Tuesday, November 11, 2008

Зүүн Европт нэвтрэн орсон нь

Төв Азийн зэрлэг татарууд Орос орныг галдан шатаагаад одоо өөрсөд рүү нь ирж явааг Европын ард түмэн 1241 оны эхээр сонсоод айж балмагдав. Европын олон орны хаан, ван, ноёд айдас хүйдэсдээ хүлэгдэн аанай л Оросын вангуудын адил хүчээ нэгтгэн, дайснаа тосон байлдахын оронд цайз шилтгээндээ шургалж, аюул хажуугаар өнгөрөөсөй хэмээн залбирч гарав.

Төв Азийн Чингис хаан Монгол гэгч гүрэн байгуулсан, монголчууд хөрш зэргэлдээх олон оронтой байлдаж, Хятад, Хорезм зэрэг хүчирхэг улсыг байлдан дагуулсан төдийгүй, оросуудын уургалаад байгааг европчууд ямар нэг байдлаар сонссон, мэдсэн нь гарцаагүй юм. Ялангуяа асар уудам нутагтай Орос орныг эрхшээлдээ оруулсан тухай мэдээ түгшүүрийн харанга дэлдсэнээс өөрцгүй болов. Гэвч хэнэггүй, хээгүй зарим нэг нь монголчууд эзэлсэн газар нутаг, боолчилсон ард түмэндээ ханасан байж таараа, наашаа ирэхгүй хэмээн өөрийгөө хуурч байлаа. Монголчуудийн замд хамгийн түрүүнд өртөх улс орнуудын ван ноёд өөрсдийн тагнуул туршуулуудыг илгээж, байдлыг тандуулахад дайчин нүүдэлчид ханаж цадахыг мэдэхгүй улс байна, уул байвал уулыг даваад, далай бол далайг гатлаад удахгүй ирэх нь гэж мэдээлжээ.

Чухам энэ явдлаас өмнө, найман зууны тэртээ мөн Төв Азиас гаралтай гуннууд гэж алдаршсан хүннүчүүд Европыг донсолгож, тэдний удирдагч Аттила «Бурханы гэсгээл» хэмээгдэж байсан түүхтэй. Энэ удаад хүннүчүүд удам талын монголчууд эзэн Чингис ач хүүгээр толгойлуулаад дахин Буурал тивийг зорив. Команчуудыг орогнуулсан Мажарын 4-р Бела ван ялангуяа нэн тодорхой мэдээлэлтэй байлаа. Бат хаан түүнд илгээсэн захидалдаа болчимгүй алхам хийхээс удаа дараа сэрэмжлүүлж байв. Тийм ч учраас Бела ван олон тооны францискан, доминикан лам нарыг ижил мөрний сав нутаг руу илгээж, байдлыг тандуулж байжээ. Тэдгээрийн нэг Юлиан лам монголчуудын талаар маш үнэтэй мэдээлэл цуглуулж, Бат хааны захидлыг биечлэн авчирсан байдаг. Тэр захидалд Бат хаан: «Би чамайг баян, хүчтэй ван гэж сонссон. Гэхдээ сайн дураараа бидэнд дагаар орвол өөрсдөд чинь өлзийтэй» гэж бичжээ. Гэвч Белагийн байдал тогтворгүй байсан бөгөөд тэрээр өөрийн феодалуудтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулж байв.

Учир нь вангаасаа хараат бус байхыг эрхэмлэдэг Мажарын феодалуудыг Австрийн герцог Фридрих Банбенберг ил, далд дэмжиж байжээ. Түгшүүр дагуулсан 1241 оны эхээр зөвхөн Зүүн Европт ч биш, мөн Төв Европт монголчуудын тухай мэдээлэл хүрээд байлаа. Тюрингийн ландграф Генрих Распе монголчуудын аюул улам бүр бодитой болж байгаа талаар Брабантын герцогт бичсэн захидалдаа дурджээ. Тухайн үед Европын олон арван улсууд бие биетэйгээ хямралдаж байв. Европын хамгийн том гүрэн болох «Герман үндэстний Ариун Ромын эзэнт гүрэн» буюу Герман том, жижиг олон вант улсад хуваагдсан байлаа. Европ ерөнхийдөө Ромын пап ламын талыг баримталдаг гвельфчууд, шашны нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байсан Германы эзэн хаан 2-р Фридрих Гогенштауфеныг дэмждэг гибеллинчүүд гэсэн хоёр том лагерьт хуваагдсан байв. «Тиймээс ч монголчууд Баруун Европын энэ хоёх хүчийг өвөр хоорондын тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдож байв. Тухайлбал: Бат хаан 2-р Фридрихд илгээсэн захидалдаа: "Чиний оронд залрахаар очиж байна" хэмээн бичсэнд Фридрихээс: "Би шонхорын анг сайн мэдэх тул шонхорч тань болъё"гэж хариулжээ».

Гэвч Европын заль мэх, хоёр утгатай үгэнд суралцаагүй Бат хаан Фридрихийн хариуг үууд утгаар нь ойлгожээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ Фридрих шонхорч тань болъё гэсэн үгээрээ Бат хааныг тохуурхсан юмсанж. Илдээр бус, үгээр байлдаж сурсан эзэн хааныг ойлгоход тийм ч хэцүү биш билээ. Олон жхил үргэлжилсэн пап лам, эзэн хааны хоорондын тэмцэл монголчуудыг ирэхийн өмнөхөн дээд цэгтээ тулаад байв. Ямар ч эзэн хаан ямар ч пап ламын адил Европын эзэн болохыг санаархаж байсан түүхтэй. Энэхүү санаархал Фридрихийг ч, Григорийг ч тойрон өнгөрсөнгүй. Тухайн үедээ ихээхэн боловсролтой хүнд тооцогдож байсан Фридрих «Моисей, Христос ба Магомет хэмээх гурван луйварчин» судалгааны бүтээлдээ иудаизм, загалмайтны шашин, лалын шашинг бий болгосон гурван нөхөр хүн төрөлхтнийг луйвардаж байна гээд зогсоогүй, тэнэг хүмүүс л онгон бүсгүйгээс хүүхэд төрнө гэдэгт итгэнэ гэх зэргээр бичсэн нь Ромын пап ламын хилэн бухимдлыг зүй ёсоор төрүүлжээ.

Гэвч Европыг монголчуудын аюул нөмрөхөд шашны тэргүүн, Ромын пап лам 9-р Григорий өөрийн өшөөт дайсан Фридрихийг Европын орнуудын нэгдсэн хүч болох загалмайтнуудын армийг толгойлж, татарууд руу хөдлөхийг санал болгожээ. Үүний зэрэгцээ Григорий татаруудын эсрэг загалмайтны ариун дайнд мордсон хэнбугайг ч болов хайр ивээлдээ авч, нүглийг нь наминчлахаа амласан байна. Гэвч пап лам үүнээс хэтэрсэнгүй. Фридрих түүнээс илүү баатарлаг үйлдэл хийгээгүй бөгөөд европчуудын итгэл найдварыг хөсөрдүүлж, өөрийн эзэмшил Сицили арал руу зугатан одож, толгой хоргодов. Тэрээр Английн ванд илгээсэн захидалдаа: «Улмаар энэ шаламгай түрэмгийлэгчдийн улайрал бидний дунд айдас хүйдсийг дэгдээгээд байна» гэж аминчлан бичжээ. Григорий мөчөөгөө өгөлгүй Есүс Христосын газар дээрх биет төлөөлөгчид болох пап лам нарын мянга гаруй жил амьдарсан ордноо орхиж, Францын Лион хот руу «дүрвэжээ».

Европ тивийг бүхэлд нь айдас хүйдэс нөмөрч, цөөнгүй хаад, ноёд эх нутаг, албат иргэдээ хамгаалахын оронд амиа хаацайлан зугатаж байлаа. Монголчууд Европт түрэмгийлснийг зөвхөн Бела ванг гэсгээх зорилготой байсан гэж тайлбарлах хандлага бий. Гэтэл монголчууд «дэлхий ертөнцийг бүхэлд нь эрхэндээ оруулж, өвдөг нугалаагүй ямар ч ард түмэнтэй эвлэрэх ёсгүй» хэмээн Чингис хаан сургамжилсныг Плано Карпини уламжилсан нь бий. Мөэ Юлиан лам ч гэсэн ван Белагаа: «Мажаруудын вант улсыг хэрхэн эзлэх тухай татарууд өдөржин шөнөжин хэхэлцэж байна. Тэд үүгээр ч зогсохгүй Ромыг байлдан авах, түүнээс ч цаашлахыг санаархаж байгаа тухай мэдээлэл бий» хэмээн сэрэмжлүүлж байжээ. Бат хааны ялгуусан цэрэг Есөн хөлт тугаа намируулсаар хэд хэдэн чиглэлээр Европт үер мэт түрэн орж ирэв.

Сүвэдэй баатар урьдын адил хэдэн нүүдлийн цаадахыг харсан төлөвлөгөө боловсруулсан байлаа. Европыг тэг дундуур нь тасалж, хүчээ нэгтгэх боломж олголгүйгээр тус тусад нь няц дарах зорилгоор аль зүгт ямар хүчээр цохилт өгөхийг тодорхойлсон байв. Алтай ургийн Байдар ханы тэргүүлсэн хоёр түмэн цэрэг Плоьш, Силезид цөмрөн орж, Генрих вангийн армийг устгах үүрэг хүлээжээ. Хадах хан Мажарын нутгийг өмнөд хилээс нь эхлэн бүсэлж, Өмнөд Европын вант улсуудаас тусламж авах замыг нь хаагаад гол хүчинтэйгээ нэгдэх ёстой байлаа. Харин Бат хаан өөрөө үндсэн цэргийнхээ хамт Мажарын зүрх болох Буда болон Пешт хотыг суга татахаар хөдөлжээ. 40 мянган өрхийн хамт Мажарын 4-р Бела вангийн ивээлд шургасан Команы хаан Котяныг ивээгчтэй нь цуг цээрлүүлэх явдал монголчуудын эн тэргүүний зорилго байлаа. Учир нь Котяныг албат иргэдийнх нь хамт тушаахыг шаардаж, эс зөвшөөрвөл дайлаар мордохоо илэрхийлсэн Бат хааны зарлигийг Бела үл хэрэгссэн төдийгү, элч нарыг нь хороосон байна. «Энд нэг зүйлийг онцлох цаг боллоо. Монголын элч болон худалдаачдыг хорезмчууд хороосны дараа [Отрар хотын захирагч Хайрхан Инальчийг хэлж байна] Дундад Азид дайн дэгдсэн бөгөөд үүнээс хойш монголчууд дайсан руугаа элч илгээхээ зогсоож болох байсан,.

Орчин үеийн хүн хүртэл ингэлээ гэж монголчуудыг буруутгахгүй. Монгол элч нарыг Балх болон Козельскд, Калка голын хөвөөн дэх тулалдааны өмнө гэх мэтээр удаа дараа хороосоор байв. Гэсэн ч монголчууд шаргуу нь аргагүй бүр цайз болгон луу элч илгээсээр байсан. Одоо ч Монголын элч нарыг Мажарууд хөнөөлөө. Энэ юуны тухай өгүүлж байна вэ? 13-р зууны агуу их монголчууд тэр үеийн зэрлэг ертөнцөд олон улсын харилцааг зохицуулах соёлжсон дүрэм тогтоохыг нэн шаргуу хичээж байсан нь эндээс харагдана. Гагцхүү энэхүү дүрмийн ачаар л П.Карпини, Г.Рубрук нарын элч, худалдаачин М.Поло ах нарынхаа хамт хүрэлцэн ирж, Монгол гүрэн даяар амгалан тайван, ая тухтай аялах боломж бүрдсэн юм. Тийм ээ. Монголчууд дахин гэсгээгч тал болон гарч ирэв.

Гэхдээ зөвхөн Мажарыг гэсгээгээд зогсохгүй, бас Европыг байлдан дагуулах нь тэдний зорилго байлаа. Монгол цэргийн цохилтод анх Польш өртсөн аж. Одоо л европчуудад тал газрын нүүдэлчин монголчууд хэн болохыг сургаар бус, бодитойгоор мэдэх боломж бүрджээ. Монголыу довтлогооны өмнө нас барсан Польшийн ван 3-р Болеслав улсаа дөрвөн өв залгамжлагчдаа хуваан өгснөөс хойш тэд хоорондоо хямралдан тэмцэж, нэгдсэн тулгар төргүй болсон байв. Эцгийн орыг залгасан ч эрх мэдэлгүй хоцорсон 4-р Болеслов ван Краков нийслэлтэй Бага Польш, томоохон хот Сандомир хоёрыг л захирч байв. Түүний авга ах Мазовийн Конрад одоогийн Вашав орчмыг: 2-р Генрих Их Польш (Гошь, Познань, Калиш хот хавийн нутаг) ба Вроцлав нийслэлтэй Силезийг: ах Мечислав буюу Мешко Доод Силези буюу Опполе, Ратибар гэх хоёр гүнт улсыг захиран сууж байв. Бууж өгөхийг шаардсан Монголын элч нарыг польшууд хөнөөсний дараа Байдар, Хайду нарын захирсан цэрэг 1241 оны 1-р сард Польшийн нуталт цөмрөн орж, Висла мөрнийг гатлан, Люблин, Завихост хотуудыг байлдан авчээ.

Зарим анги нэгтгэл Рацибуж хүртэл давшсан байна. Мөн оны –р сард монголчууд Висла мөрөн дээрх Польшийн томоохон хот Сандомирийг –р сарын 13-нд эзлээд, мөн өдөр Бага Польшийн армийг Турскийн хажууд устгаад газар нутгийг нь цөлмөжээ. Энэ бүхэн зөвхөн тандалт байлаа. 1247 оны яргуй цэцэглэсэн үеэр Монголын арми тэр чигээрээ европын дээсийг алхав. Бат хаан цэргийнхээ гол хүчийг захирч, 3-р сарын 12-нд Мажарын хилийг давсан байна. 3-р сар гэхэд Монголын их цэрэг Мажар, Польш, Силези (Шленск)-д нэвтрэн ороод, цаашлаад Далмаци, Морави, Хорват, Герман, Итали зэрэг улсад заналхийлэв.

No comments:

: