Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 2
БНАСАУ-ын нийслэл юу вэ? Эргэлзэн бодох шаардлага ч байхгүй байх. Монголчууд газарзүйн мэдлэгээрээ дэлхийд дээгүүр орох үндэстэн. Даа ялангуяа хуучин соц улсын нийслэлийг бол мaнaй үеийнхэн гаргаахгүй.
БНАСАУ-ын нийслэл юу вэ? Эргэлзэн бодох шаардлага ч байхгүй байх. Монголчууд газарзүйн мэдлэгээрээ дэлхийд дээгүүр орох үндэстэн. Даа ялангуяа хуучин соц улсын нийслэлийг бол мaнaй үеийнхэн гаргаахгүй.
Тийм ээ, Пхеньян. Та зөв хариуллаа. Харин энэ үгийг хэрхэн дуудсан бэ? Эхний хоёр үсгийнх нь завсар эгшиг оруулан Пэ-Хэ-Ньяан хэмээн дуудсан бол (Зууны ерөн хувь нь тийн дуудсан байх магадлалтай) зөв бус буруу хариуллаа гэсэн үг.
Юу нь буруу байсныг хэлэхийн өмнө хэл шинжлэлийн диграф хэмээх ойлголтын талаар товч өгүүлсү.
Аливаа цагаан толгой тухайн хэлнийхээ болон гадаад хэлний бүх авиаг тэмдэглэх боломжгүй байдаг. Тиймээс зарим нэг авиаг хоёр үсэг нийлүүлэн тэмдэглэхийг диграф гэнэ. Ди гэдэг нь “хоёр”, граф нь “үсэг” гэсэн үг. Роман цагаан толгойн h үсгийг диграфд хэрэглэх нь элбэг. S + Н = Sh буюу Ш-ээс эхлээд ph, ch, gh, ph гэх мэт диграфууд олон. Эртний монгол хэлэнд ч бас латины H – тэй дүйцэх хөөмийн х авиаг тэмдэглэх үсгийг диграфд хэрэглэж байжээ. Монгол бичигт Д үсэг мэт урагш этийлгээд буцаан татахдаа онгорхой гэдэс гарган нуруундаа нийлдэг тэр үсгийг хэлж байна. Энэ үсгийг Лхагва, Лхас гэх мэт төвд үгийг зөв тэмдэглэхэд хэрэглэдэг байв. Мөнөөх хөөмийн авиаг тэмдэглэх үсэг кириллд байхгүй тул нэлээд хатуу х үсгээр тэмдэглэх болсон тул Tөвдийн нийслэлийг одоо болтол зарим хүн Ил-Хас, Ла-Хас гэх мэтээр хоёр үе бүхий үг болгон дуудаад байдаг гэм бий.
Яг дээрхийн нэгэн адил солонгос хэлний амьсгалын түрэлттэй, хүчтэй П авиа нь орос хэлний зөөлөн П-ээс ондоо сонстох тул мөнөөх хотын нэрийг илүү зөв дуудах үүднээс диграф хэрэглэн Пх хэмээн тэмдэглэсэн байна. Гэтэд тэр нь Монголд орж ирэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын” үлгэр болж, Пөн-Яан хавьцаа хэлэгдэх хоёр үе бүхий үг нь Пэ-Хээ-Няан гэсэн гурван үетэй болж, анхлан тэмдэглэсэн орсууд байтугай ардчилсан Солонгосынхон ч нийслэлээ танихын аргагүй болчихжээ. Энэ нь үлгэрлэвэл, англичууд Phone хэмээх үгийг Пи-хоүн, China хэмээх улсыг Си-Хайна хэмээн дуудаж буйтай агаар нэгэн буй. Тиймээс нэг бол Пх хэмээн тэмдэглээд амьсгалын түрэлттэй П-ээр дуудах, үгүй бол ерөөс солонгос, монгол хэлний П авиа нэг их зөрөхгүй гэж үзвэл заавал оросоос диаграф авснаас дан П-ээр тэмдэглээд явсан нь ч дээр байж болох. Хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэсэн диграфыг салгалгүй нэг л авиагаар дуудан, үсгийн эндүүрлийг арилгацгаая.
Мягмарын Саруул-Эрдэнэ
No comments:
Post a Comment