Thursday, May 1, 2008

Буурал тvvхийн жимээр


Домгийн цэнхэр хязгаарт Ой хөвчит сүрлэг улс,өргөн их хээр тал,элсэн манхан говьдоо монгол зон суурьшин нутагласаар олон мянганыг үджээ. Таван мянга орчим жилийн тэртээгээс Монголын оршин суугчид хүрэл зэвсгийг үйлдвэрлэж эхэлсний баримт манай хангай, говь, хээр талын бүс нутгаас олдсон билээ. Монгол оронд амьдарч байсан овог аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч улмаар нүүдэлчдийн өвөрмөц соёл иргэншлийг үүсгэн буй болгож, өнөөг хүртэл баяжуулан хөгжүүлж иржээ. Бид түүхийн энэ л жимээр хүрэл чулуун зэвсгийн үеийн хүн төрөлтөний хөшөө дурсгалаас дэлхийн талыг монгол морьдынхоо туурайн хээгээр тамгалсан хүчирхэг дээдсийн нийслэл эртний түүхт Хархорум хот хүртэл монгол угсаатаны 3500 жилийн мөрөөр түүхэн аялал хийсэн. Бид гэдэг нь МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Буурал түүхийн мөрөөр” аялал эрдэм шинжилгээний багийнхан.

Эрдэмтэн судлаачид, манай нэрт түүхч, археологич, хэл зүйч, урлаг соёлын зүтгэлтэнүүдээс бүрдсэн багийнхан 3 аймгийн нутгаар нийтдээ 1400 км замыг туулж нүүдэлчдийн уг төрөл, гүрэн улсуудын талаар түүхийн судалгаа малталт хийж байгаа хамтарсан экспедицүүдийн үйл ажиллагаа танилцан, өвөг дээдсийнхээ түүх соёлын өв уламжлалын талаар ч бодол оюунаа уралдуулж явлаа. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын ойролцоох Уушигийн улаан хэмээх газар малталт судалгаа хийж байгаа Монгол Японы хамтарсан экспедицид бид анх аяны дөрөө мулталсан. Хүрэл зэвсгийн үеийн хамгийн үзэмжит дурсгалуудын нэгд тооцогддог буган чулуун хөшөөдийн бүхэл бүтэн цогцолбор энд бий. Ер нь нүүдэлчин монголчуудын өвөг л анх сүрлэг баримал буган хөшөө бүтээж өөрийн нутагтаа босгон улмаар тэрхүү дурсгал манай хөрш Өвөр Байгаль, Тува, Алтайд нэлээд дэлгэрч баруун тийш Казакстан, Дундад Ази, Умарт Кавказаар дамжин Зүүн Европ хүртэл цөөн тоогоор тархсан гэж үздэг.

Энд байгаа хөшөөд янз бүрийн хэмжээтэй дээр нь дүрслэгдсэн бугын тоо ч харилцан адилгүй. 3,7,19,21 зэрэг сондгой тоотой байдаг. Тэрчлэн буган хөшөөнд нар сарнаас эхлээд адуу, янгир,нохой, чинжаал, байлдааны алх, хутга, нум сум, жад, бамбай зэрэг зэр зэвсэг, хүрэл толь дүрслэхээс гадна зарим хөшөөний бүсийг янз бүрийн хээ гарган чимсэн байдаг. Буган хөшөөг хиригсүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байдлаас судлаачид оршуулгын зан үйл, өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбож тайлбарладаг бөгөөд буган хөшөө ямар нэгэн хамгаалах үүрэгтэй гэдэг санааг ч агуулдаг байсан байж болох юм. Нөгөө талаар хүний дурсгал хүндэтгэл гэдэг утгаар зэр зэвсэг бүс зэрэг хүний ахуйн бүхий л хэрэглэгдэхүүнийг дүрсэлсэн байдаг . Уушигийн өвөрт байгаа буган чулуун хөшөөд нь хиргисүүр ,дөрвөлжин булшны хамт байгаагийн зэрэгцээ хөшөөнд дүрслэгдсэн зэр зэвсэг нь уг дурсгал хүрлийн сүүл,төмрийн эхэн үед хамрагдаж байгааг нотлож байгаа юм. Эрдэмтэд энэ газарт 800 гаруй хиргисүүр байгааг тогтоон судлах болсоор багагүй хугацаа үдэж байна. Харин Монгол Японы хамтарсан экспедицийнхэн 1999 оноос малталт судалгаа хийж байна.

Малын бэлчээрт тав алхаад л тааралдах хиргисүүрийг манайхан ихэвчлэн булш оршуулга гэж ойлгодог. Гэтэл энэ нь язгууртан эсвэл жирийн иргэнд зориулсан тайлгын ёслолын баримт юм. Өнөө хир нь хиргисүүрээс хүний яс гараагүй нь үүний бас нэгэн баталгаа болж байгаа . Мөн хиргисүүрээс наран ургах зүг хандуулан тавьсан адууны толгойн яс ихээр олддог нь тахилгын байгууламж гэдгийг давхар нотлодог байна. Энд хийсэн малталтаар адууны толгойноос гадна хүзүү шийрийг нь тэрчлэн нохойн яс ч олжээ. Аливаа амьтны шүд гарвал шинж чанар, алдалгүй удаан хадгалагддаг учраас судлаачидад олон зүйлийн учгийг тайлах жинхэнэ “чулуу” болдог байна. Хиргисүүр үндсэндээ хоёр янзын хэлбэртэй байдаг бөгөөд дөрвөлжин бол эмэгтэй,дугуй бол эрэгтэй хүнд зориулсан гэсэн үг. Наран өөд цоройн тэмүүлсэн урт хүзүү гоёмсог эвэртэй бугын дүрсийг яагаад эрхэмлэн хад чулуунд мөнхлөх боловоо гэдэг бас л сонирхол татсан асуудал. Үүнд эрдэмтэд буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг бүтээгдэхүүн өгдөг чухал ан төдийгүй, байгалаас заяасан үнэхээр гоо үзэмжтэй, хүнд ямарч хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас шүтэж тахин хөшөө чулуунаа үй олноор нь урлан сийлж ирсэн хэмээн тайлбарладаг. Хүннүгийн үеийн булшнаас олдсон 350 гаруй шагайн дээр тамга тэмдэг үлдсэнийг тэд бичиг үсэгтэй байсны гэрч гэж үздэг. Тэгвэл энэ бичиг үсгээ,төрийг засах эрдэм ухааныг тэд өмнөх байгууллын төрөөс уламжлал авсан байх магадлалтай. Эрдэнэбаатар докторын өгүүлснээр Хиргисүүрийн соёлыг үлдээгчид цэргийн зохион байгуулалттай байсныг гэрчлэх баримт ч элбэг бий. Тэгэхээр буган чулууг бүтээгчид магад төрийн хар хүмүүс байжээ.


Нүүдэлчдийн эзэнт гүрний мөрөөр

МЭӨ III зуунд Төв Азийн нүүдэлчин аймгуудын дундаас Монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн ард түмэн билээ. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогтносон бөгөөд Хүннүгийн үед овгийн захиргаа хүчтэй болж, язгууртан сурвалжтаны мэдлийг үе уламжлуулан захируулан,цэргийн ардчилал улс төрийн хэлбэр болж үүссэн түүхтэй. Модун шаньюгийн нэр ертөнцөд түгэж,үе үе уулгалан довтолдог умрын дайчдаас сэрэмжлэн хятадууд түмэн газрын цагаан хэрмээ хэлхэж, Хүннүгийн дайчин Атилла хөгшин Европыг өлмий дороо гишгэж байсан гээд бодохоор монгол газрын цээжнээ голомтоо бадраасан өвөг дээдсийнхээ түүхээр бахархахгүй байхын аргагүй. “Би ийм баялаг түүхтэй өвөг дээдэстэй монголчуудад атаархдаг шүү” хэмээн Монгол Францын хамтарсан экспедицийн захирал ноён Жан Пауль Дэрош өгүүлж байсан.

Монгол Францын Ерөнхийлөгч нарын ивээл дор хэрэгжиж байгаа хамтарсан экспедицийн ажил 2000 оноос эхлэжээ. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газар хийж байгаа тэдний малталт судалгаа хоёр дахь шатандаа ороод явж байна. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал бүхий энэ газрыг анх монголын нэрт археологич Доржсүрэн агсан нээн олж 50 оны дунд үеэс малталт судалгаа хийж эхлэсэн ч дуусгаж чадалгүй орхисон байна. Хамтарсан экспедицийнхэн 2001 онд 60 метр хэмжээтэй 1 булшийг бүрэн хэмжээгээр малтан судлаж, МЭ зууны үед холбогдох морин тэрэгний эд ангиуд олсон бол 17 метрийн гүнээс алтан чимэглэлтэй модон бунхан ,баялаг эд өлгийн зүйлсийг илрүүлсэн байна. Олдворуудыг Францад сэргээн засварлаж Монако,Парис,УБ-т үзэсгэлэн гаргаад амжжээ. Үүний дараагаас л жинхэнэ олдворууд цувж эхлэлээ.

Орчин үеийн багаж техникээр гурван газарт бүлэглэн орших өмнө талдаа үүдэвч бүхий дөрвөлжин чулуун далантай язгууртны булш тэдгээрийн баруун, зүүн талаар цуварсан байдалтай орших жижиг дагуул булшнаас бүрдсэн 418 булш байгааг илрүүлжээ. 2004 онд малтсан 2 дахь том булшнаас 17 адууны толгойгоор хөллөсөн тэрэгний хүрэл эд анги илрүүлжээ. Энэ нь өөд бологсодыг нөгөө ертөнцөд хүргэдэг унаа гэгддэг байсан бугыг мориор сольсоны баримт гэнэ. Он гарсаар хятад хийцийн улаан хар лакан чимэглэлтэй үзүүртээ хүрэл чимэглэлтэй нарны шүхэртэй 2 дахь тэргийг илрүүлжээ. Энэ оны 7 сараас малтан судлаж эхлэсэн бунханыг өнгөцхөн шатааж хатууруулсан хар модоор хийж будан ус нэвтрүүлэхгүйн тулд гаднаас нь шавардсан байжээ. Дотоод бунханы голд оюу шигтгээтэй цэцгэн хэлбэрийн алтан чимэглэлээр чимсэн авсыг байрлуулсан байлаа. Хүннүгийн оршуулгад элбэг тохиолдох цэцгэн хэлбэрийн чимэглэлийг эрдэмтэд ертөнцийн 4 зүгийг бэлгэдэл хэмээн үздэг байна. Авсны таганд үүл дүрсэлсэн нь нөгөө ертөнцөд одогчийн замыг мөрийг зурсан гэлтэй.

Гол булшнаас олдсон том шавар ваар, хүрэл болон лакдсан сав суулга,тал нутгийн морьтонгуудыг санагдуулам духандаа эвэртэй ,домгийн нисдэг морины дүрстэй чимэглэл бүхий мөнгөн хазаар,хивс,зэв хазаарын амгай,цагаан хүрлээр хийсэн толь зэрэг нь хүннүгийн том язгууртан магад шанью ч байж мэдэх нэгнийн шарил гэсэн судлаачдын итгэлийг улам баталгаажуулж байна. 18 метрийн гүнд малталт хийхэд 40 мянган тонн элс чулуу зайлуулах хэрэгтэй болсон. 1000 хүн үүнийг наад зах нь 1 сар ажиллаж байж бүтээнэ . Гэтэл хятад сурвалж бичгүүдэд Хүннүг хүн цөөтэй хөгжил дорой улс байсан мэтээр өгүүлснийг ганцхан энэ жишээ хангалттай няцааж чадна хэмээн франц судлаачид ярьж байсан. Гол модны хөрс элсэрхэг чийгтэй учраас хүний яс маш муу хадгалагддаг тул өнөө хир нь бүтэн яс олоогүй байна. Ертөнцийн чигийг заагч Алтан гадас од руу чиглэсэн байрлалтай Гол модны булш МЭ 30-40 онд хамрагдаж байгаа. Тэгвэл хүннүчүүд язгууртанаа онголж дархалсан тэр цагаас хойш Алтан гадасны чиг 0,3 градусаар хөдөлсөн байгааг ч хамтарсан экспедицийнхэн тогтоожээ.


Хөх Түрэгийн хөшөө чулууд

Хүннүгийн үед хүчирхэг улсын нэгэн овог аймаг болж явсан түрэгүүд 5- 7 р зуны үед түүхэн тавцан дээр гарч ирсэн. Нүүдэлчдийн зангаар өөр хоорондоо тэрсэлдэн нангиадын олз болоод байсан түрэг аймгуудыг дахин нэгтгэхийг чармайсан Эцэг Күтүлигийн хичээл зүтгэл талаар болж түрэг аймаг мөхөхөд хүрээд байсан бэрх цагт Билгэ хаан суусан боловч үнэн хэрэгтээ бүх эрх мэдэл түүний дүү жанжин Күль-Тегиний гарт байсан гэдэг. Тухайн үед Түрэг улс хүчирхэг байсныг Билгэ хааны үнэнч шударга эевэргүү сэтгэл, Күль-Тегиний цэргийн ур чадвар, тэдний зөвлөгч мэргэн Тоньюкукын эр зориг, туршлага ухаантай холбон үздэг байна. Түрэгийн түүхийн энэхүү догшин ширүүн дуулиант он цагийн түүхийг бүтээлцэж явсан ах дүү хоёрын тахилын онгон эдүгээ Орхоны Хөшөө Цайдамын хөндийд,Тонькукын онгон Налайхад он жилийн уртыг давж хадгалагдан үлдсэн нь нүүдэлчдийн дотроос анх түрүүн бичиг үсэг зохион хэрэглэж өөрсдийн түүхээ өөрсдийн гараар туурвин үлдээсний биет дурсгал болон мөнхөрчээ. 1958 онд Монгол Чехословакийн экспедици анхлан Культегины онгоныг малтан судлаж,гадна талдаа усан татаалтай зузаан туйпуун хэрмээр хүрээлэгдсэн томоохон цогцолбор байсныг илрүүлжээ. Наран ургах зүг зэллэн татсан тахилын байгууламжын эцэст эрэлхэг цэргийн жанжины амьдрал тэмцлийг өгүүлсэн бичиг бүхий том чулуун хөшөөг яст мэлхий суурин дээр байрлуулсан байдаг. Цагийн жамаар элэгдэн гандаж байгаа хөшөөг Монгол Туркийн хамтарсан экспедицийнхэн сэргээн засварлаж шинээр хэвэнд цутгах ажлыг хийж байна. Ингэснээр түүхийн ховор дурсгалын насыг уртсгана гэж тооцоолж байгаа юм. Туркийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр 1997-2003 он хүртэл үргэлжилсэн хээрийн судалгааны багт археологи хэл шинжлэл,геофизик,топографи,түүхчид оролцон гэрэлт хөшөөн дээрхи бичээсийг уншиж судлах зуураа сэргээн засварлалтын ажлыг давхар хийж байжээ.

Билгэ хааны онгон газарт хийсэн малталтаар олон тооны эд өлгийн зүйлс тэр дундаа, эрдэний чулуу зуусан шувууны дүрстэй Билгэ хааны цул алтан титэм, бүсний чимэглэл,алтан сав суулга, домбо зэрэг тайлгын ёслолын зүйлүүд, давхар ур хийцтэй мөнгөн буга,мөнгөн таваг дийз,эрдэнийн үнэт чулуу зэрэг ховор үзмэрүүд олдсон нь өдгөө үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Орхон енисейн бичиг хэмэн алдаршсан түрэгийн руни бичиг хаанаас гаралтай болох талаар эрдэмтэд санал зөрдөг. Ихэнх нь руни бичиг эртний арамей бичгийн салбар болох согдын бичиг үсгээс үүсэлтэй гэдэг бол Төв Азийн нүүдэлчдийн дунд эртнээс уламжилж ирсэн овог аймгийн тамга тэмдэг, мод хэрчиж хэрэг тэмдэглэх арга зэргээс уламжлан үүссэн гэж үзэх нь бас бий. Хөшөө цайдамын руни бичээсийг тайлж уншсаар даруй 100 оныг үдэж байна. Билгэ хаан дүү Көльтүгэнээ өөд болсны дараа энэхүү сүрлэг дурсгалыг босгож түрэгийн түүхийг өгүүлэн,хойч үедээ хүргэх захиас гэрээсийн үгээ хөшөөнд үлдээжээ. Мөн нүүдэлчдийн мөнхийн дайсан нангиадын тухай өөрийн бодлоо ч цухуйлгасан байдаг. Харин хөшөөний ард байх нангиад бичээсийг хожим 1800гаад онд үлдсэн хэмээн тодорхойлдог. Тан улсын соёл,тахилын байгууламжын хэв маягийг агуулсан энэхүү онгон газарт хөшөөний бичээсийг Көлтүгэний ач Йолугтегин 20 өдөр сууж чулуунд цохисоноо тов тодорхой бичин үлдсэн байдаг байна.

Түрэгүүдийн шүтээн чонон толгойтой луу ороосон Билгэ хааны хөшөө 3 хэсэг цуурч унасан байсныг сэргээн засварлаж хэвийг нь аван анх олдсон газарт хуулбар хөшөөг босгох гэнэ. Харин жинхэнэ хөшөө энд хадгалагдах юм. Хөшөө цайдамын дурсгалт газарт босгосон боржин чулуунууд хаанаас энд ирсэн нь одоо болтол тайлагдаагүй л байна. Хайгуулаар Орхоны хөндийгөөс ийм чулуулаг олдоогүй болохоор усан татаалыг ашиглан өвлийн цагт мөсөн дээгүүр тээвэрлэсэн гэсэн санааг эрдэмтэд дэвшүүлж байна. Хөшөө цайдамаас олдсон ховор дурсгалын нэг нь тахилгын ширээ юм. Эзэнт гүрнүүд мандан бадарч явсан Орхоны хөндий өдгөө дэлхийн өвийн жагсаалтад ороод байгаа. Ингэснээр бидэнд дэлхийн өвийг бүрэн бүтнээр хойч үедээ хадгалан үлдээх асар их үүрэг хариуцлага ногдож байгаа юм. Нүүдэлчдийн олон овог аймгууд түрүү үеийнхээ хөшөө дурсгалыг эвдлэн сүйтгэдэг байснаас биет өвийн зүйлд багагүй хохирол учруулжээ. Үүнээс илүүтэй орчин цагийн хүмүүсийн түүхийн дурсгалд хайхрамж болгоомжгүй хандах байдал нөлөөлж байгааг бидний хаана ч очсон эрдэмтэн мэргид,нутгийн иргэд өгүүлж байлаа. Хаадын өлгий Орхоны хөндийд

Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний орыг уйгарууд эзлэж 8-9 дүгээр зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Уйгурууд хот байгуулж, гар урлал, худалдаа, газар тариаланг далайцтай хөгжүүлж, бичиг соёлын боловсролыг дэлгэрүүлж гэдэг. Архангай аймгийн Хотонт сумын нутагт нэгэн цагт Уйгарын нийслэл байсан Ордубайлик буюу Хар балгад хотын туурь бий. Буурал түүхийн жимээр аялалынхан ч бас энд саатаж Орхоны хөндийд дундад азиас гаралтай соёл түгээж байсан улсын түүхээс сонирхлоо. Хар балгадын уйгарын хамгийн хүчирхэг хаан Баянчур босгосон гэдэг. Судлаачид Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсаныг нотлодог. Хот тэр чигтээ худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байлаа. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ. Хар балгаснаас олддог уйгурын ваар савны хээ,хийц зэрэг нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соёлд согд нарын нөлөө оролцоо их байснаар тайлбарладаг юм. Уйгарууд шашин манихейн сүм дуганы үлдэгдэл, өдгөө бидний үндэсний бичиг үсэг болсон монгол бичгийг ч уйгарууд согдоос уламжлан авсан гэж үздэг. Хотын хэрэмний ойролцоо согд,хятад,түрэг бичээстэй гэрэлт хөшөөд байсан нь нилээд гэмтэж хагаран,зарим нь Хотонт сумын төвд хадгалагдаж байна. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ.

Уйгурын улсыг мөхөөн дарсан Енисейн Киргизүүд Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйдсэнээс гадна Хар хорины сангийн аж ахуйн тариан талбайд орж хагалагдан гэмтсэн нь ч бий. Эрдэмтэн Пэрлээ Киселев нараар удирдуулсан экспедици 1949 онд малталт хийснээс хойш энд хүний гар хүрээгүй тэгэхээр Хар балгас бүрэн гүйцэд судлагдаагүй гэсэн үг юм. Киргизүүдэд шахагдан барууш Шинжаан рүү нүүдэллэх болсон уйгаруудын буян хишигийг нэгэн эмэгтэй даллан үлдсэн гэх домгоос Орхон Жирэмийн бэлчир энэ нутгийг Даллахын тал хэмээн нэрийдэх болжээ. Энэ жил Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад орсон Орхон хөндийд Хүннү гүрний Луут хот, Уйгарын Хар балгад,Их Монголын Хархорин гээд монгол нутагт мандан бадарч явсан 7 их гүрний нийслэл сүндэрлэж байлаа. Их эзэн хаан маань тэртээ зүүн монголоос гаралтай хирнээ Хархоринд нийсллэж байсан нь эрт цагаас хүчирхэг гүрнүүдийн өлгий болсон энэ нутгийн үржил шимтэй хөрс,газар орны онцлогтой холбоотой биз ээ.


Буддын соёлын өлгий Хархорум

Францын Людовик хааны элч Вильгелм дэ Рубрикийн бичиглэн үлдээснээр их монголын нийслэл Хархорумыг төсөөлдөг дэлхий нийтэд Киселевийн удирдсан монгол зөвлөлтийн экспедицийн малталт олон зүйлийг нээж өгсөн. Гэтэл их эрдэмтэний судалгаа зарим талаар эндүү байж болохыг Монгол Германы эрдэмтэд өгүүлж байна. 1220 онд Эзэнт гүрний нийслэлээр өргөмжлөгдсөн Хархорумын гол барилга болох Өгөдэй хааны 64 баганат ордон. Гэтэл ордоны туурийг малтсан судалгааны явцад энд хааны ордон биш буддын шашны сүм байсаныг нотлох олдворууд гарч байгаа нь Киселевийн үгэнд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Ордоны тууриас шашны эд өлгийн зүйлийн зэрэгцээ томоохон хэмжээтэй бурханы лянхат суудлын үлдэгдэл байгааг илрүүлсэн байна.

Германы профессор Ханс Георг Хүйтэлийн өгүүлж байгаагаар тухайн үеийн хот сууринг 4 талдаа хаалгатай том хэрмийн дотор байгуулдаг, хааны ордон түүнийхээ яг төвд байхаар төлөвлөсөн хэв маяг түгээмэл байжээ. Гэтэл 64 баганат асар хотын хэрмийн төвд байрлаагүй. Тухайн үеийн шашны сурвалж бичгүүдэд 64 баганатай буддын томоохон сүм байсан тухай тэмдэглэгдсэн хир нь Төвд,Непаль зэрэг буддын шашин хөгжсөн орноос тийм сүм илрээгүй тэгэхээр бидний олон жил Өгөдэйн ордон хэмээн бодож ирсэн энэ туурь тэр сүрлэг сайхан хийдийн ор байсан байж ч болох юм. Хийдийн барилга байгууламжийн үлдэгдэл багануудын тэгш хэмт харьцаа нь буддын шашинд диваажингийн орны бэлэгдэл гэгддэг хот мандалын зурагтай төстэй хэмээн доктор Ханс Хүйтэл тайлбарлаж байлаа. Рубрик хотын дотор худалдаа гар урчуудын гудамж байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.

Бонн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран монголын залуу археологчдын малтаж буй энэ байгууламж Рубрикийн алхаж явсан тэр гудамжны үлдэгдэл болохыг нотлож байна. Чулуун дэвсэгтэй гудамж, сууцнууд нь ханзан халаалт хэрэглэж байсныг гэрчлэх баримт олсноо бидэнд танилцуулсан. Эндээс гарч байгаа 1380 градуст хайлуулсан байж болох төмөр эдлэл нь монголчууд өөрсдөө төмрийг хайлуулж боловсруулах арга техникийг чадамгай эзэмшсэн байсныг харуулж байна. Хятадын ваар шаазан олноор гарч байгаа худалдааны гудамжнаас 1372 онд хамаарах Сангийн сайдын туслахын тамга олдсон нь тун ховор олдворт тооцогдож байна. Эндэхийн замыг бороо,уснаас хамгаалах төхөөрөмжтэй байсан гэж нотолгоо ч олоод байна. Буурал түүхийн жимээр аялалын явцад бид Монгол Япон,Франц,Турк,Германы хамтарсан экспедицүүдийн ажилтай танилцаж тэднийн судлан тогтоосон үнэт олдворуудыг нүдээр үзэж явлаа. Энэ бүхэнд бас монгол залуусын маань хүчин оролцоо байгааг хэлэх хэрэгтэй. Хамтран ажиллаж байгаа шавь нар монголын залуу археологчидод гадныхан тун ч ам сайтай байна лээ. Германы Археологийн хүрээлэн, ЗГ-аас ч цаашид энэ салбарт хамтран ажиллаж монголын археологчдийн залуу үеийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэхээ илэрхийлж байсан.

Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлж,буддын шашны томоохон сүм хийд Эрдэнэзуугийн үзэмжийг хадгалсан Хархорум хотын тухай энд дурьдалгүй өнгөрч боломгүй. Хархорум гэдэг нэрийн тухайд эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг ч ойролцоох уулын хар хүрмэн чулуунаас үүдэлтэй гэж үздэг. Ертөнцийн талыг эзлэн алсын алсад одсон дайчин эрсдээ мартагдаж орхигдсон ч Хархорум нүүдлийн иргэншлийн, соёл шашны төв байх өнгө төрхөө алдаагүй. Ирэх жил 786 ой нь тохиох Хархорумыг Монгол улс үсрэнгүй хөгжлийн жишиг хот болгохоор сонгоод байгаа.


Төгсгөлийн оронд

Буурал түүхийн жимээр аялахдаа бид үзэж дуулсанаа бататгаж, сонирхолтой лекц хэлэлцүүлэг өрнүүлж явлаа. Соёлын дурсгалт зүйлээ хамгаалах арчлах ажил орхигдож,түүхийн үнэт олдвор,хосгүй дурсгалууд үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгаар гадаад руу цувж байгаа талаар ч эрдэмтэн мэргид,нутгийн ард иргэд өөрсдийн бодлоо хэлж байсан. Өвөг дээдсийнхээ гарал угсааг мэддэг,түүгээр бахархдаг,өөрийн өв соёлоо ариглаж хамгаалдаг ирээдүйг төлөвшүүлэх нь даяаршлын эринд чухал асуудлын нэг болоод байгаа. Үүний тулд орчин үеийн ертөнцөд хамгийн ойр кино,телевиз,интернет зэрэг техникийн дэвшлийг ашиглах ,түүхээ үнэн бодитоор нь үлдээхийн тулд уран бүтээлчид түүхчидтэй нягт хамтран ажиллах хэрэгтэй байгааг ч аялалын үр дүн харуулж байна.

Мөнх тэнгэр,монгол газар хоёр л нууцыг нь хэлж чадах буман оны түүх хөвөрсөөр. Он цагийн нугачаанд мөхөж доройтон түүхийн хөрснөөс арчигдсан овог аймаг байхад, монголчууд бид уудлан ярих сонин сайхантай өвлөн үлдээх ёс уламжлалтай улс. Хойчийн ирээдүйд өртөөлөн хүргэхийн тулд түүхдээ авах гээхийн ухаанаар хандах учиртайг төрийн тэргүүн өгүүлж байна. Хиргисүүрийн соёлыг үлдээгч эртний чулуун зэвсэгтэнээс их монголын хүчирхэг эзэн хаад хүртэл тахин шүтэж ирсэн төрөлх газраа нутгаараа бахархаж ,эцэг дээдсийнхээ эгэл биш амьдралын зах зухаас сонсож явахад ахин олныг сонсож мэдэх ,үзэх харах гэсэн оргилуун хүсэл тэмүүлэл төрсөнийг хэлэх хэрэгтэй. Буурал түүхээрээ аялах биднийг шинэ жим тосч байгаа. Хөх тэнгэрийн дор мянгантаа төрөх хувьтай хүчирхэг дээдсийн үр сад билээ бид.

No comments:

: