Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөх нуурын дээд монголчууд манай Цогтыг тэгж нэрлэх юм. Хөх нуурт гурван удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүннүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө.
Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн ахын гунигт дуу зохиогдох үед салж нүүсэн ах нь Хөх нуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны хүн нар Хөх нуур руу анх нүүдэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх одоо ямар болчихсон байгаа нь тодорхойгүй байна.
Хоёр дахь удаад нь Их Монгол Улсын үед Чингэс хааны өргөмөл хүү, цэргийн зүтгэлтэн Цагааны удирдсан цэргүүд Хөх нуурыг эзлэн авч амьдран суусан нь эдүгээ бум гаран хүмүүс цагаан монголчууд гэж нэрлэгдэн амьдарч байна. Тэд харьцангуй хэл соёлын хувьд бусад монголчуудаасаа тусгаарлагдан, хүрээлэн байх төвд хятадуудтайгаа сүлэлдсэн боловч хятадаар биш өөрийн ондоошин үлдсэн эртний монгол хэлээр ярьсаар байна.
Гурав дахь удаад Хөх нуурт монголчууд гурван талаас цуглан уулзаж алалдан байлдаж, үлдсэн нь хамтран амьдарч өдгөөг хүргэжээ. Энэ нь 1630-аад оны явдал юм. Төв халхаас Цогт хунтайж 10 түмэн цэрэг, 250-400 мянган хүн амтайгаар, Цахараас Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн 3-4 түмэн цэрэг 150-200 мянган хүнтэйгээр анх Хөхнуурт болзсон боловч “Цогт тайж” кинонд гардаг шиг цахаруудын ихэнх нь холын аянд сульдан цэцэг өвчнөөр хиарсан байлаа. Цогт Лигдэн хоёр уулзсан эсэх, монгол төрийн их хасбуу тамга яасныг тэнгэр мэдэх буй заа.
Ямар ч гэсэн ам дамжсан домгоос өөр бичмэл баримт бидний үед хүрч ирсэнгүй. Цогт Хөхнуураас урагшлан Түвдийг бараг эзлэн, Лхас хотыг хоёр талаас нь бүслэн хааж буулгаж авахын даваан дээр Зүүн гарын хаант улсаас хошуудын Гүүш хан гурван түмэн цэргийн хамт ирж Түвдийн талд орж халхуудын цусыг урсгасан газрыг Улаан хошуу гэх ба энэ хөндийд одоо ч Улаан гэх бэсрэг жижиг хот оршиж байна.
Цогт Түвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн Хөхнуурыг төвшитгөн тохинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөх нуурын дээд монголчууд дурсан ярьдаг. Түүний үлдэгдэл болох Цогтын байгуулсан долоон харуулын цамхгийн нэг нь Улаан хотын нэг мухарт хогонд даруулан байгаа. Нутгийнхан Цогтханы цонж гэж нэрлэх энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг IX зууны Киданы үеийн цамхгийн (Дашинчилэнд байх Цогтын хар балгас ч гэж заримдаа нэрлэдэг) үлдэгдэлтэй их төстэй харагдаж байна.
Одоо энэ гурав дахь удаагийн монголчуудын нүүдлийн үлдэгдэл болох Хөх нуурын дээд монголчууд гэж нэрлэгдсэн найм түм гаруй хүн Цайдамын хөндийд голдуу амьдарч яг бидний адил монгол хэлээр ярьж монгол амьдралаар амьдарч сууна. Хөхнуур муж бүхэлдээ бараг одоогийн Монгол Улсын газар нутагтай ойролцоо том нутагтай Тэнгэр уулын Нар, Саран даваанаас Түвд хүртэл үргэлжлэх боловч Манжийн үеэс эхлэн, ялангуяа Цагаанданзан, Лувсанданзан хоёр ноёны Манжийн эсрэг тэмцлээс хойш дээд монголчуудыг хамгийн үржил шимгүй Цайдамын хөндий рүү шахаж тэднийг давуулан хойд талд нь яг Хөхнуурынхаа эргэн тойрны үржил шимтэй бэлчээрт түвдүүдийг амьдруулах болжээ.
Дээд монголчуудын ихэнх нь хошууд аймгийн гаралтай хүмүүс боловч дунд нь бас халхууд нэлээн байх бөгөөд ялангуяа Чага хот, эргэн тойронд нь биднээс цэвэрхэн халхаар ярих монголчууд амьдарч байна. Хошуудууд ч гэсэн хэдийгээр Дөрвөн Ойрадын нэг хэсэг ч гэсэн яг гарал үүслээрээ бол хорчин хүмүүс бөгөөд Зүүн гарт 1470-1480-аад оны үед очжээ. “Мандухай цэцэн хатан” кинон дээр гардаг Хорчины ван Өнөболдын нэг ах нь салан нүүж Зүүн гарт очсоныг хошууд гэх болсон гэдэг. Иймд тэдний аялга ойрад гэхээсээ хорчин халх талдаа илүү бидэнд нэвтрэлцэхэд онцын бэрхшээлгүй байгаа нь олон зуун өнгөрөн тусгаарлагдсан ч гэсэн хэл соёлоо хэвээр авч үлдсэн дээд монголчуудаар бахархмаар санагдсан. Дээд монголчуудын гэр, тавилга, эмээл хазаар, хувцас хэрэглэл нь 1600-аад оноос хойш нэг их шинэчлэгдэн өөрчлөгдөөгүй гэлтэй өвөрмөц сонин байлаа. Яг л цагийн машинаар аялах мэт.
“Цогт тайж” киног зохиосон их бичгийн хүн Б.Ринчений зохиолд гардгаас арай өөр түүхэн үйл явдал болсон болов уу гэж Хөхнуурт очиж, дээд монголчуудтай уулзсаны хувьд санаа дэвшүүлэх гэсэн юм.
1. Цогт тайж халх нутагтаа багтаж шингэхээ больж хагаралдан ойж гарсан биш болов уу. Учир нь тэр үед 10 түмэн цэрэг гаргана гэдэг бол халхын аль нэг хан биш ноён байтугай халх даяар нэгдээд ч гаргахад амаргүй цэргийн том хүчин билээ. Тэгэхээр Түвд, Шинжаан, Зүүн гар орох гол зөрлөг, торгоны замын урд талаар сунайх стратегийн чухал түшиц газар Хөхнуурыг халх эзэлж, тэнд Цахарын Лигдэн хаантай нэгдэн, манжуудыг Түвд, Зүүн гар, өмнөд Монголын баруун хэсэг, халхын урд тал руу орох боломжийг хаах зорилгоор нийт халхын нэгдсэн армийн томоохон хэсгийг гаргаж Лигдэнтэй нийлүүлэхээр Цогтыг томилсон болов уу. Өмнөд болон төв Монголын нэгдсэн хүчирхэг армийг бий болгож эх Монгол нутгаас алс, Манжид эзлэгдсэн Хятадын баруун хойд талаас Манжийн эсрэг тэмцэх зорилго байсан болов уу.
2. Тэрнээс биш кинон дээр гардаг шиг эхлээд Гүүш хантай, халхын бусад ноёнтой шашны улмаас тангараг тасарч төв Монголоос хэдэн мянган километрийн цаана Гүүш хантай харгалдах гэж очоогүй болов уу. Гүүш хантай тулмаар байсан бол одоогийн Ховд, Баян-Өлгий бол Халх, Зүүн гар хоёрын хил нутаг байсан тул тийш зорих байсан биз. Ер нь хэзээ л монголчууд нэгнийхээ шашныг шүүн, байлдах тулахдаа хүрч байлаа. Энэ бол халх, Зүүн гарын хагаралдааны нэгэн хэсэг л байсан болов уу.
3. Харамсалтай нь, Лигдэн хааны цэрэг, хүн ам цагаан бурхан өвчнөөр хиарсан байсан тул Зүүн Түмэн Монголын нэгдсэн хүчийг бий болгож чадаагүй ч гэсэн Хөхнуурыг эзлэн тохинуулж улмаар Манж чин улсын талд бодлого барих болсон Түвдийг эзлэхээр зорьсон биз. Гэвч халх Зүүн гарын зөрчлөөс болж Түвдүүдийн тусламж гуйсан ёсоор Гүүш хан очиж Цогтын цэргийг цус урсган даржээ.
4. Цогт хэдийгээр догшин тэр цагийн эрхээр цэргийн эрдэм эзэмшсэн ноён байсан нь магад ч гэсэн бичгийн эрдэм талдаа илүү их боловсролтой хүн байсан болов уу. Энэ нь Цогтын цагаан балгасны археологийн судалгаагаар ч батлагдсан байдаг. Тэнд байсан 16-17 байшин цөм эрдэм номын өргөө, бичиг судрын хүрээлэн байсан билээ. Харин Гүүш хан бол цэргийн эрдэмд боловсорсон жанжин байсан тул Цогтын гурван дахин илүү том армийг даран сөнөөсөн байх. Дараа нь ч Гүүш хан Түвдийг бүгдийг нь эзлэн захирч улааны шашныг дарж, Гүүшийн удмынхан хэрэг дээрээ Түвдийг 100 шахам жил удирдан залж явсан байдаг.
5. Хэрэв тэр үед өмнөд, төв, Зүүн гарын монголчууд хэдэн түмээрээ Хөхнуурт газрыг улаан болтол цусаа урсган алалдалгүй нэгдсэн Монголын хүчийг бий болгон ойлголцож чадсан бол сүүлийн 300 жилийн монголчуудын ч, Манж, Хятадын ч магад Ази, дэлхийн түүх тэс өөр замаар явах байсан биз. Яг энэ алдаагаа монголчууд Цогтоос хойш 50 жилийн дараа давтаж Буриад, Цэцэн ханы хойд хэсгийг оросуудаас хамгаалж Түшээт хан, Цэцэн хан, магадгүй халхын нэгдсэн цэргийн хүчин Байгал нуурын зүүн эрэгт оросуудтай тулж байх хойгуур Зүүн гарын Галдан бошигт халхыг эзгүйчлэн байлдан эзэлснээр төв Монгол тусгаар тогтнолоо алдах үүд нээгдсэн гашуун түүхтэй. Түүнээс дахиад 60 жилийн дараа буюу 1755 оны Зүүн гарыг эзлэх Манжийн дайнд халх, өвөрлөгчид цэргийн гол хүчин болж оройлон орж Монголын сүүлчийн тусгаар их гүрэн Зүүн гарын хаант улс унаж 1.5 сая шахам байсан хүн амыг Манжийн цэргүүд аймаглан устгаж геноцид хийн үлдсэн цөөхнийг нь тасар татан жижиглэн хуваасан.
2000 гаруй жил Ази, дэлхийн түүхийн гол өөрчлөгч хүчин байж, мохошгүй эр зориг, хурц ухаан, дайчин эрэмгийгээрээ домог болж явсан монгол угсаатны эх нутагтаа үлдсэн хэсэг нь ингэж өөрсдөө өөрсдийгөө даран сөнөөж, эцсийн бүлэгт IX-XX зуунд устаж мөхөхдөө хүрч байсан эмгэнэлт түүхийг Хөхнуурт очиж, дээд монголчуудын устаж уусахын аюулд өртсөн амьдралыг үзсэний хувьд дахин нэг сануулахыг хүснэм.
Б.Болдсайхан
Б.Болдсайхан
No comments:
Post a Comment