Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана яг мөн үү?
Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн хэлцдэг Монголчуудын маань хувьд сар шинэ сайхан болж өнгөрлөө. Алтан гахай хэмээх сайхан жил улирч хувьтай хүн үздэг хулгана жил ирлээ. Монгол ардын магтаал дуунд хулгана жилийг “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана нэгэн жил ээ” хэмээн магтан дуулдаг. Харин хулгана яагаад тийн бөөлжөөд байдгийн учрыг та бодож үзэж байсан уу? Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь эрүү цагаан хулгана яг мөн үү?

Амны бэлгэнд таарахгүй ч гэлээ биш гэсэн хариу өгөх нь. Уг нь бол “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг” нь мангуст хэмээх амьтан юм. Мангуст бол бие жижиг ч хөдөлгөөн шалмаг, хорт могойг дийлдгээрээ нэн алдаршсан амьтан. Бүр хаан кобраг хүртэл дийлдэг гэдэг. Буддын бэлгэдэлзүйд мангустыг могой, нажийг дийлдэг гэдгээр нь чухалчлан авч үзнэ. Наж, могой нь эрдэнэсийг хамгаалагч билээ. Мангустыг самгардиар накула, төвдөөр нэ’үлэ гэнэ. Жамбал, Очирваань бурханыг ихэвчлэн зүүн мутартаа мангуст барьсан, тэр нь эрдэнээр бөөлжиж байгаагаар зурсан байдаг. Энэ нь Төв Азийн ард түмэн эртнээс могойг дийлдэг мангустын арьсаар эрдэнэсийн уутаа оёж, амаар нь зоос, эрдэнэс, үнэт чулуугаа хийж, авдаг байсантай холбоотой юм. Дээрх бурхад гартаа эрдэнээр бөөлжиж буй мангуст барьдаг нь эд баялаг, сүр хүч, нүнжиг зэргийг бэлгэднэ.
Харин манайд мангуст байхгүй тул дээрх бурхадын зураг дээрх мангустыг харсан Монголчууд хулгана байна хэмээн боджээ. Тэгээд хулганыг "эрдэнийн зүйлээр бөөлждөг" хэмээн магтах болсон байна. Ер нь эртний Монгол орчуулгын зохиолд Энэтхэг, Төвд үлгэр домгийг Монголчуудад ойлгомжтой болгох үүднээс илүү ойр амьтнаар нь орлуулан орчуулсан байдаг. Тиймээс шакал хэмээх нэгэн зүйл цөөвөр чоно Монгол үлгэрт ямагт үнэг болсон байдаг бол мангуст харин хулгана болон монголчлогдсон байдаг. Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг мангустын “цол”, имижийг ийнхүү Монголд хулгана булаан авсан ажгуу.
М. Саруул-Эрдэнэ
No comments:
Post a Comment