Дайлга үг
Монгол Туургатан даяараа Их түүхээ дурсан, 800 жилийнхээ ойг бахдан тэмдэглэж байгаа энэ үед зохиолч, зураач Т.Мандирийн "Саран Зэв" хэмээх түүхэн туужийг уншигчиддаа толилуулж байна. Туужид Монголын Аугаа түүхийн ганцхан үйл явдлыг , "Монголын нууц товчоо"-д зөвхөн “Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв” хэмээн ганцхан өгүүлбэрээр тэмдэглэсэн үйл явдлыг сугалан өвч өгүүлсэн хэдий ч уншигч Танаа XIII зууны түүхийн маш нарийн ширийнийг төдийгүй тэр цагт Монголчуудын агуу байсны нэгээхэн нууцыг дэлгэх байх аа. Аль 1993 онд хэвлэгдсан энэхүү тууж нь түүхэн үнэлэмжээрээ Монголын уран зохиолын сан хөмрөгт алтан үсгээр бичигдэхуйц ур чадвар, уран санаагаар баялаг зохиол болсон, өөрөөр хэлбэл Монголын уран зохиол дотор түүхэн сэдвээр ийнхүү бичигдсэн үй олон зохиолууд дотроос үнэ цэнэ, чанар чансаагаараа Ренчин абугайн "Заан залуудай" гэх мэт нэг хоёрхон зохиолтой эн зэрэгцэн манлайлахуйц буйзаа. Харин 1993 оноос хойш энэхүү туужийн талаар манай "их мэдэгч" судлаач, шүүмжлэгчид таг чимээгүй байсаар байгаа нь сонин л юм. Нөгөө талаар Монгол үндэстэний оюуны цог заль сэргэн мандахын нэг ундрага нь Их түүх агаад, энэ түүхээ энэ мэтчилэн яруу сайхнаар өгүүлсэн зохиол бүтээлийн үнэ цэнэ, үлдээц хаялага нь "Мянганы зам"-ын бүтээн байгуулалтаас нэг ихээр дутаад байхгүй бизээ хэмээн мунхаглана. Уншигч та ч уг туужийг тогтон уншаад саналаа өгүүлэх биз ээ. Энэ дашрамд зохиолч, зураач Т.Мандир ахдаа уран бүтээлийн аяндаа яндашгүй ихийг туулан яваа буй заа, олз омог тань арвин байж, монгол түмнийхээ оюуны сүвийг энэ мэт зохиол бүтээлээрээ ямагт сийгүүлэн сэргээж байгаарай хэмээн ерөөл дэвшүүлье. Б.Номинчимэд
Зохиолч Т.МАНДИР
САРАН ЗЭВ
Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв”
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
Бүлэг 1.
Арай л дуу алдан ёололгүй гараа татаж аваад Насир баатар аман дотроо харааж гэдрэг суув. Энэ Монгол цэргийн хэвтүүл манаа гэгч үнэхээр далдын сахиулсан мэт аймаар этгээдүүд. Хаана байгаа нь мэдэгдэхгүй мөртөө хаагуур ч гишгүүлэхгүй байж чадна. Овон товон бараадаад хэвтэж байдаг юм уу гэтэл биш, гортигийн гадуур алхмагц дэргэд илдээ шархийлгэж байдаг нь сонин.
Гараа үлээгээд асрын хагас сөхөөтэй үүдээр цайрах хуучин сарны гэрэлд харвал арай л арьс, хөрсийг нь хуулчихаагүй бололтой. Хальт өшиглөв үү, эсвэл жадныхаа ишээр зориуд хөнгөн хусаж цохив уу гэдгийг Насир ялгасангүй. Ялгаад ч яах юм билээ. Хэвтүүлийн чимээ сураг дахиад мэдэгдсэнгүй. Гэвч тэр асрынхаа бааданг дахиж сөхөхөөс түдгэлзэв. Ямар боловч Сүбээдэй баатрын чачир гэрэлтэй байгааг ажлаа. Тэгэхээр тэр хүн унтаагүй байгаа хэрэг. Хэлмэрч нь энд сэтгэл зовж суухад хэргийг даасан эзэн жанжин тэнд нойрсож байна ч гэж яаж байх билээ. Юу бодож, юу сэдэж байгааг мэдэхсэн гэж учиргүй хорхойтсондоо Насир гайхаж, өөрийгөө шоолж суулаа.
Хааш хаашаа зургаахан алхамын энэ жижиг мөртөө хээнцэр асар түүнийх юм. Нэг жилийн өмнө Хар Киданаас оргож гарахдаа овоо зэгсэн хөрөнгөнөөсөө аян замд авсаархан гэж шилж авсан цөөн хогшлийнх нь нэг болохоор Насир энэ асраа тун их хайрлана. Тавин нас шүргэж яваа сирийн удамт дайчин эр Улаан тэнгисийн хөвөөнөөс Шар тэнгис хүртэл зорчихдоо хаяж гээсэн нь хэд хэдэн айл гэрийн амжиргаанд хүрэлцэхээр болон боловч энэ тухай ер дурсах зав гарч байсангүй. Басар балгадаас тэмээн жин хамгаалан гарч Искандр балгадад хүрэхдээ хоёр жад хугалж, нэлээд хэдэн сайн эрийн аминд хүрээд жингийн даамлаас ханасан шан авч, түүгээрээ Саладин султаны шадар цэрэгт багтах хаалгаа нээлгэж чадсан билээ. Насир тэнд одтой байж, загалмайтны нүсэр төмөр хуягт дайчдаас “Цөлийн ирвэс” цол ч хүртэж үзсэн эр. Түүний хувьд норман баатрын тэнгэр цоолом жад, саксоон хүнд балтны аль нь ч аймшигтай байсангүй, гэтэл дал модны доор өмнийн тэргэл сарны мөнгөлөг гэрэлд гялалзсан цолмон хар нүдний нэг л ширвэлт хорин жилийн турш уйгагүй ноцолдсон аз жаргалынх нь шилтгэнийг нурааж орхисон байжээ. Золгүй Насирын санаархсан тэр эм Саладины хайртай татварынх нь нэг байж, сарны үхмэл цайвар туяа, тайган эрийн шиншлээн хоёр ямагт цуг байдгыг урьд өмнө гадарлах завшаан байгаагүй болохоор тэр учрал золгүйгээр төгсөөд харин ч сайн нөхдийн буянаар Насир өмссөн хувцастайгаа оргон зайлах завшаан олджээ.
Хааш хаашаа зургаахан алхамын энэ жижиг мөртөө хээнцэр асар түүнийх юм. Нэг жилийн өмнө Хар Киданаас оргож гарахдаа овоо зэгсэн хөрөнгөнөөсөө аян замд авсаархан гэж шилж авсан цөөн хогшлийнх нь нэг болохоор Насир энэ асраа тун их хайрлана. Тавин нас шүргэж яваа сирийн удамт дайчин эр Улаан тэнгисийн хөвөөнөөс Шар тэнгис хүртэл зорчихдоо хаяж гээсэн нь хэд хэдэн айл гэрийн амжиргаанд хүрэлцэхээр болон боловч энэ тухай ер дурсах зав гарч байсангүй. Басар балгадаас тэмээн жин хамгаалан гарч Искандр балгадад хүрэхдээ хоёр жад хугалж, нэлээд хэдэн сайн эрийн аминд хүрээд жингийн даамлаас ханасан шан авч, түүгээрээ Саладин султаны шадар цэрэгт багтах хаалгаа нээлгэж чадсан билээ. Насир тэнд одтой байж, загалмайтны нүсэр төмөр хуягт дайчдаас “Цөлийн ирвэс” цол ч хүртэж үзсэн эр. Түүний хувьд норман баатрын тэнгэр цоолом жад, саксоон хүнд балтны аль нь ч аймшигтай байсангүй, гэтэл дал модны доор өмнийн тэргэл сарны мөнгөлөг гэрэлд гялалзсан цолмон хар нүдний нэг л ширвэлт хорин жилийн турш уйгагүй ноцолдсон аз жаргалынх нь шилтгэнийг нурааж орхисон байжээ. Золгүй Насирын санаархсан тэр эм Саладины хайртай татварынх нь нэг байж, сарны үхмэл цайвар туяа, тайган эрийн шиншлээн хоёр ямагт цуг байдгыг урьд өмнө гадарлах завшаан байгаагүй болохоор тэр учрал золгүйгээр төгсөөд харин ч сайн нөхдийн буянаар Насир өмссөн хувцастайгаа оргон зайлах завшаан олджээ.
Саладины гар урт гэдгийг эрхбиш мэдэх болохоор Насир хоёр жилийн турш зүс буруулан тэнэсээр Абескун тэнгисийг гэтлэн Хорезм шахын нутагт ирж байж нэгэнтээ хөл тогтов. Завшаанаар энд хөл үймээн мундсангүй, угийн дайчин ариншинтай Насир мужийн улс төрийн уур амьсгалыг төвөггүй гадарлаад Хорезм шах Мохаммед – Хар Киданы хан Жүр – Найманы Хүчүлүг гэсэн ээдрээтэй гурвалжинд эргэлзэлгүй орж явчихсан нь зургаан жилийн өмнөх явдал юм. Алдар цуут Саладин султаны дэргэд хүчин зүтгэж явсан төддийгүй түүнийг хилэгнүүлж дөнгөсөн сири дайчныг /Насир өмнөх явдлаа нуусангүй/ Мохаммед гойд үнэлж шадарлуулав. Насир түүний итгэлийг дааж багагүй гавьяа байгуулсан бөгөөд Хорезмыг Хар Киданаас тусгаарлахад “онц зүтгэл гаргасан” гэж Мохаммед шах ч тэмдэглэсэн удаатай. Гэвч хамгийн эгзэгтэй мөчид аанай л тотгор учирч, энэ удаад мөн л бүсгүй хүний адтай харц зэтгэрлэсэн болой. Харин энэ тухай дурсахдаа Насир тун дургүй, ноднин Хархүрэм хотод очихдоо монголын алдарт черби Доголху ноёнд л нэг удаа ярьсан юм. Доголху түүний яриаг ихэд сонирхож, Насирыг албанд авсанаар барахгүй ирэх хавар нь өрнө зүг аялах Сүбээдэй баатрын цэрэгт хэлмэрчээр явахад жуулчилсан тул ийнхүү Монголын төмөр тэрэгт цэргийг дагалдан Хоёр Алтай буюу Их Алтай, Зүүн гарын Алтайг даваад Гуравдахь Илийн Алтайн нурууны хормойд буугаад байгаа нь энэ билээ.
Энэ аялалд хэдий амжилттай оролцвол өтөл насных нь буян заяа төдийчинээ тэгширнэ гэдгийг их ноён Боорчи, Доголху нар түүнд сайн ойлгуулсан тул Насир ийнхүү сэтгэл чилэн нойр алдаж, цэргийн хүрээний ёс журмыг зөрчин шөнө дөлөөр эзэн ноёныхоо цачирыг тандах гэж оролдоод хэвтүүлийн хурц соргог хараанд өртөн хуруу хумсаа мулт цохиулчих шахам суугаа нь энэ бөлгөө. Энэ бүхэн юунаас эхлэв. Ердөө л нэг муу хэрмэл эр, нар шингэх үес хайчин харуулд баригдан ирж Сүбээдэй баатарт бараалхсанаас болжээ. Монгол хэл огт мэддэггүй тэр самрын арилжаачинд хангалттай мөнгө амласан нь илт, амь цөлөн явж йинхүү бараалхсан нь хэрэг явдлыг бүр хөмөрч орхив. Насир түүний яриаг орчуулж өгсөн бөгөөд ядах ч юм байсангүй. Айж самгардсан тэр хүн гуравхан үгийг л давтаад байв.
...“Манай заншлаач хорлогдов”...
Тэр хүн өргөн бүснийхээ цаанаас алчуурт боодолтой зүйл гаргаж өгсөнийг Сүбээдэй баатарт авч нууцгайхан задалж үзээд толгой дохисныг бодоход гэрчлэх тэмдэг байсан болов уу гэж Насир таамаглажээ. Тэр гурван үг Сүбээдэйн хувьд онц ноцтой байсан бололтой, хэдийгээр хатуу чанга боловч ялангуяа амарч, буудаллах оройн цагаар хөгжүүн яриа хөөрөөтэй, цэргийнхээ галаар дуртайяа хэсдэг тэр идэрхэн ноён энэ үдшийн турш чачраасаа гараагүйд Насир чингэж түгшчээ.
Үгүй ер, дайсны хүрээнээс мэдээ занги дамжуулдаг нэг заншлаач бүтэлгүйдээ ч юм уу, аль эсвэл тохиолдлоор амь насаа алдлаа гэхэд энэ хэрэг одоо Сүбээдэй баатарт төдий л хохирол учруулж чадахгүй байлтай. Монгол цэргийн дайрч устгах ёстой мэргидийн Худу, Чулуун ах дүү нарын бугшсан Чүй мөрний эргийн бага хот эндэс хагас өдөрчийн газарт байв. Тэдний цэргийн тоо, жанжидийн нэр ус төдийгүй Чүйн хотыг тойрсон олон тосгон, хүй болоод зам, гарц мөрний олом, уулын боомт бүгдийг нарийвчлан тэмдэглэсэн дэлгэрэнгүй зураг, тэмдэглэл Сүбээдэй баатарт байгааг Насир мэдэж байв. Түүнд одоо өөр юу хэрэгтэй юм бол?
Харангийн зөөлхөн дуу дөрвөнтөө дуурсав. Үүр цайхад ганцхан цаг үлджээ. Дэлхийд цуутай их хаадын хооронд мэс болж явсан цагаа дурсч, энэ эгзэгтэй үед мэдсэн сурснаараа Сүбээдэйд туслах хэрэгтэй гаж Насир шийджээ. Ерөөсөө амьдрал гэдэг бол дууч эм шиг холбиромхой юм. Азтай агшиныг алдаж ерөөс болохгүй. Тийм агшныг ямагт отож, тохиолмогц эрээ цээргүйгээр тэвэрч авах ёстой гэдгийг Насир даан ч сайн мэдэх болсон хүн.
Үүрийн үнэгэн харанхуй нөмөрсөн бололтой орчин тойрон дэндүү дүнсгэр, энэ нам гүмийг эвдэн Сүбээдэйн чачрын зүгээс хүмүүс ярилцах мэт маш бүгт чимээ чих дэлсэхэд Насир огцом өндийн чагнаархсанаа хаяагаа зориглон сөхлөө. Чингээд үзсэн юмандаа балмагдаж, тэр хэдэн хоромд болгоомжлохоо ч мартан хөшчээ. Сүбээдэй баатрын цачир бол маш нимгэн тангуд цэмбэн асар байлаа. Хурц дэнгийн гэрэл түүний ханыг төвөггүй нэвтэлж өөд өөдөөсөө харан суусан хоёр хүний сүүдрийг тодруулжээ. Хоймор суусан нэг нь ямар нэгэн зүйлийг нөгөөдөө сарвайхад тэр эдлэл дэнгийн гэрэлд огцом таширлаж, нэн тод мөртлөө даанч хурдан үзэгдээд өнгөрөв.
Саран зэв юм уу даа гэж Насир бодтолоо гэнэт хамаг бие нь агзасхийж, олон жилийн дайн тулааанаас уламжлагдсан дотоод зөндөө захирагдан гараа огцом таттал сум шурдхийж, асрынх нь бааданг нэвт цохиод зөөлөн ширгэнд шигдэн орохыг ажлаа.
Үхтлээ айсан Насир хэвтээгээрээ бөмбөрч, дэвсгэр дээрээ дөнгөж гартал асрынх нь үүдийг хүчтэй дэлгээд хоёр хүн ширүүхэн орж ирэв. Тэд гэрэл асааж тухалсангүй, бас асууж ёсорхсон ч үгүй баримжаа сайтай улс бололтой, нэг нь мөрнөөс нь угз татан эргүүлж, нөгөө нь жадаа Насирын хоолойны уг дээр нь тавилаа.
Хүйтэн төмөр өвдтөл шигдэхэд Насир жадны гилбэрээс атгаж аваад:
- Байз эзэнд айлтгах үг байна. Гэж бачимдан шивнэлээ. Хашгирвал бас цаазыг зөрчинө гэдгийг Насир цагийг нь олж санажээ. “Дуугүй дохь” гэдэг монгол цаазыг мэддэг олохоор жадны үзүүр арай хөнгөрөхийг анзаараад Насир баярлаагүйгээрээ баярлав.
- Эзэнд айлтгах үг байна гэж тэр дахин давтав. Энэ удаа овоо дориун, тайван хэлж чадлаа. Түүний дуунд итгэлтэй ямар нэгэн өнгө байсан бололтой. Нөгөө хэвтүүл жадаа бүр авчихлаа. Насир босох гэж яарсангүй. Нүдээ байдгаараа хурцлан хоёр хэвтүүлийг ширтэж байв. Тэд үг сольсонгүй, харцаараа хоорондоо ярилцах мэт хэдэн хором чимээгүй байснаа нэг нь зөөлөн өшиглөв.Насир үүнийг бос гэсэн дохио болохыг ухаараад яаран өндийж, бүсээ тэмтчин олж аваад бослоо. Чингээд амь мэнд мултарч байгаадаа захгүй баярласнаас хөлчүү хүн шиг гуйвлан асрын үүдийг мөргөх шахан гарчээ.
Бүлэг 2.
Хэдхэн хормын өмнө догдлон шохоорхоод байсан нөгөө чачиртаа Насирыг туугдан ороход Сүбээдэй баатар ганцаараа байлаа. Дэлхийг донсолгох амаргүй замналаа нэгэнт эхэлчихээд байсан Монголын гарамгай жанжин, урианханы Сүбээдэй баатар тэр үед дөчин нэгэн настай байжээ. Түүний гурвалжин хар нүдний нь догшин харцыг угсаа нэгт монголын олон аймаг төдийгүй жүрчидийн Алтан, нангиадын Сүн улсын түшмэд жанжид андахгүй болсон үе юм.
Сүбээдэй баатар зузаан эсгий дэвсгэр дээр өрөөсөн хөлөө нугалан суугаад айраг ууж байв. Орж ирэгсэдийг төдий л тоомжиргүй угтах мэт санагдсан тул Насир дотроо баярлав.
- Энэ хүн таны чачирыг хоёр удаа тандан ажиглав. Зүй нь өчиггүй хороох учиртай боловч “үг буй” гэсэн тул арга буюу золгууллаа хэмээн нэг хэвтүүл айлтгав.
Сүбээдэй Насирыг анхааралтай ширтэв. Сири дайчин, энэ л хоромд хувь заяагаа хөөдчихгүй байх ёстойг ухаарч, биеэ сул тавин өөдөөс нь аль болохоор тайвнаар харж зогсов. Сүбээдэй түүнээс сэжигтэй зүйл олж харсангүй бололтой, хултай айргаа авах зуур,
- Тийн болтугай. Үүнийг орхиж одогтун гэж тушаалаа. Хоёр хэвтүүлийг гарсаны дараа Насирын сэтгэл сая амарч уртаар амьсгаа авлаа.Үүнийг нь анзаарсан Сүбээдэй богинохон хар живрээ илбэн инээмсэглээд
- Энэ шөнө надтай цуг нойргүй хоносныг бодоход та лав их үйлийг бодолхийлсон буй заа. Таны царайд сэтгэл тэлэгдсэн шинж илэрхий. Тухтай яригтун. Тийшээ суу гэж эсрэг доод тал руугаа зангалаа. Насир тэнд очиж, ёс алдахгүйг хичээн баруун өвдгөө босгон нугалан суугаад үгээ шууд эхэлж төвдөлгүй хэсэг азнав. Үнэндээ ч саяын амь дэнссэн мөч мартагдах болоогүй, зүрх нь тун ч захирагдахгүй оволзон байжээ. Баатар ч түүнийг шавдуулсангүй, айргаа амтаран алгуур шимнэ.
- өчүүхэн би үзвээс урьд оройны элчийн үг таныг ихэд эвгүйцүүлсэн мэт. Хэрвээ би ташаарсан аваас өршөөн хэлтрүүлнэ үү гэж Насир болгоомжтой эхлэв.
- Та андуурсангүй гэж Сүбээдэй хэлээд: Тэр мэдээний муу үр дагаварыг хялбар хэлэхүйеэ бэрх. Одоо чухам санаа байваас өгүүлдэг цаг мөн гэж хөтлөх аястай өгүүлэв. Насир багахан зоригжлоо.
- Эрхэм та эрхбиш нэг тийш болгоон тогтоосон буй заа. Гэвч мөхөс миний цээжинд чиглэрсэн санааг гарган хэлэхгүй бол шударгыг гүйцэтгээгүй хэрэг болох болов уу хэмээн эмээнэ гэж Насир хэлээд эзэн баатар нь эелдгээр толгой дохиж байхыг үзэж, биеэ цэхлэн засмал ногтон сахлаа нэгэнтээ зоримог шувтарсанаа:
- Мэргидийн байдал нэгэнт тодорхой мэдэгдэх тул цаг алдалгүй довтлон орвол зохилтой. Тэдний оргон дутааж болох мөрний оломд урьдаар цэрэг бүгүүлж, дараа нь их цэргээр дайрая. Энэ өдөрт багтаан цэрэг морио хуваан хөдөлгөвөл би дуртайяа хошууч цэргийн эгнээнд багтаж, Их хааны хишигт өчүүхэн хариулсугай гэв.
Сүбээдэй дуугүй сууна. Зөндөө л юм яримаар, тэр ч байтугай цэрэг ангиа хэрхэн хувиарлах, орох, эгэх цаг мөчийг яахан тогтоохыг шөнөжин бодсон мөртлөө хэлэх үг нь гэнэт дуусчихаар энэ идэр жанжины тогтуун ухаалаг харцны өмнө балчирдаж орхих шиг санагдсан тул Насир эвгүйцэн дэмий л мөрөө хавчив. Сүбээдэй тонгойн үйсэн бортоготой айргийг шуугитал хутгалаа. Тэгээд зосон бүслүүртэй хулаар дүүргэж аваад асуусан нь:
- Та Мохаммед шахын элчийг дагаж, мэргидийн Худуд бараалхсан удаатай гэсэн байх аа.
- Тиймээ, хоёр жилийн өмнө гэж Насир хариулав.
- Би ташаараагүй бол тэр цагт Хүчүлүгийн эсрэг холбоонд мэргидийг элсүүлэх гэж Хорезм шах оролдсон. Худу ноён аль ч талд орохгүй гэж амласан мөртлөө дараа жил хотонгийн 613 -р оны хаврын будилаанаар найманы оргодол ханыг дэмжсэн санагдана.
- Хижрийн тоолол гэдэг юм гэж Насир засварлав. Сүбээдэй үл мэдэг инээмсэглэснээ:
- Тэр үймээн танд нээрээ халтайхан өндөрлөснийг би сонссон шиг. Таныг надад жуучлахдаа Доголху ноёнтон нэг үг цухуйлгаж байсан. Нойр алдаж ядраагүй бол тэр явдлаа ярь л даа. Миний нойр ч цэлмэчихлээ. Ингэсгээд өглөөний унд ирнэ. Таныг би зочин болгож хүндэлсүгэй гэвэл Насирын хүрэн царай үл мэдэг улбартаад бяцхан бодмоглосноо нэгэнт эзэн найрсаг байхад өөрөө хөндий дөндий байх шалтгаан үгүй мэт санагдсан тул иймэрхүү үед байх болох хэмжээнд хээгүйхэн инээгээд суудлаа засан тухлав.Гадаа үүр цайж эхэлээ. Дэнгийн гэрэл бараг мэдэгдэхгүй болсон тул Сүбээдэй бөхөөгөөд айраг хэрэглэдэггүй хэлмэрчээ хоолойгоо норгог гэж дэргэдэх явган ширээн дээрээс шимүүс хэмээх алимны өтгөн хандыг бахим шавар аяганы хамт дөхүүлэв. Насир нэг аяга шимүүс залгилчихаад сахлаа зассанаа яриагаа ийн эхлэв.
- Уйгур, Алимар цөм Чингис хаанд хандаж, мэргидийн үлдэгдэл Хар Киданыг дэмжих нь эргэлзээгүй болсон тул Мохаммед шах, Хүчүлүгийг өөрийн хүчээр няцаахаас өөр аргагүй болсон юм. Гэтэл түүний доорх жанжид, ноёд дор бүрээ хувиа хичээж, бас хивчаг хадмууд нь түүнийг туркменүүдтэй хагаралдуулсанаас болж, шах маань тун хэцүү байдалд орлоо. Би тэр үес шахын ордонд нэр нүүрээ нэмэхийн тулд давын өмнө Төмөр Мэлигийг гүйцэх хэрэгтэй байлаа. Мэлиг ван бол Шах Мохаммед, түүний түрэг хатны хүү Желал эд Дин хоёрыг л эзнээ гэж үздэг, үнэнч баатар эр билээ.
- Гэхдээ тэр чинь тусдаа хот балгад, албат иргэдтэй том эзэн шүү дээ гэж Сүбээдэй баатар хэлэв.-Чухам тиймдээ ч тэр Турхан хатны талынханыг одоо болтол айлгасаар байгаа юм гэж Насир нэмээд:
- Насан туршдаа их эздийг царайчилж, тэдний анхааралд өртөх гэж зүтгэсээр өнгөрсөн миний амьдралын гашууныг гадарлах хүн ховор биз ээ. Хэдэн жил барлаг мэт царайлж, итгэгдсэнийхээ төлөө шахад шадарлах боломж гарлаа гэж үзээд би найманы овжин залуу ханыг доройтуулах арга боловсруулж, Мохаммедийг ганцаар байх эвийг тааруулан ятгаж амжсан юм. Миний төлөвлөгөө товчхон, биелэхэд хялбар байв. Хорезм бол угаасаа Хар Киданд алба өргөж байсан, сүүлийн хэдэн жилд үүнийгээ больсон боловч хэрүүл маргаан ихтэй, нэг тал руу нь шийдээгүй байв. Тийм болохоор би “Хоёр улсыг хил нийлэх хотод Хорезм алба өргөнө. Киданы хан заавал өөрөө хүлээж ав” гэж шаардаад тэнд нь Хүчүлүгийг баривчлахаар бодсон юм. Мохаммед шах миний саналыг маш дуртай зөвшөөрч, хийх үйлдлийг бүгдийг өөрөө даа гэж тушаалаа. Тэгээд Төмөр Мэлиг байтугай хаан хүү Желал ад Дин ч захирч үзээгүй шахын торгон цэрэг миний мэдэлд ороод ирэх нь тэр. Би ч хөдөллөө. Хоёр өдрийн дотор жин тан болгон, ганц гол зүйл бэлгийн манлай болох хүүхнээ хүлээж байлаа. Хүүхэн худалдаж авахаар би өрөө яваагүй юм л даа.
- Яагаад тэр вэ? Миний бодоход цэрэг бүгүүлэхээс илүү энэ чинь л бүхнийг шийдэх байсан бус уу? гэж Сүбээдэй эрсхэн хэлэв. Насир царайгаа арайлгаж:-Таны зөв. Гэхдээ л би явж болохгүй байсан юм гэж зөрөв.
- Энэ ч жанжин хүний тайлбар биш байна гэж Сүбээдэй тайвнаар мохоовол цаадах нь:
- Миний амьдралын эгзэгтэй үед бүсгүйчүүд л гай болдог байсан юм. Тэгээд л би зайлсхийсэн хэрэг л дээ гэж дурамжхан тайлбарлав.
- Тэгвэл эхнээсээ буруу болчихож. Эмсийг оруулалгүйгээр тийм ов зохиоход таны туршлага хангалттай хүрэлцэх байсан даа. Насир алгаа дэлгэн өөдөө хараад
- Бүгдийг Аллах тэнгэр мэднэ гэснээ: Энэ бүхэн одоо нэгэнт өнгөрчээ. Хоёрдахь өдрийн орой нэгэн эмэгтэйг авчрав. Хүүхэн ч гэж хүүхэн. Түрэг маягийн эрс хурц биш, талынханы цустай бололтой тавиун царайтай, харц нь л дэндүү зоримог байсан даа. Аа тийм, түүний зүүн нүдний доор эгдүүтэй зохисон мэнгэж байж билээ. Та “Мянга нэгэн шөнийн үлгэрийг мэдэх үү?
- Хацар дээрээ мэнгэтэй гэж түүнийг бүү басамжил! Хар цэг бүхнээр сарнай цэцгийг тэмдэглэжээ гэж Сүбээдэй баатрыг хэлэхэд Насир алгаа ташиж:
- Чухам тэр шүлэг санаанд орсондоо. Түүнийг сүйхэнд суулгахад ичингүйрсэн шинжгүй, харин ч шийдсэн, нэг л хачин зоримог эршүүд байсанд би гайхаж байснаа санаж байна гэв. Сүбээдэй айргаа дуусгалгүй тавьж, түүнийг нэг жигтэй ширтсэнээ,
- Тийм мэнгийг “нулимс тоссон мэнгэ” гэдэг юм. Нулимс тоссон эр, эм хэн боловч аз жаргал дутуу байх төөрөгтэй юм гэнэ билээ гэж бодлогошронгүй хэлэв. Насир энэ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд:
- Товлосон газраа бид хүлээлээ: Нар нэлээд дээр хөөрөх үед Хар Киданы элч нарын бараа харагдав. Хүчүлүгийн улаан хөх алагласан шүхэр дэрвэлзэн ойртож байгааг би байж ядан ажиглаж байтал хажууд байсан торгон цэргийн даамал миний мөрнөөс угз татан хашгирсан. Харвал нөгөө бүсгүй Хүчүлүлт зориулсан өргөөнөөс гараад ирчихсэн, морьд руу гүйж байлаа. Хоёр ч цэрэг барьж авах гэж гүйн очоод тэрий хадан ойчихыг би чухам мэл гайхан харж байсан даа. Тэр агшинд юу хийх ёстой байснаа одоо болтол ойлгодоггүй юм. Харин даамал сэхээтэй эр байж, хэдийнэ сумаа онилж амжжээ. Би хориглож амжсангүй, ямар ч гэсэн үйл бүтэхээ байсныг ойлгоод нэмэрт нь гэмгүй эм хүний амь хохироогоод яахав гэж бодсон хэрэг. Морь унаж амжсан ч гэсэн тэр бүсгүй зугтаж яваад нуруундаа сум зоолгох бүсгүй биш байжээ. Даамлыг хөвчөө тавингуут хүүхэн эмээл дээрээ ямар уран холбирсоныг би ер мартахгүй. Хөөрхий амьтан дөрөөндөө чирэгдээ болов уу гээд хартал үгүй шүү, сум тээр цаана тоос манасхийлгэж, бүсгүй хэдийн эмээл дээрээ гарчихаад Хүчүлүгийнхэний өөдөөс дүүлж байгаа нь ямар ч жигитээс дутахгүй харагдаж билээ. Насир ийнхүү үгээ төгсгөөд мэнгэт бүсгүй хэрхэн давхиж байсныг сэргээн санах аятай чачрын хаяаг ширтэн бодлогошров.
- Тэгээд та Хорезм шахад юу гэж хэлж мултрав? гэж Сүбээдэй сонирхлоо.
- Мэнд мултрах хариулт олох байсан бол би өдийд энд байхгүй буй заа гэж Насир эр баатрын ёсоор гудиггүй хариулаад: Дөчин нас хүрсэнээсээ хойш би азаа туршихаас ямагт эмээдэг болжээ. Хүчүлүгийн зуут буцаж одоход би цэргүүдээ бүгээнээс нь гаргаж, даамалд нь захируулан явуулчихаад өөрөө мөргөлчний хувцас өмч Алимарын зүг хэрэн одсон. Түүнээс наашхийг та сайн мэдэх билээ.
Сүбээдэй сири дайчныг гуниггүй хүрэн царайг элэгсэгээр ширтэж,
- Илд агсах заяатай төрсөн бид мэтийн хувьд иймэрхүү явдал өдөр шөнө ээлжилдэг шиг ердийн хэрэг. Та үүнийг надаас илүү мэдэх болохоор би өөр юу хэлэхсэн билээ. Өглөөний унд барих болчихож, Та ёсоо ёслогтун. Би нүүр гараа угаасугай гээд гарлаа.
Буурч нар баатрын чачарт идээ засах зуур Насир өглөөний мөргөлөө тун хичээнгүйлэн үйлджээ.Зоогийн дараа Сүбээдэй, Насирт хандаж:
- Эрхэм баатар та их үйлийн төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсаныг би сайтар ойлгов. Гэвч таны төлөвлөгөөг биелүүлэхэд харшлах учир шалтгаан хэд хэд байна даа гээд үгээ таслан саатахад саях урт ярианы турш Сүбээдэйг ажиглэн байсан Насир иймэрхүү хариулт ирэхийг багцаалсан болохоор сэтгэл төдий л хямарсангүй. Сүбээдэй шөрмөслөг урт хуруугаараа жигдхэн зангаж, үргэлжлэн хэлсэн нь:
- Мэргэд бол отож, бүгэх, тагнах заншлахдаа угсаа нэгт бусад улс аймгуудаас давна уу гэхээс дутахгүй. Одоо тэдний шивээлсэн хот руу хагас анги цэрэг байтугай бүдүүхэн шумуул ч нууцаар ойртож чадахгүй. Хэдийгээр манай аяны харуул хосгүй сэргэг боловч энэ хэр хүрээнд мэргэдийн нүд чих ороод ирсэн байхад би лав гайхахгүй. Хамгийн хэцүү нь тэд одоо нэгэнт бидэнтэй таслан байлдах хүсэлгүй байгаа явдал мөн. Хүчүлэг тэдэнд туслах боломжгүй байгаа учраас тэд биднийг дахиад хорин бээр дөхвөл шууд сарнин дутаах болно. Чингивээс тэд дахин нэг газар одож аюулын хүрээг улам нэмэгдүүлнэ. Хорезм шахад очих уу, бүр хивчаагийн хээр хөдөө тал өөд цойлчих болов уу. Үүнийг таахад бэрх юм.
- Тэгвэл бид урагшлах ч, ухрах ч аргагүй болчихсон биш үү гэж Насир хэлчихээд түргэдсэнээ ойлгон дуугаа хураав. Сүбээдэй энэ үгэнд эгдүүцсэнгүй инээвхийлэн сууснаа:
- Та энэ газарт нэлээд суусан хүн. Дарсных нь сайн мууг мэдэх буй заа гэвэл Насир:
- Шахын ордонд татварлаж авдаг бүхий л дарсыг нь амссан байх аа гэж дарууханаар хариуллаа.
- Тун сайн гэж Сүбээдэй сэтгэл хангалуун дуугараад
- Танд одоо бие хамгаалах баг цэрэг өгнө. Ойр орчмын айл, гацаагаар явж надад нэг тэрэг сайн дарс олж ир. Жин үд хэвийхээс өмнө амжуулагтун гэж тушаалаа.Монголчуудын дунд орсоноос хойш тэд архийг ямаршуухан журамтай хэрэглэдгийг мэдэх болсон Насир эзнийхээ энэ тушаалд гайхахын дээдээр гайхжээ. Гэвч өчүүхэн хэлмэрч бээр саяхан эзэн жанжиндаа байлдах аргыг нь заах бүдүүн санаа төрсөн, харин одоо тушаалийнх нь учрыг лавлах гэдэг арай ч дэндсэн хэрэг болох нь магад тул даруй босч ёслон гараад, хөсгийн даамлаас дарсны мөнгийг авахаас өөр зам байсангүй ээ.
Шамдгай нас хэдий бага ч Цавчаал боомтоор нэвтэрч, Жүндүд хүрч үзсэн, элсэн цөлийг туулан Тангутын Цал хотыг довтолж амжсан хашир байлдагч ажгуу
Шамдгай нас хэдий бага ч Цавчаал боомтоор нэвтэрч, Жүндүд хүрч үзсэн, элсэн цөлийг туулан Тангутын Цал хотыг довтолж амжсан хашир байлдагч ажгуу
Бүлэг 3
Насир баатар нэгэн мөчийн дотор хамаг юмаа бэлтгээд хүрээний хаалгаар баргархан царайлсаар довтолгон гарч байх үед Сүбээдэй жанжны цачирт нэгэн дайчин түүнийхээс ч илүү хачин тушаал сонсоод мэл гайхан цэл хөхөрч авай.
Тэр бол урианханы өмөгт багтсан тугч цэрэг, дөрвөд овгийн Шамдгай хэмээх хорин нэгэн настай, залуу хөвүүн байлаа. Шамдгай нас хэдий бага ч Цавчаал боомтоор нэвтэрч, Жүндүд хүрч үзсэн, элсэн цөлийг туулан Тангутын Цал хотыг довтолж амжсан хашир байлдагч ажгуу. Тийм ч учраас тэрээр хачин тушаалийнх нь учир улбааг эзэн жанжнаасаа асууж, хэд гурван үг сольчих эрхтэй байлаа.
- өөр хэн нэгэнд бус, тэр мэргэдийн өчүүхэн дайвар эрд хөтөч болох гэж үү хэмээн Шамдгай ихэд ондууцсанаа үл нуун өгүүлнэ. Хилэгнээд чанга тушаал буулгачихад Сүбээдэйд амархан байв. Гэвч энэ бол дайрах, довтлох цэргийн ердийн үйл бус, тушаалыг нарийн ухсан хүн л сая гүйцэлдүүлж яадах ярвигтай алба байсан болохоор баатар, хайртай шадар цэргийнхээ бухимдахыг тэчин өнгөрүүлж, уламч тайвнаар:
- Түүнийг тэгэж хөнгөнөөр нэрлэж үл болно. Би урваж магадгүй гэж сэжиглэж байгаа мөртлөө тэгэж хэлж чадахгүй байгааг бодогтун. Ямар боловч түүний дэргэд миний нүд чих байх хэрэгтэй гэж учирлав.
- Хорчин Бумдай, хишигтэний Булгадар гээд гар чанга, чих урт эрс танд байх шүү дээ гэж энэхүү нэр нүүр муутай болж ирээд эцэс нь үл мэдэгдэх унжгар албанаас аль болох сугарахыг хичээсэн Шамдгай шаргуу мэтгэв.
- Тэд үнэхээр ямар ч тушаалаас буцахгүй жинхэнэ дайчид мөн гэж Сүбээдэй, Шамдгайг яльгүй дайрсхийн өгүүлээд
- Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг зүсээ буруулан жүрчиний ч юм уу, найманы цэргийн хүрээнд нэвтэрч үзээгүй хүмүүс шүү дээ гэв. Хэрэг нэлээд ноцтой болж байгааг ойлгосон Шамдгай цаашид маргахаа больсон нь дээр гэж үзлээ.
- Болтугай, эзэнтэн минь. Таны үгийг дагая. Одоо надад дэлгэрүүлэн хэлж айлд. Би тэр мэргэдийн үртэст тал засч, номхон морины нь ногт болж чадна. Гагцхүү цаашид хэрхэхийг үл мэднэм гэж өчихэд, Сүбээдэй баатар сэтгэл уужирсан бололтой инээмсэглэв.
- Чи нэгэнт тушаалыг хүлээж авсан бол энэ бүх үйлс сайнаар дуусна гэдгийг би чамд амлая. Харин дайвар, үртэс гэсэн санаагаа цээжнийхээ цаана аль болох лав нууж үз. Ер санаа гэгч нүдний харцанд илрэх тул баахан сэрэмжилбээс сайн.Тэр бол ямар нэгэн өчүүхэн эр бус, Жүчи хан хүү өөрөө илгээсэн мэргидийн язгуурт хүмүүн Бардай сэцэн гэдгийг бүү умарт. Чи түүнд даруй шадарлан ойртоод, түүний бүхий л санаа бодлыг дэмжин өрнүүл. Нэн ялангуяа тэр хүн, надад муу санаж, манай цэргийн хүрээг орхин овог нэгтэн өөдөө оргон зайлсугай хэмээвээс түүнээс эрхэм тус үгүй. Чи машид дэмжин хамтаар дагаж одвоос зохино.
- Иймэрхүү үйлэнд намайг хэрэглэх гэсэн эзэн таны санааг би сайтар ухлаа. Гагцхүү бодвоос Жүчи хан хүүгийн итгэсэн хүн ав авсаар оргож одно гэдэг хаашаа л бол!?
- Түүнд тийм санаа байхгүй байж болно. Гэвч төрүүлээд өгч болох вий гэж Сүбээдэй шазуур зуун хэлэхэд шамдгай дотроо гайхав. Барагтай бол ингэж илэрхий хилэгнэдэггүй хүн ийнхүү тэчьяадаж байгааг бодоход нэг бол маны ажил үйлс тун дор орсон хэрэг, эсвэр тэр Бардай сэцэн үнэхээр Сзбээдэй баатрын нүдэнд орсон хог мэт торж байгаа болж таарна. Энэ завсар Бардай сэцний юу хийж байгааг тандахаар явсан хорчин орж ирэв.
- Бардай сэцэн асартаа зуутын хэдэн ноёдыг цуглуулж, урагшлахгүй байгаагийн учрыг баатар танаас заавал асуух хэрэгтэй гэж ятгаж байна. Бас өөрийгөө дорд үзэгдэв, өдий болтол хөтөчгүй явна хэмээн гомдоллоно гэсэн хорчийн үгийг сонсоод Сүбээдэй Шамдгай өөд толгой дохиж:
- Үүнээс илүү завшаан олдохгүй. Одоо очиж, түүний хөтөчөөр ирж байгаагаа мэдэгд. Алба зэргээ нуух хэрэггүй. Би түүнийг хүндэлж, тугчаа өгч байгааг ойлгог гэжээ. Шамдгай ёслоод эргэхэд Сүбээдэй дуудан зогсоогоод:
- Яаж мэдэх вэ, хойшдын хэрэг тун хурдан өрнөж болзошгүй. Чи надтай дахин уулзах цаг заавал гаргах хэрэгтэй гэж захилаа.
Бага үд болж цэргийн хүрээнд намуухан байв. Чингис хааны анх захисан ёсоор энэ урт аялалын турш морьдоо гамнаж, ан ав, аян буудлаа яв цав зохицуулсан учраас хүн морьд зовж зүдэрсэн нь тун бага. Эзэн жанжны өргөөнд болж буй явдал цэрэг байтугай зуут, мянганы ноёдод үл мэдэгдэх тул энэ хир хүрээ буудал намбатай дүнсийж, уулын урт ногоон хөндийд худалдаачдын томоохон жин амсхийж байгаа мэт амгалан тайван амой.
Баатрын асрын ард хөсөг замын цэрэг бөөгнөж, өргөөг нь барьж байлаа. Саяхан авсан тушаалаа бодоод үүнийг эргэцүүлбээс их цэрэг эндээ хэд хоног тухлана гэж үзэхэд эндүүрээгүй аж хэмээн Шамдгай бодсоор явах цэргийн хар сүлд, Сүбээдэй баатрын ахар тугийг нар зөв нэгэнтээ тойрч, ажил үйлсээ даатган шившээд зориг шулуудан Бардай сэцний асрын зүг алхлаа. Алтайн дөнгөж араас энэ цэрэгт нийлсэн Бардай сэцэн танил цөөнтэй тул ноёдыг татахын тулд үе үе хийдэг дайллагынхаа нэгийг л эхэлчихээд байв.
- Би түүний сайныг нүдээр эс үзлээ. Ямар боловч энэ Хөвөө голын чийгт хөрсөнд бүтэн хагас өдөр ноaрмоглож өнжихийг нь үзвэл эзнийхээ зарлигийг хугалж, нугалж ч чадах эр мэт санагдана гэж Бардай сэцэн өндөр дуугаар өгүүлэв.
- Чи үнэхээр сайн дарстай юм гэж балтгар биетэй зуутан тамшаалан хэлээд залирхуу мишээж -Харин амыг чинь эс мэдлээ. Бүтэн цаг Сүбээдэйг муулав. Жүчи хан хүү илгээсэн гэдгийг чинь эс бодолцвоос эрхгүй сэжиглэмээр хүн ажгуу гэхэд зузаан эсгий тохиолдон өндөр шилбэтэй цомыг гартаа эргэлдүүлэн сонирхож суусан өвгөжөөр зуутан:
- Ярих гэдэг ч хийх биш. Юу нь хортой байх вэ. Сонсож суухад ёр хоромж үгүй гээд зориуд тэгнэ үү гэлтэй сүртэй эвшээв. Бардай сэцэн хөмсөг зангидан хариу хэлье гэтэл асрын үүд зөөлөн сөхөгдөж, гоолиг нуруутай цэргийн эр орж ирлээ. Таруухан өргөн хөмсгөн доороос нь хонин бор нүд дөлгөөхөн гэрэлтсэн, сэвхтэй хүрэн царайтай, шантгардуу богино хамартай тэр залуу цэрэг, ноёдыг нэгэнтээ тойруулан харснаа Бардай сэцний өмнө очиж, өрөөсөн өвдгөөрөө сөхрөн ёслоод:
- Би дүрвэдийн Шамдгай бөлгөө. Сүбээдэй баатар намайг танд тушаалаа. Сэцэн та намайг дороо багтаах аваас илдийг тань арчиж, эмээлийг тань зассугаай. Олсныг тань ууталж, ороолсоныг тань барьж өгсүгэй. Таалж соёрх хэмээн өчив. Бардай сэцэн түүнийг тоомжиргүй ширвээд, ноёдын зүг хандаж:
- өчүүхэн намайг гийгүүлэн морилсонд талархаж, энэ хундагаар сэтгэлээ илтгэнэ хэмээсэнд ноёд хариу талархан цомоо хоослоод цуван гарцгаалаа. Тэд гарч, нэлээд холдсоноо балтгар зуутан Бардайн асрын зүг эргэж хараад нөгөө хоёртоо:
- Энэ өдрийн явдлыг та хоёр юу гэж бодно вэ? Бид тус тусын цэргийн буудал руу одох нь зөв үү? Эсвэл хамтаар Сүбээдэй баатарт бараалхах нь зөв үү? гэвэл эвшээгээд байсан өвгөжөөр эр:
- Бид ямар хэлмэрч заншлаач биш, үг зөөх нь ёс бус. Биднийг ярилцаж байхад асрын гадаа хоёр ч удаа хүн ойртож ирэхийг би мэдсэн. Хорчин хэвтүүлүүд л чагнаж явсанаас зайлахгүй. Бид хэлэлцсэн бус, тэр л ярьж байсныг эзэн ялгаж салгахаа андахгүй. Тэгээд ч бас ийм хэргийг даадаг дотоод үйлийн чэрби нар бий шүү дээ гэжээ.
- Бардай сэцний үг, санаа хоёр нийлэх, эсэхийг бид батлан хэлж мэдэхгүй. Сая үзвэл Сүбээдэй баатар түүнд хайртай тугчаа хөтөч болгон илгээжээ. Иймэрхүү нууц далд, үл таагдах үйлэнд бид гурав лав илүүдэнэ. Энэ хүн бол мэргидийн Худу, Чулуун нарын барааг тандахаар Сүбээдэйн цэргийн манлайд гарч, энэ газарт хамгийн түрүүнд ирсэн нөгөө Аругчи ноён байв. Бүгд Аругчийн үгийн зөвшөөрч, тус тусын зуут руугаа одлоо. Энэ зуур Бардай сэцэн Шамдгайг хэд гурван үгээр тэнсэн асуугаад хөтөч болохыг дариу зөвшөөрөв.
- Дөрвөд минь, одоо чиний тугч байсны гавьяа ер хамаагүй болов. Учир иймд эхлээд миний байлдааны хуяг, зэвсгийг гарган, өнгөлж арчигтун. Энэ уулихай урианхайг дагаж, жингийн нохой мэт аахилсаар сэлэм минь ч зэврэх шиг боллоо. Би бор дарсанд яльгүй хөлчүүрхэв. Одоо унтсугай. Үдийн хоол болгоод дуудаарай гэж Бардай сэцэн тушаагаад эмээлээ татан хайш яйш дэрлэмэгч үнэхээр дорхиноо хурхираад өгчээ. Шамдгай уртаар санаа алдсанаа агсаргаа тайлан асрын тулаасан дахь гохноос өлгөөд шинэ албандаа шамдан оров.
Бардай сэцэн үнэхээр язгууртан нэрэндээ дүйх эдлэл хэрэглэдэг хүн бололтой. Хоёр хуяг байсны нэг нь жинхэнэ ган хуяг байв. Далавч болгоныг мөнгөн утсаар товьлосон тэр хуягыг ямар ч ихэс зүйлээ гэсэн гундахааргүй эд юм. Нөгөө нь тос нэвчүүлж, зүйсэн хөнгөнө хулсан хуяг. Энэ эд галд л их аюултай, холын буюу гэнэтийн осолтой аянд өмсөхөд хөнгөн сайн эд билээ.
Нэрээ өргөхийн тулд эл хоёр хуягыг эрхбиш тохирох аргаар нь цэвэрлэх ёстой байлаа. Шамдгай ачаа руугаа яарав. Одоо нэгэнт энэ хүнтэй хэсэг хугацаанд хувь заяагаа нэгтгэх ёстой болсон учир хөсөгт байсан товирхон хүнс, боодол, сум, зэвээ багцлан авч буцлаа. Ингэж новширч явахдаа тэрбээр хүрээний байдал нэг л өөрчлөгдсөн мэт санагдсанд гайхсандаа зогтуслаа. Эхлээд юу ч мэдэгсдэнгүй. Гялбалзсан тоногтой, хүдэр төмөр тэрэг угсраатай хэвээрээ наранд гялбалзаж, аравт, зуутаараа тиг даран ялгарсан асар майхнууд сүртэй дүнхийлцэж, зуут мянгатын туг хиур дэрвэлзэн, сэрвэлзэнэ. Хөл хөдөлгөөн ихдээ юу? Үдийн зоог бэлтгэх цаг болохоор ийм ч байлгүй яахав. Байз? Шамдгай сая л учрыг ухлаа. Түүнээс холгүй майхны өмнө урт эрээн дээлтэй чалма ороосон өвгөн зогсоод ийш тийшээ тун ч найрсаг мэхэлзэх зуур цагаан бүтээлэгтэй сагснаас багц багцаар усан үзэм гарган баруун солгойгүй арилжиж байгаа харагдана. Нэг л биш дээ гэж бодсон Шамдгай, Бардай сэцний асарт эгэж ирвэл эзэн нь унтсаар л байлаа.
Ширүүн хөх цэмбээр давтмал хуягыг зүлгэж, шар тосонд дүрсэн зөөлөн бөсөөр хулсан хуягыг нь арчив. Бас хоёр дуулга байсныг гаргаж хөнгөхөн шиг зүлгэлээ. Нэг нь улаан мяндсан соновтортой, нөгөө нь жинхэнэ төв отгын дархчуулын хийцтэй алтан шармал дуулга бөгөөд Сүбээдэй баатрынхаас гоёмсог дэлээр л дутуу ажээ. Энэ зуураа бас богинохон цавчиж хатаасан харганаасаа авч яг хорин нэгийг зэрэглэн асааж, цай чанаад, хуурай сүүгээр сүлж хөөсөртөл самран, бяцхан зэс домбонд юүлээд, цогоо тарааж, дээр нь жигнэж орхив. Чингээд эзнээ сэрээлээ.
Бардай босонгуутаа хуяг дуулгаа үзэж, сэтгэл нь ханасан бололтой амандаа нэг юм гөвтнөчихөөд/арай найрсаг ч байсан байж магадгүй, гэвч Шамдгай дурамжхан байсныг бид мартаж болохгүй/ асрын хаяанаас том илгэн богц чирч гарган дэлгэхийг үзвэл аяганы хийц байлаа. Тос даасан хурууд, зузаан өрөм, ээзгийг Шамдгайн аяганд дүүргэж өгөөд, өөрөө харин зүсэм бяслаг төдийгөөр хязгаарлав.
- Та усан үзэмд дуртай юу гэж Шамдгай хөтчийн дүр гаргах гэж их л хичээн асуувал Бардай сэлэм шиг матигар хөмсгөө огцом татвалзуулан:
-Юу? Чи арай мусульман тосгоноор хэсээд ирсэн юм биш биз гэж сэрдэнгүй бадчив.
- Үгүй, үгүй, Яалаа гэж чингэх вэ? Усан үзмийг энд, энэ хүрээн дотор л зарж байна шүү гэж энэ удаа Шамдгай дүрдээ нэлээд орж, зусардангүй харуилав.
- Түй, бид удахгүй илдээ орхиод сагс дамнаж гүйх байлгүй гэж Бардай сэцэн тун хилэнтэй дуугараад цайгаа сүртэй оочив. Энэ үеэр асрын өмнүүр бөөн цэрэг морьд тачигнан өнгөрлөө.
- Бас юу ирэв? Арай Худу өөрөө архи зарах гээд ирсэн юм биш биз. Үзээд ир гэж Бардайг хэлэхэд Шамдгай яаран гарлаа. Төдөлгүй эргэж ирээд:
- Архи нь ч архи юм аа. Гэхдээ Худу биш хэлмэрч, сири хүн олж ирж. Магадлавал эзэн өөрөө түүнийг илгээсэн бололтой гэж айлтгалаа. Энэ удаа Бардай сэцэн тэвчсэнгүй бололтой босч дээлээ өмсөөд бүсээ бүслэв.
- Иймэрхүү байдлыг хараад нүд анин өнгөрөөж яавч болохгүй. Би Сүбээдэйтэй уулзана. Тэр үнэхээр ингэж.. гээд Бардай үгээ дутуу орхив. Иймэрхүү үед л улам дэврээх ёстой гэдгээ санасан Шамдгай:
- Тэгэлгүй яах вэ, эзэн минь. Хаан Чингисийн зарлигийг Сүбээдэй нугаллаа гэхэд ханхүүгийн итгэлийг та эвдэж болохгүй гэчихлээ.Бардай түүнийг нэг том харснаа:
- Чи хаашаа ч хөдөлж болохгүй шүү. Хэрэг мандахад надад хэл ул болох ч хэрэг гарч мэднэ гээд асрын үүдийг омогтой шидэн гарч одлоо.Шамдгай зүүн дээр суусан шиг тогтож ядан цаг нөгцөөж байтал танил хорчин яаран гүйж ирээд:
- Шамдгай минь шамдаарай. Шинэ эзэн чинь ялд унаж, ясанд хахлаа. Сүбээдэй баатрын өргөөний өмнө оч. Харин баатарт л үзэгдэв. Хамт турсагаа хуулуулна шүү гэснийг сонсоод, айх, баярлахын алиныг ч мэдэхгүй боллоо.
Бүлэг 4
“Оргох санаа төрүүлээд өгье л дөө” гэж түрүүхэн Сүбээдэй баатрын занаж байсныг санаад Шамдгай энэ явдал юугаар төгсөхийг сайн ухаарч хал үзсан залуу зүрх нь эмзэглэж байв. Гол өргөө хүртэл сүрхий яаран алхсан ч энэ завсар цөөнгүй зүйлийг эргэцүүлэн бодож амжжээ. Улс гэрийн хэрэг гэгч бүтэж бүрэлдээд байхдаа бахадмаар сайхан боловч тэсэж мандах хүртлээ муу муухай, үнэн худал, арга башир, цус хөлс, ер юу эсийг үзэн өнгөрөөдөг билээ. Тийм л нэг хэцүү хомрогонд тэрбээр яах ч аргагүй орж явчих нь энэ байж. Ийм үед ороо бусгаа бодлын хэрэг үгүй, эзэн баатрын захисныг Хөх төрийн зарлиг хэмээн санаж, чадал ухаанаа шавхан зүтгэх ганц л зам бий.
Нар баруунаа гудайжээ. өргөөний өмнө барсын арьсаар бүтээсэн бахим исэр дээр Сүбээдэй суугаад хажууд нь өнөөх сири хэлмэрч зогсож, том мөнгөн цомыг улаан хүрэн дарсаар байн байн дүүргэж өргөхөд баатар ажиггүй тосон авч хүртэх зуур өмнөө сөхрүүлсэн Бардай сэцнийг хилэнт нүдээр ширтэх ажгуу. Арваад хишигтэн хагас хүрээлэн зогсож, иймэрхүү үед заавал байлцах учиртай чэрби нар хийгээд зуутын ноёд өөрсдөө шийтгүүлж байгаа мэт баргар царайлан тэрүүхэнд бөөгнөсхийжээ. Шамдгай тэднийг таширлан зогсож ажиглав.
- Чиний увиагүй дайран доромжлох үгийг би гүйцэд сонсов. Одоо миний оноох ялыг чи гүйцэд эдлэх ёстой гэж Сүбээдэй хэлээд баруун гараа ялигүй өргөхөд хишигтэн урагш давшиж, Бардай сэцний мөрнөөс нь атгаж авав. Бардай тайвнаар:
- Чи өнөөдөр намайг жанчих буйзаа. Маргааш Жүчи хан хүү чиний адуун толгойг надаар тас цавчуулна гэдгийг мэргидийн онгодыг барьж тангараглая гэжээ. Сүбээдэй хүйтнээр инээмсэглэж:-өүүхэн загасчны хорон үгэнд би уурлахааргүй гээд хишигтнүүдэд хандаж:
- Наадхыгаа миний нүдний өмнө тавин ташуур занч гэж тушаалаа. Хишигтнүүд Бардайн дээлийг тайлж ногоон дээр түрүүлэг унагаад хөл дээр нь хоёр хүн гишгэхэд Бардай:
- Битгий ноологтун. Тавь байтугай таван зуун ташуур жанчивч би ер босч гүйхгүй гээд гараа дэрлэн үдийн халуунд нозоорч амрахаар тухлах аятай ажигггүй хэвтээд өгөв. Энэ үед ноёдын эгнээнээ түрүүхэн Бардай сэцний асарт дайлуулж агсан өвгөжөөр зуутан урагш алхаж, Сүбээдэйд ёслов. Баатар түүнийг нуд буландан дурамжхан харж хүлээвэл зуутан:
- Хэдүйбээр Бардай сэцэн цэргийн ердийн цаазын зөрчин эзэн жанжныг элдвээр сэрдсэн ялтай боловч түүний шударга санааг бас бодолцвоос зохионо. Үнэхээр маны цэргийн журам суларч, орох эгэх нь мэдэгдэхгүй болсон нь лав энэ өдрийн хувьд үнэн билээ. Бид ер хэзээ ч ийм дорд орж үзээгүй гэтэл энд хүртэл сартуул худалдаачин зогсоод бидний муу муухайг харж байгааг ичмээр бус уу гэв.
Шамдгай сая л нөгөө усан үзмийн арилжаачныг олж харлаа. Усны гангуудыг бараадан зогсоод бүхий л үйл явдлыг сүрхий шохоорхож байсан тэр хөгшин саяны үгийг сонсоод хормой чичрэхийг Шамдгай ажиж, энэ хэсүүл Монгол хэл мэддэг байх нь ээ гэж сэртхийн түгшлээ. Харин тэр хөгшин биеэ дорхин нь засч, юу ч ойлгоогүй мэт тэргүүнээ даран тэрүүхэндээ бөвтнөх нь өрөвдмөөр. Хишигтний нэг нь жадаа гозолзуулан түүнийг хөөх гэтэл Сүбээдэй хориглон зогсоов. - Байг. Нутгийн ард лугаа найр журмыг сахих ёстой. Би эднийг оруулахыг зөвшөөрсөн юм. Цаашдаа ч энэ иргэд манай хүрээнд зөнгөөрөө зорчиж болно. Хэрвээ хүсвэл би өмнө зүг аялж, Зэв жанжны цэргийг тосоод улмаар Тогучар ноёнтой нийлж ч болно. Үүнийг надаас өөр хэн ч захирахгүй гэж Сүбээдэй нүүрээ минчийлгэн хахир дуугаар хэлснээ:
- Наадахаа жанч! Би наранд удаан суух хүсэл алга гэж хэлээ ээдрүүлэн байж тушаалаа. Шамдгай нүүрээ бурууллаа. Гэвч чихэнд нь ташуур исгэрэн нүцгэн биен дээр буух чимээ сонсогдоно. Энэ бүхэн нэг л шударга бус болж, өдий хүртэл бахархал болж явсан жанжны нэр сүрд нь сэв суулгах мэт Шамдгайд санагдахад хөмсөг зангидаад үзэмний дамнуурчныг их л хорсолтой ширтэж байлаа. Тэр хүн сагсгар буурал хөмсгөө бараг өргөхгүй мөртөө орчин тойрныг хянууур ажиж, хэн нэгтэй харц тулгарвал дорхиноо нугдасхийн хөл доорх бараг хоосон сагсаа барьж авах ажээ. өвгөний байдал эндэхийн уйгур хийгээд монгол угсаатны л дунд цөөнгүй тааралддаг сартуул хивчигийн холимог төрхийг илтгэх атал яагаад ч юм бэ, өтөл биед зохицоогүй нэг л гаж зүйл байх шиг Шамдгайд санагдаад байлаа.
“Хэрвээ би Бардайг мэргэдийн хүрээ рүү аваачиж чадвал энэ өвгөнтэй л хамгийн түрүүнд нүүрэлдэх байх даа” гэж бодсон шамдгай гэнэт түүнд ойртмоор санагдав. Гэвч тэр дороо эргэцүүлэн бодож, ийм алхам хийвэл эргээд осол учирна гэж ойлголоо. Хэрвээ энэ хүн үнэхээр Худу, Чулуун нарын туршуул мөн бол түүнд туслах нь лав. Харин туршуулаа ийм амархан илчлэгдсэнийг үзээд Тогтоа бэхийн хөвгүүд улам ч сэжиглэх нь гарцаагүй билээ.
Шамдгай өвгөнийг эс тоосон царай гаргалаа. Энэ үеэр Сүбээдэй баатар цуст үзэгдлээ өндөрлөж, ноёдыг тарахыг тушаагаад өөрөө хэлмэрчээ дагуулан үл мэдэг туйвсхийн алхалсаар өргөөндөө орж явчихав. Түүнтэй зэрэг шахам арилжаач өвгөн сагсаа дамнаад зэрэгцэн алхахдаа Шамдгайтай тун ойрхон зөрөв. Чингэхдээ санамсаргүй харц тулгарч Шамдгай сая л өөртөө гаж санагдсан зүйлийн учрыг олов. өвгөний буурал хөмсгөн дорхи нүд эзтэй хурц цолгиун дүрэлзэнэ. “Арван наймт шиг өвгөн” гэж тугч эр бодож амжжээ.
Шамдгай нэг хишигтний хамт цусанд хутгалдсан эзнээ дамжилсаар асарт авчирлаа. Бардай сэцэн шүдээ тас зуун эс ёоловч энэ зуур эрхгүй ухаан нь балартаж байгаа бололтой. Цай уулгасны дараа Шамдгай богцоо уудлан талхан эмээ гаргаад нуруунд түрхэе гэтэл Бардай янцаглан өндийх мөртөө гар руу нь цохиж эмийг нь газраар нэг цацаж орхилоо. Шамдгай гайхан эзнээ түшиж авахад цаадах нь өвчнөө тэсвэрлэн ярвайснаа:
- Бүрэнхий болгоод.. Морьдоо бэлд.... болгоомжил... өнөө шөнө явна гэж хүчлэн шивнээд дахин ойчив. Чухам хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй боловч Шамдгайд энэ үг тэнгэрийн таалал шиг аятайхан сонсогдов. Тугч агсан эр эзнийхээ дэрийг засч аятайхан хэвтүүлээд яаран гарлаа.
Нар шингээд сүүлчийн цацраг нь Илийн Алтайн шовх оргилуудыг гийгүүлж, уудам хөндий хөхөмдөг сүүдэрт умбасан нь эгэлгүй үзэмжтэй харагдана. Үржил шимт эл хөндийг гүнзгий зүсэн урсах Хөвөө гол нэгэн зурвас цагаан хив мэт зурайгаад түүнийг тэгнэн буусан их цэргийн хүрээнээ оройн түүдэг галын түрүүч хэдий нь бадарчихуй. Энэ хэр жанжны өргөө байрласан дэвсэг өөд өгсөж явсан тул холын бараа улам улам тодорч, сүүдэр хүүшлэх урт урт нуруудын бэлээр цэргийн гал дараа дараагаар асах нь Шамдгайд тодорхой харагдаад сэтгэлд нь сүрхий урам бахархал төрж байхыг баярлан мэдэрч байлаа. Энэ өдрийн баахан замбараагүй явдлын дараа ийм сэтгэл өрнөх нь түүний хувьд алжаал чилээгээ тайлахад өөр юутай ч зүйрлэмгүй их тустай байжээ. Цэргүүдийн чанга чанга хүүрнэлдэн, инээж хөхрөх чимээ сонсохдоо харин сэтгэл нь жаахан эмзэглэж, нууц далдыг бодохгүй тийм л тэнүүн цайлган тугч хэвээрээ байгаасан бол гэх яльгүй харуусал төрөх ажгуу. Ингэж бодсоноо тэр зогтусан зогсов. Үнэхээр бодлогогүй, шинэ дайчлагдсан цэрэг мэт аашилнам бус уу би, Шамдгай энгүүн явж байгаад амсхийж байгаа мэт таатайхан суниаснаа борог өвсөн дээр хөлөө жийн суугаад өглөө. Тэгснээ гараа алдлан гэдрэг хэвтэв. Баргийн сониуч хүн түүний энэ байдлаас сэжиглэх зүйл олохооргүй байсан агаад харин энэ үеэр Шамдгай дух руугаа дарсан товь малгайныхаа доогуур эргэн тойрноо маш хурдан нэгжин харж амжжээ. Хэдийгээр сэжиглэмээр гадны хүн, тэр тусмаа нөгөө үзэмний арилжаач ойр хавьд үгүй мэт санагдсан боловч шууд Сүбээдэй баатрын гэрт ороод явчихаж хэрхэвч болохгүй гэж бодогдоно. Бардай сэцний бие тааруу байдаг, түүний захиснаар оргон зайлах хэрэг гарлаа. Гэтэл Сүбээдэй баатраас цаашид хэрхэх тухай заавал үг захиас сонсох хэрэгтэй. Хэвтүүлийн захирагч аятай ингэж гүйгээд байвал мэргидийн заншлаачийн отсон харцанд өртөж цаашдын их үйл задрах ч энүүхэнд болно доо. Үүнээс оройтвол хэвтүүлүүд хөл хянгардчих гээд гурав ч алхуулахгүй. Тэгэхээр надтай яаж хэл барихыг баатар өөрөө мэдтүгэй. Би аян замдаа зэхэх нь илүү дээр. Шамдгай ингэж шийдээд аажуухан босч агт руу алхлаа.
Явах цэргийн хүрээ буудлыг гаднаас нь ажиглахад нэг бөөн юм, туг хиур, тэрэг хөсөг нь багширсан мэт харагдах авч дотроо бол нарийн дэгтэй бөлгөө. Шөнөд агтыг улам дотогшлуулж, мянгат мянгатын тойрогт, тэдгээрийн хувийн ачаа хөсгийн хүрээнд хумиж хонуулдаг байжээ. Тугийн зуутын агтач цэрэг Шамдгайг үзээд ихэд гайхаж,
- Хөөе, дүрвэд! Чи өдөржин хаашаа алга болов? Арай хишигтний ахлаач болж дэвшиж одсон юм биш биз? гэж тоглох шоглохын завсар асуулаа.
- Дуугаа аяд. Надад бараан зүсмийн хоёр морь хэрэгтэй. Энэ шөнө, гадаад харуулыг эргэх албанд оногдоод байна гэж Шамдгай албархуу дуугараад ийм санааг гэнэт цээжинд нь оруулж өгсөн сахиулсандаа талархав.
- Зэ, зэ. Алба бол алба гэж агтач жаахан гомдонгүй хариулаад цээжиндээ угласан бугуйлаа авч, агт өөдөө алхав.
- Хүүе, бэсүдийн уран хэлт чи, хөл хөнгөнтэй, ааш багатай юм олж өгөөрэй. Эндхийн шавар хөрсөнд дороо эцчих вий гэж шамдгай араас нь хашгирав.Морьдоо тушаад асарт ороход таг харанхуй байлаа. Түүнийг хэтээ цахихад Бардай сэцэн ярдаглан өндийж байх шиг боллоо.
- Эзэн минь хэвт. Би одоохон гэх мөртөө Шамдгай уулаа үлээн, хуурай үйсний хэлтэст гал авалцуулж, төдхөн гэрэ шажигнан бадрав. Мэргид эр босоогүй, зөвхөн тохой дээрээ өндийжээ. Гэрэний гэрэлд нурууных нь эвэрсэн шарх нэлэнхуйдээ хүрэнтэн гялтганаад нүд хальтрам харагдана. өөрийнх нь буруугаар ингээгүй ч ирээдүйн ялалтын төлөө арга буюу хилсээр шийтгэгдсэнийг нь мэдэж байгаа болохоор Шамдгайн дотор тун тавгүй боллоо.
Нурманд жигнэсэн цайнаас эзэндээ хэдэн аяга балгуулаад нуруунд нь эм түрхэе гэж дахин ятгасан боловч Бардай сэцэн зөвшөөрсөнгүй. Түүний царайд чухам юу тодорч байгааг мэдэх гэж Шамдгай хичээв.
- Морьд бэлэн үү гэж Бардай сэцэн зөөгшсөн цайнаас гурван аяга уусны дараа шивнэн асуулаа.
- Бэлэн. Гагцхүү зайлж гарах сиймхийг олж тогтоож чадаагүй байнам гэж Шамдгай хэлэхдээ Сүбээдэй баатарт яаж хэл хүргэх вэ гэсэн шаналгаат бодолдоо түүртсээр байлаа. Бардай сэцэн нэг юм хэлэх гэснээ больж, шүдээ зуугаад хажуулдан хэвтлээ. Галын гэрэлд түүний огцом царай улам ч ялгарч, яагаад ч юм бэ, сэтгэл нь нэг л их төвшин байх шиг санагдахад Шамдгай гайхаж байлаа.Бардай сэцэн, Сүбээдэй баатрын цэрэгт бүр хожуу нийлжээ. Эрчис мөрний чинад хаваржиж байсан Жүчи хан хүү, Тогучар ноёноор зуучлуулан Бардайг илгээсэн билээ. Анх ирэхдээ гайгүй дөлгөөн хүн мэт байсан боловч Илийн Алтайг давснаас хойш зан нь хувирч, Сүбээдэй баатартай илэрхий цанхаархах болсныг ойр байдгын хувьд Шамдгай анзаарсан хэрэг. Ер ихэс ноёдын хувьд энэ нь гайхмаар сонин биш л дээ. Харин дайсандаа ойртож яваа их цэргийн дотор иймэрхүү байдал урьд өмнө гарч байсан эсэхийг Шамдгай санах гэж оролдоод дөнгөөгүй юм. Чингэж даруулгагүй авирласных нь үр боловсорч,эрэмдэг болдгын даваан дээр хэвтэж байгааг нь үзээд Шамдгай энэ хүнийг урьдынх шигээ зэвүүрхэн жигшиж чадахгүй байлаа. Асрын үүд зөөлөн нээгдэж, хишигтэн Булгадар гэтэх мэт орж ирэхэд Шамдгай гайхан сэртэсхийв. Булгадар түүнд шахан суугаад чихэнд нь
- Манай галаар очооч! Бид шорлог хийсэн юм. Ховрын идээ шүү. Заавал амс гэж шахав. Шамдгай эзэн өөдөө харвал бие нь жаал тавирсан бололтой, амаа ангайлгаад намуухан амьсгалан унтаж байлаа. “Цагаа олсон урилга байна. Тэндээс баатрын өргөө рүү очих аян шалтаг олдоно” гэж Шамдгай Булгадарыг дагуулан гарчээ.
Тэнгэрт одод хэдийн жагссан ч цэргүүд амрах бас л болоогүй байгаа бололтой. Булгадарын аравтынхан галаа тойрон суугаад намуухан хүүрнэлдэнэ. Их л үймж аймсан хөөр шуугиан дунд орно гэж бодож агсан Шамдгай үүнд баахан гайхтал Булгадар нуруу руу нь ёворч:
- Чачирт ор гэж шивнэлээ. Түүнийг ороход аяны жижигхэн тулганд хуурай аргал ноцож, дэргэд нь юүдэнтэй нөмрөгөөр биеэ хулдсан ганц хүн сууж байв. Шамдгайг ороход өөдөөс нь харсан ч үгүй:
- Бараан морьд сойгоод л байх чинь, нутаг өөдөө гүйх нь үү, чи хө гэж шоолонгуй хэлэх нь танил дуу ажээ. Тэр хүн Сүбээдэй баатар байжээ.
vргэлжлэл бий...
No comments:
Post a Comment