Sunday, April 19, 2009

Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл

Дэлхийн дэлдгэр чихэнд
Дэлсэж яваа Монгол
Орчлонгийн бүлтгэр нүдэнд
Од шиг гялалзаж яваа Монгол …

Дэлхийд алдартай Тайм сэтгүүлийн 20 дугаар зууны сүүлчийн, 21 дүгээр зууны анхны болох "Time Millenium" нэртэй нэгэн тусгай дугаар шинэ зууны босгон дээр хэвлэгдэн гарчээ. Time сэтгүүл энэ дугаарараа өнгөрөгч мянганы хүн төрөлхтний түүхийг эргэн нэг харж нийгэм улс төр, урлаг соёл, шинжлэх ухааны салбарт гарсан онцлог үйл явдал, нээлт, амжилт ололтыг тодруулж гаргаснаас гадна мянганы алдар цуутнуудыг нэрлэсэн байна. Өнгөрөгч Мянганы зуун болгоноос зууны шилдэг хүнийг онцолж арван алдартныг тодруулснаас Хатан хаан Elizabeth 1(16-р зууны), агуу физикч Isaak Newton (17-р зууны), их тооч Albert Einstein-ийг 20-р зууны хамгийн чухал хүн хэмээн нэрлэсэн бол 13-р зууны алдар цуутнаар "хүн төрөлхтөний түүхэнд хамгийн агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч" Чингис хааныг тодруулсан байна. Сэтгүүлч Howard Chua-Eoan-ы Их хааны тухай бичсэн хөрөг өгүүлэлд "Монголын Нууц Товчоон"-д өгүүлдэг Чингис хааны идэр нас, түүнд тохиолдсон хүнд хэцүү цаг үеэс, хамаг Монголыг нэгтгэж байсан тухай хийгээд Чингис хааныг их аян дайн хийн Ази, Европыг түрэмгийлж явсныг товч тодорхой өгүүлж, Чингис хааны түүхэнд эзлэх эерэг сөрөг байр суурийг дүгнэн бичжээ.
Цааш нь Чингис хааны үүсгэн мандуулсан Монголын Эзэнт Гүрэн өрнөдөөс дорнодод зорьчих жуулчид, худалдаачдад тайван аялах нөхцлийг хангаж, тэдний өрнөдөд буцахдаа тээдэг бараа таваар, явсан газрын нь сонин түүх дэлхийг өөрчилж байсныг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Marko Polo-гийн Эзэнт гүрэнд хийсэн аяны түүх хожим Christofer Columbus-ын зүүд мөрөөдөл болж, улмаар дорно зүгийг зорьсон олон жуулчид аян замдаа Америк тивийг тохиолдлоор нээж эхэлснийг 1634 онд Канадын Quebec-ээс Умарт Хятадыг зорьсон франц жуулчин Jean Nicollet-ийн Хойд Америкын Wisconsin дахь Green bay-н тохойг нээснээр жишээ татан тайлбарласан нь их сонирхол татав.
Пап ламаас Их хаан уруу илгээгдсэн дипломат элчүүд буцахдаа Европт анх дарины нунтаг авчирч, тэдний нэгэн болох Oxford-ын шинжээч Roger Bacon Европт анхалж бууны дарины тухай бичиж байсныг сэтгүүлч Chua Eoan тэмдэглээд, Өмнөд Хятадад, Бирмээс үүсэлтэй, 1347 онд Кримд анх Монголын армиар тээгдэн ирж хожмоо Европын хүн амын гуравны нэгийн амийг хөнөөсөн Хар тахлыг шууд биш утгаар Чингис хаантай холбон тайлбарлажээ. Тэрбээр Монгол цэргийн хорвоод хосгүй тэсвэр тэвчээрийг цохон тэмдэглээд Чингис хааныг Saddam Hussein-ээс 800 жилийн өмнө олзлогдогч нараа бамбай хийн байлдаанд орж, асар их гамшиг(terror) хийж байсныг нь ч өгүүлсэн байна.
Мөн цаашилбал, Time сэтгүүл энэ дугаартаа Мянганы Атлас (Atlas of the Millenium) хэмээн нэрийдэх өнгөрөгч мянганы дэлхийн улс төр, эдийн засаг, хүн амыг тоймлон харуулсан зургаан ширхэг атласыг дэлгэн үзүүлжээ. Тэр дунд 13-р зуунд дэлхийн газрын зургийг тэр чигээр өөрчилсөн Монголын эзэнт гүрэн, бусад дагавар хаант улсуудын хил хязгаарыг харуулсан нэгэн атлас тавигдсан байна. Үүгээр ч тогтохгүй тухайн түүхэн цаг үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн төв болсон 6 хотыг нэрлэхэд, New York-ыг 21-р зууны, London-г 20-р зууны төв гэж тэмдэглэсэн байхад Хубилай Хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Даду-г 1300-аад оны дэлхийн төв байсан гэж тодорхойлсон нь их сонирхолтой баримт байлаа.
Өнгөрөгч Мянганы хүн төрөлхтөний соёлын хөгжлийг тодорхойлох үүднээс архитектур, цаас, усан онгоц, гутал гэсэн 4 категорийг сонгож эдгээрийн түүхэн хөгжлийг харуулсан он цагын хэлхээсийг гаргасан байна. Архитектур, уран барилгын түүхэн хөгжлийг зуун болгоноос хоёр барилга байгууламжыг тодруулж он цагын дарааллаар жагсаан харуулсны дунд 20 зуунд Kuala Lumpur дахь дэлхийн хамгийн өндөр барилга Petronas Towers (1476 ft), 19-р зуунд Парисын Эйфелийн Цамхаг, 17-р зуунд Ромд Rafael, Mikelanjelo нарын барилцсан Хутагт. Петерсийн Басиликаг (St Peters's Basilica) дурьдсан байх агаад мөнхүү жагсаалтанд 1555 онд Монголчуудыг дарснаа тэмдэглэж Иван хааны бариулсан Хутагт Василийн сүм (St.Basil's), 1550-1557 онд баригдсан Доголон Төмөр хааны удам Шагж Хааны эхнэртээ зориулж бариулсан Таж Махалыг багтаажээ.
Цаасны хөгжлийн түүхэн хэлхээст 1300-аад онд Монголын Эзэнт гүрний худалдаачид, язгууртнуудын Европт авчирсан гэж үзэх модон барыг (block printing) дурьдсан байна. Энэ мэтчилэн түүхэнд холбоотой мэдээ материал TIME сэтгүүлийн мянганы тусгай дугаарт нэлээд их байсныг энд чадан ядан эвлүүлэв. Энэ ялдамд Time сэтгүүлийн дэлхийн сая сая уншигчдад дэлхийн түүхэнд үлдээсэн Монголчуудын ул мөр үнэхээр гүн болохыг энд гаргасан олон баримт материал нотлон харуулсан болов уу? гэсэн ахархан бодол төрж байв. Time сэтгүүлээс Чингис хааныг мянганы алдартнуудын нэгээр тодруулсан нь Монгол өвөг дээдэс минь дэлхийг доргиож явсан баатарлаг түүхийг дэлхий нийтийн өмнө дахин нэг дэлгэн харуулсан тэмдэглүүштэй үйл явдал боллоо.

Эмхлэн орчуулсан Даваабатын Сайнбаяр

No comments:

: