуралдуулан хуваагдсан Монгол цэргийн эсрэг хөдөлсөн байна. Хэдийгээр Бухар, Самарканд зэрэг том хотууд, эзэнт улсынх нь дорнод мужууд Монголын түрэмгийлэлд өртөөд байсан боловч, цаг алдалгүй хөдөлж хүн ам ихтэй баян чинээлэг баруун зүгийн мужуудын хүчийг төвлөрүүлж чадвал Монголын цэргийн довтолгооныг зогсоох боломж байсаар байгааг шинэ султан ойлгож байжээ. Жалал Ад-дины цэргийг Чингис хаанд шууд хүрэх замд хаан, Толуй нарын зүүн жигүүр болон Энэтхэгийн зүгээс ирж болзошгүй халдлагаас сэргийлэх үүрэг хүлээсэн их хааны өргөмөл дүү Шиги Хутагийн 3 түмэн цэрэг саад болж байв. Монгол цэрэг дайны эхнээс нэг ч удаа ялагдаж үзээгүй байсан нь тэдний залуу жанжинд дайснаа хэт басамжлан хүч тэнцвэргүй тулалдаанд ороход нь нөлөөлсөн байж болох талтай.
Ингээд 2 талын цэрэг Газни Хотоос холгүй орших Parwan (Бараан Хээр) суурингаас 7 км-ийн зайд золголдсон байна. Тулаан хийх газрын байдал нь хонхор газар мөртлөө дов сондуул, гуу жалга ихтэй, морин цэргээр чөлөөтэй маневр хийх боломж муутай газар байжээ. Жалал Ад-дин эцгийнхээ тугийн дор олон тулалдаанд орж явсан туршлагатай жанжин тул газрын байдлыг шинжин үзээд цэргүүдээ мориноосоо бууж, цулбуураа бүсэндээ хавчуулаад, шигүү эгнээгээр хориглон байлдахыг тушаасан байдаг. Тулалдаан Монголын морин цэргийн Сартуулын цэргийн баруун жигүүр рүү хийсэн довтолгооноор эхэлжээ. Тулалдаан эхнээсээ маш ширүүн өрнөж, Сартуулын цэргийн баруун жигүүрээс 500 гаруй хүн алагдсан боловч жагсаалаа эвдүүлэлгүй Монгол цэргийг тогтоож чаджээ. Эхний өдөр орой болтол зууралдан байлдахад Монголын морин цэрэг дайсныхаа явган цэргээс давамгайлж байсан боловч Жалал Ад-дины авьяас л тоогоор илүү Сартуулын цэргийг тулааны талбарт авч үлдсэн байна. Монголчууд морьдынхоо цээжийг дайсны цусанд будагттал чухам шавиагаа ханатал тулалдсан ч унаа морьдоо гамнахаа мартжээ. Харанхуй болж тулаан завсарлан 2 тал цэргээ татахад, Шиги Хутаг хүчээр давуу дайсныг ялахад амаргүйг ойлгож цэргүүддээ хөтөлгөө мориндоо эсгийгээр мануухай хийж унуулахыг тушаав.
Дараа өглөө нь 2 талын цэрэг байраа эзлэх үед Сартуулын зарим ноёд Монгол цэргийн тоо урьд өдрийнхөөс хавьгүй олон болсон байхыг хараад, Монголчуудад туслах хүч ирж гэж бодоод цаашид тулалдахаас татгалзан цэргийн хамт султаныг орхин одохыг завдав. Үүний хариуд султан Аллах тэнгэрийн нэрийг дурдан мөргөж буруу номтон Монголчуудтай байлдалгүй зугтвал бурхны гэсгээлийг амсах нүгэл болно гэж гуйж байж цэргээ сарниулалгүй авч үлджээ. Ийнхүү урд өдрийн адил Монголын морин цэрэг Сартуулын явган цэргийн байлдаан эхэлж үд өнгөртөл үргэлжлэхэд Монголын агт илт сульдсан нь мэдэгдэж байв. Үүнийг мэдэрсэн султан бөмбөр дэлдэж бүх цэргээ мориндоо мордохыг тушаав. Угаас хүчээр дутуу Монголчуудын алагдсан шархдсан хүмүүсийн тоо тоймоо алдаж ядарсан морьд нь дов сондуулд бүдрэн унаж байв. Эцсийн хүчээ шавхан тулалдаж байса Шиги Хутаг тугаа гарган дэлгэж цэргийнхээ хийморийг сэргээх гэж оролдоод ч нэмэр болсонгүй. Хүчээ сарниулалгүй бөөнд нь байлгах зорилгоор цэргүүддээ тугнаасаа бараа тасарч болохгүй гэж тушаасан ч байдал дордож бүслэгдэх аюул нүүрлэж эхлэв. Аргагүй зугтсан ч хавцалд дайсанд гүйцэгдэн ихэнхи хүнээ алуулжээ.
Энэ тулалдаанд Монголчууд олон цэргээ алдаж том ялагдал хүлээсэн боловч мөхлийнхөө замд орсон Сартуул улсыг аварч чадаагүй юм. Урд нь Зэв, Сүбээдэй нарын цэрэгт бууж өгсөн Нишабур зэрэг зарим хотын иргэд тулааны тухай сонсоод Жалал Ад-дин Монголчуудыг ялна гэсэн итгэл өвөрлөн бослого гаргасан нь алдаа болж Толуйн цэрэгт цохигдон хотдоо нэг ч амьд амьтангүй болтлоо хядуулжээ. Тулалдааны дараа олзон дунд байсан араб гүүг булаацалдан Афган, Кипчакийн ноёд маргалдан, Афганы ноёд хэдэн түмэн цэргээ дагуулан султаныг хаяж оджээ. Шиги Хутагаас ялагдлын тухай сонсоод өөрийн биеэр хөдөлсөн Чингис Хаантай байлдах хүчгүй болсон Жалал Ад-дин үлдсэн цэргийн хамт Энэтхэгийн зүг зугтсан боловч Шин(Indus) мөрний хөвөөнд гүйцэгдэн хиар цохиулж эхнэр, хүүхэд, бүх цэргээ алдан цор ганцаар үертэй голыг гатлан зугтаажээ.
Хэдийгээр Бараан Хээрийн Тулалдаан нь Монголын Эзэнт Гүрний зүгээс Дундад Азийг байлдан дагуулах явцдаа амссан томоохон хэмжээний цорын ганц ялагдал бөгөөд, Монголчууд ялагдашгүй гэсэн домгийг нураасан боловч Монголын байлдан дагууллын эцсийн дүнд ямар нэг нөлөө үзүүлээгүй юм.

No comments:

: