Friday, November 21, 2008

Хаан ширээний төлөөх тэмцэл


XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна. Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ. Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай. Чингисийн ургийн дотор нэлээд ухаалаг сэргэлэндүү хэмээгдэж байснаас түүнийг “Хубилай Сэцэн” хэмээсэн гэж түүнийг түүхийн сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Тэр үедээ хятад оронд эрдэм номоороо нэр цууд гарсан Чжао Би, Ван Ө, Яо Шу, Лю Бинжчун, Хао Цзин гэх мэтийн түшмэд Хубилайд үйлчилж байжээ. Тухайн үеийн сурвалжаас үзвэл хятад түшмэл Хао Цзин Хубилайд төрийн эрхийг авч хаан суух ёсыг хүртэл зөвлөн зааж өгдөг байжээ. Хубилай зарим үед хятад түшмэд нарын үгийг сүрхий дагаж хаан ширээ залгамжлах эрхийг аажимдаа сэм булаан авах ажлыг хийж байгааг ялангуяа, монголын өмнөд хэсэгт шинэ нийслэл хот барих ажлыг 1252 оноос санаачилж, 1256 оноос хэрэгжүүлж эхэлсэнийг Аригбөх, Аландар ноён нар мэдэж, “Хубилайн эрх ямбыг хязгаарлах ялангуяа тэрээр монголын их хааны ширээ залгамжлуулж яасан ч болохгүй хүн” гэдгийг Мөнх хаанд удаа дараалан сануулан хэлж байжээ. Мөнх хаан Хубилайн тухай хэлсэн тэр бүхэнд үл итгэсэн байдалтай байсан боловч, Хархорум нийслэлтэй монгол орныг захирах эрхийг Аригбөхөд өгч, нийслэл хотыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Нөгөө талаар дүү Хубилайг дуудаж уулзах гэж завдан байгаад амжаагүй гэнэт нас эцэслэсэн байна. Чингис хаан “Хубилай хөвгүүний үг нь ажигтайхан гарнам бүлгээ. Хотлоор түүний үгээр явагтун” гэж хэлсэн хэмээн Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лу “Алтан товч” зэрэг монгол сурвалжид бичсэн байхаас үзвэл, Хубилай багаас сэргэлэн ухаантай хөвгүүн байсан байна. Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3-р сарын 24-нд буюу аргын 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 5-р сарын 12-ноос 6-р сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их Монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нйислэл гарсан билээ. Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “Их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Мөнх хааны хатан тэргүүтэй олонхи монгол ноёд Их хуралдайг уламжлалт газар хуралдуулсан Аригбөхийн талыг идэвхитэй дэмжсэн байна. Хубилайн хувьд бол монгол улсын хаан ширээ залгах ёсыг зөрчиж алт, мөнгө, эд бараанд татагдсан өөрийн талын хэсэг монгол ноёдыг Кайпин-Шандуд аваачин ёс бус хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн юм. Хубилай монголын хаан ширээг булаан авахаар дүү Аригбөхийн эсрэг тэмцэхдээ, Кайпин хотыг монгол гүрний “нийслэл” хэмээн зарлаад Хархорумтай өрсөлдүүлэн тавьжээ. Нөгөө талаар Аригбөхтэй дайтах нь гарцаагүй хэрэг гэдгийг мэдэж, нууцаар цэргийн хүч сэлбэн байжээ. Аригбөх төр улсынхаа уламжлалт ёс журмыг үл хайхран хувийн эрх ашиг хичээсэн ахынхаа эсрэг арга буюу зэвсэгт тэмцэл хийхэд хүрсэн ажээ. Хубилайд Тулуйн угсааны Хадан мэтийн ноёд цэргийн хүчээр идэвхитэй тусалсанаас гадна хятадын цэргийн ихээхэн хүч Аригбөхийн эсрэг дайнд шууд гар бие оролцожээ.1260 оны намар Аригбөх, Аландар нар тэргүүтэй цэргийн хүч хоёр хуваагдан, Кайпин хот тийш айсуйг Хубилай сонсмогц тэдний эсрэг хоёр замын их цэргийг угтан гаргажээ. Хоёр замын цэргийг Хубилай, Хадан нар удирджээ. Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдлаж өөрөө алагджээ. Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна. Хубилай Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хотруу буцжээ. Хубилай ийнхүү яаравчлан буцсан явдал дүү Аригбөхөд дахин дайн хийх боломж хүч байхгүй гэж бодсоноос гадна Өмнөд Сүн улсыг бүрмөсөн байлдан дагуулах аян дайнтай холбоотой байжээ. Түүнээс гадна ер нь Хубилай угаас Хархорумд гүрний нийслэлийг урьдын адил төвлөрүүлж болохгүй гэж үзээд, шинэ барьсан Кайпин хотыг түр нийслэл болгож улмаар Бээжингээр нийслэллэх алсын зорилго тавьжээ. Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ. Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпинруу чиглэн хөдөлж Хубилайг хоёрдахь удаага довтолжээ. Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ. 1261 оны өвөл монголын говь нутгын заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хйисний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ. Үүнээс хойш бас Аригбөх аар саар довтолгооны удаа дараа хийсэн боловч тэр бүхэн амжилт олсонгүй. Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хаххорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хааснаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, “Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ?” гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх “миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ” гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, харин түүнтэй талцан хамт явсан ноёдыг “алтан ураг”-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ. Хубилай хаан ширээ булаалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ. Хубилайд Аригбөх дийлдэсний гол шалтгаан нь хүчин чадлын тэнцүүргүй байсанд оршино. Монгол гүрэн нэгэнт задран бутарч эхэлсэн учир эзэнт гүрний төвийн хүч ихэд суларч, Аригбөх эцэстээ ганцаардахад хүрчээ. Гэтэл Хубилайн захиргаанд өмнө зүгт байлдаж явсан монгол цэргийн гол хүч байсны дээр хятадын цэрэг, эдийн засгийн нөөц баялгыг ашиглан, Аригбөхийг эсэргүүцэн тэмцэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Аригбөх, Хубилайн тэмцлийн тухай БНМАУ-ын гурван боть түүхийн тэргүүн ботид “Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөө тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж монголыг урьдын адил гүрний төв хэвээр үлдээхэд чиглэгдэж байжээ” хэмээн дүгнэн бичжээ. “Хубилай хятадын талыг барьсан хүн байсан учраас монгол орныгоо хүндэтгэн үзэгч бүлгээс Хубилайтай тэмцэл хийх нь зүй ёсны хэрэг байв” хэмээн Ивамура Кафуджи нар бичжээ. Хятадын зарим түүхчид ч Аригбөх, Хубилай хоёрын тэмцлийг нэлээд зөв үнэлж байжээ. Жишээлбэл: Чжоу Гучэн бичсэн нь: “Мөнх хаан нас барсны дараа Хубилай 1260 оны хавар 3-р сард хуучны горим дүрмийг эвдэж олон ноёдын их хуралдайны шийдвэргүйгээс дур мэдэн... өөрөө хаан болсон юм” гэжээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хоорондын тэмцэл нь дундад зууны үед хаан ширээний төлөө удаа дараа гарч байсан хаан хөвгүүдийн хоорондын тэмцлийн нэгэн байсан боловч, хэргийн явц эцсийн үр дүнгийг нь авч үзвэл Аригбөхийнх нь тэмцэл монгол улсын төрийн уламжлалт заншлыг баримтлан Их хуралдайг монгол газар хуралдуулж, улс орныхоо төвийг уугуул нутагт хэвээр төвлөрүүлэх дэвшилт чиглэл бүхий, нөгөө Хубилайнх төрийн уламжлалын хэв ёсыг зөрчиж монгол улсын нийслэлийг харь улсад шилжүүлэн аваачих гэсэн сөрөг хандлага бүхий ажээ.


No comments:

: