Friday, May 2, 2008

Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 4


Энэ удаад та бүхэнтэй хамжин шүргэх гийгүүлэгчийн талаар санал солилцъё. Дэлхийн олон хэлнүүд дэх Ж, З гийгүүлэгч хоёр өөрөөр дуудагддаг. Зарим нь хамжин шүргэж хэлэгддэг бол зарим нь зөвхөн шүргэнэ.

Жаахан тодруулъя. Ямар нэг гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн эрхтнүүд хоорондоо хүрч, наалдвал “хамжих” гэдэг. Жишээ нь Т авиаг хэлэхэд хэлний үзүүр шүд, түүш хавьцаа хүрэлцэн бүтэж байгаа тул хамжих гийгүүлэгч мөн. Харин С авиаг хэлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн яг хүрэлцэхгүй боловч агаарын урсгал эгшиг шиг бас шууд чөлөөтэй гарчихгүй, өөрөөр хэлбэл шүргэж байгаа хэрэг. Тэгвэл Ц гийгүүлэгчийг дуудахад эхлээд Т мэтээр хамжаад, дуусахдаа С мэтээр шүргэдэг тул “хамжин шүргэх” гийгүүлэгч хэмээнэ. Тийм ч учраас Ц авиаг галиглахдаа олон улс TS гэдэг нь цаанаа учиртай аж.

Монгол хэлний Ж авиа нь хамжин шүргэх гийгүүлэгч мөн. Англи хэлнийх ч мөн адил. Харин орос хэлний Ж, З нь зөвхөн шүргэж хэлэгддэг авиа. Тийм ч учраас англи, түрэг хэлнүүдийн хамжин шүргэх гийгүүлэгчийг орсууд зөв тэмдэглэхийн тулд өөрийн шүргэх Ж авианы өмнө хамжих Д авиаг нэмж Джордан, Джанибеков гэдэг ажээ. Энэ хоёр нэрийг нэг хэсэг монголчууд яг орсуудын бичдэгийн адил бичдэг байгаад харин ч аяндаа зөв бичих болсон юм. Гэтэл олны танил бус нэрсийг ялангуяа орос хэлнээс орчуулан бичиж байгаа сэтгүүлчид буруу бичсэн хэвээр аж. Жишээлбэл, саяхан хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхийн талаар нэгэн сэтгүүлчийн бичсэн маш сайн цуврал нийтлэлүүдийг шимтэн уншиж байгаад миний бие орос хэлний орчуулга болохыг нь гэнэт ойлгож билээ. Учир нь тэрбээр Дзофф, Каниджа, Дзола гэхчлэн бичсэн байлаа.

Барууны хэлнүүд болон Монголтой төрөл түрэг хэлнүүдэд хамжин шүргэдэг зарим гийгүүлэгч монгол хэлэнд мөн хамжин шүргэдэг тул орос хэлийг дууриан өмнө нь Д нэмэлгүй бичиж хэвшье. Үгүй бол Бхутто-г Х-тэй нь дуудаж сурсан шигээ Джанибеков-ыг Д-тэй нь дууддаг болчхож мэдэхээр байна шүү.


М. Саруул-Эрдэнэ

No comments:

: