Wednesday, May 7, 2008

Монгол Хvн Ам

Монгол газар нутагт 800000-н жилийн тэртээгээс хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ. Манай улс нь 2.5 сая хүн амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90 гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг. Хоёрдахь бүлэгт турк хэлтэн, казак, урианхай, хотон орно.
Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог. 16 нас хүрсэн хүн Монгол улсын иргэний үнэмлэх авч 18 наснаас насанд хүрсэнд тооцогдож хуулийн дагуу бүрэн эрх эдэлнэ.

Монгол угсаатны бүрэлдэхүүн, гарвалзүйн талаар:
1. Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дүнсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд МУ-ын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцэгдэнэ.
2. Монгол угсаатан нь хүн судлалын төрхөөрөө монголжуу арьстны их бүлгийн умард салаа төв Азийн хэв маягт багтахын дээр МУ-ын хүн амын тал хувь нь нийтлэг монгол хэв маяг, гуравны нэг нь халх төрхийн хүмүүс болно.
3. Монгол орон нь эртний хүний өлгий нутаг болох бөгөөд тус газар оршин суугчдын түрүү үеийн дурсгал 800000 жилийн тэртээ үе буюу хуучин чулуун зэвсгийн доод шатанд хамаарагддаг байна. Тийм дурсгал МУ-ын говь нутгаас арвин олддог ажээ.
4. Монгол газар ангит нийгэм үүсэн, анхны төр улс Хүннү улсын цагт бий болж, XIII зууны үед монгол угсааны олон аймаг нэгдэж нэгэн гэр улс болсноор монгол угсаатан бүрэлдэн төлөвших эх үүсэл тавигджээ.

Дарьганга

Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.
1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын Засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар төвлүүлжээ.
Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын нутагт харъяалуулсан ба1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэргэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга /Сүхбаатар/ аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум 2, 10, 11-р багаас Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ. Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.
Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар алдартай билээ.

Цахар

Монгол улсын умард хил орчмоор суудаг цөөнх түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ. Бас Тарвагатайн жанжны захиргааны нэгэн сум Эмилийн Хулстай гол, Цагаан Овоо хэмээх газар оршдог байв.
Эдгээр цахарууд нь манжийн түрэмгийлэгчид Зүүнгарыг дайлан сөнөөх үед 1758 Илийн газар хүн ардгүй эл хуль болсон учир энд тэндээс хүн нүүдлэн ирүүлж аж ахуй хийгээд зах хязгаарын сахиулахаар Долнуур, Хөх хотын тэндээс цахар 8 хошуунаас хүн тасалж нүүлгэн шинэ хязгаарыг батлан сэргийлэх цэрэг болгон суулгасан нь нутгийн торгуудтай өөлдтэй холилдон цахар хэмээх нэртэй холлимог ард болжээ. Тус хошууны хүн ард 1918 онд 75 өрх 246 ам байжээ.
1931 онд 135 өрх 751 ам байв. Ялгуунбаатар бэйсийн хошуу нь 1923 оноос Их түшиг уулын хошуу Зэлтэр гол сум гэгдэж байгаад 1927 онд тус хошуунаас байгуулсан Түшиг сум болжээ. 1936 онд Түшиг сум нь Цагааннуур сумтай нэгдэн 1942 он хүртэл Түшиг-Цагааннуур, 1942-1950 онд Цагааннуур, 1960 оноос Зэлтэрийн сангийн аж ахуй, Цагааннуур сум хэмээгдэх болжээ. Тус нутгийн хүн ам нь буриад, халх зэрэг ястантай холилдон сууж, хэл яриа, хэв заншил нь халхаас бараг ялгагдахгүй болжээ.

Халх

Халх ястан. Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг. Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан.

Мянгад

Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айллан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно.
Тэд нар эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд багтаж явсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дөрвөн ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянган /мянгад/-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.
Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотгойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ. Тэдний дийлэнх нь болох Хойд мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан хойдын залгамчир болно. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж гурван яс болох бөгөөд үүнээс
Мянгад нь Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ, Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог: Басигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, ханд, дөчин дөрөв, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог: Хиргис нь Хар Хиргис, Шар Хиргис, Модон Хиргис гэсэн 3 овог болдог.

Торгууд

Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг мөн билээ.
Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна. Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа.
Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын тайж Шийрэн 1758 онд албат 10000 өрхөө дагуулан Ижилд одож тэнд хориод жил суусан байна.
Торгуудууд 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөсөц уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьжирч иржээ. Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд хаант монгол улсад дагаар орж харъяалалд нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагдаж байв.
1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсан анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж Булган мандал бүрэн хан уулын хошуу хэмээн нэрийдэж, тамгын газрыг баян судал гэдэг газар суурьшуулахаар тохирсон байна. 1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ.
Булганы торгуудын дотор Шаранхуд, Баргас, Бургуд, Шарнууд, Хэнгэрид, Хэрэйд, Шарас Замад /яамад/ Мэргэд, Хойд, Хотдууд /хасгууд/, Бурдууд, Хошууд /Авжийнхан Багшийнхан, Баатад, Егөс/ Гучин өрх зэрэг овгууд бий.
Булган голын торгууд хошууны нутагт сүүлд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд, цөөн тооны хасаг болно. Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан бага Цоохорын торгууд гэгч болно. Их Цоохорын торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ. Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.

Дөрвөд

Дөрвөд нь Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг үг нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрвөлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн үгнээс гаралтай гэдэг домог бий.
Дөрвөд аймаг XV-XVII зууны үед Дөрвөд Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэг хэсэг нь Торгуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгарын улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоодын хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдсаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1753 оны үед Дөрвөдын ноён Цэрэн, Цэрэн уваш, Цэрэнмөнх нар Зүүнгарын хаан Даваачид дургүйцэн албатынхаа хамтаар Манжид дагаж орсон тул тэдэнд нутаг заан Түйн гол, Заг, Байдрагт хэсэг зуур байлгаад Үенч Бодончийг дайруулан Увсын газар суулгаж, тэр газар нутаглаж байсан Урианхай нарыг Алтайн уулнаа нүүлгэсэн ажээ.
Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог олонтаа тохиолдож байна. Үүнд: Чорос тайж, ноёд тайд, гардаг цагаан яс Хойд, Хошууд, Шарад, Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас шарнууд, Бүрүд, Бүгэр, Хэрэйд, Хасгууд Баргад Шар хаших, Бөөгүүд Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, их тугтан зэрэг болно.
Үүнээс харахад эртний дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга буриадын дотор байдаг шарайд, цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд, болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны хиргис, шах /хасгууд/ зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ.
Одоо дөрвөдүүд Увс аймгийн Улаангом,Бөхмөрөн, Түргэн, Сагил, Өмнөговь, Өлгий, Наранбулаг,Давст сум, Баян-Өлгий аймгийн Өлгий,Цагааннуур сум, Ховдын Ховд,Дөргөн сумдад оршин сууж байна.

Казак

Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болжээ.
Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.
Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна.

Захчин

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.
Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Манжийн ноёрхлын үед захчин хошуу дараах 4 сум болж байв. Үүнд: 1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/ 2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/ 3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас*/ 4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/ Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байв.
Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг.
Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ.

Үзэмчин

Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана.
Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу /Чингис/ хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ.
Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Чингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь “Их” үзэмчин, зүүн нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь МУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ.
Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин нь 1946 онд засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харъяалагдах болсон байна.
Нөгөө баруун Үзэмчинээс ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ. Үзэмчиний дотор халх өвөрлөгч, барга гарлын нэлээд тооны овог бий. Үүнд: Хавхччин, Дөрвөд, Хайс, Түмчүүд, Тэмээчин, Халхчууд, Авгачин, Урианхай, Баргачууд, Боржигод, Бухшалжууд, Биргачууд, Хатагин, Өвчүүчин Галжуувариад, Чилингэр, Бууралтан, Хасаг, Борнууд, Бурга, Ухай, Ожоон, Баргажин, Цагаан аймаг гэх мэт.

Хотогойд

Монгол улсын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхажсан ойрадууд нь Хотгойд болно. Хотгойдын дээдэс Хойд аймгийг XVI зуны сүүлчээр Халхын засагт хан Лайхур довтлон албатаа болгож, халх нутагт суулгаснаар хотгойдын үүсэл гарсан байна. Тийнхүү халхын бүрэлдэхүүнд багтсан хотгойдыг дөрвөн ойрадын холбооны үндсэн хойдуудаас ялган /хойд-хойд, онцгой-хойд/ гэж нэрлэсэн болов уу.
Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөртөлх өргөн зурвас газар нутагшин суусан бөгөөд энэ газар нь тухайн үед нэлээд чөлөөт нутаг байжээ. Хотгойд нь XVI зууны сүүл үеэс халхчуудтай хутгалдан сууж, түүхийн элдэв шалтгаанаар өөлд, урианхай зэрэг яс овогтой холилдон бүрэлдэж халхажсан ойрад /хойд/ удмын ард болно.

Дархад

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.
Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал. Хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд өөлд, чонод цагаан зоот /чооду/, хар зоот, шар зоот, маанжираг, буриад, кариад, хоролмай, урад, сөнөд, харнууд, ойнад, илжигэн, цагаан хуулар, ногоон хуулар, хар хуулар, хиргис, соён, хар соён, эрхид, онход, балигч, уйгур, хаасууд, цахар, манхлаг гэсэн 32 овог байгаагаас монгол угсааных нь: хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод, сөнөд, ханууд, маанжраг, манхилаг, хариад, онхот, илжигэн, ойнод, цахар, буриад, өөлд яс болох ба үүнээс хар дархад нь халх хамниганы холимог гаралтай ажээ. Түрэг угсааны овог нь соён, хуулар уйгур, хиргис, эрхит, балыг хоролмай зэрэг яс болохын дээр зоот, хаасууд овог нь нэн /самоди/ угсаатанд хамаарагдана.
Ийнхүү дархад ястан нь монгол овог голлосон түрэг, нэн угсаатны холимог гаралтай байна. Дархад хэмээх нэр нь тэдний нэгэн болох Дархад овгийн нэрнээс гарчээ. Дархад овог нь хар дархад, ухаа дархад гэсэн хоёр яс болохын дээр хар дархад нь Богдод анх шавь болсон улс бөгөөд сүүлд эд нар Хараа, Ерөөд нутаглаж байгаад Шишгидэд эргэн очиж нутаглан суугаад Жавзундамба хутагтад үслэг алба залгуулдаг дархлагдсан шавь нь болж, улмаар бусад яс овгийнхон нь түүнийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орж тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ. Тийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш энэ нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дрхад шавюь нарын хооронд газар ус, бэлчээрийн талаар баахан зөрөлдөөнтэй болсон авч Дархад нь зундаа Шишгидийн сав газар, өвөлд нь Агар, Өэлтэс, Алтрга, Мөрөн зэрэг газраар нутаглан урагш хойшоо нүүдлэн аж төрөх болжээ.

Хөвсгөлийн урианхай

Хөвсгөлийн урианхай /Ар ширхтэн урианхай/. Дархадын хязгаарт эртнээс нааш дархадаас гадна Ар ширхтэн урианхай болон цаатан хүмүүс нутаглаж ирсэн бөгөөд XVII зууны үеэс Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар нутагладаг иргэдийг Халхын захирагч Гэрсэнд жалайр хунтайжийн ахмад хүү Ашихай дархан хунтайжийн үр удмынхан болох Хотгойдын ноёд захиран, 1697 оноос Хотгойдын эзэн Гэндэн хунтайжийн хүү Бүүвэй бэйлийн харъяат болгосон байна. Ингэснээр одоогийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Гуна, Мунгараг, Ушгидай, Хориг, Бургалтай, Хөг, Үхэрт, Жамас хэмээх газраар нутаглаж байсан Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн урианхай нарыг Өвөр шихртэн урианхай гэж ялган нэрлэжээ.
1923 онд Манжийн үед байгуулсан харуулыг татан буулгаснаар Ар ширхтэн Урианхайчууд болон их шавийн харъяат Дархад отгийн ардууд халх буюу төв Монголоос тусгаарлагдмал, бөглүү, хязгаарлагдмал байдлаасаа ангижирч, ардын харуул, шавь, ширхтэн урианхай нарын зөрчил будлиан арилж, урианхай дархад нар монголын бусад ард түмэн ястан угсаатны нэгэн адил эрх чөлөөтэй болсон ажээ.
1923 оноос монгол даяар орон нутагт ардчилсан засаг захиргаа байгуулахад Ар ширхтэн отог нь Ар ширхтэн сум болсон ба 1925 онд Дархад шавийг өөрчлөн Дэлгэр их уулын аймгийн байгуулахад Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны Ар ширхтэн урианхай сумыг нутгийн дөтөөр Дэлгэр их уулын хошуунд нэгтгэж Тосонсүмбэр сум гэж нэрлэх болжээ. Тэр үед Дэлгэр их уулын хошуунд Намнан, Тосонсүмбэр, Цацат, Ринченлхүмбэ, Хонин-Өндөр, Тосоннамнан хэмээх 6 сумтай байснаас Тосонсүмбэр, Намнан сум нь одоогийн Улаан-Уул сумын нутагт байв.
1928 онд Дэлгэр их уулын хошууг Хөвсгөл далай Бүрэнхан уулын хошуутай нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгоход мөнөөхөн Тосонсүмбэр, Намнан сумд тус хошууны бүрэлдэхүүнд багтах болсон. Чингээд 1931 онд Хөвсгөл аймаг байгуулахад дээрх сумдыг нийлүүлэн Улаан-Уул болгосон байна. Ингэснээр хуучин Ар ширхтэн урианхай нар Улаан-Уул хэмээх шинэ сумын харъяат болжээ. Ар ширхтэн отгийнхны голлон эрхлэх аж ахуй нь мал аж ахуй байсан бөгөөд адуу, үхэр, хонь, ямаа өсгөн, ан гөрөө хийж, цаа малладаг байжээ. Тэдний шүтддэг мөргөл нь бөөгийн мөргөл байсан байна.

Алтайн урианхай

Баруун Монголын нэгэн гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна.
Урианай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XIII зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ.
Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь дөрвөн ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь 6 түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ. Дөрвөн ойрадын дотор багтсан урианхайд чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай гэж ч нэрлэж байсан.
Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна. Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг уруу шилжин, Орхон Зүүнбүрэн болон Хэнтий аймгийн Чандаганы сангийн аж ахуй зэрэг газар бүлгээрээ оршин суух болсон. Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ.

Тува-урианхай

Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумнаа Ховд голын дагуу нутаг, Ховдын Харганатын бэлчээр /Цэнгэл сумын төв/ гэдэг газар хошуу төвлөж байсан ба тус хошуу гол хийд нь Шар Даагийн хүрээ буюу /Хөх мончоогийн хүрээ/ болно. Энэ хүрээг 1900 онд Дөрвөд Далай ханыхаас эрхлэн байгуулжээ.Шар Даагийн хошуу нь Иргэд сум, Шунгуурган сум, Жакдыва сум, Хөег сум гэсэн дөрвөн сумтай байжээ. Энэхүү мончоогийн хошууны хүн амтай угсаа ойр хүмүүс зэргэлдээ хошуу Эетэй гүний хошуу буюу Цагаан Соёны хошуу болон Зоригт гүний хошуу буюу Хар Соёны хошуунд нутаглана.
Мончоог гэдэг үг нь угтаа яс угсаа, отог овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасгууд, хошуу ноёных нь малгай хөх жинсийг үзээд /хөх молцогтон/ гэж нэрлэснээс ийм үг үүссэн гэдэг, Эд бол Тува гарлын монголжсон Соёд урианхайчууд юм. Эдний овог яс нь дотроо бас ялгаатай байдаг. Жнь: Мончоог нь – иргэд, хөег, хойд, жакдыва, шунгуур гэж ялгарна.
Үүнээс хөег нь хаа хөег, хара, гоцог, донгуш, монгуш, хөртгөш, гүлдрэг хөег гэж ялгагдана. Хар Соёныг – хара-төш, хара-сал гэх: Цагаан Соёныг –авганцар, Сарыглар хэмээн ангилна.
Харин хойд гэдэг овог нь эрт цагт өөр газраас ирсэн тул Мончоогийн 4 суманд ордоггүй байжээ. Үүний учир нь Манжийн ноёрхлын үед Ёсын хошууны хэсэг айл Ховдын Халзан бүрэгтэй, Гурван цэнхэр зэрэг газар албанд дайчлагдан очоод сүүлд /1870 оны орчим/ хошуу нутагтаа эргэж ирсэн бөгөөд хагас зарим нь тэндээ үлджээ.
Тэдгээр хүмүүсийн удам нь Цэнгэл сумын 3, 5-р биргадынхан болно. Иймээс эдний дотор хойд овог холилдсон байна. Тэрчлэн энэ нутагт зах найман өртөөны өөлдүүд сууж байсан учир энд бас өөлд овогтон бий болжээ. Баян-Өлгийн мончоог казак, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Харин тэдний орон сууц, дээл хувцас, хэв заншил нь Ойрад монголчуудтай адилхан байна.

Барга

Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь XIII зуунаас урьд Байгаль далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрнийй бүрэлдэхүүнд орж урианхайн мянганы нэгэн болж явжээ.
Барга нарын нэг хэсэг нь Төв аймгийн Авдарбаян сумын харъяат барга нар болно. Эд нар Хөлөннуурын баруунтайх Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед Базаргарьд цорж лам, Очирваань гүн, Жамбал гүн, Тулай гүн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болжээ.
Дорнодод сүүлд ирж нутагласан барга нар тус аймгйн Хөлөнбуйр сумнаа сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам болсон бөгөөд угтаа Хөлөн нуурын зүүнээр Буйр дагуу нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөшөөт шар хошууны хүмүүс юм. Ер нь барга нар нь буриад, халх, өвөрлөгчдийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал, соёл нь мөн холимог шинжтэй юм. Бараг ястний хэл аялгуу нь нийтдээ дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах бөгөөд хуучин барга нь солоон /манж хамниган/, шивчин /буриад/, өөлд /ойрад/ аялгуутан болох ба шинэ барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хөвөөт цагаан хошууны аялгуу, барга-халхын аялгуу, Шулуун хөх, Хөвөөт хөх хошууны аялгуу гэсэн ялгавартай байна.

Буриад

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ. Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.
Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух 8 овог: Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бүрэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтаа байна.
Эдгээр яс овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрдэж байхад Цонгоолын дотор Халх, Өвөр Монгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилж байна. Энэ нь буриад ястний овгууд эрт хожмын олон үед бүрэлдснийг харуулж байна. Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг: ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойрог: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.
МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу: Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ. Түүнчилэн буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай. Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулал-цах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй.

Цаатан

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ.
Цаатнууд тува нарын нэг адил монгол, манжийн захиргаанд байжээ. Манж чин улсын үед Тагнын урианхайн 9 хошуу /ойн сальжак, тож та буюу монгуш, бэйс, маат буюу Кодагайт, Нибаз, хозут, шал/ болж байснаас 2 нь /Бэйс, Маат/ монгол ванд захирагдаж байв. Тож хошуу нь Хөл, Ак, Кара, Чугок гэсэн дөрвөн сум болох бөгөөд хөл суманд Ак-тоду, Кара-то ду, Соён, Кыргыз, Канати, Маат, Тархат, Шахар хэмээх овгууд, Ак суманд нь: Ак-Чоду, Кара суманд нь Кара –Чоду зэрэг овгууд байдаг байжээ.
Цаатан ардын дунд цаа буга маллах арга ажиллагаа, ан гөрөө хийх эртний уламжлал, урц овоохой иргэний заншил, гэр бүл-нийгмийн харилцааны овгийн байгууллын улбаа, бөө мөргөлийн ёс нэлээд хадгалагдан байжээ.
1960 оны байдлаар Улаан-Уул суманд 39 өрх, Ринченлхүбэ суманд 20 өрх, Ханх суманд 30 өрх цаатан байв. 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор харъяалагдаж байгаа сум нэгдэл, төвлөрсөн газар нь цаатан иргэдэд зориулан өрх бүрд орон сууцны байшинг үнэ төлбөргүй бариулан, дотоод төхөөрөмж, соёлын хэрэгслээр ханган, мөнгөн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Ингэснээр цаатан ардын аж байдал соёлын түшин нь дээшилж, зэргэлдээх бусад ястны адил хэмжээнд хүрчээ.

Баяд

Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд нь оролцдог яс юм. Монголын Баядын эртний өвөг дээдэс бол XII-XIII зууны үед Жида Баягуд, Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж байсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатан гэж шинжээчид үздэг.
Баягуд аймаг нь Монголын эзэн гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн Монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд олорцох болсон ажээ. Баяд бол Дөрвөд Ойрадын холбоонд оролцон явж Зүүн гар улс эвлэрэх үес Дөрвөдтэй нэгэн хамт Заг Байдрагт хэсэг байгаад 1754 онд Увс нуурын өмнө дорно ба Тэс голын адгаас өмнө Нарийн гол, Тогтохын шил, Хан хөхийн ар өврөөр Хяргас нуур хүртэл нутаглан Дөрвөдийн төгс хөлөг Далай ханы аймагт харъяалагдан 10 Баядын хошуу болжээ.
Тэдгээр нь одоогийн Увс аймгийн Тэс сум /Жанжин гүн, Дандар гүн, Пандиа бэйлийн хошуу/ Малчин /Жонон Бэйл, Эрх вангийн хошууд/, Хяргас сум /Дайчин ван,Баатар бэйл, Саруул жаижин гүний Зүүнговь /Түшээ гүн, Эрдэнэ гүний хошуу/ сумд болно.
Мөн Баядын дотор дараах яс бий. Үүнд: Шангас, Борлууд, Харнууд, Цагаагчууд, Тайж нар, Цагаанууд, Тахианар, Ногоон тугийнхан, Бүлчинжасынхан, Хошууд, Булгадар, Харгачууд, Галзат шарнууд, Хасгууд, Бүрдүүд, Хотдууд, Чооно, Шаазгай, Цорос, Тонгорууд, Барлагууд, Торгуудууд, Тавнангууд, Салдан долоон, Сарагжин долоон, Чамхин, Баарингууд, Баяд зэрэг болно.
Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаар ихээхэн алдартай юм.

Өөлд

Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.
Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно.
Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн архангай аймгийн Өлзийт Хотонд, Өгийнуур сум/ болно.
Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос, Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.

Хотон

Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм. Эд хуучин Дөрвөдийн Зоригт хан аймгийн нутгийн савд Тогтохын шил, Бургалтайн гол орчмын уулсаар өвөлжиж зусан, намар хавартаа Увс нуурын зүгт Тээлийн голоор нутаглан, тариалангийн ажлыг голлон, мал аж ахуйг дагалдах маягаар эрхэлж иржээ.
Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна. Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно.
Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай боловч одоо зэргэлдээ нутгийн монголчуудтай адилавтар болсон. Хотод нь дуу хуур, бүжигт авьяаслаг бөгөөд ялангуяа Шалбаг зэрэг овогтныг хуур заяасан хүмүүс хэмээдэг домогтой.

Хамниган

Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамниган ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө голын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг. Эдгээр хамнигадын гарал үүслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Үсүн улсын хүн иргэд Хар мөрөн хүртэл нүүдэллэн явах замд үлдэж хоцорсон хүмүүс гэдэг Тэгээд өнө удаан хугацаанд монгол овогтний дунд байсан авч хэлээ марталгүй өнөө хүрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган үгээр хэлэгдэж заншжээ.
Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Барлаг, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галттай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын 3 харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин суудаг.
Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу буюу Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг: Эрдэнэ гүний хошуу буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд, Дайчин бэйсийн хошуу буюу Хэнтийн Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хөвчийн Жонон вангийн хошуу буюу Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал сумдад сууж байна. Хэл ярианы хувьд Ерөөгийн хамниган, Мөнгөнморьтын хамниган, Цэнхэр мандал, Мөрөнгийн хамнигад, орчин тойрныхоо монголчуудаас бараг ялгарахгүй шахам болжээ.
Хамниган овгийг нягтлан үзвэл нэг хэсэг нь монгол овог болох бөгөөд эд нар нь хамниганы дотор нутагласаар хамнигажсан монгол угсаатна буриад, ар өвөр монгол овог байгаа нь зарим монгол овогтон манжийн байлдан дагуулах үеэс дайн хөлийн учир хамниган нутагт нүүн ирээд, манж нар хамниганыг өөрийн угсаа нэгтэй гэж халдан довтолж, түйвээхгүй байсан учраас тийнхүү хамниганы дунд нэлээд монгол айл овог орж олон үе өнгөрөхөд хамниган болсон бололтой.

1 comment:

medicalscience said...

Goyo blog baina, heregtei medeeleluud baina.

: