1216 онд Чингис Хаан Алтан улстай хийж байсан дайнд бүх хүчээ хандуулахад саад болоод байгаа баруун хилийн асуудлыг бүрмөсөн зохицуулахаар шийдэж урд нь дарагдан зугтсан Найманы Хүчлэг хунтайжийн эсрэг Зэв ноёныг, Мэргидийн Худу, Чулуун нарын эсрэг Сүбээдэй баатрыг тус бүр 2 түмэн цэргийн хамт илгээжээ. Монголын Эзэнт Гүрний түүхэнд томоохон ул мөр үлдээсэн энэхүү 2 аян дайнаас Зэвийн аян дайны талаар олон эх сурвалжид тодорхой бичигдсэн байдаг бол Сүбээдэй баатрын удирдсан аян дайны талаар судалгаа, материал хомс байдаг. Түүх сонирхогч миний бие энэ талаар гадаадын зарим ном товхимол дээрээс уншиж мэдэж авсан нэгэн сонирхолтой түүхийг уншигч та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Дашрамд хэлэхэд одоо өгүүлэх түүхийг интернетээс болон Монгол хэл дээр хэвлэгдсэн ном зохиолоос хайгаад олоогүй болно. Сүбээдэй баатар тэргүүтэй 2 түмэн цэрэг замдаа Алтай, Сибирийн олон овог аймгийг Их Монгол Улсын бүрэлдэхүүнд дагуулан оруулаад байсан хааны ууган хүү Зүчийн нэг түмэн цэрэгтэй нийлэн цааш аянаа үргэлжлүүлсэн байна. Худу, Чулуун нарын удирдсан Мэргид аймгийн үлдэгдэл хэдэн мянган хүн Хар Кидан, Сартуулын хил одоогийн Казахстан, Киргизстаны хил орчимд Чу мөрний хөвөөгөөр нүүдэллэн ан гөрөө хийж хөрш улсуудын хил орчмын суурингуудыг тонон дээрэмдэх зэргээр амьдарч тэнхэрч аваад эргэн Монголд довтлох боломжтой мөчийг хүлээж байв. Худу, Чулуун нарын үйл ажиллагаа зөвхөн Чингис Хааны анхаарлыг татаад зогсоогүй баруун зүгт шинэ тутам хүчээ авч байсан Сартуулын эзэнт улсын зүгээс дорнод хилийнх нь аюулгүй байдалд ноцтой заналхийлэлд тооцогдож байсан юм. Ийнхүү Мэргидийн үлдэгдэл нэгэн зэрэг 2 талаас нь хөдөлсөн Монгол, Сартуулын цэрэгт хашигдан гарах газаргүй болж цохигдон ихэнх хүнээ алдаад цөөн хэсэг нь баруун хойш зугтан Дэшт Кипчакийн нутагт очиж орогножээ. Дундын дайсныг нь даралцаж өгсөн Сартуулын Мухаммед Султанд Сүбээдэй баатар дайсагнах шалтгаан байгаагүй бөгөөд Монгол улсын зүгээс дорно зүгт хүчирхэг Алтан улстай олон жил дайтаж байсан тул улс орныхоо аюулгүй байдлын үүднээс өрнийн хүчирхэг Сартуул улстай дайтах бус, найрамдалт харилцаа тогтоож худалдааны түнш болох эрмэлзэлтэй байв. Иймд Сүбээдэй баатар зорьж ирсэн хэргээ нэгэнт бүтээсэн тул урд өмнө ямар нэг холбоо тогтоож байгаагүй занг нь үл мэдэх Мухаммедтэй ямар нэг байдлаар үл ойлголцол үүсэхээс сэргийлэн цэргээ аван нутгий зүг ханджээ. Сартуулын султан Мухаммед өөрийн эцэг Ала Ад-Дин Текишийн байгуулсан их улсын хаан ширээнд 1200 онд суусан цагаас хойш хөрш зэргэлдээ олон улсыг онц эсэргүүцэл үзэлгүй эзлэн аваад ихэд омогшиж байсан бөгөөд богино бодолтой, мугуйд, биеэ тоосон нэгэн байв. Тэрвээр өөрийгөө II Александр гэж цоллон Хятадыг байлдан дагуулах романтик мөрөөдөл тээж явдаг байжээ. Сартуулын цэрэг анх хөдөлсөн зорилгоо биелүүлсэн боловч түүндээ сэтгэл ханахын оронд, дорно зүгээс ирсэн буруу номын тоогоор 2 дахин цөөн дайсныг даран сөнөөж, өөрийгөө Лалын шашныг мандуулагч болгон зарлах гэнэхэн бодолд автжээ. Монгол цэрэг тоогоор цөөн, нутгаасаа олон сар явж ирсэн, ядарсан, ямар нэг туслалцаа авах боломжгүй байсан тул урд өмнө өөрөөсөө хүчирхэг дайсантай тулгарч яваагүй султан ялалтандаа өчүүхэн ч эргэлзэхгүй байсан юм. Сүбээдэй баатар элдэв будилаан гаргалгүй буцаж яваа түүний хойноос нэхэн ирж яваа Сартуулын цэрэгтэй эвээр ярихаар шийдэж элч илгээн өөрсдийн ирсэн зорилгыг хэлүүлээд, Чингис Хааны зүгээс даалгаагүй тул султаны цэрэгтэй байлдах хүсэлгүй байгаагаа уламжилсанд султаны зүгээс түүний хувьд буруу номтон бүхнийг дайснаа гэж үзэн даран сөнөөдөг гэсэн басамжилсан хариу авчээ. Ийнхүү Дэлхийг байлдан дагуулахыг санаархагч 2 хүчирхэг улсын цэрэг анх учирсан юм. Тулаан эхэлмэгц Сартуулын цэрэг хүчний давууг ашиглан Монгол цэргийн гол цөмийг бүслэн устгахаар хөдөлжээ. Гэтэл хачирхалтай юм болж дайсан этгээд нь маш олон жижиг хэсэгт хуваагдан туг дарцгийн дохиогоор нэг хэсэг нь довтолж байхад нөгөө хэсэг нь ухрах зэргээр бужигнан байлдаж дайрч болох гол цөм нь олдсонгүй. Сартуулын цэрэг олон нохойд борлуулсан бух шиг хаашаа дайрахаа мэдэхгүй дороо эргэлдэн дайсныхаа жанжны байрлалыг олж дайръя гэвч цэрэгтэйгээ ижилхэн хувцастай Сүбээдэй баатар, Зүч нарыг олж тогтоох боломжгүй байв. Султаны хүчээр давамгайлан дайснаа бүслэх оролдлого нь бүтэлгүй болсноор барахгүй нэг үе султаны заларч байсан цацар дайсанд бүслэгдэж өөрөө олзлогдох аюулд оржээ. Золоор түүний ахмад хүү Жалал Ад-Дин олон мянган цэргийн хүчээр сөрөг дайралт хийж байж хаанаа Монголчуудын бүслэлтээс сугалан авчээ. Ийнхүү орой болтол байлдсаны эцэст 2 талын аль аль давуу байдал олж авч чадалгүй цэргээ татжээ. Өглөө нь Сартуулын цэрэг тулалдаанаа үргэлжлүүлэх гэтэл Монгол цэрэг буурин дээрээ гал түлж орхиод зайлан явсан байжээ. Энэ нь ялагдсандаа юм уу хүчин мөхөсдсөндөө биш гэдгийг султан ойлгосон бөгөөд нэхэн хөөлгүй цэргээ хурааж Самаркандын зүг буцжээ. Энэхүү тулалдаанд 2 талын аль аль нь ялаагүй боловч өөрсдийгөө ялагдашгүй мэтээр төсөөлж явсан султан Мухаммедийн хувьд сэтгэл зүйн том цохилт болсон юм. Тэрээр анх удаа орсон дайнаасаа нэр алдар, эд хөрөнгө олж авч чадалгүй буцахдаа өөрийн шадрууддаа "Ийм эд бахтай тулалддаг цэрэг үзсэнгүй" гэж хэлж байсан гэдэг. Сартуулын цэрэг энэ тулалдаанаас Монгол цэргийг задгай газар тулалдаад ялах боломжгүй гэсэн ойлголт авсан нь хэдэн жилийн дараа Чингис Хаан их цэргээ удирдан ирэхэд нь урдаас нь бүх хүчээ цуглуулан шийдвэрлэх тулалдаан хийлгүй хот балгадад тараан байрлуулж нэг нэгээрээ хялбар цохиулах алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн юм. Сартуулын султан өөрийн цэргийг хайрлалгүй хэрэгцээгүй тулалдаанд оруулан үрж байхад хүн ам цөөнтэй Монголчууд цэрэг нэг бүрийнхээ амийг хайрлаж үнэлж чаддаг байсны хүчинд 1 сая хүрэхгүй хүн амтай байсан боловч тухайн үед мэдэгдээд байсан соёлт ертөнцийн 2/3-ыг байлдан дагуулж чадсан юм. Сүбээдэй баатар ч мөн адил ийм сэтгэлээр тулалдаанд хандаж нэр алдар хөөцөлдөхийн оронд ухаалаг шийдвэр гарган ялж болох боловч яллаа гээд ямар нэг зүйл олж авахгүй тулалдаанд орж цэргийн амийг хоосон үрэлгүй шөнөөр тулалдааны талбарыг орхин явсан юм. Энд Чингис Хаан Монгол цэрэгтээ эцгийн сэтгэлийг ханддаг байсны жишээ болсон нэг үгийг нь оруулбал: "Есөнтэйгээс илүү баатар манай цэрэгт байхгүй. Хичнээн алсын аянд явсан ч ядарна гэж үгүй. Өлсөнө, цангана гэж үгүй. Ийм болохоор Есөнтэйг жанжин болгож болохгүй. Жанжин хүн цэргийнхээ адил ядардаг, өлсдөг, цангадаг байсан цагт л тэднийг ойлгодог, цэргээ хайрладаг сайн жанжин болдог."
Хэдийгээр Сартуулын цэрэг Монгол цэрэгт шалтгаангүйгээр довтолж 2 талын олон цэргийн амийг хоосон бусниулсан боловч Чингис Хаан байдалд их улсын эзний уужим сэтгэлээр хандаж, дайны шалтаг болголгүй чимээгүй өнгөрүүлсэн юм. Энэ явдал болсны дараа Монгол улсад ирсэн Сартуулын худалдаачдыг найрсгаар угтан авч хамгаалалтандаа авч байсан 2 улсын удирдагчдын ялгааг харуулах том баримт юм. Гэвч Сартуулын ноёд урдын явдлаас сургамж авалгүй Монгол улсын 400 худалдаачдыг хилсээр цаазлан дээрэмдсэн нь зөвхөн Сартуул улсын төдийгүй дэлхийн түүхийг тэр чигээр нь өөрчлөх үйл явдлын эхлэл болсон билээ.
Хэдийгээр Сартуулын цэрэг Монгол цэрэгт шалтгаангүйгээр довтолж 2 талын олон цэргийн амийг хоосон бусниулсан боловч Чингис Хаан байдалд их улсын эзний уужим сэтгэлээр хандаж, дайны шалтаг болголгүй чимээгүй өнгөрүүлсэн юм. Энэ явдал болсны дараа Монгол улсад ирсэн Сартуулын худалдаачдыг найрсгаар угтан авч хамгаалалтандаа авч байсан 2 улсын удирдагчдын ялгааг харуулах том баримт юм. Гэвч Сартуулын ноёд урдын явдлаас сургамж авалгүй Монгол улсын 400 худалдаачдыг хилсээр цаазлан дээрэмдсэн нь зөвхөн Сартуул улсын төдийгүй дэлхийн түүхийг тэр чигээр нь өөрчлөх үйл явдлын эхлэл болсон билээ.
No comments:
Post a Comment