Friday, May 2, 2008

Туркийн хөлбөмбөгийг сонирхоорой, тэр чигээрээ хэл шинжлэл, түүх гэсэн үг


2001-2002 оны хичээлийн жилийг Турк улсын Истанбул хотноо өнгөрөөснөөс хойш хөлбөмбөгт нь нэн дуртай болсон билээ. Уг нь болбоос хөлбөмбөг гээчийг 1982 оноос эхлэн 8 жил солиотой юм шиг бишрэн шүтээд, 1990 онд дэмждэг баг маань дэлхийн аварга болсноос хойш хүсэл маань ч биелснээс тэр үү, оюутан болж баахан томоожсоноос ч тэр үү, хөл бөмбөгийг нэн идэвхгүй дэмжигч болоод байсан юм. Гудамжинд бөмбөг өшиглөж, гэрийнхээ ханыг хөлбөмбөгийн зургаар гоёх хүүхэд нас маань өнгөрсөн хэрэг л дээ. Дээр нь Германы баг бас жаахан тиймэрхүү болж эхлээд...

Тэгж байтал 2001 оны намар Истанбулын Их сургуульд ирдэг юм байна. Туркийн зурагтаар Герман, Итали, Английн лигийн тоглолтууд тасрахгүй гарах тул эхлээд турк хөлбөмбөг биш тэдгээр тоглолтыг үздэг байлаа. Харин эдний дотоодын лигийн тоглолт болох өдөр оюутны дотуур байрны зурагттай өрөө пиг дүүрч, кино театр шиг юм болно. Шүтдэг багаа дэмжин хашгирч үзэх нь стадионд ч байгаа юм шиг. Ийм орчинд хэд хонотол тун удахгүй сайхан эдгэрээд байсан “хөлбөмбөгийн өвчин” маань сэдэрч, эргээд шимтэн орсон юм.

Туркийн хөлбөмбөгийг сонирхон үзэх нь миний мэргэжлээс тийм ч хол бас биш (үгүй ядахдаа өөрийгөө тэгж тайвшруулаад тоглолтоо тайван үздэг юм). Та ч бас Туркийн хөлбөмбөгийг сонирхохын зэрэгцээ хэл шинжлэл, түүх судалж болох юм шүү.


Юуны өмнө Турк хөлбөмбөгт “Үч Бүюүк” гэсэн ойлголт бий. Үч нь “гурав”, бүюүк нь “том” гэсэн үг. Бүюүк бол яах аргагүй монгол хэлний бүдүүн гэсэн үгтэй нэг гаралтай. Эртний монгол хэлэнд бүдүүн чинь бүдүгүн байсны язгуур нь “бүдүг” юм. Тэр голын Д нь түрэг хэлэнд Е гийгүүлэгчтэй таардаг (buduk - buyuk) авиазүйн тохирол буй. Адаг гэсэн монгол үг Аяак болсон нь ч үүнтэй холбоотой. За үүнийг орхиод туркийн хөлбөмбөгийн мөнөөх “гурван бүдүүн эр”-ийг танилцуулбал: Галатасарай, Фенербахчэ, Бешикташ гурав бөлгөө. Олон жилийн өмнө Трабзонспор бас нэг бүдүүн нь байсан юм билээ. Одоо харин айхтар “турсан” байна лээ.
Намайг Туркт ирдэг жил Бэшикташийг Кристофер Даум гэж герман дасгалжуулагч удирдаад, Илхан Мансиз, Нихат Кахвежи гэж хоёр түрэг тоглогч сүйд хийгээд, үнэн гоё тоглолт үзүүлж байсан тул шууд л Бэшикташийн балиашиг болж орхив. Илхаан гэж нэр нь манай Монгол Илхаан яг мөн. Одоо Бэшикташт тун ирээдүйтэй, 16 настай нэг хүү бий. Нэрийг нь хэн гээ? Батухан Карадэниз. Батухан нь мэдээж Бат хаан, Кара нь “хар”, дэниз нь “тэнгис”. Ингээд Хартэнгис овогтой Батхаан болж байна. Мань эрийг өдгөө Бундеслигийн хоёрдугаар зиндаанд тоглож байгаа Көлн-ий дасгалжуулагч, мөнөөх Даум энэ жилийг дуустал зээлээр авчихсан байгаа. Талбайд хааяахан гардаг Ааедин Карабулут гэж тоглогч бий. Аае нь монголоор “сар”, аае-дин нь “саруул” гэсэн үг. Хэдийгээр аае-сар хоёр тохирохгүй ч гэлээ яг адил, “өргөн, гэрэлтэй, уужим” хэмээх утгыг илтгэгч монгол, түрэг үгсийн аль алиных нь язгуур тэнгэрийн сар байгаа нь сонирхолтой юм. Кара нь өмнө хэлсэнчлэн “хар”, булут нь “үүл” бөлгөө.


Хартэнгисийн Батхаанаас гадна Туркийн лигийн мэргэн бууч нь 10 бөмбөг оруулаад байгаа Хартэнгис овогтой Хөхтэнгис гэж нөхөр бий. Хөх гэдэг үг түрэг хэлэнд “хөх өнгө”, “тэнгэр”, бас “эртний” гэсэн утга илтгэнэ. Хөхтэнгис Бэшикташийнх биш л дээ. Трабзоных. Харин Бэшикташт Сэрдар Өзкан гэж бас нэг сайн залуу байгаагийн нэрэн дэх Өз нь эртний монгол хэлний Өр (зүрх) гэсэн үгтэй дүйдэг юм. Туркууд Өз дээрээ үйл бүтээх –Л дагавар залгаад Өзлэ- гэсэн үйл үг бий болгох нь Монгол хэлээр бол “Өр-өвдөх”-тэй тун дөхнө. Монгол-түрэг хэлний нэн эртний Р-З хоёр таардаг.
Галатасарай гэдэг нэрийн “сарай” хэмээх нь юу болохыг сонирхоод явбал түүхийн талаар олон сонин юм мэдэх болно. Галатасарайд бас Хакан Балта гэж нэг сайн залуу байгаа. Балта нэрийн язгуурыг мөшгивөл “Сүх” гэсэн утгатай.
Фенерчүүд тэр жил Бэшикташийн Төмэр гэж сайн тоглогчийг шалсаар байгаад авчихсан юм. Тэр нь “төмөр” мөнөөс мөн. Өөр жижиг багуудад тоглож байгаа Дэмир, Тимур нар ч бүгд “төмөр”. Фенерт бас Али Билгин гэж тоглогч байдаг. Билгин гэдэг нь манай Билэг, Билгүүн мөн. Учир нь энэ үгийн язгуур болох бил- билмэк нь “мэдэх” гэсэн түрэг үг билээ. Оюун билэг, билэг ухаан хэмээх үгийн язгуур тэгэхээр түрэг үг болж таарч байна. Тийм түрэг үйл язгуур дээр нэр үг бүтээх –г дагавар залгаад “бил + г” гэдэг шиг бүтээсэн үгс монгол хэлэнд олон байдаг. Хөрөг гэхэд л жишээ нь, язгуур нь көр- (одоогийн түрэг хэлэнд гөр-) буюу “харах” гэсэн үг. Сураг гэдэг үгийн язгуур сур-, сор- нь “асуух” гэсэн утгатай түрэг үг гэх мэт.
Анкараспор гэж багийн хамгаалагч Акюүзийн нэрийг хөөвөл олон сонин баримт тодорно. Ак гэдэг нь Кара-гийн эсрэг үг - “цагаан”. Эртний түрэг хэлэнд ак-кара гэж эсрэгцдэг байсан болохоос сияах-бэяаз гэдэг дөнгөж саяхны зээллэг. “Цагаан” хэмээх утгатай Ак гэдэг үг одоо монгол хэлний “аглаг” хэмээх үгийн язгуурт тохиолддог юм. “–лаг” гэдэг нь “тунгалаг, баялаг” зэрэгт ордог тэр дагавартай нэг гаралтай дагавар. “Аглаг тал” гэж тэгэхээр юу ч үгүй цагаан тал аж. Юүз хэмээх нь өнөөгийн түрэг хэлэнд “нүүр, царай” гэсэн үг. Мянгаад жилийн өмнө зээлдсэн монгол үгийн Ж, түрэгт Е-тэй таардаг юм. Жирүхэ (зүрх) – юрэк гэх мэт. Эртний монгол хэлний Жүсэ буюу одоогийн Зүс болсон үг нь түрэг талдаа юүз болоод явж байгаа хэрэг. Түрүүн Д-Е хоёр сэлгэдэг хэмээн хэлсэн, ийм сэлгэц харин бараг хоёр мянгаад жилийн түүхтэй байдаг. Ер нь үг адилхан харагдах огт хамаагүй, авиазүйн тохирол, системтэй хувьслаар л үгсийн гарал нэгтэй эсэхийг тогтоодог билээ. Жишээ нь Волкан гэж хаалгач манай Булгантай хавьтах ч үгүй. Акюүз маань тэгэхээр Цагаанзүс болж байна.


За тэгээд, доогуурхан багуудад Тэмүчин, Жэнгиз, Арслан, Аслан нэртэй тоглогчид олон олон. Чайкур багт Алтан, Касимпашад Баяар, Генчлербирлигид Орхун гэж тоглогч байгаа. Коняспорын нэг хаалгач нь Бахадир (баатар), бас ямар багт билээ дээ, Чагатай (Цагаадай) гэж тоглогч гүйж яваа харагддаг.
Сүхээ, Төмрөө, Хар тэнгис, Хөх тэнгис, Илхаан, Тэмүүжин, Чингис, Арслан, Билгүүн, Орхон, Алтан, Баяраа, Цагаадай, Баатраа нар тэр нэрээрээ хүч үзэн буй Туркийн хөлбөмбөгийг сонирхоорой. Өмнө миний бие нэг бичлэгтээ дуугаар хэл сурахад зугаатай байдаг гэж бичсэн, одоо харин түүн лүгээ зөвлөхөд хөлбөмбөгөөр хэл шинжлэл судалбал сонирхолтой байж мэдэх юм шүү.
Яг одоогийн байдлаар мөнөөх айхтар “гурван бүдүүн” ганц ганцхан онооны зөрүүтэй Туркийн лигийг тэргүүлж явна. Энэ алалцаан дундаас Бэшикташ л түрүүлэх дүр зураг харагдаад байгаа юм даа. Словакийн Холоско-г авснаас хойш довтолгоо нь эрс сайжирсан. Ингээд бичихээр Фенер, Галатасарайгийн фэнүүд нэгийг хэлэх байлгүй дээ. Намайг тэнд байхад л лав монгол оюутнууд хөлбөмбөгөөр нэг маргалдахаараа дуусдаггүй байсан юм даг.


М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв, Вашингтон Ди Си)

No comments:

: