Friday, May 2, 2008

Тэмүжин хаана төрсөн бэ?


Монголын түүх судлалд Тэмүжин–Чингис хааны төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ.

Чингис хааны төрсөн газрыг “Монголын нууц товчоон”–д “tende ö’elün-üjin ke’elitei bürün onan-nu deli’ün-boldaq-a büküi-tür jöb tende cinggis-qahan törejü’üi (тэнд Өэлүн үжин хээлтэй бүрүн Ононы Дэлүүн болдогоо бүхүйд зөв тэнд Чингис хаан төржээ) хэмээн өгүүлжээ. “Монголын нууц товчоон”–оос хойших бусад бүх сурвалж “Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”-ийг дагажээ. Энэ бүхнээс үзэхэд, Чингис хааны төрсөн газрыг “Onan-nu deli’ün-boldaq”–Ононы Дэлүүн болдог хэмээн нэрлэдэг байсан нь юуны өмнө тодорхой болж байна.
“Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”-ийг эрэн сурвалжлах, тогтоох ажил Монголын болон дэлхийн монголч эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн бөгөөд анх 1850-иад оны үед эрдэмтэн Банзарын Дорж уг ажлыг сэдэн хийжээ. Тэрбээр 1852 онд одоогийн Оросын Чита мужийн өмнөд хэсэгт орших Их арал гэдэг гацаа хавьд, нутгийнхны домоглодог Чингис хааны төрсөн Дэлүүн болдог гэдэг нэртэй газар байгааг сонсоод Г.Юренскийгээр эрүүлжээ. Г.Юренский түүний зааснаар эрж, Их арал гацаанаас дээш 7 верст (ойролцоогоор 8 км–Ж.Г) зайтай (дор. уртраг 115°, ум. өргөрөг 50°) Онон голын баруун эрэгт “Дэлюн болдок” гэдэг газар байгааг мэдээлсэн байна.
Б.Дорж, Г.Юренский нарын мэдээний дагуу 1957 онд археологич С.В.Киселев хайгуул хийж, Онон голын баруун эрэгт элсэн бөөрөг товцогоор хучигдсан “Делюн” гэдэг газар Чита мужийн Онон районы Дээд Цасучей гацаанаас баруун тийш 5 км зайтай оршдогийг олсон байна.
С.В.Киселев “Энэ газрын нэрийн тохирч байгаа байдал болон түүнийг тойрон байгаа газар орны тогтоц байдлын домог нь Чингистэй холбоотой байгааг үзэхэд шинжилгээний ангийн үзсэн Ононы Делюн болдог гэдэг газар нь Чингис хааны төрсөн нутаг байж болно” хэмээн үзжээ. Түүний эл үзлийг Монголын түүхчид төдий л дэмжихгүй байсаар өдий хүрчээ. Учир нь энэхүү “Дэлүүн болдог” Онон голын адаг урсгалд байх ба энэ нь олонхи түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн Ононы эхэн гэдгээс зөрж байгаад оршино.

Монголын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян 1928 онд “Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”–ийг сурвалжлан Онон голын дагуу явж, тэр үеийн өвөг дээдсийн яриа хуучийг цуглуулан, түүхийн мэдээ сэлттэй харгуулаад Тэмүжиний төрсөн “Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”-ийг Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна . Тэрбээр “Зүүн ба энэхүү баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул Дэлүүн болдог хэмээх газар үүнийг мөн хэмээж болох мэт” хэмээн үзжээ.

Мөн С.Жамъян абугай “Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын баруун этгээдэд Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлиүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харав. Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их замыг Болдагийн ам хэмээдэг. Тэр Дэлиүн Болдагт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх нутгийн хүмүүс хэлнэ. Энэхүү Дэлиүн болдаг хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажаамуу хэмээнэ” гэсэн байна.
Тийнхүү Чингис хааны төрсөн “Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”-ийн байршлын талаар үндсэн гурван янзын санал дэвшигдэн гарчээ. Эхнийх нь Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй “Дэлюн болдок”, удаахь нь Ононы “Дэлүүн болдог”, гуравдахь нь Хэрлэний “Дэлүүн болдог” болж байна.
“Onan-nu deli’ün-boldaq”–“Ононы Дэлүүн болдог”-ийг олж тодруулах ажлыг манай ахмад түүхч, археологич Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар өөрсдийн судалгаагаараа үргэлжлүүлэн гүнзгийрүүлжээ.
Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон домог, таамнал бий боловч цөм ташаарсан байна. Ёстой Дэлүүн болдог Онон, Балж хоёр голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий” хэмээн өгүүлсэн нь одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын төвийн дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй Дэлүүн болдог юм.
Археологич Ц.Доржсүрэн Бурхан халдун уул (уртраг-109°, өргөрөг-49°), Балжун арал (дор.уртраг-111°, ум.өргөрөг-49°), Тэнгэлэгийн гол (дор.уртраг-111°, ум.өргөрөг-49°), Их Чилэдү-гийн Олхунуд аймгаас Бөртө үжинийг авч явсан зам, Хэрлэний эхэн Бурги эрэг (дор.уртраг-108°, ум.өргөрөг-48°), Чингисийн төрсөн ба оршуулсан газрын хоорондоо ойр байх магадлал, Ихэсийн газар (дор.уртраг-109°, ум.өргөрөг-49°), Хэрлэний Хөдөө арал (дор.уртраг-108°, ум.өргөрөг-49°), Хэрлэнгийн арал (дор.уртраг-108°, ум.өргөрөг-49°) зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд “Дээр дурдсан түүхт газрууд болон эдгээрийн орших солбицлыг үзэхэд нэгэн солбицолд (дор.уртраг-109°, ум.өргөрөг-49°) орших Чингис хааныг оршуулсан Бурхан халдун, Ихэсийн газар зэрэг газарт хамгийн ойр орших Чингис хааныг төрсөн газар гэдэг бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн (дор.уртраг-111°, ум.өргөрөг-49°) Онон, Балж хоёр голын уулзуурт орших Дэлиүн болдаг юм. Энэ Дэлиүн болдаг нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хааны өмнөх ба Чингисийн өөрийн үед тус улсын нутагт болсон бүх түүхэн үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” гэж үзсэн байна.
Сүүлийн үед Дэлүүн болдогийн байрлалын талаар дөрөвдэх санал гарч ирсэн бөгөөд түүний гол төлөөлөгчид нь газарзүй судлаач эрдэмтэд болох Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар юм. Газарзүйч Д.Базаргүр бээр О.Жамъян, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн зэрэг эрдэмтдийг “Чингис хааныг Дадал сумын Гурван нуурт төрсөн гэж баталсан хамгийн гол алдаа нь Монголын нууц товчоонд гардаг бүхий л үйл явдлыг цогцолбороор авч үзээгүй. Чингис хааны төрсөн Дэлүүн болдог хаана байна вэ ? гэсэн ганцхан зорилт тавиад, зөвхөн газарзүйн нэг нэр асуугаад домог судлаад явснаас байршлыг зөв гаргаж чадсангүй гэж үзэж байна” хэмээн буруутгаад, “Чингис хаан одоогийн Биндэр сумын Дэлүүн болдог гэдэг газар төржээ гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл Биндэр сумын нутагт Дэлүүн болдог нэртэй газар огт байхгүй ажээ.Тэрбээр “Onan-nu deli’ün-boldaq”–Ононы Дэлүүн болдогийг одоогийн Биндэр сумын төвийн өмнөх Ламын ухааг мөн гэж батлахдаа юуны өмнө түүний Онон голд ойр гэдгийг гол үндэслэлээ болгожээ. Ингэхдээ түүхэн үйл явдлыг хэт эдүгээчлэн үзэж, бүх зүйл Биндэр суманд өрнөсөн мэтээр харуулахыг оролдсон байна. Монголын нүүдэлчид нэг газраа байран удаан нутагладаггүй, цаг ямагт нүүдэллэн явдагийг умартан Онон голын одоогийн Биндэр сумын нутгаар урсдаг хэсэгт л оршин байсан хэмээн хатуу үзэх нь буруу бөгөөд алдаатай юм.
Домог судлаад түүхэн газрыг тогтоох нь буруу алдаатай гэх нь өөрөө алдаатай үзэл юм. Домог бол түүхэн үйл явдлыг тодотгох, түүний дутууг нөхөн гүйцээж өгөхөд чухал тустай аман түүхийн нэг төрөл юм. Тэмүжиний төрсөн Дэлүүн болдог мөн, биш гэж маргалдах болсон Дэлүүн болдог, Ламын ухаа хоёртой холбоотой хэд хэдэн домог байгааг шүүн үзвэл харьцангуй эрс тэс байдал харагдана.
Домог судлаач, доктор Х.Сампилдэндэв Дадал сумын Гурван нуурын дэргэд байгаа Дэлүүн болдогийг “домгийн олонхи хувилбарт өгүүлдэгтэй ч, түүхэн бодит үнэнтэй ч нийцсэн хамгийн зөв дүгнэлт юм” хэмээн үзсэн байна. Түүний олж нийтлүүлснээр Гурван нуурын тухай дөрвөн янзын хувилбар домог байх бөгөөд тэдгээрт бүгдэд Тэмүжиний төрсөн газар байсныг өгүүлжээ. Харин Биндэр сумын Ламын ухаа хавийн нутагт Тэмүжиний төрсөн гэх домог огт байхгүй хийгээд Дэлүүн, Болдог гэх газрын нэрс ч огт дурдагдахгүй байна.
Домогт болж өнгөрсөн түүхэн хэрэг явдал бага зэрэг гажиж туссан, эсвэл нэмэж хачирлагдсан гэх зэргээр ямар нэг хэмжээгээр тусан үлдсэн байдагт түүний ач тус оршдог. Дадал сумын нутагт л гэхэд Дэлүүн болдог гэдэг нэртэй толгой, газар 2–3 байна. Энэ бүх аман домгийн мэдээ Тэмүжиний төрсөн газар Гурван нуурын орчим мөн болохыг батлах нэгэн нотолгоо болж өгч байна.

Мөн нөгөөтэйгүүр, “Onan-nu deli’ün-boldaq”–Ононы Дэлүүн болдог хэмээн сурвалжид өгүүлсэн Дадал сумын Дэлүүн болдог нь Онон голоос хол, харин Балжийн голд ойр байгаа учраас Тэмүжиний төрсөн Дэлүүн болдог биш, Биндэр сумын Ламын ухаа нь хойшоогоо Онон голд ойр тул мөн хэмээн үзэх нь төдий л итгэл үнэмшил бүхий байж чадахгүй байна. Учир нь Хэнтийн нуруунаас эх авдаг гурван том голын нэг Онон голд олон жижиг гол горхи нийлж цутгадаг. Тэдгээрийн нэг нь Балжийн гол бөгөөд түүнийг Ононы сав газарт багтаан үзсээр ирсэн билээ. Тэгэхээр “Монголын нууц товчоон”–д Дэлүүн болдогийг Онон голын эрэгт гэж тодорхойлон хэлээгүй, “Onan-nu deli’ün-boldaq”–Ононы Дэлүүн болдог хэмээн ерөнхийлөн заасан нь дээрхтэй утга нэг болж байгаа хэрэг юм.

Тэгээд ч Ламын ухаа Онон, Хурх голуудын бэлчирт орших ба тэндээс урагшаа Хурхын гол, хойшоо Онон гол хүрэх зай нь бараг адил байна. Хэрэв тэгэж үзэж байгаа бол Ламын ухааг Хурхын голд ойрхон тул Ононы Дэлүүн болдог биш гэж бас нөгөө тийш нь гуйвуулж ч болно.
Учир иймийн тулд Гурван нуурын Дэлүүн болдогийг Ононоос хол орших учир биш юм. Ламын ухааг Онон, Хурх голуудад ойр тул мөн гэж үзэх механикаар тайлбарлах нь хэт өрөөсгөл болж байна.
Аливаа шинжлэх ухаанд тогтсон шалгуур, баримталдаг ёс зүй гэж бий. Хэн нэгэн эрдэмтний санал, дүгнэлт, нээлтийг тухайн шинжлэх ухааны дийлэнхи судлаач, эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л тэр бүхэн үнэн зүйл болж практикт хэрэглэгддэг. Энэ зарчим харьцангуй прагматик шинжтэй гэгддэг түүхийн шинжлэх ухаанд ч баримтлагдсар байна. Тухайлбал, манай нэрт эртний түүх судлаач Г.Сүхбаатар Сяньбийг Сүмбэ, Жуан-жуан буюу Жужаныг Нирун улс хэмээн өөрийн олон жилийн судалгаанд үндэслэн 1990–ээд оны эхэн үед гаргасныг эдүгээ хүртэл эх түүхийн судлалд хараахан бүрэн хүлээн зөвшөөрөөгүй л байна.

Түүнтэй нэгэн адилаар газарзүйч Ж.Бадамдаш, Д.Базаргүр нарын Дэлүүн болдог нь Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн урдхан орших Ламын ухаа мөн гэсэн үзлийг дэмжих үндэслэл сайн харагдахгүй байна. Гэтэл газарзүйч Д.Базаргүр, түүхч Ц.Ишдорж нар дээрх шинжлэх ухааны зарчмыг бүдүүлгээр зөрчиж, -a“gan-i törügsen onan-u deligün boldugЛамын ухаа дээр “činggis qa (Чингис хааныг төрсөн Ононы Дэлүүн болдогоо) бичигтэй дурсгалын багана босгосон нь өөрсдийн үзлийг бусдад тулган хүлээлгэхийг оролдсон, олон нийтийг төөрөгдүүлсэн ёс зүйгүй явдал болжээ.

Энэ бүхний эцэст, “Onan-nu deli’ün-boldaq”–Ононы Дэлүүн болдог хаана байгаа талаарх үндсэн дөрвөн янзын саналаас С.О.Жамъян, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нарын манай ахмад эрдэмтдийн тусгайлан судалж, олж тогтоосон Монгол улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог нь Тэмүжин–Чингис хааны мэндэлсэн газар мөн хэмээн үзэж байна.

Ж.ГЭРЭЛБАДРАХ

No comments:

: