Wednesday, May 7, 2008

Монгол Гvрнvvд

Монголын Хүн/нү/ Гүрэн

Нүүдэлчдийн язгуур Их улс Хүн гүрэн нийтийн тооллын өмнөх III зууны эхээр үүсэн байгуулагджээ. Үндэслэгч нь хуянь овгийн Модун НТӨ 210 онд хаан ширээнд суусан. Хүн улс 200 гаруй жил Төв Азид оршин тогтнохдоо нүүдэлчдийн төрийн сонгодог загварыг анх бүтээсэн юм. Тухайлбал аравтын тогтолцоо, улсын гурван хуваарь /баруун, төв, зүүн гар/, хаад хийгээд төр ёсны бэлгэ тэмдэг /сүлд, тамга, шүхэр гэх мэт/ зэргийг анх үүдэн бүтээсэн нь хойч үеийн төрт улсуудад уламжлагдсан.
Хүн улс мандал бадралынхаа үед /НТӨ II зуун/ дорно зүгт Солонгосын хойг, өрнө зүгт Балхаш нуур, Арал тэнгис хүртэлх улс үндэстэнүүдэд нөлөөгөө тогтоосон бөгөөд баруун зүгийн орнуудаар дамжуулан Ромын БНУ-тай харилцаж байв. Хүн улсын дотоод эдийн засаг, аж ахуйн байгууламж нь сонгодог нүүдлийн иргэншил дээр тулгуурлан хөгжиж, гадааддаа худалдааны Их Торгон замыг хянаж байсны хувьд тухайн үедээ улс төрийн нэр хүндээр Ази тивд оройлж, их гүрэн буюу империйн хэмжээнд хүрч очсон юм.
Үнэхээр ч хүчирхэг импери байсан нь дараа үеийн түүхээр нотлогдоно. Үүнд Төв Азид Хүн улс мөхсөний дараа /НТ 53 он/ баруун зүг тасран шилжсэн Цагаан Хүн нар 430 оны орчим Эфталит /хятад сурвалжид Юйда/ улсыг байгуулсан, мөн хүн нарын хэсэг нүүдэлчид НТ II зууны үед Дорнот Европод нүүн очиж Өрнөд Хүн хэмээх /Гунны/ хүчирхэг улс байгуулсан зэргээс харж болно. Хүн улсын төрийг Модун хаанаас эхлэн Шилошиндоди /НТ 48-56 он/ хүртэл 30 хаан залгамжлан барьжээ. Хятадын Хан улсын эзэрхийлэлийг ёс төдий хүлээсэн Өмнөд Хүн улс, Умард Хүн улсыг залгаж 216 оныг хүртэл өмнөд монголын нутагт оршин тогтнохдоо 21 хаан /чэн-юй/ залгамжилжээ.


СҮМБЭ /СЯНЬБИ / УЛС

Хүн улс болон хүнчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн нэгэн хаант улс нь Сяньби улс юм. Сяньби аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна.Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг,худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ.
Сяньби нарын өвгө дээдэс нь дунху буюу дорнод ху мөн гэх бөгөөд генийн хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан.Сяньби улс төрт ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж,бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.
Сяньби улсын хаадын үе залгамж төдий л тодорхой бус байдаг. Сяньби улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон. Сяньби нарын залганцар нь Кидан мөн гэж үздэг.Сяньби улс задрах үед Муюн улс (318-360 он), Тоба Вэй (Их Юан)улс (307-581 он) тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур,Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогон улсыг байгуулсан, тэдний хойч үе нь X-XI зууны үеийн Шарай голынхон мөн бөгөөд XIII зууны үеэс Монгол нүүдэлчдээр цус сэлбэгдэн, Зүүн гар хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан ажгуу.


ЖУЖАН БУЮУ НИРУН УЛС

Хүн, сүмбэ нарын шууд залгамж болсон Жужан улс 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг. Гэвч 402 онд ширээнд суусан Шэлүнь буюу Жарун бол Нирун улсыг хүчирхэгжүүлсэн эзэн хаан юм. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв.
Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ. Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.
Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт <<Чэн-юй>> цолыг <<хаган>> цолоор сольсон байдаг. Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин Өрнөд хүн улсыг орлон Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж IX зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг өрнө дахинд зарлан тунхагласан билээ.
Нирун улсад 8 хаан үе залгамжилж, 555 онд Түрэгийн хаант улсад мөхөөгдөв. Энэ нируны зарим дүрвэгсэд мөн баруун зүг нүүж, 570-аад онд Аварчуудын дэмжлэгээр Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй.


КИДАН УЛС

Киданыг Лууха (Ляохэ) голын баруун талаар нутагласан сяньби нарын тасархай гэх бөгөөд монгол лугаа нэгэн удамтай гэж тогтоожээ.388 оноос Кидан нар Муюн,Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. VIII зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ.Елюй овогтны 8-р үе болох Абужи (Амбагян) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.
Елюй Абужи улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно. Өмнөд Ордод суурьшмал тариаланч иргэд зонхилох бол Умард Ордод уугуул Кидан нар,тэдний төрөл нүүдэлчид харъяалагдаж байв.Елүй Абужи(Амбагян) амьдралынхаа идэвхитэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Абужийн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь Х-XI зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм. Кидан улсын үе нь өвгө нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елүй овгийн Даши ноён баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Дорнод Туркестан, Хоресмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213)тогтсон бөлгөө.


ХАМАГ МОНГОЛ УЛС

X зуун буюу Кидан улс ид хүчирхэгжиж байсан үед одоогийн монгол улсын нутагт оршиж байсан нэгэн монгол аймгийн холбоодыг Киданы сурвалж бичигт <<Мынгули улс>> гэж тэмдэглэсэн байна. Мөн үүнээс гадна хэрэйд, найман, мэргид, татаар гэх аймгуудын нэрс ч түүхэнд үлджээ. Аль нь монгол бус юм бол гэж түүх сонирхогчид гайхах нь магад. Үнэнийг хэлбэл, энэ <<монгол>> хэмээх үгийн оньсогыг өнөөдөр ч тайлаагүй байгаа юмаа. Гэхдээ ямар ч болов энд дурдан бүхий <<мэнгули>>гэдэг нэрээр гурван гол буюу Онон, Хэрлэн, Туул голын сав нутгаар нүүдэллэн малждаг аймгийн томоохон холбоог нэрлэсэн нь тодорхой юм. Энэ аймгийн холбоог хиан овгийн Бодончар үүсгэн байгуулсан бөгөөд хожим түүнээс боржигин овог салаалсан гэж монгол түүхэнд өгүүлнэ. Бодончарын амьдарч байсан цаг үеийг өнөө хэр тодлоогүй, маргаантай байна.
Боданчараас хойш 8-р үеийн эзэн Хабул хаан бол Х зууны эхэн үед амьдарч байсан нь тодорхой бөгөөд чухам Хабул хааны үед л Хамаг Монгол улс ихээхэн нэр нөлөөтэй болж, тэр үед бууран доройтоод байсан Кидан улсыг өмгөөлөхийн зэрэгцээ ид түрэмгий хүч нь бадарч байсан зүрчин манж нарыг сөрөх тэмцэх явдалд бусад монгол аймгуудаа оройлох үүрэгтэй болсон юм. Хабул хаан энэ тэмцэлдээ зөвхөн цэргийн хүчинд тулгуурлаагүй, дипломат уян хатан бодлогыг ихээхэн явуулж байсныг хожмын түүх сударт тэмдэглэжээ.
Хамаг Монгол улс Бодончараас хойш 9 ханы үе дамжиж, төрийн байгууламжийн хувьд ихэд цэгцэрсэн боловч Хотала ханыг нас барсны дараа ноёлох овгуудын эрх ашгийн төлөө тэмцэлд нэрвэгдэн бутралын байдалд оржээ. 1189 онд Боданчарын шууд удмын Тэмүүжин Хамаг Монголын хан ширээнд сууснаар гурван голын энэ ханлиг сэргэн мандсан төдийгүй нийт монгол угсаатны хувьд түүхийн гайхамшигт шинэ үе нээгдсэн билээ.


ИХ МОНГОЛ УЛС БА МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН

Тэмүжин Чингис хааны удирдсан Хамаг Монгол улсаар гол цөм болгосон Их Монгол улс 1206 онд байгуулагдав. Чингис хаан болон түүний шадар зүтгэлтнүүдийн 15 жилийн нөр шаргуу хөдөлмөр цус асгаруулсан тэмцлээр цогцлон бүтээгдсэн Их Монгол улс бол нүүдэлчин монголчуудын үе үеийнхний хүсэл мөрөөдлийн биелэл болж чадсан бөгөөд байгуулагдахаасаа эхлэн өвгө дээдэс болох Хүн, Сяньби, Нирун зэрэг язгуур улсуудын төрт ёсны мөн чанарыг өвлөн авч хэрэгжүүлсэн байна.
Их Монгол улс оршин тогтносон харьцангуй богино хугацаандаа үндэстнийхээ соёл, сэтгэлгээг нэн өндөр түвшинд боловсруулан төлөвшүүлснээс гадна онцлон дурдууштай нь дэлхийн хүн төрөлхтөнд зэрэгцэн оршиж, энх тайвнаар амьдрах боломжийг нээн харуулсан төдийгүй энэ чиглэлд анхны алхмуудыг зоригтой бөгөөд тууштай хийж чадсан нь гайхамшигтай билээ.Үүнд монголын тулгар төрийг үндэслэгч Чингис хааны гавъяа зонхилох нь маргаангүй юм.
Чингис хаан Их Монгол улсын нутаг дэвсгэрийг өрнө зүгт Каспийн тэнгис, дорно зүгт Номхон далай хүртэл өргөтгөсөн нь зөвхөн монголын цэрэг зэвсгийн хүч төдий бус тодорхой хэмжээгээр энх тайвныг эрмэлзсэн тухайн орон нутгийн үндэстний дэмжлэгийг авснаар тайлбарлагдах ёстой.Чингис хаан Их Монгол улсын дотоод, гадаад бодлогын агуулга, цар хүрээг тодорхойлсон “Их засаг” хуулийг 1206 онд Их Хурилдайгаар батлуулсан нь монголын хууль цаазын сэтгэлгээний ноён оргил болж, улмаар дараа дараагийн зуунд Евроазийн олон улс орон дахь төр ёсны хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн байна. 1227 онд Чингис хаан таалал төгсөх үед Их Монгол улс нэгэнт эзэнт гүрний хэмжээнд хүрчээ. Монголын эзэнт гүрэнд 4 хаан уламжилж, 1259 онд Мөнх хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр задрал үүсч Евроазийг дамнасан дөрвөн эзэнт улс болж хуваагдсан билээ.


АЛТАН ОРДНЫ УЛС

Алтан ордны улсын эрх баригч хаад хэл, шашин, соёлын харилцан адилгүй олон угсаатныг нэгтгэн захирахдаа тэдгээрийг эвцэлдүүлэн зохицуулах төрийн бодлогыг чадамгай явуулснаар өөрийн ноёрхлыг 200 гаруй жил тогтоон барьж чадсаныг “Алтан Ордны улс” нэг сэдэвт зохиолд судлан харуулсан болно.Евразийг дамнасан асар уудам газар нутагтай, олон угсаатныг нэгтгэсэн Монголын гүрний бүрэлдэхүүнд 1242 онд Алтан Ордны улс байгуулагдсан билээ.
Алтан ордны улсын түүх нь Монголын эзэнт гүрний түүхийн салшгүй хэсэг юм. Алтан Ордны улс нь тухайн үед монголын төрөөс явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг эзлэн авсан улс орны онцлогт тохируулан хэрэгжүүлж өрнө зүгийн орнуудад монголын ноёрхлыг тогтоон барьж байсан гол төвийн нэг байсан юм.Сүүлийн жилүүдэд Алтан Ордны улсын түүхэнд холбогдох эх сурвалжууд түүнд тулгуурласан эрдэмтдийн судалгаа нэлээд гарснаар шинэ баримт, шинэлэг дүгнэлтүүд судалгааны эргэлтэд орж, түүхэн үйл явцыг бодитойгоор авч үзэх болсон Алтан Ордны улсын түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр болж байна. Бидний явуулсан судалгааны үр дүнд Алтан ордны улсын засаг захиргааны зохион байгуулалт, алба татварын системийн талаар шинэ шинэ дүгнэлтийг хийх боломжтой болов.
Бат хаан ахмад хөвгүүдийн аян дайныг удирдан өрнө зүгийн орнуудыг эзлэн авч Алтан Ордны улсыг байгуулсан түүхийг нэгэн өнгөөр харлуулан будах бус харин асуудалд бодитой хандан, байлдан дагууллын эхэн үед хүний амь нас, соёлын үнэт зүйлийг эвдэн сйүтгэсэн ч дараа нь түүнээсээ илүү ихийг бүтээн байгуулсан гэдгийг баримтад тулгуурлан нотлон харуулахыг оролдов.
Алтан ордны улсын ноёрхлын үед худалдаа, эдийн засаг, зам харилцаа урьд байгаагүйгээр хөгжсөн нь хүчирхэг төрийн нэгдсэн зохион байгуулалтад орсонтой холбоотой юм. Төрийн удирдлагыг хурдан шуурхай явуулах үүднээс өртөө замын асуудлыг цогцоор шийдвэрлэснээр зам харилцаа, олон улсын худалдаа цэцэглэн хөгжсөн юм.Худалдаа хөгжсөн нь мөнгө, зоос цутгах болон гар урлалын салбарын хөгжилд түлхэц өгч тэгснээрээ хот суурингууд өргөжин тэлэх, шинээр байгуулагдахад эрчим нэмэв. Монгол хаад мөнгөний бодлогод онцгой анхаарал тавьж зоос цутгах газруудыг зохион байгуулалтад оруулж, тодорхой хэдэн хотуудад төвлөрүүлэн хяналтдаа барьж байсан нь археологийн судалгаагаар олноор олдсон их хаадын тамга бүхий алт мөнгөн зоос гэрчилнэ. Монголын хаадын дэлдүүлсэн алт, мөнгөн зоосууд Евроазийн уудам тал нутагт чөлөөтэй гүйж олон улсын худалдааны хөгжилд эрч нэмж байсныг тодруулан гаргалаа.
Алтан Ордны улсын нийслэл Сарай хот бол улс улсаас салбарлан ирэх худалдааны олон замын уулзвар төдийгүй Номхон далайгаас Газрын дундад тэнгис хүртэлх олон улсын худалдааны хоёр гол зам дайран өнгөрөх чухал төв болж байснаараа дэлхийн хөгжлийг урагш ахиулахад тодорхой хувь нэмэр оруулав. Зарим түүхчдийн тэмдэглэснээр Алтан Ордны улсыг хотуудын орон гэж нэрлэх болсон нь дээрх эдийн засаг, соёлын сэргэлт хөгжилттэй холбоотой юм. Тухайн үед Алтан Ордны улсад олон орны урчуудын гараа гаргаж барьж босгосон нийслэл Сарай-Бат, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг өрнө дорны өнгө төрхийг хосолсон тансаг сайхан хотууд сэргээгдэн босгогдсн буюу шинээр байгуулагдаж, олон орны төрийн элч төлөөлөгчид, худалдаачид, гар урчууд, шашны зүтгэлтнүүд хуран чуулсан төв болсон байжээ. Тэр үед 150 гаруй хотыг шинээр барьж байгуулсан буюу сэргээн босгосон хэмээн судлаачид үзэж байна.
Алтан Ордны улс нь төр засаг захиргааны 10 муж улсаас бүрдэж байсан ба хүн амын тооллого явуулах, алба татварыг оноохдоо тухайн газар орны байгаль, цаг уурын онцлог, эрхлэж буй аж ахуйн байдалтай нь нягт уялдуулж байжээ.
Европын орнуудыг өөрийн католик шашинд оруулж, улмаар Орос болон Монголын Эзэнт гүрний Их хаадыг өөрийн шашны нөлөөнд оруулах гэсэн бодлогыг Ромын пап хүчтэй явуулах болсон нь Их гүрэн байгуулж дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн Монгол хаадын бодлоготой нь сөргөлдөх болов. Үзэл суртлын энэ их тэмцлийн гол талбар нь Алтан Ордны улс байсны хувьд уг асуудлыг хурц сөргөлдөөнд хүргүүлэхгүйгээр нааштайгаар зохицуулах үүрэг оногдсныг монголчууд амжилттай гүйцэтгэсэн юм.
Үнэн алдартны шашнаа өмгөөлөн боссон Александр Невский тэргүүтэй Оросын вангуудад цэрэг зэвсгийн тусламж үзүүлсэн төдийгүй 1261 онд нийслэл Сарайд оросын үнэн алдартны шашны төлөөний газрыг байгуулж, сүм хийдүүдийг нь алба татвараас, лам нарыг нь цэргийн албанаас чөлөөлөх, өргөмж олгох зэрэг дорвитой арга хэмжээ авснаар католик шашны нөлөөг хязгаарлаж чадсан төдийгүй Оросын үнэн алдартны шашин сэргэж, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэнээр Оросын ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэж, хожим нэгдсэн Оросын улс байгуулах гол нөхцлийг бүрдүүлснийг баримтаар гаргахыг оролдов. ХIII зуунд Оросын үнэн алдартны шашны сүм хийд 30 орчим байсан бол XIY зуунд 100 гаруй болж өргөжин бэхжсэн байжээ.


ИХ ЮАН УЛС

Мөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ. Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ.
Хубилайн байгуулсан Их Юан улс нь Их Монгол улсын шууд залгамжлагч мөн бөгөөд нөгөө талаас Зүүн өмнөд ба өмнөд Азид монголын төр ёсны нөлөөг бодитойгоор тогтоосны хувьд шинэ маягийн эзэнт улс байлаа. Хубилай хаан хятад, нангиад үндэстний дотоод хямралыг зогсоож, тэдний суурин соёл, тариалангийн аж ахуйд дорвитой шинэчлэлт хийснээрээ өнөөгийн дорно дахины түүхэнд үнэлэгдэх гавъяа байгуулсан. Ялангуяа нангиадын хэвшмэл зан үйлийн хэм хэмжээнд “Их засаг” хуулийн далайцтай агуулгыг нэвтрүүлснээр Их Юан улс нь оршин тогтнох хугацаандаа өрнө, дорнод гайхагдсан өвөрмөц соёлт гүрэн болж хөгжсөн юм. Их Юан улсын засаг, засаглал нь монгол хэв шинжтэй, тодруулбал “Их засаг” хуулийн хэм хэмжээ давамгайлж байсан нь ийм гүрэн байх нөхцлийг хангаж байжээ.
Их Юан улсад 11 хаан залгамжлан суусан бөгөөд 1368 онд хятадын Мин төрд мөхөөгджээ. Их Юан улсын нутаг дэвсгэр нь бүх Монгол улс, өнөөгийн БНХАУ, Солонгосын хойг, Төвд, Хөх нуурыг хамарч байсан бөгөөд Бирм, Сикким, Тайланд, Аннам буюу Вьетнам зэрэг улс орнууд Их Юан улсын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байв. Их Юан улс унаснаар эдгээр нөлөө нэгэнт дуусч, хятадад тогтсон удаа дараагийн төр улсууд /Мин, Чин, Дундад Иргэн улс гэх мэт/ үүнийг хэзээ ч сэргээн тогтоож чадаагүй юм.


ЭЛ ХАНТ УЛС

Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ. 1265 онд Хүлэг хан тэнгэрт халих үед Эл хант улсын нутаг дэвсгэр нь Иран, Ирак, Азербайжан, Афганистан /Балх мужаас бусад нь/, Арран, Ширван /одоогийн Узбекстан/ Курд, Дээд Месопотами буюу Жезира, Рум буюу Бага Азийн баруун хэсгийг хамарч байв. Хожмын хаадын үед энэ нутаг дэвсгэр бага зэрэг өөрчлөгдсөн ч үндсэндээ хэвээр байжээ. Мөн Салжиуд Конийн хаант улс /Рум/, Гүрж, Трапезундын Грек, Кимскийн Армени, Кипр нилээд хожим Византи улс Эл хаадын түшмэг ёсоор үйлчилж байв. Улсын нийслэл нь Тебриз ба хожим нь Иракийн Султание байлаа.
Эл хаадын хувьд тэдний нутаг дэвсгэр нь шашны хурц зөрөлдөөнтэй, уугуул үндэстнүүдийн ашиг сонирхолын эрс тэс уур амьсгалтай байснаараа хэцүүхэн үүргийг хүлээжээ. Эл улсын анхны хаад Хүлэг, Абага, Аргун нар Чингис хааны дэлхийг төвшитгөх чин санаа, “Их засаг” хуулийн зарчимд үнэнч байж, исламын шашны өмнө ямарч буулт үл хийхээр барам монголын байлдан дагууллаас болж, Багдадаас Каирт шилжсэн исламын шашны голомтыг номхотгохын тулд /даран сөнөөх биш/ загалмайтанд түшиглэх бодлогыг хатуу баримтлан ажиллажээ. Монголчууд Перс ба Өрнөд Аулд 100 шахам жил хаанчилснаар энэ бүс нутагт иран буюу ари нарын үндэсний ухамсар сэргэж, перс хэл нь исламын соёлын араб хэлийг түлхэн гаргах болтлоо хөгжсөнөөс гадна, монгол хаадын ивээл дор соёл, урлаг, анагаах ухаан, одзүйн судлал шинэ эрч хүчээр хөгжиж, шашны хатуу хяналтыг хязгаарлаж дорно, өрнийн соёлын нөлөө нэвтрэх үүд хаалгыг монголчууд л нээжээ. Эл улсад 17 хаан үе залгаж, 1353 оны 12 дугаар сард албан ёсоор мөхсөнд тооцогджээ. Гэвч хожмын жижиг улсууд алтан ургаас хаадаа сонгохыг эрмэлзсээр ХХ зуунтай золгосон түүхтэй.


ЦАГАДАЙН УЛС

1260-аад оны Аригбөх, Хубилай хоёрын хаан ширээний хямралын үеэр Өгөдэй хааны ач хүү Хайду хамгийн хатуу байр суурийг баримтлаж, Аригбөхийн талд зогссон ч эцэстээ Хубилай ялав. Энэ үеэс Хайду өөрийн эзэмшил нутгийг хант улс болгон зарлаж, өөртөө хан эрх олгожээ. Цагадайн ач хүү Алгуй, Хайдугийн хүчинд түшиглэн Мавераннахраас Зүчийн удмынхныг хөөж гаргаснаар Цагадайнхны улс гэж бас буй болов. 1269 онд Хайду хан Цагадай улсыг нэгтгэж захирчээ. 1301 онд Хайду хан тэнгэрт халиснаар Өгөдэйн угсааныхны хүч нөлөө суларч эл хоёр эзэмшил нутаг Цагадайн удмынхны хаанчлалд оржээ. Чухам энэ үеэс Цагадай хант улс үүсэв. Гэвч үе залгамжилсан эздийг Цагадай ханы хүүгээс эхлэн тоолдог уламжлалыг дагах нь зүйтэй. Чингэвээс Цагадайн ач Хар Хүлэгийн 1246 оноос Доголон Төмөр ноёнд автагдсан Махмуд султан хүртэл 30 хан үе залгамжилж, даруй 120 орчим жил Цагадайн улс оршин тогтножээ.
Цагадайн улсын энэ олон эздийн дотроос онцлон дурдууштай нь Цагадай ханы 6 дугаар үеийн ач Кебек хан аргагүй мөн. Кебек өөрийн хаанчлалын хугацаанд Дундад Азид нэгэнт орхигдоод байсан уламжлалт аравт, түмтийн зохион байгуулалтыг дахин сэргээж, үүний хажуугаар жигд жинтэй мөнгөн зоосны зарчмыг /кебек-копейк/ хэрэгжүүлсэн нь зөвхөн түүний хант улсад төдийгүй Эл ба Алтан Ордны улсад нөлөөлж монголын засаглалын мөн чанарыг ухуулан таниулсан агуу их үйлс болсон билээ.
Цагадайн улсын нутаг дэвсгэр нь Аму Дарья, Сыр Дарья хоёр мөрний эхээс Памирын нуруу, Кашмирын умард хэсгийг хамарч байжээ. Цагадайн улс, барласын Төмөр ноёны /Доголон Төмөр хаан гэдэг/ байлдан дагуулалд өртөж 1390-ээд онд мөхсөн гэдэг билээ. Гэвч тэр цагаас Цагадайн улс гэдэг нэр томъёо тогтож, энэ суурин дээр бүрэлдсэн монгол-түрэг-ираны холимог угсаатан өөрсдийн хаадыг “Цагадайнхан” гэж нэрлэх болсон төдийгүй тэр үеэс Дундад Азид тогтсон утга зохиолын хэлийг “Цагадайн хэл” гэж нэрлэсэн нь энэ нэгэн их улс оршиж байсны бэлгэ тэмдэг болон үлджээ.


МОНГОЛ УЛС

1368 онд Тогоонтөмөр хаан, өвгө дээдсийнхээ байгуулсан уугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, эх монгол нутагтаа ирснээр Монгол Улсын түүх шинээр эхлэв. Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1270 онд Хархүрэм хотноо нийслэн сууж, улсаа “Ар Юан” буюу “Умард Юан” хэмээн нэрийдсэн байна. Ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай байв. Жү овогтны Мин төрд авагдсан Их Юан улсыг дахин сэргээх бодлогыг Аюушридар (Билэгт) хаан гол зорилгоо болгожээ. Энэ зорилт хэдийгээр биелээгүй ч Төв Азийн элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ.
Монгол Улс нь Хүн, Сяньби, Жужан тэр байтгугай Чингис хааны Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино. Өмнүүрээ их цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойгийг эзэлж, Бахай тэнгисээр далайд тулж байв. 1380-1410-аад оны хооронд Мин улсын цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн өвөлжээ билчээрийг шатаахын зэрэгцээ Мингийн засгийн газраас монголчуудыг өөр хороондоо эвдрэн хямрах бодлогыг идэвхтэй явуулж байсан XIV-XV зуунд Монголын улс төр туйлын донсолгоотой байв. 1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголыг нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч алтан ургийн ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэг вассал ноёдын эзэмшилд хуваагджээ.
1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудыг нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрийг тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад оныг хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, эдийн засаг эрчимтэй хөгжжээ. Гэтэл дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татаж эхэлсэн нь монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав. Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив. 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад дагаар орж, Монгол улс мөхжээ. Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж, 390 гаруй жил Монгол Улс оршин тогножээ


ЗҮҮНГАР УЛС

1630–аад оноос Ойрадын дөрвөн том овог (цорос, торгууд, хошууд, хойд) нэгдэж, ойрадын чуулганыг үүсгэсэн бөгөөд үндсэндээ их хаанд ёс төдий захирагдаж бие даасан улсын хэмжээнд оршин байжээ. Гэсэн хэдий ч ойрадын чуулганы удирдагчид манжийн аюулыг ойлгож байсан учир халх, ойрадын эв нэгдлийг хичээж, тусгаар улс байгуулахыг яараагүй юм. 1671 онд Хотогчин Эрдэнэ Баатархунтайжийн VI хүү Галдан, ойрадын чуулганы эзэн болж, хунтайжийн зэрэг залгалаа. Галдан чуулганы дотоод самууныг эцэслэн дараад, хоёр удаагийн хууль цаазаар засаг захиргааны шинэчлэл хийжээ. Энэ шинэчлэлээр ойрадын чуулган отгийн хуваарьд орж, их бага хунтайж, тайш, аймгийн даргын цол, тушаалыг устгаж, отог захирах зайсан гэдэг албан тушаалтныг бий болгожээ. Үүний үр дүнд чуулган хэмээх нэр томъёо устаж, Зүүнгар улс үндсэндээ буй болов.
Ойрадын холбоонд цорос аймаг зүүнгар болж байсан агаад улсын дээд эрхийг цорос язгууртнууд эзэмших болсноос “Зүүнгар улс” гэдэг нэр үүсчээ. Галдан ийнхүү улсын үндсийг тавьсан тул V Далай лам түүнд “Данжүн Бошгот хан” хэмээх цол өргөмжлөв. Бошгот хан Галдан 1679-1685 оны хооронд баруун зүгт хэдэн удаа цэрэглэн байлдаж, Хами, Турфан, Куча, Аксу, Кашгар зэрэг газрыг эзлэж, Кашмираас тусгайлан зорьж ирсэн Цагадайн хойчис болох Абу Хожагаар захируулжээ. Мөн Бухар, Самарканд, Сайрам, Ташган зэрэг газарт хүрч Зүүнгар улсад алба бариулах болгожээ.
Энэ үед дорно зүгт ид хүчээ авч байсан Зүрчин угсааны манж нар Умарт Алтан Улсыг байгуулж улмаар өмнөд Монголын аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлжээ. Монгол Улсын тусгаар тогтнолд учирсан энэ бодитой аюулыг Галдан ойлгож, манж нарыг сөрж зогсоохын тулд халхын гурван хантай хамтархыг зорьж байв. Гэвч халхын хаад хоорондоо дайсагналцсан төдийгүй Галдантай ч эвсэх хүсэл байсангүй. Галдан шуурхай шийдэж цэрэг үүсгэн 1688 онд Эрдэнэзууг авч 1690 оны хавар Хэрлэн голын өмнө биед очсоноор үндсэндээ Монгол нутгийг нэгтгэн авч чадсан юм. Галдан Бошигт хааны ялалтыг халхын ноёд хүлээн зөвшөөрөлгүй сайн дураар манжид бууж өгснөөр Манж Улс завшаан олж, өмнөд ба төв Монголын цэргийн хүчийг ашиглан Галдан Бошигт хааны цэргийг удаа дараа ялсаар 1696 он гэхэд Ховд хүртэл шахсан байна.
Галданы дараа Цэвээнравдан, Галданцэрэн зэрэг хаад Зүүнгарын эзэмшилийг Төвд, Хөхнуур хүртэл тэлж, улмаар Зүүнгар улс нь Орос, Манж зэрэг их гүрнүүдтэй эрх тэгш харилцах томоохон улс болж чаджээ. 1745 онд Галданцэрэн хаан тэнгэрт хальж, Зүүнгар улс ширээний төлөөх дотоодын самуунд нэрвэгдэн мөхлийнхөө замд оров. Ламдаржаа, Даваач, Амарсанаа нар хоорондоо зэвсэг барин тэмцсэнээс Зүүнгар улсын хүчин чадал бүрмөсөн сүйрч, улмаар 1755 онд Манж Чин улсад эзлэгдлээ. Ийнхүү Төв Азид монголын сүр хүчийг илтгэн байсан сүүлчийн том хаант улс мөхсөн байна. Хар хул догшин ноёноос(1634) Амарсанаа хүртэл 11 хаан үе залган сууж, 121 жилийг элээсэн болой.

No comments:

: