Нүд алдам хязгааргүй цэлийх дорнын буурал тал нутаг минь. Өвгөд дээдсийн үр хойч бидэндээ харамнаж үлдээсэн аугаа их хайр хишгийн илэрхийлэл мэт болоод харах нүднээ сүүмэлзэн бадарна. Цав цагаан Мэнэнгийн талд цахилах зээрийн сүрэг, Халх голын бургаст тохой, Буйр нуурын цэнхэрхэн давалгаат мандлаас эх орон минь эхэлдэг шиг бодогдоно. Халх голын эргээр алхахуй сумны өнчин ганц хонгио газар элэглэн хэвтээд энх амар цагийн хүний сэтгэлд өнгөрч одсон цагийн бараан хөшгийг нэхэн сануулна.
Угаас Дорнодын тал нутаг үүх түүхээ мэддэг монгол хүмүүнд ширхэг чулуу нь үг хэлж, ганхах шивээ нь үлгэр шивнэмээр сайхан нутаг юмсанжээ. Тэр л тал нутаг руу зоривоос сэтгэл аугаа уужим тал нутаг шигээ болохын учир Монгол минь оршино. Амьдрах энэхэн насандаа монгол хүн бүр тийш зориуштай санагдана. Зүүд совин мэт санагдах домгийн буурал талаар цаг цагийн орчил үзэгдэх шиг болоод хөтөлгөө морьтой баатар хүмүүн наран зүг алсран шингэх шиг болох нь ч эх нутгийн тухай бодол минь буюу.
Хэнтийн Норовлингоор дамжиж Дорнодын зүүн хойд суга руу өнгийвөөс явах зам чинь "Чингисийн хэрмэн зам" гэвээс бүү эргэлзээрэй. Монгол нутагт "Чингисийн зам", "Чингисийн далан", "Чингисийн хэрэм" нэртэй дурсгалууд байдгийн нэг нь энэ юм.
Баян-Адарга, Норовлин сумын Улзын Өндөр дов, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Гурванзагал сумын нутгаар БНХАУ-ын нутаг ортол 500-600 км газарт хэсэг хэсэг тасран үргэлжилсэн шороон хэрмийн үлдэгдэл байх нь нэн сонин зүйл ажгуу. Хэрмийн урд талд 40-50 метр дөрвөлжин шороон хэрмийн туурь байх нь харуулын хүн тэнд нь суудаг байсан болов уу гэсэн таамаг төрүүлнэ. Хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин хэлбэртэй байдаг ч гэж үздэг. "Чингисийн хэрмэн зам" гэж нэрийдсэн энэхүү шороон замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн аймгийн хил байсан гэж үздгээс өөр нарийн судлагдаагүй өнөө хэр өөрийн нууцаа хадгалсаар иржээ. Баяндуны урд залгаа Цагаан-Овоо сумын нутаг руу хүлгийн жолоог залж Киданы үеийн Хэрлэн барс хотын дурсгалт ахуйг сонирхож үзвээс басхүү өмнөөс өнгөрсөн түүхийн нууцхан зураг тосч угтана. Хаашаа хаашаа 2000 шахам метр хэмжээ бүхий хэрмэн хашаан дотор тав, долоон давхар хоёр суварга байсныг манай археологичид илрүүлэн шинжилжээ.
Хэрмийн баруун өмнөд хэсэгт талд өндөр шороон дээр чулуугаар барьсан бага хэрмийн ор мөн бий. Энд арав гаруй жижиг барилгын ор мөр байдаг. Хөх тоосгоор барь тав, долоон давхар хоёр суварга нь хэлбэр маягийн хувьд Энэтхэг суваргатай төстэй байсан. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар эдүгээг хүрчээ. 1731 онд Хятадын жуулчин Гун Чжи-ио-гийн Монголоор явсан тэмдэглэлд Сэцэн хан аймгийн Далай бэйсийн хошуунд Барс хот байна. Нэг нь долоон давхар, нөгөө нь таван давхар хоёр давхар суваргатай, суварганы туурганд зурсан бурхны хөргүүд бүтэн хэвээрээ байна. Долоон давхар суваргын дотор модон хайрцаг дээр гурван цагийн бурхан, манзшир, самандбара дөрвөн махранз зурмал хуйлмалаараа хадгалагдан байхын зэрэгцээ сүмийн дэргэд уншиж болохтой 2-3 мөрөөс бусад ихэнх үсэг нь холтрон баларсан хятад үеийн бололтой гэрэлт хөшөө бий гэж тэмдэглэжээ. Энэхүү газраас олдсон олдворууд нь ихэнх нь бурхан шашны зүйл боловч цэргийн хот байсан. Чухамдаа энэ нь Хятад улсын баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд нүүдэлчдээс бүрдүүлсэн цэргийн анги суулгаж байсан гэж үздгээс үүдэлтэй гэж манай эрдэмтэд үзжээ.
Хэрлэн барс хотын энэхэн ахуйгаас хагацахуйд Тогоонтөмөр хааны Барс хот зүүн тийш 15 орчим км газарт байх нь ч мөн соньхон учрал тохиол гэлтэй. Дөрвөлжин шороон хэрэм бүхий өмнөд талдаа хаалгатай хотын тууринаас барилгын баганы боржин чулуу 28 ширхэг гарч ирсэн аж. Мөн Юань гүрний үеийн гэгддэг шаазангийн хагархай, төмрийн баас, сүх, алх, эсгэж загвар гаргасан үйсний хэсгүүд зэрэг хүмүүний ахуй амьдралын нэгэн үеийн хэв маягийг харуулдаг. Юань гүрний төрийг барьж байсан Тогоонтөмөр хаан өмнөд газраас хөөгдөөд Барс хотыг бариулж байсан тухай мэдээг дундад зууны Монголын түүхчид тэмдэглэсэн нь хээр аглаг энэхэн хотын туурь мөнөөс мөн гэж үздэг байна. Эндээс гарсан дурсгалууд ч Тогоонтөмөрийн цаг үетэй тохирч байгааг тогтоожээ. Энд хээрийн шувуу жиргэн донгодож, үлээх салхины аясаар түүхийн хүрд эргэн байнам. Хээр талын үлгэр домог шингэсэн эртний хотуудын тууринаа зогсч ухаан бодлын амралт тайтгарлыг өөртөө эрж олвоос ийм л буюу.
Түүх, соёлын энэ мэт гайхам өвөө бид судалж, шинжилж бусдад бахархан дуулгах учиртай байнам. Хадгалалт, хамгаалалт нэхсээр үгүйрэн эмтэрч байгаа түүхийн дурсгалаа бид л амжиж хайрлан манцуйлах учиртай. Түүх бол өнгөрсөн цаг үеэс биднийг бас ирээдүй хойч үеийг минь өмгөөлсөн аугаа их хайр энэрлийн нууц буй заа.
Хэрлэн гол нар, сарыг элээн, дөрвөн цагийн өнгөнд хувилан мянга мянган жил урссаар байнам. Морины омруун дороос хүрдэн долгио цацраах Хэрлэнгийн ариун урсгал хэзээ ч үл тасарч, хөвөөн дээр нь төрөх хөвгүүд, охидын биеийг ариусган угаана. Өнөө ч урсаж, өнө хожмоо ч урсана. Зон нутгийн түмэн ч эх түүх, хэл соёлынхоо чимээг ч нар cap мэт хүндэтгэн чинад нууцхан хадгална. Чойбалсангийн төвөөс урагш гарч Хэрлэн голыг уруудан Баруун Өлзийт уулыг хормой биеийг ороон цааш замнанам. Энэ уулын энгэр хормойгоор хүрмэн боржин чулуу бүхий дэвсгэрээс хоёр гурван ч булш олдсон нь эртний хүн амьдарч байсан неолитийн үед хамаарч буйг тогтоожээ. Ерөөс Хэрлэн голыг даган явахул эртний хүмүүсийн ул мөр булш бунхан цөөнгүй таарч өвс халиурах энгүй талын гоо үзэмжийг нэммүү.
Хуучин Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 30 гаруй км-т өнгөрсөн зууны Монголын соёл, түүхийн томоохон дурсгалд тооцогдох "Их бурхант" хэмээн алдаршсан шүтээн буй. Аюулаас аврагч Жанрайсиг бурхны дүр эл шүтээн нь халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Б.Тогтохтөрийн санаачилга, удирдлагаар 1859-1864 онд бүтээгджээ. Тэр үеийн зуу гаруй урчуудыг оролцуулан Жанрайсиг бурхныг уулын энгэр газарт хэвтээ байдлаар 90 тохой буюу 30 метр урт их, бага хоёр хүрээн дотор цогцлуулсан байна. Их бурхныг тойруулан чулуугаар 20 гаруй жижиг бурханы дүрийг мөн бүтээжээ. To вангийн санаачилж бүтээсэн энэхүү дурсгал нь бас л цаг үеийн хар сүүдэрт дайрагдсан удаатай.
Өнгөрөгч зууны эхээр Дорнод Монголын төмөр замын будлиан, хэд хэдэн үймээний үеэр эхэлж сүйтгэгдсэн хийгээд хэлмэгдүүлэлт, бурхан шашны эсрэг 1930-аад оноос эхэлсэн урт гар мөн л дайралгүй өнгөрч чадсангүй. Долоон зуугаад сүм хийдийг нурааж чадсан юм, арга байж уу дээ. Их бурхны чулуугаар ойр тойрмогхоны малын хашаа саравч барин даажигнажээ. Сайн цагийн үрээр 1990-ээд оноос Их бурхантыг сэргээн босгох ажил эхэлж, судалж шинжилж, 1997 оны намар сэргээн засварласан Жанрайсиг бурхныг аравнайлж ёслол үйлдсэнээр хойч бидэнд энэхүү гайхамшигт дурсгал хүрч иржээ. Халхын To вангийн Дорнодын уудам галд Жанрайсиг бурхныг мөнх тэнгэр тольдоон урлаж үлдээх чин санаа нь цагийн саалтыг даван мөнх оршсон нь тэгээд энэ ажгуу.
Домогт халхын монгол газрын элгийг сэмлэн урссаар хилийн дээс давж одно. Дорнодын уудам талыг цуурайлсан Халхын голын дайн, чөлөөлөх дайн ч өдгөө энэ газар нутагтай холбоотой улсын түүх мөн билээ. Дайнаас үлдсэн төмөр, зэвсгийн хаягдал үлдэгдлийг нь зөөж дуусаад тэр цагийн ул мөр үгүй шахам. Гагцхүү Монгол, Зөвлөлтийн баатруудын хөшөө зүүд зэрэглээ мэт тэнгэр ширвэнэ. Энэ цаг үеийн түүх бас л бүдгэрсээр. Халх гол эргээ эмжин урсаж, сэрэмжит хөвгүүд нь хил хязгаараа манан орших дорнын уудам талаас эх орон минь эхэлж, сэтгэл эүрхэн дундуур урсана.
No comments:
Post a Comment