Saturday, April 18, 2009

Тумугийн Тулалдаан


Тумугийн Тулалдаан нь 1449 оны 9-р сарын 8-ны өдөр Эсэн Тайш тэргүүтэй Ойрад Монголчууд, Мин улсын Жэнтун хааны цэргийн хооронд болжээ.
1449 оны 7 сард Эсэн Тайш 3 замаар Мин улсад довтлов. Түүний биечлэн удирдсан гол замын цэрэг Датун хотын чиглэлээр давшжээ. Мин улсын их сайд Ван Жен тайганы ятгалгад орж 22 настай залуу Жэнтун хаан хам хум 500 мянган цэрэгтэй их армийг цуглуулан өөрийн биеэр Монголчуудын эсрэг хөдөлсөн байна. Жэнтун хааныг Ван Жен тэргүүтэй 20 туршлагатай жанжин, бусад олон тооны сайдууд дагалджээ.
8-р сарын 3-нд Эсэн Тайшийн цэрэг Хятад цэргийн түрүүчтэй цагаан хэрэмний ойролцоо Янгхед тулгаран байлдаж эхэлжээ. Мөн өдөр Мин улсын хаан дүү Жу Циюйд улсыг захируулан үлдээж Бээжингээс мордов. Хятад цэрэг хүчээр дутуу Ойрадуудыг хурдан зүйл дуусгаад буцна хэмээн төлөвлөж гарсан тул бэлтгэл муутай байв.
Гэвч байдал тэдний санаснаар болсонгүй. Олон хоног үргэлжлэн орсон ширүүн бороо явган цэргийн хурдыг сааруулжээ. Зутарч санаагаар унасан ордны бараа бологчид хааныг Жуёон Гарцаас буцаах гэсэн боловч Ван Жен тэднийг сонсохыг ч хүссэнгүй. 8-р сарын 16-нд Мин улсын цэрэг зорисон Янгхед хүрсэн боловч тулаан аль хэдийн дуусч хөндий хятад цэргийн хүүрээр дүүрсэн байлаа. Цааш явсаар 2 хоногийн дараа Датунд хүрч хотын хамгаалагчдаас Монгол цэргийн талаар мэдээ авав. Датуны хамгаалагчид Ван Женийг үүнээс цааш давшин Монголын тал нутаг руу орох нь эзэн хааны амь насанд аюултай байж болох тухай ятган Бээжин рүү буцахыг санал болгожээ. Ингээд Монголчуудтай илд зөрүүлэлгүй буцаж явахдаа замдаа дайнд ялсан мэтээр зарласаар явжээ.
Ван Женгийн хувийн эдлэн буцах замд нь Южоуд байсан бөгөөд ядарсан цэргүүд хөрөнгийг нь төлж мэднэ гэж айсандаа эдлэнгээсээ холуур тойруу замаар буцахаар шийджээ. Монгол цэрэг ухарч яваа дайсныг тайван орхилгүй жижиг баг цэргүүдээр хөөн байлдсаар байв. Ингэж явсаар 8 сарын 27-нд Сианьфуд очиж буусан байна. 8 сарын 30-нд Монголчууд Сианьфугийн зүүн этгээдэд байсан арын хамгаалалт руу довтлон устгажээ. Мөн тэр өдөр туршлагатай хөгшин жанжин Жу Ёонгийн морин цэргийн том арми Яоэрлинд Монголчуудтай таарч байлдсан боловч ялагдсан байна. 8 сарын 31-нд Жэнтун хаан цэргийн хамт шуудангийн Туму өртөөнд хүрч буудаллажээ. Зарим хашир сайд нар Ван Женд 45 км-ийн зайд байгаа зузаан хэрмээр хамгаалагдсан Хуайлай хотод орж хоргодохыг санал болгосон ч хүлээж авсангүй.
Эсэн тайш нэг баг цэргийг хошууч болгон илгээж хятад цэргийн өмнө зүгт усанд хүрэх замыг нь хаалгажээ. Ингээд 9 сарын 1-нд довтолгоонд орж хятад цэргийн хүрээг бүслэн хаажээ. Ван Жен Эсэн Тэйшийн хэлэлцээр хийх саналыг хүлээж авсангүй. Харин ундаасаж туйлдсан цэргээ голын зүг дайран бүслэлтийг сэтлэн гарахыг тушаав. Эмх замбараагүй усны зүг улангасан зүтгэх хятад цэрэг Монголын хошууч цэргийн (Эсэн тайш тэргүүтэй Монголын гол хүч тулааны үед ирж амжаагүй) хооронд ширүүн тулаан өрнөж дэг журмаа алдан хяналтгүй болсон хятад цэргийн олонхи нь алагджээ. Монголчууд Мин улсын цэргийн бүх том тушаалтнууд, ордны бараа бологчдыг устгаж асар их зэр зэвсэг, эд хогшил олзлон авсан байна. Ван Женг зугтах гэж байгаад өөрийн цэргүүдэд алагджээ. Монгол цэрэг Жэнтун хааныг таниад алалгүй Эсэн Тайшт авчирч өгчээ.
Эсэн тайшийн тухайд дайсны хааныг олзлоно чинээ санаагүй тул түүнийг яахаа мэдэхгүй байв. Эхлээд Бээжин рүү элч илгээн хааныг нь золиос аван суллахыг санал болгосон боловч тус хотын цэргийн удирдлага улс орны хувь заяа эзэн хааны амь наснаас илүү чухал гэсэн татгалзсан хариу өгчээ. Тэгээд ч олзлогдсон хааны дүү нь өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн тул байр сууриа ахдаа тавьж өгөхийг хүсэхгүй байв. Үүний хариуд Монголчууд Бээжинг бүсэлсэн боловч хэрэм эвдэх сайн багажгүйгээр бат бөх хэрмээр хүрээлэгдсэн хотыг дайран эзэлж чадсангүй. Өдөр хоног өнгөрөх тусам Хятадын өнцөг булан бүрээс туслах цэрэг ирж байсан тул цэргээ хураан буцжээ. Эсэн тайш Жэнтун хааныг 4 жил хорионд байлгасны эцэст ямар нэг төлөөс авалгүй төвьж явуулсан юм.
Тумугийн тулалдаанд Монгол цэргийн хошууч болох ердөө 2 түмэн цэрэг оролцож түүхэнд ховор тохиох агуу ялалтыг байгуулсан билээ. Энэ тулалдаан нь Мин улсын 300 жилийн түүхэн дэх хамгийн том ялагдал байсан юм.

2 comments:

Anonymous said...

Бахархмаар түүх. Энэ тухай би түүхэн романаас уншиж байсан юм байна. Одоо ч гэсэн Америкууд Хятадын цэргийн хүчийг байлдах чадваргүй гэж үздэг юм шиг байна лээ.

Anonymous said...

Эсэн Тайш, Тайсун хааны цэрэг хамтын хүчээр Мин улс руу дайрсан!! Гэхдээ ойрдын Эсэн тайшийн цэрэг тооны хувьд илүү байсан!! Ойр Монголын цэрэг Бээжинд дөхөж очоогүй, тиймээс Бээжинг бүслээгүй!!!!!! Тулалдаан цагаан хэрмийн гадна талд болсон!!! Бодитой зүйл яриж бай л даа, сайн судал, сэтгэлийн хөөрлөөр бүү бич!!

: