Saturday, May 17, 2008

ИЛХААДЫН ЗООСОН ДЭЭРХ МОНГОЛ БИЧЭЭС


Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.

Их Монгол улсын 800 жилийн ойг тохиолдуулан Монголын зоос судлаачдын холбооноос 2006 оны 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Монголын эзэнт улсын зоосон мөнгө” үзэсгэлэнд дээрхи зооснууд тавигдсаныг үзсэн хүмүүс сайн санаж байгаа байх.Илхаадын зоосон дээрхи араб бичээсийг үндсэнд нь тайлж тодруулсан гэж үздэг бөгөөд харин монгол бичээсийн тухайд өнөө хэр нь гүйцэд тайлагдаагүй буюу маргаантай хэвээр үлдсэн үг үсгийг цаашид судлаж тогтоон нэг мөр болгох нь монголчууд бидний хийх ажил даруй мөн юм. Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал болон хадгалагдаж ирсэн зоосон мөнгөний монгол бичээсийг уншиж тайлах нь манай түүх, бичиг соёлын уламжлалыг хадгалан хамгаалахад зохих хувь нэмэртэй болох буйзаа. Энэ үүднээс би урьд өмнө тайлагдаагүй байсан зарим үгсийн талаар судалж үзсэнээ дор толилуулж байна.Илхаант улсыг үндэслэгч Хүлүг хаан овог удмынхаа тамга бүхий алт, мөнгө, зэс зоос гаргаж байсан боловч тэдгээр нь бүгд араб бичигтэй байжээ. Юутай ч өнөө хэр нь Хүлүг хааны гэх монгол бичээстэй зоос олдоогүй, энэ тухай мэдээ таамаглал гараагүй байна.Хүлүг хааны дараа Илхаант улсын төрийг залгамжлан барьсан Абага (1265-1282он), Ахмад (1282-1284он), Аргун (1284-1291он), Гайхат буюу Ринчиндорж (1291-1295он), Байду (1295он) хаадын зоос монгол бичээстэй байсан бөгөөд ялангуяа тэдгээрийн хэв загвар, бичлэг, бичээсийн маяг, үгсийн бүтэц хоорондоо төстэй байдаг.Дээр дурдсан таван хааны мөнгөн зоосон дээрхи монгол бичээсийн байдлыг Зураг 1-д үзүүлэв:

Зураг 1

ХАГААН НУ НЭРЭБЭР АБАГА ИИН (АХМАД ...АРГУН...РИНЧИНДОРЖ...БАЙДУ)ДЭЛДҮҮЛСЭН – гэсэн бичээстэй байдаг ба хамгийн сүүлчийн мөрөнд араб хэлээр хаан тус бүрийн нэрийг бичжээ.Эдгээр мөнгөн зоосон дээрхи монгол бичээсийн талаар “Монголын эзэнт улсын зоосон мөнгө ба хаадын овгийн тамга” (2005.Улаанбаатар) номоос дэлгэрэнгүй үзэж болно. Уг номонд дээр дурдсан таван хааны мөнгөн зоос төдийгүй алтан зоосны тухай тодорхой тайлбарласан байгаа. Гэвч алтан зоосны зарим бичээсийг тухайн үед гүйцэд тогтоох боломжгүй байсан тул таамаг төдий зүйл бичихээс зайлсхийх үүднээс дэлгэрэнгүй тайлбар хийлгүй орхисон билээ. 2006 оны 7 сард миний бие Абага хааны нэгэн алтан зоос олж үзсэн бөгөөд энэ нь монгол бичээс нь бүрэн гүйцэд гарсан нэн сайн зоос байв. Би өөрийн судалгааны архивт байсан Абага хааны нилээд олон алтан зоосны бичээсийг энэхүү шинээр олдсон зоосны зурагтай харьцуулан үзсэнээр уг зоосны бичээсийг бүрэн унших боломжтой болсон юм. Абага хааны алтан зоосны монгол бичээсийг сийрүүлбэл:


Зураг 2

ХАГААН НО НЭРЭБЭРАБАГА ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУАЛТАН - гэсэн үгс бичээстэй байна. Үүнийг шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Абагын дэлдүүлсэн ариун алтан” болно. Энэ бичээсийг уншихад өгүүлбэрийн утга төгсөөгүй мэт санагдахуйц байгаа юм.Гэвч ерөөс 13-14-р зууны монголын зоосон дээр “мөнгө, зоос” гэх мэт үгийг маш ховорхон бичсэн байдаг нь ажиглагддаг. Энэ нь тухайн үед гар аргаар дэлдэж байсан зоосны бичээс хийх талбай бага, багтаамж муутай байсан учир бичээсээ багтаахын тулд үгүүдээ аль болох товчлох, үгсийн мөр хооронд хавчуулах, энд тэнд салган зайчилж бичих, утга нь төдийлөн алдагдахааргүй байвал зарим үгийг зориудаар гээгдүүлэх явдал түгээмэл байсантай холбоотой юм. Хааны нэр, алдарцол, он цаг, газар орны нэр, бурхан шашны сургаал зэрэг олон зүйлийг өчүүхэн жижиг зоосон дээр багтааж бичих амаргүй ажилтай тулгарсан зоос урлагч дархчуудад тэртэй тэргүй зоос дэлдэж байж заавал зоос гэж бичих шаардлага байгаагүй нь мэдээж. Илхаант улсын зоосон мөнгөн дээр мөнгөний нэрийг монголоор бичсэн тохиолдол огт мэдэгдэхгүй байгаа нь дээрхи шалтгаантай холбоотой байсан гэж би хувьдаа үздэг.
Иймд Абага хааны алтан зоосны бичээсийг утга төгсөөгүй гэж үзэх аргагүй бөгөөд“ ХААНЫ НЭРЭЭР АБАГЫН ДЭЛДҮҮЛСЭН АРИУН АЛТАН (ЗООС)” гэжойлгоход түвэггүй санагдаж байна.Харин Цагаадайн улсад зоосыг их төлөв том хэмжээтэй хийхээс гадна цөөн үгтэй бичээс тавьдаг байсан тул мөнгөний нэрийг “Сикка (зоос – арабаар. Б.Н) , мэнгү” гэхчлэн бичсэн нь цөөнгүй үзэгддэг.
Дашрамд тэмдэглэхэд “ХААНЫ НЭРЭЭР” гэдэг үгний талаар товч тайлбар хийх нь зүйтэй санагдана. Илхаадууд төдийгүй Монголын Эзэнт Гүрний аль ч хаадууд Монголын Их Хааны харьяат албатын хувьд Хаан төрийн ёс жаягийг хатуу баримталж байсны нэгэн илрэл нь тэд зоосон мөнгө дэлдүүлэхдээ Их Хааны нэрийн өмнөөс эсхүл Их хааны зарлигийн ёсоор энэхүү зоосыг дэлдүүлж байгаа гэдгээ батласан үг бичдэг байсан явдал юм. Ялангуяа Илхаант улсын зоосон дээрхи бичээс нь “Их хааны нэрийн өмнөөс, Их хааны зарлигийн ёсоор хан би энэхүү зоосыг дэлдүүлэв” гэсэн илэрхий утгатай байдгийг тэмдэглье.Абагын дараа Илхаант улсын төр барьсан Ахмад Тэгүдар хаан (1282-1284он) хэд хэдэн янзын алт, мөнгөн болон зэс зоос гаргажээ. Түүний алтан зоос Абага хааны зоосны адил “Ариун Алтан” гэсэн үгтэй байв.



Зураг 3

Зурагт үзүүлсэн зоосыг хэлтгий дэлдсэн тул “алтан” гэдэг үгийн хагас харагдахгүй болжээ.Ахмадын дараа хаан суусан Аргун, Гайхат, Байду хаадын алтан зоосны бичээс өмнөх хаадын зоосноос зарим онцлог ялгаатай байгааг дор тайлбарлая.Аргун хааны алтан зоосны бичээс

Зураг 4.

ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ - гэж монголоор бичээд хамгийн сүүлчийн мөрөнд Аргун хааны нэрийг арабаар бичсэн байна. Харин мөнөөх “АЛТАН” гэдэг үгийг бичээсийн дээд хэсэгт зайчлан хөндлөн байрлалтайгаар бичиж багтаажээ. Ингэхдээ “Л” үсэгний гэзгийггээгдүүлэн алдаатай бичсэн байна. 13-р зууны монгол зоосыг урлаж байсан жирийн дархчуудыг бичиг үсэгт нэвтэрхий байсан гэж хэлэхэд хэцүү бөгөөд тэд ихэвчлэн монгол биш хүмүүс байсан тул монгол үг төдийгүй араб, перс үгийг ч алдаатай бичсэн явдал олон байдаг. Шинэ хааны зоосыг дэлдэхдээ өмнөх хааны зоосны хэвийг хуулбарлах буюу дуурайлган хийдэг байснаас үүдэн Аргуны зоосны хэвэнд гарсан алдаа түүний дараагийн хоёр хааны зоосон дээр давтагдсан бололтой.Аргун хааны дараа хаан суусан Гайхат хаан зоосоо их төлөв Ринчиндорж хэмээх монгол нэрээрээ дэлдүүлж байсан бөгөөд Гайхат нэрээр гаргасан зоос нэн ховор тааралдана.


Зураг 5

ХАГААН НУ НЭРЭБЭРРИНЧИНДОРЖ ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУ(РИНЧИНДОРЖ - арабаар) гэсэн бичээстэй байна. Зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэналдааг мөн давтжээ.Байду хааны зоосны хэв загвар нь бусдаасаа ялгарах зарим онцлогтой байна.Өмнөх дөрвөн хааны зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭР” гэдэг үгийг эхний нэг мөрөнд бичсэн байдаг бол Байду хааны зоосон дээр хоёр тусдаа мөр болгон салгажээ.



Зураг 6
ХАГААН НУ НЭРЭБЭРБАЙДУ ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУ(хааны нэр арабаар) АЛТАН (хөндлөнгөөр)Энэхүү хөндлөн бичигдсэн “АЛТАН” гэдэг үгийн учрыг тодруулахын тулд дээрхи таван хааны зоос нижгээдийг биетээр болон томруулсан зургаар харьцуулан үзсэн төдийгүй монголын хэл шинжээч, судлаач эрдэмтдэд үзүүлж уншуулсан боловч өөрөөр тайлбар хэлэх хүн байгаагүй билээ. Иймд одоо ямар нэгэн эргэлзээгүй болов хэмээн итгэж байхын учир ийнхүү Монгол судлалын бага хуралд өргөн барив.



Бадарчийн Нямаа
Вашингтон хот

No comments:

: