Thursday, April 17, 2008

Нуугдан буй Хаан зам


Монголын эзэнт гүрний үе буюу XIII зуунд хамаардаг хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэх их бүтээн байгуулалтуудын нэг болох тив холбон хэдэн арван мянган км үргэлжлэх дэлхийн анхны хурдны зам, “Чингэсийн далан” гэж газрын зураг дээр тэмдэглэгдэн хоцорсон жинхэнэ Хаан замыг өнөөдөр хэн ч мэддэггүй гэхэд үнэхээр сонин. Энэ нь ердөө л хэн нэгний хайнга зангаас болсон гэхээр бүр ч хачирхалтай.

Дайн дуусангуут гаргасан алдаагаа засах гэсэн үү, дараагийн дайнд бэлтгэх гэсэн үү, ямар ч байсан цэргийн зориулалтаар маш нууц зэрэглэлтэй 1:100.000, 1:200.000, 1:500.000, 1:1000.000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор хийжээ. Энэ нь 1947 он.

Хиймэл дагуул байгаагүй тэр үед өндөрлөг болгоны оройд шон байршуулан байж хийсэн тэр зураг үнэхээр нарийвчлалтай. Говьд худаг, булаг хаана байдаг, ширгэдэг ширгэдэггүй эсэх бүр цагт хэдэн литр ус гардгийг хүртэл энэ зурагнаас харж болно. Гэхдээ нарийнаас нарийн энэ зурган дээр даанч дээ гэмээр нэг алдаа бий. Тэр нь утгын алдаа. Чингэсийн замыг “Вал Чингисхана” буюу “Чингэс хааны далан” гээд биччихсэнд л хамаг учир нь байгаа юм. Хожим нь монголчууд өөрийн гэсэн газар зүйчидтэй болонгуут энэ алдаатай нэрийг “махчлан” орчуулж газрын зураг дээр бичсэнээр нөгөө алдаа нь бүр ч баталгаажив. Тэд бас Монголын газрын зургийг орос эхээс нь хуулж хийхдээ Чингэсийн замыг энд тэнд нь орхигдуулан зурж давхар алдаа гаргасан юм. Монгол зурган дээр одоо тавхан хэсэг газарт л Чингэсийн зам зурагдсан байгаа. Гэтэл орос эх дээр нь хамаагүй урт бүр ийш тийш салаалсан салаа замууд хүртэл зурагдсан байдгийг үүнийг бичигч өөрийн нүдээр харж байсан билээ. Ийнхүү давхар давхар алдаа гарч дэлхийн анхны хурдны замыг цэргийн зориулалттай хуучин далан гэсэн буруу ойлголт монголчуудад байтугай бүр СССР-ээр дамжин дэлхий дахинд тархах нь тэр. Дайн болсныг батлах мэт хаа сайгүй л байдаг цэргийн зориулалттай, хуучин тэгээд бас шороон даланг үнэхээр ч хэн сонирхох билээ.

Өгөдэй хаан өөрийн үйлдсэн дөрвөн муу үйлийн дөрөвдүгээрт: “Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үг сонсов би” гэсэн байдаг. Гэтэл зарим түүхчид Чингэсийн замыг энэ хэрэмний үлдэгдэл гэж андуурдаг нь түүнийг мартуулах бас нэгэн шалтгаан болсон биз ээ. Үнэндээ зам, далан, хэрэм гэдэг маань огт өөр зүйлүүд билээ.

Энэ бүхнийг “Хаан зам” мартагдах болсон орчин үеийн шалтгаан гэж болох юм. Харин түүхэн шалтгаан нь Монголын эзэнт гүрний задралтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрэн задарснаар улс хоорондын харилцаа тасарч хумигдах чиглэл нь өөрчлөгдөх зэргээр энэ замын ач холбогдол алдагдан мартагдсан билээ. Ялангуяа Монголын нийслэл Хятадын Шанду Жунду ч гэдэг одоогийн Бээжин. Г.А. хотоос хөөгдсөнөөр Хаан зам мартагдах түүхэн шалтгаан эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Миний бие 1980 онд түүхэн экологийн нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедицэд оролцож Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт буй Чингэсийн замыг ухаж дор нь булсан загнаас дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход XIII зуунд баригдсан болох нь батлагдсан юм. Говьд заг овоолж дээрээс нь шороо асган битүүлж дээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээн яг л асфальтан зам шиг болгож барьсан байдаг.

Харин хангайд чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг билээ. Би Чингэсийн даланг үзээд 1,5 м хүрэхгүй далан гэж юу байхав, энэ далан биш зам байх хэмээн нутгийн ардуудтай очиж уулзсан юм. Тэд “Энэ далан биш ээ Чингэсийн зам. Чингэс хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн домог байдаг” гэсэн сэн. Ганц хатан авч ирэх гэж зам бариулах гэдэг утгагүй зүйл. Үнэндээ Чингэс хаанд зам барих зав, шаардлага ч байгаагүй. Харин тэр үед байтугай одоо ч энэ зам аварга бүтээн байгуулалтад тооцогдох болохоор Чингэсийн нэрээр нэрлэсэн байх бүрэн боломжтой. Тэгвэл дэлхийн анхны хурдны замыг XIII зуунд хэн бариулсан байж таарах вэ?

Монголын эзэнт гүрэн бий болж хол холын олон улс орныг эзэгнэн суусан ахан дүүс хаад хоорондоо цаг алдалгүй холбоо барих, ачаа тээш, худалдаа арилжаа явуулах гэсэн шаардлага л ийм нүсэр зам барих нөхцөл болох ёстой билээ.

Ш.Гаадамба гуайн редакторлан 1976 онд хэвлэсэн Монголын нууц товчооны 281-д Өгөдэй хаан үгүүлрүүн: “Эцгийн их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: ...Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав” хэмээн өөрийн хийсэн дөрвөн сайн үйлсийн хоёрт нь дурьдсан байна. Мөн номын 282-т буюу төгсгөлд “Их хуралдаан болж, хулгана жилийн 1240 хуран долдугаар сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсөв” гэж бий.

Гэтэл Чингэсийн зам яг энэ газраас эхэлдэг бөгөөд одоо ч гэсэн хэвээрээ байгааг монгол зурагнаас ч харж болно. Дээр дурьдсанаас үзэхэд ямар ч байсан 1240 он гэхэд Чингэсийн зам баригдаж дууссан байсан болж таарч байна. Харин хэдийд эхлэн хэрхэн барьсан бол? Мөн номын 279-д Бас Өгөдэй хаан үгүүлрүүн: “... Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгат мянган өрх Г.А -аас замчин улаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё.

Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагаадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагаадай ах шийдгэтүгэй!” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч ”Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагаадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас үгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” гэж илгээжээ гэж бий. Эндээс харахад Хар ус нуурын захад буй Чингэсийн замын хэсэг Европ тивд байсан Бат хааны буюу Алтан ордны улс руу, Алтайн нурууны өврөөр буй хэсэг нь Дунд, бага Азийг хамарч байсан.

Цагаадайн болон Ил хаадын улс руу харин зүүн хэсэгт буй хэсгүүд нь Хятад, Солонгос улсуудыг холбож байсан их замын хэсгүүд болох нь тодорхой болж байна. Энэ үе нь 1231 онд Өгөдэй хаан Хятадыг эзэлснээс нэлээд хойно болж буй үйл явдал. Ингэхээр Чингэсийн замыг 7-8 жилээс илүүгүй хугацаанд барьж дууссан болж таарч байгаа юм. Дээр бичсэнээр энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан болох нь тодорхой байна. Ингэвэл маш богино хугацаа орох нь дамжиггүй.
Харин энэ өртөө замын үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан бол? Энэ тухай алдарт Марко Поло 1257-1324 “Орчлонгийн элдэв сонин” номондоо тусгай бүлэг болгон маш тодорхой бичсэн аж. “Канбалу Ханбалык хотоос олон муж орох замын тухай” гэсэн ерэн наймдугаар бүлэгт: “Нийслэл Камбалу хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарчээ. Муж бүр рүү нэг зам зурайн одсон бөгөөд тэрхүү зам тус бүр дээр хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд тодорхой, төөрөх газар огт үгүй.

Хэрвээ харьяат нутаг газрын дотор ямар нэгэн үймээн самуун дэгдсэн тухайд буюу эсвэл хэн нэгэн ноёны тухай ч юм уу их хаанд чухал зүйлийн талаар нэн яаралтай сонсгох хэрэг тохиолдвол элч нар нэг өдөрт хоёр зуун бээр 360 км, заримдаа хоёр зуун тавин бээр 450 км газар довтолгодог байжээ. Чингээд хэрхэн өртөөлөн явдаг тухайд өгүүлбэл нэгэн элч төчнөөн олон бээр газрыг нэн яаралтай туулах хэрэг тохиолдвол тэр элчид шонхор шувууны дүрс товойлгосон пайз гэрэгэ олгодог. Тэд замд гарахдаа толгойгоо алчуураар боож гэдсээ бүсээр чавхайтал ороох ба хорин таван бээр 45 км туулж нөгөө өртөө хүртэл хар хурдаар нь довтолгон хүрч ирэхэд тэнд хурдан морьд, сэлгээ унаа бэлэн байна” гэсэн байна. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ОХУ-ын нийслэл Москва хот ороход 20 хоног л шаардагдах аж. Харин Бээжин ороход хоёр хоног хангалттай байх нь. Тэгэхээр энэ зам ямар их ач холбогдолтой байсан нь тодорхой.

Марко Пологийн их хаан гээд байгаа хүн нь Хубилай хаан бөгөөд энэ бүхнийг өгүүлэн буй цаг үе нь их хааныг хаан ширээнд сууснаас 42 жилийн дараа буюу 1298 он юм. Харин элч нар толгойгоо алчуураар боодог нь хурдтай явахад салхинд үс, малгай хийсэхээс сэргийлэх ба гэдсээ боодог нь гэдэс дотор зайлагдах, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалах зориулалттай бөгөөд одоо ч монголчууд энэ аргыг хэрэглэдэг. Марко Пологийн номонд бас нэг сонирхолтой мэдээ бий.
Их хаан замын хажуугаар мод тарьсан тухай хэмээх зуу дугаар бүлэгт: “Их хаан бээр элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарих зарлиг айлджээ. Энэ модод алсаас их сүрлэг харагдана. Их хаан тэр бүгдийг, явах зам нь хэн бүхэнд үзэгдэж, огт мунгинан төөрөхийн явдалгүй болгохын тулд байгуулсан билээ.
Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” гэжээ. Барьсан замд пайз, тэмдэг байхад төөрүүлэхгүй хэмээн мод тарих нь юу л бол. Харин эдгээр модыг элс, шороо, цасан шуурганаас замаа хамгаалах гэж тарьсан гэвэл үнэнд илүү нийцэх биз. Бид одоо ч энэ аргыг хэрэглэдэг.

Тэгэхээр бид одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ тив холбосон “ногоон хэрэм” байгуулж байсан ард түмэн болж таарч байна. Тэр үеийн Монголын эзэнт гүрний зураг, нийслэлүүдийг харахад тэдгээрийг холбосон дэлхийн анхны хурдны зам Чингэсийн зам ямар аварга бүтээн байгуулалт байсан нь хэнд ч гэсэн тодорхой харагдана. Одоо ч гэсэн ийм аварга замыг хүн төрөлхтөн байгуулж чадсан болов уу?!
Нуугдан буй Хаан замын нууцыг дэлгэх цаг нэгэнт болжээ. Учир нь та бидний “торгоны зам” гэж буруу зөрүү хөөрцөглөөд байгаа зүйл чинь, чин үнэндээ бол энэхүү Чингэс хааны зам юм шүү!

Г.Амарсанаа

No comments:

: