Friday, May 2, 2008

МОНГОЛ ХЭЛЭНД БАЙДАГГҮЙ ТЭМДЭГ НЭРИЙН ХАРЬЦУУЛСАН ЗЭРГИЙН ТУХАЙД


Хүнийг тахиатай зүйрлэвэл Америкчууд “хулчгар”, Италичууд “өөдгүй хог” гэж ойлгох бол Испанид харин “царайлаг залуу” гэсэн үг болно. Монголд бол их эрт сэрдэг нөхөр байх нь гэж л бодох байх

М. Саруул-Эрдэнэ

"Сонирхолтой хэл шинжлэл" номоос

Үлгэр домог сонсч өссөн бага насандаа үзэсгэлэн гоо бүсгүй хэмээгчийг “цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” байдгаар төсөөлдөг байв. Бичгийн зохиол унших болсон цагаасаа харин гоо үзэсгэлэнг нь саранд адилтгавал сарнаас амьдлаг, цэцэгт үлтгэвэл цэцгээс анхилмал бүсгүйг битүү мөрөөдөх болов. Найраг шүлэг гадарлах болсноор мөнөөх гоо үзэсгэлэнгийн дүр зураг маань өнгө нь гурван хаврын тоорын цэцэг мэт, үнэр нь есөн намрын сүмэн өвс мэт болон хувирсан бөлгөө. Утга зохиолын иймэрхүү хэллэг хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг нь аливаа зүйлд байгаа шинж чанарыг өөр зүйлд буй мөн чанартай адил түвшинд болон бүр илүүд авч үзэхдээ туйлын ончтой зүйрлэл хэрэглэснийх юм.

“Цас шиг цагаан” гэж юмны цагааныг цасны цагаантай адилтган үзэх, “цаснаас цагаан” хэмээн илүү болохыг нь заахаас гадна “хамгийн цагаан” гэж тодорхой зүйлийнх нь дотор давуу болохыг үзүүлэхийг хэл шинжээчид тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг хэмээн нэрлэдэг. Хамгийн сонирхолтой нь Монгол хэлэнд “тэмдэг нэрийн харьцуулсан зэргийн ай” байхгүй. Англи, орос зэрэг Энэдхэг-Европын хэлнүүдэд white – whiter - whitest хэмээн тэмдэг нэрэнд тусгай нөхцөл залган илрүүлдэг –er, -st хэмээх залгаврууд байдаг учраас харьцуулсан зэргийн айг тусгайлан авч үздэг юм. Гэтэл Монгол хэлэнд тийм тусгай нөхцөл байхгүй учраас уг нь хэлзүйн ай болгон авч үзэх хэрэггүй билээ. Орос хэлэнд жишээ нь эзэнд хамаатуулах нөхцөл гэж үгүй, бидний “номоо уншлаа, ээжээ саналаа” гэх мэт хэллэгийг “свой” гэсэн үг хэрэглэн илэрхийлнэ. Гэвч тэд орос хэлний эзэнд хамаатуулах тогтолцоо бол... хэмээн хэзээ ч ярьдаггүй. Яг түүн лугаа зарим хэлэнд тусгай нөхцөлөөр илэрхийлдэг харьцуулсан зэрэг хэмээх айг бид гарахын тийн ялгал болон хамгийн хэмээх бие даасан үг хэрэглэн бүтээдэг билээ. Нэгэнт тусгай үгээр илэрхийлж байгаа учраас энэ асуудал үгзүйгээс хальж өгүүлбэрзүйн асуудал болно. Гэтэл одоо ч бид бүх шатны сургуулиудад харьцуулсан зэргийг үгзүйн ай хэмээн үзсээр байгаа. Энэ нь үлгэрлэвэл англи хэлэнд үйлдэхийн тийн ялгал гэж үгүй, түүнийг by, with гэсэн угтвар үгээр илэрхийлдгээ Америкийн сургуульд “англи хэлний үйлдэхийн тийн ялгал нь by мөн” хэмээн зааж буйгаас өөрцгүй юм.

Хэдийгээр зарим хэлэнд харьцуулсан зэргийн ай байхгүй ч ямар тэмдэг нэрийг юутай харьцуулж байгаа нь хэлзүйн талаасаа биш юм аа гэхэд угсаатны зүй, сэтгэхүйн талаасаа ихэд сонирхолтой байдаг.

Аль ч үндэстэн тэмдэг нэрийг амьдралдаа хамгийн ойр юмтайгаа зүйрлэн бодно. Хар өнгийг л гэхэд англичууд нүүрстэй, орос, хятадууд хэрээтэй, солонгосууд бэхтэй зүйрлэдэг бол нүүдэлчин Монголчуудын амьдралд хамгийн ойр хар юм нь хөө байсан тул “хөө шиг хар” гэж хэлцэх болжээ. Гэтэл энд нэг асуудал байна. Их сайхан хар юмыг яахин “хөө шиг хар” гэх билээ. Эртний бичгийн соёлт Монголчууд эерүү харыг өнөөгийн Солонгосчуудтай адил бэхтэй зүйрлэдэг байсны гэрч шүлэг найрганд үлджээ. Гүлирансын ”Сайхан хүмүүн” шүлэгт тас хар үстэй, улаан уруултай сайхан бүсгүйг

“... Үсний нь хар эгнэгт бэхсийн харыг даван чадаадҮнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй” хэмээн уран яруу хэлсэн буй. Сайхан хар морийг бас мэдээж хөө хар морь гэдэггүй, хилэн хар гэдэг билээ.

Мал аж ахуй эрхэлсээр ирсэн тул Монголчууд малын шинжийг сайтар таньж, зүйрлэлдээ хэрэглэсэн байдаг. Хонь шиг номхон, тэмээ шиг өндөр гэж бид ярьдаг бол англичуудын хувьд хонь шиг бол тэнэг гэсэн үг агаад өндрийг байшинтай зүйрлэнэ. Хүнийг тахиатай зүйрлэвэл Америкчууд “хулчгар”, Италичууд “өөдгүй хог” гэж ойлгох бол Испанид харин “царайлаг залуу” гэсэн үг болно. Монголд бол их эрт сэрдэг нөхөр байх нь гэж л бодох байх. Найз охин нь хархүүдээ “Чи яг паар шиг юм аа” гэхэд “Тийм халуун уу?” хэмээн баясахад “Үгүй ээ, хэрзийгээд” гэдэг онигоог харь улст явж байхдаа санаж байхгүй бол ямар ч амьтан, эд юмс олон шинжтэй, улс үндэстэн бүр өөр өөр талаас нь хардаг байна шүү. Нэг Герман авгай манай найзын бяцхан охиныг “жижигхэн сармагчин” гээд гомдоож байсан түүхтэй. Оросууд ч бас бүсгүй хүнийг обязанка гэж эрхлүүлдэг л юм. Гэхдээ ихэнх хэлтэнд яг адил санагддаг амьтад бас байна. Бараг дэлхий нийтээрээ илжигийг тэнэг, гахайг бохир, арсланг зоригтой гэж үнэлдэг аж.

Байхгүй айн тухай баахан өгүүлэхэд ийм байна.

No comments:

: