Thursday, May 1, 2008

Гүнжийн сүмийн хаалгаар шагайж, Цогтын оюуныг тайлах мэт


Урин дулаан цагт хүн бүрт л агаар салхинд гарч яаж сайхан амарч, зугаалах вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Харсан зүгтээ давхиад, тааралдсан газраа очиж, нэг ёсны төлөвлөгөө муутай амрах нь утга учиргүй. Эсвэл хүн бүрийн мэддэг нэг хоёрхон газар руу зүтгэх нь бүр ч хэрэггүй шиг. Эх оронд маань үзэж харах зүйл ховорхон мэтээр ярьдаг нь нэг бодлын өрөөсгөл бодол байх.
Хүний нүд, сэтгэл хужирлах байгаль, түүх, соёлын дахин давтагдашгүй сод дурсгалуудаа бид мэдэх учиртай. Хотоос гарч давхиад Горхи-Тэрэлж орох, эсвэл Ээж хаданд мөргөх хоёроос өөр нэг их сонин хүмүүст байдаггүй шиг бодвол эндүүрэл болно. Тэгвэл Улаанбаатараас гараад хамгийн ойроор нь Төв аймгийн сумдаар хэрэн явж, айраг цагаа ууж, эцэг өвгөдийн туулж бүтээсэн гайхамшигт аялгуу хөгжмийг хамтдаа үзэж туулъя.


Эхлээд зүүн тийш Эрдэнэ сумын нутаг дахь Гүнжийн сүмийн туурийг очиж үзэхэд буруудах зүйлгүй санагдана. 1697 онд Богд дархан ван Дондовдорж Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч олон жил ханилан суусан байдаг. Гүнжийг нас барахад Манжийн хааны зарлигаар сүмийг бариулж, сүмийн хүлэмжинд шарилыг оршуулжээ. Гүнжийн сүм гэж нэрийдэх болсон нь энэ бөгөөд хошуунаасаа отог тасалж байнгын харуултай болгосон гэдэг. Сүмд гүнжийн хэрэглэж байсан тавилга, эд хогшил, ширээ сандал, авдар шүүгээ, толь, хувин домбо, хаш чулуу, зандан, суман модоор урласан үнэтэй нарийн эдлэлүүд хадгалаатай байсан нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлт, самууны үеэр сүйтгэгджээ.
Түүхийн нэгээхэн хэсгийн өнгө үнэрийг сонсч “Гүнжийн сүм”-ийн туурийг үзэж, өвс ногооны үнэрт автан алхахад их зүйлийг ургуулан бодох авай. ХYII зууны уран барилгын болоод оюуны соёлын чухал дурсгалд тооцогдохын учир “Гүнжийн сүм”-ийн хаалгыг өөртөө нээж сэтгэл оюуны амралтыг эдлэх нь магад таашаагдах биз ээ.
Цааш Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийдийг зорин очиход буруудах зүйлгүй. Өвлийн цас даваа, зуны намаг балчгийг даван уг хийдийн бууринаа хүрэхэд итгэлтэй унаа, газар таних нутгийн хүн хэрэг болох нь магад. Халхын өндөр гэгээн Занабазар шарын шашныг өргөжүүлэх зорилгоор 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр шав нь тавигдаж 150 шахам удаа буурь сэлгэсний эцэст 1778 онд энэ уулнаа нүүдэллэн иржээ. Энэ нь үндсэндээ Улаанбаатар хотын нүүж суурьшсан түүх юм.
Хийдийн тууриас түүхийн гашууныг үзэж болно. Барилгуудын асар том нуранги, улаан тоосгон ваар, янз бүрийн хэмжээний тоосго, алтан боронзтой дээврийн ваарны хагархай тааралдаж цөхрөл эрсэн нүдээр ширтэх шиг болно. Халх, Ойрадын дайн болж Галдан бошигт халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол гатлан Хэнтий уул хүртэл давшихдаа Өндөр гэгээний байгуулсан уг хийдийг эвджээ. Хийдийн энэ уулнаа цагийн салхи сэвшиж, хийдийн туурины завсраар ургах өвс ногоо, түүхийн манан, уй харууслын дууг дуулах шиг болно. Цагтаа уран барилгын өндөр урлалыг илэрхийлж байсан хийдийн тууринаа суугаад нэгийг бодож, хоёрыг санах нь лавтай.


Хот руу буцах замын өмнөөс Түрэгийн үеийн мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөө тосох нь оюун бодлыг улам саруулсгах шиг болно. Налайхаас зүүн тийш 20 орчим километр тэгш цагаан талд хоёр метр шахам өндөр энэхүү гэрэлт хөшөө сүндэрлэн бий. Түрэгийн гурван хааны зөвлөх сайд Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа энэхүү гэрэлт хөшөөг босгуулжээ. Тэрбээр “Зөөлнийг нугалахад хялбар, нимгэнийг урахад хялбар, хэрвээ зөөлөн юм хатуу болохул түүнийг нугалахад хатан зориг хэрэгтэй. Нимгэн юм зузаан болох ахул түүнийг урахад баатар зориг хэрэгтэй” хэмээгээд “Улс орон буурай байхад эзлэхэд хялбар харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх, эзлэн авъя гэвээс баатар зориг хэрэгтэй” хэмээн сургажээ.
Хөшөөний бичээсийн төгсгөлд Элтерес, Капган, Билгэ зэрэг хаад унтах нойроо огоорч, улаан цус хар хөлсөө урсган улсаа улс шиг улс болгосныг сийлж үлдээжээ. Хөшөөний дэргэд чухамдаа зүүд зэрэглээ мэт он цагийн уртаас ажралгүй цуурайтан дуулдах сод билэгт хүмүүний оюуны зүрхийг олж үзэх мэт сайхан. Энэ мэт Түрэгийн үеийн өөр нэгэн дурсгал бичээс урагш Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Их хөшөөт хэмээх газар бий. Гурван талдаа нийт 29 мөр бүхий түрэг бичээсний 14 дүгээр мөрт “Сэцэн Кул-чур Тардуш түмнийг захиран суулаа” гэсэн өгүүлбэр байдгаас энэхүү гэрэлт хөшөөг Кулчур хэмээх ноёнд зориулан босгосон гэж үздэг байна. Бичээс их л баларч сүйдсэн учраас өдгөөг хүртэл бүрэн тайлж уншаагүй өөрийн нууцаа хадгалсан хэвээр ажгуу.


Дэлгэрхаан сумын нутаг. Энд халхын Цогт хунтайж 1621 оны намар хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж яваад нэгэн шүлэг цээжээрээ хэлснийг дагаж явсан Эрх хиа нь тэмдэглэн бичиж авсныг 1624 оны намар Дайчин хиа, Гүенбаатар хоёр “Дуутын хар чулуу” хэмээх хаднаа сийлэн үлдээжээ. Онон мөрөнд суугаа халуут авга эгчээ санан мөрөөдсөн гүн ухаан, бясалгалын гайхам яруу шүлгийн халуун анирыг эндээс харж сонсоход үнэнхүү сэтгэлд нар гийх шиг болохыг анзаараарай. Лигдэн хааныг дэмжин тэмцэж байсан Халхын Цогт улааны шашны нэгэн сүмийг бариулсан нь Цогтын цагаан байшин нэртэйгээр Булган аймгийн Дашинчилэн суманд одоогоор бий. Улаанбаатараас хамгийн ойр үзэх нэгээхэн дурсгал байдгийг хэн хүнгүй мэдэх ч тэр талаар өгүүлэхгүй өнгөрч болохгүй. Төв аймгийн төвийн хойд уулнаа орших Манзуширын хийдийг үзээгүй хүн бараг үгүй ч түүхийн ямар утга учрыг дэргэдээс шивнэдгийг тэр бүр мэдэхгүй биз. Манжийн хаадын шүтээн гэж хэлэгддэг Мандширын хувилгаан Наваанжамбажалцанг залан ирэх 1733 онд Богдхан уулын өвөрт түвд хэлбэртэй анхны сүмийг барьж эхэлсэн гэдэг.
Хорь гаруй сүм хийд байсан нь мөн л 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт дайрагдан сүйрч унажээ. Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур байгуулж байсан гэх сонин дурсгалын орон ахуй энэ газарт үлдсэн ганц хийдийн шатан дээр зогсч өнгөрсөн ахуйг нэхэн бодлогошрох аваас нэн сонин. Нурж унасан хашаа хэрэмний тоосго, чулууд үг залгисан мэт чимээгүй орших энэ аглагийг зориход ийм л учир утга өмнөөс тосч байнам. Түүхийн их утга учрыг өөрийнхөөрөө бодож ухаарахын зэрэгцээ та гадна дотны хэнд ч эх нутгаа мэддэг хүн шиг загнахад хэрэг болохыг тунгааж дээрх бүхнийг өгүүлэв. Гүнжийн сүмийн хаалгаар шагайж, Мэргэн Тоньюкукийн хөшөөнд бараалж, Дуутын хар чулуунаас Цогтын ахуйг уншиж буурал түүхийн жимээс ирээдүйгээ харахын шалтгаан надад бас танд оногдож байна. Урин цаг ч алжаал тайтгарлыг нэхэж байна.

No comments:

: