Тигр, Евфрат хэмээх хоёр их мөрөн Араратын уулсаас эх авч, хэдэн мянган бээр зам туулан Персийн буланд цутгадаг. Өнөөдөр энэ газарт их үймээн өрнөж, түүнийг “Иракийн дайн” гэж нэрлэж байна. 8000 орчим жилийн тэртээ бол мэдээж шал өөр, Монголын ари соёл шинэ хөрсөнд идээшиж, өнгө өнгийн цэцэгс ургуулж байв. Тэр цэцэгс нь шумер /сүмэр буюу сүмбэр, аккад, вавилон, элам гэсэн нэртэй байв. А.Тойнби эдгээр нэрсийг хожмын хетт /хитан буюу хитад/, персчүүдээс өгсөн нэр гэж үзсэн бөгөөд угсаатны бус газар зүйн нэрийтгэл гэж дүгнэснийг зөвшөөрөх үндэс байгаа юм.Аккад болон шумер, вавилон ба элам нар хэл аялганы хувьд одоогийн буриад, халх яриа шиг л зөрөөтэйгээс өөрсдийгөө нэг л угсаатан, бүр тодруулбал “хар толгойтнууд” гэж нэрлэдэг байжээ. Манай монголын эртний домог, бөөгийн дуудлагуудад элбэг тохиолддог “хар тэргүүнтэн” гэдэг ойлголттой давхцаж байгаа биз. Шумер, Вавилон нар анх удаа 7 хоногийн хуваарийг бодож олсон нь мөн тэр үед Хатан голын хөвөөн дэх Жун ди нар 12 жилийн тооллыг үүдэн гаргаж байсантай давхцана. Сири, Палестинаас бүр өнгөрсөн зуунд археологичдын нээж олсон хасын дүрсүүдийг шумерын алдарт шаантаг бичгийн гарваль санаа байж болох юм гэж би үздэг. Ари нарын бэлгэ тэмдэг болж байдаг “ХАС” тэмдэг м.э.ө-3250-2750 оны орчим оршиж байсан Энэтхэгийн Мохенджо-Дарогаас бас олдсон билээ. Мохенджо -Дарогийн соёл нь шумерийн соёлын хэлхээ гэдгийг нэгэнт баталсан.Шумер- Вавилончуудын анхны нэгдмэл төр улсыг м.э.ө 2298 онд байгуулж, м.э.ө 1792-1750 онд Хаммурапи хаан хөгжлийнх нь туйлд хүргэжээ. Монголын эртний туульсуудыг баруун Азийн түүхтэй холбон судалдаг. Эрдэмтэн Чандмань гуай /БНХАУ/ Хаммурапи хааны нэр, үйл явдлыг “Хан Харангуй” туульстайхарьцуулахад сонин дүгнэлтүүд гаргасан. Үүнд ялангуяа “Хан Харангуй” гэдэг нэр бол Хаммурапи хааны нэрийн хувьсал мөн гэж тодлосон нь сонирхолтойбөгөөд үнэмшилтэй байдаг. Шумерын домогт баатар Гильгамыш бол монгол туульсын Гилгам Сайн эр мөн гэж хэл, түүх, угсаатан, газар зүй зэрэг олон үзүүлэлтээр жишин гаргаж тавьснаараа Чандмань гуай бидэнд өргөн зам нээж өгч, савнаасаа хальж сэтгэхийн жишээг ярьж тод харуулж байгаа билээ. Хаммурапи хаан Хоёр мөрний сав газрыг бүрэн нэгтгэж, дараа үеийн баатарлаг нүүдэлчид болох Ассир нарт байр сууриа тавьж өгсөн юм.Вавилон, Ассир нарын дунд Хоёр мөрний орчмыг 600 орчим жил ноёрхсон кассит хэмээх нүүдэлчид бий. Тэднийг дорно зүгээс ирсэн гэхээс өөр тодорхой баримт олддоггүй. Миний бодоход кассит нар бол Төв Азийн нүүдэлчид буюу Монголчуудын ээлжит нэгэн давалгаа бөгөөд өвгө ари нарынхаа цусыг шинээрсэлбэсэн түүхэн мөчлөгийн нэг мэт. Шинэ нүүдэлчдийн хүчээр хоёр мөрний ард түмэн дахин сэргэж, энэ удаа туршлагтай малчин, тэсвэртэй анчин ассир нар түүхийн тавцанд гарч ирлээ.Ассирын анхны хаан Тиглат-Паласар /м.э.ө 745-727 он/ нүүдэлчидийн дотроос бараг анх удаа байнгын арми байгуулсан хүн юм. Армидаа туслах байнгын бус журамт цэргийн тогтолцоог ч бүрдүүлжээ. Үлээсэн тулмаар гол мөрөн гатлах, хийт шуудай ашиглан гүүр байгуулах, хөнгөн морин тэрэгтэй нум сумчдын отряд байгуулах зэрэг шинэлэг санаачлагууд түүний нэртэй холбоотой. 1200 гаруй жилийн өмнө Мисирийн алдарт фараонуудыг номхотгож, тэдэнд монгол морины ид шидийг ухааруулан 150 жилийн турш Нил мөрнийг эзэгнэсэн өвгө дээдэс, гиксос /Монгол сурвалжид “Хайгау” гэдэг/ нарын дараа ассир нар дахин нүүдэлчидийн сүр жавхланг бадруулжээ. Тэдний техникийн бас нэг нээлт нь хэрэм эвдэх оньсон багаж юм. Хожим ахай / герег/, юлус /ром/ нар энэ багажийг “тарах” гэж уламжлан нэрлээд хэрэглэсэн түүхтэй. Бас хэрэм дээгүүр чулуу, гал шиддэг оньсон шидүүрийг ч ассирууд санаачилсан байна. Ассир улс 80 жилийн дараа Ашшурбанифал хааны үед нутаг дэвсгэр нь чинээндээ тулж, Вавилон, Финик, Палестин, Бага Ази / монгол домогт Хавтгай тив гэсэн/, Мисирийг эзлэн хил нь Тигр мөрнөөс Сахарын цөл, Армений уулсаас Персийн булан хүрэх болсон байна. Түүхийг залгамулах ээлчийг халдей нар хүлээн авсан юм. Тэд бол Ассир, Вавилон, Шумеруудын цус нэгт угсаатан байлаа. Мөн л эртний ари нарын үр сад, Хоёр мөрний эхээр малжиж, аж төрж байсан халдей нар хэдэн зуун жилийн өмнөөс гайхамшигт зарингуудаараа алдартай байсан юм. Халдейн заарингууд фараоны ордон, Ниневийн алтан цацар, хэрмэл жүүдийн майханд ч адилхан хүндлэгдэж, тэдний ид шидийг Моисей ч биширч явсан гэдэг.Халдей нар улсаа шинэ Вавилон гэж зарлав. Шинэ Вавилоны хамгийн зартай хаан нь Навуходоносор / м.э.ө VII зууны дунд үе/, тэр бээр гарамгай жанжин, бүтээн байгуулагч байжээ. Түүний гараар Вавилон хот өсөн дэгжиж одоо хүртэл буй туйр нь үлдсэн тэр хөгжилдөө хүрсэн билээ. Шинэ Вавилон 74 жил оршин тогтноод хүчин чадал нь буурсан тул тэр үед ид мандаж агсан персүүдэд байлдаангүйгээр бууж өгсөн түүхтэй. Персүүд бол мөн л ари угсааны нүүдэлчид билээ. Энэ тухай дараа өгүүлнэ.Вавилоноор эхлээд Шинэ Вавилоноор төгссөн Хоёр мөрний улсуудын 1800-аад жилийн түүхийг товч дурдахад ийм. Одоо хамгийн гол зүйл болох тэдний соёл, зан заншил шүтлэгийг сонирхое. Мэдээж “Монгол язгуур” гэсэн гарчгаа тодруулахыг оролдьё. Юуны өмнө Хоёр мөрний энэ 2000 шахам жилийн түүхийг эртний судлаачид “Шумер- Вавилоны соёл”, “Ассир Вавилоны соёл” гэж нэрлэж заншсаныг дурдъя. Энэ нь хоёр шат болгосон хэрэг. Гэвч Хоёр мөрний соёлыг үүдэх бүтээгчид нь шумерууд, бусад нь / вавилон, ассир, аккад г.м/ зөвхөн сурагчид байсан гэдэг дээр эрдэмтэд санал нэгджээ. Нийгэм-иргэншлийн хувьд “Шумерын нийгэм” гэдэг нэг л томъёололд багтаан судалдаг юм.Шумерууд 5000 жилийн өмнө шаантаг бичиг зохиж, 12 cap, долоо хоног, 24 цаг зэрэг одон орны хуваарийг анх зохиосон нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа.Шумеруудийг Төв Азийн ари нараас гаралтай гэдгийг А.Тойнби анх дурдсан. Ари нар бол Монголчуудын өвгө дээдэс гэдгийг бид мэнэ. “Шумер” гэдэг нь угсаатны оноосон нэр биш, харин тэднийг газар зүйн байрлалаар нь нэрлэсэн гэж зарим эрдэмтэд үздгийг дээр дурдсан. Харин ямар утгатай үг вэ? гэдэг нь эрхгүй сонирхол татна.Монгол хэлний “сүмэр сүмбэр” гэдэг үгтэй дуудлага ойр байгааг Чандмань гуай анх анзаарч, шумерийг “сүмэр-сүмбэр” гэж нэрлэх саналыг 1997 онд дэвшүүлсэн. /Чандмань, Тэнгис “Монгол хэлтнүүдийн 8000 жилийн түүхийн мөрдөлт” 1997, Хөх хот/. Үүнийг дэмжиж дараах мэдээллийг нэммээр байна. Юуны өмнө шумер буюу сүмбэрүүд овоо үйлдэж тахидаг байжээ. Энэ тухай Чехийн эрдэмтэн Грозный бичихдээ “Сүбэрчүүд /шумер/ Хоёр голын урсгал орны тал нутагт нүүдэллэн ирээд м.э.ө 3100 онд тэгш газар хиймэл уул босгон, орой дээр нь хэдэн давхар сүм буюу суварга байгуулаад гадуур нь хүрээ бариад хүрээнийхээ голд суварга / овоо/-ны өмнө мандал хийж, тахилга өргөдөг байжээ. // Чех/ Грозный “Баруун Ази.Энэтхэг болон Крит арлын дээд эртний түүх” 1958, Хөх хот/Энэ бол мэдээжээр монгол хүн бүхний мэдэх овоо байна. Хэмжээ нь харин өнөө үеийнхээс хамаагүй том байсан.Шүтлэгийн хэмжээгээр овоо босдог хойно тийм л байж таарна. Ховдын нутаг дахь Алтай -Харуул овоо бэлээхэн жишээ. Өвөрхангайн Уянга суманд ч бас нэг сайхан овоо бий. Хүннү, Сяньби, Нирун, Киданы үед хаан өргөмжлөгдөхөд асар том шороон мандал цогцолж, түүн дээр шинэ хаанаа гаргадаг байсан мэдээ бий. Чингис хаанд ч бас тийм мандал босгож байсан гэж зарим судалгааны зохиолд дурддаг. Шумөрууд хонийг их эрхэмлэдэг бөгөөд дайн байлдаан эхлэх үед хониор тахил өргөөд элгээр нь ирээдүйг мэргэлдэг байсан / тэгвэл Плано Карпини “…монголчууд шувууны нисэлт ба малын гэдэс дотроор мэргэлдэг” гэж дурдсан/, Шумер-Вавилон хэлнээ энэ төлгөдөх ёсыг “шибул” гэж хэлдэг байжээ. Энэ нь одоогийн монгол хэлний “шибага” буюу “шавга татах”- гэдэгтэй дуудлага ижил байгаа нь сонин бус уу! Шумерууд эзэн хаанаа “Тэнгэрийн хөвгүүн” гэж өргөмжилдөг байсан нь хүннү нар хаадаа “Чэнли-гуту” /Тэнгэрийн хүү/ гэж өргөмжилдөгтэй адил юм.Өрнө дахины судлаачид шашин шүтлэгийг ангилахдаа бөө мөргөлийг “бүдүүлэг” гэх маягаар өнгөц дурьдаад орхидог бол Мөнх тэнгэрийн шүтлэгийг бүр мэддэггүй нь илэрхий билээ. Миний үзэхээр Хоёр мөрний Шумер, Вавилон, Ассир нар бол Монголын язгуур Мөнх тэнгэр шүтлэгтнүүд гэдэг нь цаашид улам тодрох буй заа.
Тайлбар: Эртний Хоёр мөрний соёл иргэншлийг монгол угсаатай холбож судалсан эрдэмтэд ер байсангүй. Тийм санаа ч төрөөгүй нь мэдээж. 1997 оноос Чандмань гуай энэ санааг дэвшүүлж.түүнээс хойш урьд өмнө тайлагдашгүй мэт санагдаж байсан олон зүйлийг шинээр тайлбарлах боломжтой болж байгаа юм. Үүнд жишээ татвал “Ирак” гэдэг үг юм. Арабаар “Доод газар” гэсэн утга илэрхийлдэг боловч бичлэг нь эрдэмтдийг самууруулдаг байжээ. Яагаад гэвэл арабаар “Доод газар” гэдгийг огт өөр үгээр илэрхийлдэг байтал хавсарганд нь “Ирак” гэж байдаг аж. Энэтхэг-Европ, иран хэлний язгуур сангаас энэ үгийн гарвалыг олоогүй байлаа. Гэтэл энэ нь монгол бичгийн хэлний “Иругар” буюу одоогийн хэллэгээр “ёроол” гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. Үнэхээр ч Шумеруудийн нүүж ирсэн Хоёр мөрний доод урсгал бол ёроол л байж.Шумерууд Тигр мөрнийг Идигнэ, Евфратыг Буранупу гэж нэрлэдэг байсан нь монгол үгийн язгуураар тайлах боломжтой санагдана. Өөр нэг сонин мэдээ гэвэл шумерийн бичээснээс “Жүнд ил” гэсэн үг олдсоныг В.Бартольд, туркийн Кашгар нар “Морин жил” гэж тайлжээ. Эндээс олон сонин таамаглал гарах боловч шумерууд гарцаагүй монгол угсаатан байсныг гэрчлэх нь илүүтэй. Бас шумер үгэнд “эмэ” гэвэл хэл /хэлэхийн язгуур/ гэсэн утгатай гэнэ. Эртний монгол бичгийн хэлхээ хэлэхийг хэмээх гэдгийг бид мэднэ. “эмэ”, “хэмэ” нь утга нэг болно.Шумер хэлнээ “хаан” гэдгийг “фатеши” гэж тэмдэглэжээ. Тэгвэл Абугази Баатар ханы “Сэцлэгчдийн чуулганы намаа” хэмээх сурвалж бичигт “Баатачи” гэдэг үгээр хаан цолыг орлуулсан бий. Уг номыг орчуулсан хасагийн долоод овгийн Үлээн Цэдэндорж гуай “Батачи” гэдэг бол язгуурын монгол үг мөн. Түрэг хэлэнд ийм үг байхгүй гэдгийг батлав.“Фатеши” явсаар “Батачи” болж хувирахад 2000 жил хангалттай бус уу? Төгсгөлд нь өгүүлэхэд, манай баруун аймгийн дөрвөд баяд нар гал отголж хадгалж, шүмэр, шумар гэж хэлдэг. Энэ үг одоо ч утгаа хадгалсаар буй. Эндээс үзвэл шумер гэдэг маань шүмэр, шумар буюу “хадгалсан гал”, “отог гал” гэсэн утгатай монгол үг болж таарч байна. Сүмэр буюу миний дээр өгүүлсэн овооны нэр, шүмэр хэмээх отог гал лугаа утга авцалдана. Сүмбэр овоонд шүмэрээр гал бадраах нь өнө эртнээс өнөөг хүртэл монгол эсгий туургатанд байсаар ирсэн ёс. Ассирыг залгамжилсан персүүдийн түүхээс үүнийг харж болно.
Онход Т.Мандир
2 comments:
Монголын түүхийг эртнээс аваад өнөөг хүртэл судална гэвэл нэг хүн байтугай нилээд хэсэг хүн хамтраад ч барахгүй их ажил болох байхдаа. Ганцхан энд бичигдсэн зүйлсийг гадаадын хүмүүс хэр мэддэг юм болдоо. Бидний түүхийг тэд судалчаад түгээхдээ шал өөрөөр мушгидаг нь даанч харамсалтай. Жишээ нь хөөмий байна. Яах аргагүй монголын язгуур урлаг гэтэл дэлхийн өвд бүртгэхдээ Орос Монголын язгуур урлаг гэж бүртгэсэн гэж би уншсан юм байна.
sonirholtoi yum bichsend bayarlalaa. http://en.wikipedia.org/wiki/Sumer - dees uzsen "The Sumerians called their land 'the water land' but referred to themselves as ùĝ saĝ gígpe, phonetically uŋ saŋ giga, literally meaning "the black-headed people". - mgl-chuudiin unasan gazar ugaasan us gedegtei holbootoi yum shig sangdchihlaa. bi sudlaach bish bolhoor aldaj baij boloh yum :-)
Post a Comment