Шинэ ногооны шим шүүс урьтаж амталсан адуу мал машин зам дээр сэрүүнийг хүсэмжлэн гарч зогсоно. Идэр зунаар баруун зүг Их хаадын нутаг, Орхоны хөндийг зорьж нүүдэлчдийн амьдралын ул мөр, сонин ахуйг үзэхийг хүсэгч гадна, дотны хүмүүн эс тасарна.
Толь шиг замаар давхисаар яах ийхийн зуургүй Хөгнө ханы барааг харж, Элсэн тасархайг гайхширна. Говь хангай нийлсэн байгалийн уран тогтоц энэ газрын торгон элсэн дээр сууж үдийн цай бариваас хэн хүнд нэн таатай байх ажгуу. Цааш явах замын өмнөөс Эрдэнэзуу хийдийн цагаан суваргад өдрийн наранд цайвалзан тосно.

Зуун найман суварганы хормойгоор алхаж Эрдэнэзуу хийдийг сонирхон үзэж түүхийн мананг саравчилна. 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амлажээ. Энэ дагуу 1585 онд Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь Эрдэнэзуу хийдийн гол сүм болжээ. Эрдэнэзуугийн гуравдугаар ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь босчээ. 1796 оноос Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа хэмээх лам ерөнхийлөн удирдаж Хятадын нэгэн пүүстэй тохиролцон засуулж эхэлсэн байна. Уйгарын үед хамаарах Тахай балгасны суурин дээр аймаг, хошууд, буян үйлдэгсдийн хөрөнгөөр суварга барьж эхэлсэн түүх энэ юм. Монголчуудын уламжлалт ертөнцийн зүг чигийг бэлгэдэх бэлгэдлийн дагуу барьсан энэхүү хийдийн зохиомж нь Монголын уран барилгын нэг үнэт дурсгалд яах аргагүй тооцогддог аж. Халх Ойрадын хямралаас үүдэж Ойрадын Галдан бошигтын халдлагад өртөж цагийн хатууг давж үлдсэн Эрдэнэзуу хийд үг шивнэж, үлгэр домог хүүрнэх шиг болном.
Эндхийн музейд өндөр гэгээн Занабазарын үеэс эхлэлт бурхны шашны олон үнэт дурсгалууд буй нь хэн хүнд улам гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж урлагийн үнэ цэнийг амьдруулна. Энэ үес өдрийн нар Хангай овооны баруун шилд тунарч, Орхоны зүгээс сэрүүн салхи сэвэлзэж дуудна. Тийш зүглэвээс Орхон гол эргээ даган мэлтэлзэх биш сайраа даган мөлхөж байна уу гэлтэй туниа муутай урсаж байна. Газрын элэг гандуухан ч дэлгэр баян энэ хангайд удахгүй хур ус элбэгших биз ээ. Хоноглох газар хайж давхих хэрэггүй. Голын баруун, зүүн талыг дагаад бууж буудлах цагаан гэрүүд, жижиг хийцийн модон байшингууд ирж амраач гэх шиг дуудах нь харагдана.
Хархорин сумын төвөөс хойш холгүй Архангай аймгийн Хашаат сумын нутаг болох Цайдам нуурын баруун урд Түрэгийн их хаан Билгэ, мөн Түрэгийн үеийн цэргийн нэрт зүтгэлтэн Культегин нарын гэрэлт хөшөөд сүндэрлэн бий. Түрэгийн нэрт жанжин Культегинийг оршуулсан газар нь 3,33 метр өндөр гэрэлт хөшөө өмнөөс тольдон харж зогсоно. Хөшөөний гурван талд Орхоны, нэг талд нь хятад бичээс буй. Манай археологичид энэ газраас төрөл бүрийн хэмжээтэй тоосго, дээврийн ваар, гоёл чимэглэлийн зүйлс, чулуун урлалууд илрүүлсэн. Тэдгээрээс хамгийн сонирхол татахуйц нь дундуураа хагарсан титэм бүхий хүн чулууны толгой байсан гэдэг. Титэм нь дөрвөн талтай, бөмбөгөр оройтой бөгөөд цохон дээр нь далавчаа элэн нисэхийг завдах бүргэдийг сийлсэн байдаг. Культегиний хөшөөнөөс зүүн урд талд нэг км газарт Билгэ хааны бунхант булш оршино.
Энэхүү гэрэлт хөшөөний өндөр нь 3,45 метр агаад Культегиний хөшөөтэй ижлэвтэр юм. Энэхэн ахуйд Монгол нутагт төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтносон Түрэгийн цаг үе эргэн дэргэд зэрэгцэн оршиж байх шиг. Энд бас л Орхон гол эцэж цуцашгүй хүчээр давхих хүлэг шиг хойд зүгт урсан одно. Урсгал тунгалаг Орхоны баруун эрэг газарт нэгэн сод дурсгал бийг бас энд мартаж болохгүй. Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык буюу Хар балгасанд хүрч очвоос тэртээ холхи МЭ 8-9 дүгээр зууны үеийн амьдралын зураг тосч угтана. Эртний судлалын мэдээгээр Хар балгас нь 25 км хэмжээ бүхий Уйгарын хааны төрийн ордон, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхлэлт цайзнаас бүрдсэн их хот байсан аж. Эдүгээ Хар балгасны цайзат хэрэм их хэмжээгээр нуран унажээ. Гэсэн хэдий ч өдгөө 40 гаруй метр орчмын өндөр цайз энд цагийн хатууг туулан давах адил чимээгүй үүрэглэнэ.

Эргэн Хархориноос баруун тийш Орхоны хүрхрээ, Улаанцутгалан, Төвхөний хийдийг зорих гийчдийн зам нэгэнт бий болжээ. Өндрөөс тээр дор унах усны хүрхрэхийг үзэж сонирхох нь бас нэгэн сэтгэлийн цэнгэл, амралтыг хүмүүнд өгдөг. Цутгалангийн орчимд жуулчны баазууд, гэр буудлууд цөөнгүй төвхнөж байгалийн сүр хүчийг харуулсныхаа шанг хүртдэг гэлтэй. Хойш эргэж Бат-Өлзийт сумын төвөөс хойш 20 гаруй километрт орших Төвхөн ширээт хэмээх уул өвч биеэ ногоон өнгөөр дуниартуулан харагдана.
Энэ уулын орой дахь байц хадны багавтар тавцан дээр Төвхөн хийд өөрийн буй төрхөө нууцлан бий. Өндөр гэгээн Занабазар арав гаруй насандаа байгалийн өвөрмөц энэхүү газрыг сонирхон үзээд 1651 оны үеэс жижиг номын байшин бариулаад бясалгал хийж, гар урлалын сонгодог бүтээлүүдээ урлаж байсан байна. Галданбошигтын дайн эхэлснээр 1688-1700 оны сүүл хүртэл өндөр гэгээний увдис шингэсэн энэ газар бараг мартагдсан аж. 1773 оноос Өндөр гэгээнийг хүндэтгэл оршсон энэ газрыг дахин сэргээж эхэлжээ. Хийдийн ар талд “Эхийн умай” гэх гулсаж ороод буцаж гардаг жижиг мухар агуйд хүмүүс орж гарна. Тэрхүү байц хадыг нэвтлэн гарсан сонин тогтоц мөн бий. Тэр замаар явж нэвт гарвал хойш ногоон хөндий цэлийж, өмнөөс цэцгийн үнэрт салхи сэвэлзэн үлээх нь гайхамшиг.

Өндөр гэгээний умдалж байсан хоёр ч худаг Хийдийн ар талд бас бий. Модон дундуур гаргасан жимээр өгсч Өндөр гэгээн Занабазарын онгод увдис шингэж, халуун амьсгал, бүлээн мөрөө үлдээсэн Төвхөн ширээ уулын чинад нууцад ийн хүрч нэвтэрнэм. Буцах замын өмнө Орхоны цэлгэр уужим хөндий тосч, атираат цэнхэр усан урссаар л байнам. Үе үеийн халхын гэрэлт хөвгүүдийн төр улсаа байгуулж, мандаж буурч явсан түүхийн шастир униар манан дунд зүүдлэгдэнэ. Нэг харахул цагаан суварга, цагаан байшингууд талаас нисэх гэж буй олон цагаан шувууд шиг үзэгдэнэ. Үлгэр домгийн буурал хөндий сая л дотроос минь эхэлж, нүднээс минь гэрэлтэж буй нь тэр биз ээ.
No comments:
Post a Comment