Friday, April 24, 2009

БУРАНГУЙ ЦАГИЙН БУУЛГАНД ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУНЫ ТУХАЙ


Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөл- тийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

Ер хүн төрөлхтний түүхэн дэх аливаа нийгмийн донсолгоо, өөрчлөлт бүхэн сайн сайхан, илүү төгс төгөлдөрт тэмүүлсэн дотоод их хүчний үйлчлэл дор өрнөдөг ч түүнийг дагасан их золиос, хямрал, хэлмэгдэл ёс юм шиг дагаж ирсэн байх юм. Энэ ёс ч бидний хүчлэн туулж буй энэ шилжилтийн дүр төрх нь болсон байна.

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Ýнэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ. Энэ нь хүмүүний амьдран оршихуйн философи, үзэл санааны хувирал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн ялангуяа гоо зүй, ёс суртхууны мөн чанарын асуудлыг нэг бүрчлэн шинжлэн үзэх боломжийг чухам уран бүтээлч хүнд олгодог болоод тэр болов уу. Манай энэ цаг үед бидний нүдэн дээр барим тавим харагдах хувь хүний дотоод ертөнцийн хямрал, итгэл үнэмшил, ёс суртхууныхаа баримжааг алдан сүйрч буй сүйрэл цөхрөл, мөн түүний хажуугаарх оюуны шинэ эрэл, тэмүүллийг манай утга зохиолд барим тавим тод дүрсэлсэн нь энэ сүүлийн 20 орчим жилд бараг үгүй агаад өөрсдөө гүн хямралд орж, баримжаагаа алдчихаад байгаа манай утга зохиолчдоос бас тийм зүйл шаардах нь зохисгүй, ёс зүйгүй ч байж болох юм. Гэтэл харин утга зохиолын хүрээнээс анхи хол, огтоос өөр ажил мэргэжлийн хүн эл асуудлыг гоо зүй, философи ёсзүйн хүрээнд нэлээн ул суурьтай хөндөн, уран сайхны хувьд ч бас боломжийн боловсруулан тавьж буйг үзээд эрхгүй олзуурхан баярлав. Хөвхөр овогт Жамбын Түмэнбаяр хэмээх эгэл нэгэн ýäèéí çàñàã÷ийн бичсэн “ХУГАРСАН” НОЁН НУРУУ, ХӨӨРХИЙ САРАА гэсэн хоёр бэсрэгхэн туужийн тухай энд өгүүлж байна. Ялангуяа “ХУГАРСАН НОЁН” НУРУУ туужид энэ асуудлыг хэд хэдэн талаас нь илэрхийлэн гаргахыг зорьж, ёсзүйн нэгэн тусгаар ангид бодьгал элемэнт өнгөрсөн, одоо хоёр нийгмийн харьцааны гүнд хэрхэн “оршин тогтнож” буйг та бидний өдөр тутмын аж амьдралын сэдэв дундаас гарган үзүүлжээ. Амьдралын хүнд бэрхэд хүн чанар, ноён нуруугаа алдаагүй итгэл төгс амьдарч яваа нэгний тухай өгүүлдэг Ч.Лодойдамба агсны “Хугараагүй ноён нуруу” хэмээх сайхан өгүүллэг бий. Харин энэхүү өгүүлэн буй “ХУГАРСАН” НОЁН НУРУУ туужид нийгмийн шилжилтийн бурангуй тоосонд сөхөрч унатлаа дарагдсан Жамбалын тухай өгүүлнэ. Жамбал нь ажил амьдралаасаа эхлээд итгэл үнэмшил, хайр дурлал бүхнээ нуга хуга даруулсан харагдах ч мөн чанартаа бол түүний дотоод ертөнц энэ бурангуй цагийн салхийг найдваргүй ч гэсэн сөрөн зогсох чадалтай хэвээр байж, түүний дотоод мөн чанар нь огтхон ч ХУГАРСАНГҮЙ ажээ. Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлснийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань ò¿¿íèé ноён нурууã õóãàðààã¿é ãýæ ¿çæýý. Зохиолд Жамбалаас гадна Бүжмаа, Чулуун гэсэн хоёр дүр их тод тусчээ. Ажилч хичээнгүй, үнэнч шударгуу Бүжмаа бүсгүй бол Жамбалын насан багын хань нь. Гэвч тэрáýýð цаг үеийн ёс бусын хүчирхэг тулгалтын өмнө барьц алдан ёс суртхуун, итгэл үнэмшлийн хувьд сульдан тамирдсаар сөхрөн унаж байна. Түүний зүтгэл төдийгүй алдаа бүхэн нь Чулууны зол завшаан болно. Тэр бүхэнд цөхөрсөн Бүжмаа “Хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямарч арга хэмжээ авдаггүй, хэнд ч хэрэггүй тэр олон эрх чөлөөгөөр чинь бид яах юм бэ? Мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг тэр шүүхээр чинь бид яах юм бэ?” хэмээн áàõàðäàí хашгирч байна. Түүнд итгэл найдвар, гэрэл гэгээ харагдсангүй, тэр харж чадахгүй байсаар эмгэнэлтэйгээр хорвоогоос хальдаг. “Мөн ч их хүлээлээ дээ” гэдэг шиг мөн ч их олон хүн ийнхүү сөхөрч унасан даа, энэ хэдхэн жилд. Гуравдах нь болох Чулууны дүр бүр ч их түгээмэл. Дээр нэгэнтээ ишлэл авсан Ф.Достоевский “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг” хэмээн тэднийг урнаар тодорхойлсон нь бий. Манайхаар бол “Муу хүн дүйвээнээр, чоно борооноор” гэдэг дээ. Чулуун бол энэ тодорхойлолтонд яв цав таарах хэв шинж гэдгийг энэ зохиолыг уншсан хэн бүхэн ойлгох болно. Тэр ардчиллыг хамгийн түрүүнд талархан дэмжсэн нь угаасаа ардчиллын үзэл санааг итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ хүлээн авсаных бус, харин дүйвээнээр сиймхий гарч буйг ашиглан “тэсч ядсанаа илэрхийлсэн” хэрэг. Тэр чадварлаг инженер, ажилч хичээнгүй Жамбал, Бүжмаа мэтийн хүмүүсийн чадварыг хөнгөн заль, гүйлгээ ухааныхаа хүчээр ховх сорон ашиглаад зогсохгүй тэдний амь амьдралаар нь, амин ганц охиноор нь ч тоглож чадна. Жамбал “Миний энэ хоёр гар мухар болтлоо, Бүжмаагийн толгой мангуу болтлоо ажилласан, түй п.... ” гээд нулимж байдаг. Энэ ч үнэн л дээ, ёс суртхуун, итгэл үнэмшлийн баримжаагүй болно гэдэг нь Бүжмаа мэтийн хүмүүст “мангуу” болíо гэсэн үг. Харин Чулуунд Жамбал болоод Бүжмаа нарынх шиг ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байгаагүй учраас түүнд төөрөлдөх, баримжаа алдах, цөхрөх явдал гарсангүй, тиймээс ч ардчилал, шударга ёсны үйлчлэл эхлээ ч үгүй шилжилтийн тэр бурангуй цаг үедээ маш хурдан хамелион мэт зохицож, зүй ёсны болон зүй ёсны бус бүхий л аргаар олж авах зүйлсээ шүүрэн авч чадна. Амжилттай зохицоод зогсохгүй тэр улс төр, эрх мэдлийн өндөрлөг өөд улам шаргуу зүтгэж байна.Үүнийг зохиолд хэдэн үгээр ингэж бичжээ. “Чулуун улам баяжиж сонгуульд оролцон, Бүжмаа, Жамбал бусад олны бий болгосон хөрөнгийг түүндээ зарцуулж, аймгийн хурлын төлөөлөгч болсон гэнэ. Бас эхнэр Жагаагаа хайр найргүй хөөж, архи дарс уун, зугаа цэнгэл хөөцөлдөж, толгойгоороо хөл хийж, танил тал, хөрөнгө мөнгөөрөө байнга үйлдэх гэмээ хаацайлж, эрх чөлөө гэдгийг ч эдлээд өгчээ. Нөгөө том даргын тоочсон олон эрх чөлөө бол зөвхөн Чулуунд, мөнгөтэй хүнд л зориулагдсан эрх чөлөө юм байж л дээ”Аман дээрээ ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, ачир дээрээ юу ч хийхээс буцахгүй болтлоо улайран тэсч ядах, сүнсээ түймэрдүүлсэн энэ Чулууны амьдрал дээрх бодит дүр гэлмэн хэлмэгдсэн Жамбалуудын нэгэн адил дэндүү олон. Өнөөдөр улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас нэг бус нэлээд олон Чулууны өрөөсөн дугуйнуудыг бүр нэр ус, хийсэн үйлдсэнээр нь барим тавим баримттайгаар дурдаж ч болохоор байгаа билээ. Чухам өнөөдөр бидний их золиос гарган олж авсан ардчилсан хувьсгалын ололт маань ихээхэн гажуудаж, анархи маягтай цөөнх олигархийн дарангуйлалд нэн дөхөж очсонд тэдгээр Чулуун нарын “гавьяа зүтгэл” ихээхэн үүрэг рольтой байгаа юм. Шиндлер хуруун дахь алтан бөгжөө хараад “... үүгээр би дахиад хоёр хүний амь аварч болох байсан шүү дээ” хэмээн гаслан уйлдаг шиг зүйл Чулуун нарт бараг л тохиолдохгүй болов уу. Ер нь ямар нэгэн итгэл, бишрэлгүй хүн хүн-араатан болж хувирдàгын жишээ.Бидний энэ цаг үед үй олон хүний амьдрал яг л энэ Жамбал болон Бүжмаагийн адилаар нуран унасан. Тэднийг хувиран өөрчлөгдсөн цаг үеэ ойлгон хүлээн авч, зохицон амьдарч чадаагүй бол хохь нь гэж буруутгах өнөө цагийн ёсзүйчид их олон бий. Гэвч тэдний дотоод ертөнцийн гүн дэх шаналал, ёс бусын эсрэг, дотоод мөн чанараа хадгалж үлдэх гэсэн тэмцлийнх нь өмнө ямар ч буруутгал өчүүхэн зүйл юм. Бид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай байнга л ярьдаг. Нэр томьёоны хувьд 1930-аад оны үйл явдлыг хилсдүүлэг гэвэл илүү оновчтой бөгөөд харин энэ туужид гарч буй золгүй хувь тавилантнууд бол нийгмийн шилжилтийн төлөөсөнд хэлмэгдэж буй жинхэнэ хэлмэгдэгсэд гэлтэй. Энэ үзэгдэл хэдэн арван мянгаар тогтохгүй хүний, гэр бүлийн дээгүүр одоо ч хар сүүдрээ тусгасаар байгаа. Өөрөөр хэлбэл цар хүрээгээрээ 1930-аад оныхоос хавьгүй илүү байж мэдэх тийм их хэлмэгдүүлэл бидний энэ цаг үед ид өрнөж байна. Үүнийг зохиогч маань гярхай ажиглажээ. Жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеэ, нийгмийнхээ тогтолцоог шүүж, эргэцүүлэн харсан нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиогч маань эцэст нь “Устсан бус устгагдан үгүй болох бидний адил үгүй болсон ч сэтгэл зүрхэнд минь байсаар байх юм даа” хэмээн шүүрс алджээ. Энэ бол тэрхүү бүхэл бүтэн үеийнхий дотоод сэтгэлийн гүнээс гарч буй нийтлэг дуу авиа юм. Гэвч эцсийн эцэст энэ бүх зовлон золиос болон сарнихад бид улам илүү үнэн, улам бат гүн гүíзгий тийм үзэл санаа руу шилжиж байгаагаа мэдрэх болно. Ер үеийн үед түүхийн хүрд илүү төгс төгөлдөр, илүү сайн сайхан руу эргэж байсан билээ.

Б.Номинчимэд

No comments:

: