Friday, May 16, 2008

Баруун Монголын нvvдэл суудал

Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар


Алтан ургийн хэлтэрхий, алаг махний тасархай Дєрвєн Ойрдын Торгууд, Хошууд, Єєлд, Дєрвєд тvмнийг Баруун Монгол хэмээн Монголын тvvхэнд нэрлэж ирсэн ажуу. Хорос, Хойд аймгууд жижиг тул тэдний хавсарга болж явсан байна. Дєрвєн Ойрдын туулж єнгєрvvлсэн гунигт тvvхээс учиг тєдий энд дурдья.

Баруун Монголын холбоо зvvнтээ Илийн хєндийгєєс баруунтаа Ховд, умрын Саяaнаас ємнийн Алтантагшийн нуруун хvртэл єргєн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны vед бvх Монголыг гартаа атгаж, нанхиадын Мин улсын хааныг олзолж, сvр хvчийг бадруулж байв. Тэр vеийн нанхиадын тvvхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон тvм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хvчин доройтоход Зvvн Монголд тэдний нєлєє буурчээ. Тvvнээс хойш 150 гаруй жил Зvvнгар дангаараа vлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, “Хунтайж хаан” гэж єєрийгєє нэрлэн суув. Тvvний хvv Баатар Хунтайжийн vед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чєлєє хайж, євсний сєл даган, Хошууд, Торгууд аймгууд Зvvнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нvvсэн байна.

Хошуудын Гvvш хаан Тєрбайх єєрийн албатаа авч, ємнє зvгт нvvж, Алтантагшийн нуруунаас зvvнтээ Цайдамыг туулан, Хєхнуурт хvрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Тvвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлvгвагийн ёсыг єргєх боллоо. Цайдамыг тав хувааж, “Таван Цайдам” гэж нэрлэж байсан нь Хошуудын Хєхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зvvн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй єрхєєс бvрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг “дээд Монгол” ба Хєхнvvрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.

1618 онд Торгуудын Хоо Єрлєг (Бор Єрлєг ч гэдэг) таван мянган єрх албатаа дагуулан, баруун хойш нvvдэллэж, замдаа таарсан нvvдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цємрєн ороход, тvvний 6 хvv нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Єрлєг алагдаж, тvvний хvv Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хvv Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мєрний хєвєєгєєр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо тvvвээсэн ч Оросын хаан мэдээгvй цариалж, мусалмануудтай ємнєд талдаа дайтаж, сэхээ муутай байж.

Баруун Монголын хvчин суларч, ємнєдєд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дєчин дєрвєний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, тvvнийгээ хотлоороо даган мєрдєх болжээ. Тэр цаазад Хоо Єрлєг, Гvvш хаан Тєрбайх нар тамгаа vлдээсэн нь лавтай тэд бvрэн салаад явчихаагvй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хvv Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зєстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живvvлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хєгнєхаан уулын нэр vvссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын євєр дэх хvрээн дээр мал мэт засаж, хєнгєлсєн учир эл уулыг Хєгнєхаан гэж нэрлэжээ. Хvчтний дэргэд хvчгvй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нємєрт очиж, єршєєл гуйжээ. Галдангийн хийсэн эл vйлдэл Монголыг Манжид эзлvvлэх нєхцєлийг хурдан бvрдvvлсэн. Халх аймгуудыг хєєсєн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дєхєж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зvvнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг vймvvлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бvслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах vед єєрийн хатан Анугаа алдсан. Галдан цєєн нєхдийн хамт зугтсаар Илийн хєндийд буцаж ирэхэд, тvvний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.

Цэвээнравдан Зvvнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа єгєє аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, тvvний хvчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хvv Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хєл дээрээ босч ирэхгvй болтлoo доройтов. Манжийн тvvхийн эх сурвалжид бичсэнээр Дєрвєн Ойрдын аравны есєн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн єгvvлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Єєлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, тvvний холбоотнууд хvрэхээс ємнє Манжийн найман тугийн цэрэг Зvvнгарт хvрч, Амарсанаа давуу хvчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар єєд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл vvгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд vндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илvv єєр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол тvмэн бvхлээрээ Манжийн аманд унасан байна.

Харин Ижил мєрний Тогруудуудын хувьд тvvх єєрєєр бичигджээ. Шихир Дайчины хvv Пунцаг хаан сууж байхад Зvvнгарынхан олноороо Манжаас дайжин хvрсэн. Хошуудын Хєндлєн Убаш єєрийнхєє 3 мянган єрх албатаа дагуулан Ижилд хvрэв. Пунцагийн хvv Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мєнхєлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Тvрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зvvнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Єєрийн охиноо Цэвээнравданд сvй тавьж єгсєн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргvvцжээ. 1724 онд Аюк хааныг таалал тєгссєний дараа тvvний хvv Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хvv Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн vед Зvvнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дєрвєт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд єєрийн хvv Увшийг хаан суулгав. Ижил мєрний сав нутагт хvчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хvрээлvvлэн эрх мэдэл, vйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Тvвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мєрийг мєшгих болсон. Увш хаан энэ бvх vйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг "дєнгєтэй баавгай" гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Тvркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхvv урьдаас их нvvдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мєрний мєс хєлдєхийг хvлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зvvнгарын зvг нvvхээ мэдэгдээд, Ижилийн хєвєєгєєр нутагласан бvх ардаа хурaах даалгавар тэдэнд єглєє. 1771 оны 1 сарын 5-нд их нvvдэл хєдлєхийн урд шєнє гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мєрний мєс цємєрсєнєєр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелvvлж чадалгvй тэндээ vлджээ.

Торгуудын энэ их нvvдэл 7 сар vргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан тvмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, єлсєгєлєнд сульдан ядарч, vхэж vргэдсээр 4 зvvн мянган Торгуудаас зєвхєн 125 мянга нь Зvvнгарын говьд хєл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бvх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зvvнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мєрний баруун эрэгт 15 мянган єрх буюу 70 орчим мянган Торгуудууд vлджээ. Орос Тvркийн хооронд єнє удаа хавчигдсан тэднийг Тvркээр “Калмак” гэж баруунд нэрийдэх болсон байна. Калмак буюу Халимагийг Монгол хэлэнд буулгаваас “vлдэгдэл” гэсэн vг болно. “Yлдэгдэл” улсын тvvхийг жич єгvvлье. Баруун Монголын нvvдэл суудал товчхондоо ийм болюу.

No comments:

: