Tuesday, November 11, 2008

ЧИН УЛСЫН ЗОХИОСОН МОНГОЛ ЦААЗ ХУУЛЬ

Манж Чин улс нь дотроо олон зүйлийн хууль дүрмийг хэрэглэдэг байв. Үүнд, Дайчин улсын бүгд хууль буй. Мөн бүгд хуулийн хууль зүйлийн бичиг, найман хошууны хууль, цэргийн хууль бичиг, хууль цаазын бичиг, Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийг бичиг гэх мэт болой. Үүнд, бүгд хууль хэмээгч улсын төвлөрсөн их хаадын эрхлэх хэрэг гаргасан (Үндсэн хуулийн төсөөтэй) хууль мөн болно. Бүгд хуулийн хууль зүйлийн бичиг бол бүгд хуулийг тогтоохын өмнө аливаа томоохон хэрэг явдал дээр улсаас авч байсан арга хэмжээнүүдийг дэс дараалан эмхэтгэсэн зүйл болно. Найман хошууны хууль хэмээгч жинхэнэ Манж нарын дотор зуураа дагаж хэрэглэх хуулийг хэлмүй. Цэргийн хууль бол үндсэндээ Хятадын олон мужийн цэрэг ба Манж Хятадын зэрэг газруудын хамтарсан цэрэг дээр хэрэглэх хууль мөн байна. Шүүх цаазын бичиг хэмээгч улс нийтээр дагаж хэрэглэх эрүүгийн хууль болно. Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль хэмээгч олон Монгол аймгуудын засаг захиргаа, цэргийн явдал болон шүүх таслах тухайн хэргийг багтаасан бөгөөд бас ч ард иргэнд хэвийн байдлыг сахиулах тухай иргэний хэргийн хууль, лам нарын даган гүйцэтгэх дүрмийг оролцуулсан тийм хууль байв. Энэ бол ерөнхийдөө хөдлөшгүй байсан бөгөөд хааяа засаж залруулах, нэмж оруулах зэргээр шинэчлэгддэг бөгөөд энэхүү хуулийг гагцхүү Монголын феодалууд ба сүм хийдийн эрх ашгийг хамгаалан бататгаж, ард түмнийг харанхуй бүдүүлэг номхон хүлцэнгүйгээр дарлан боолчлогдоход чиглэгдсэн ийм агуулгатай тэр хуулийн дотроос зарим хэдхэн жишээг энд дараалан монголчилбоос /Л.Дэндэв/ Монголын цааз хуулийн гуравдугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа засаг ба засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж нарын ахмад хөвгүүн буюу эсвээс бусад хөвгүүдээс нэгийг сонгон мэдүүлж батлан тэмдэглээд өөр өөрийн эцгийн уг хэргэмийг тасралтгүй залгамжлуулна. Бусдыг тэргүүн зэргээс дөтгөөр зэрэг хүртэл тайж залгамжлуулна хэмээжээ. Монголын цааз хуулийн наймдугаар дэвтэрт өгүүлсэн нь: Нэгэн зүйл. Аливаа монгол ван гүнгүүд сайдын тушаал хавсарсан нь хэрэв зэрэг бууруулах ял хэлэлцэх хэрэг тохиолдвоос цөм журганаас найман хошууны хэргээр хавсарсан дотоод ван гүнгийн хууль ёсоор шийтгэ хэмээхүй. Монголын цааз хуулийн есдүгээр дэвтэрт өгүүлсэн нь нэгэн зүйл, эр төөлөх, гурван жилд нэг удаа зарлигийг гуйн явуулна. Улиастайн жанжин, Ховдын хуулийн сайд эрхлэн гүйцэтгэнэ. Эр дарах нь арван эр болбоос харъяат засгийн гурван сарын пүнлүү хас, туслагч захирагч мэйрнийг гурваад есөн мал ав, залан зангийг хошоод есөн мал ав, орлон хөөгчийг нэжгээд есөн мал ав, аравны даргыг зуун ташуураар занчи. Бас зоргоор идэр эр хамжлаг захирах ван, бэйл, бэйс нарыг гурван жилийн пүнлүү хас. Туслагчийг гурван есөн мал ав. Захирагч мэйрнийг хошоод есөн мал ав, зоргоор албадыг худалдах тайжийг хоёр есөн мал ав. Орлон хөөгчийг зуун ташуур занч! Худалдсан хүнийг хөөж гэдрэг авч ирж харъяат хошуунд хураалга хэмээжээ. Монголын цааз хуулийн аравдугаар дэвтэрт өгүүлсэн нь: нэгэн зүйл Халхын дотор суусан хошууны хүн ба Хятад иргэд хаалга гарч монгол газар тариалан хагалж үл болно. Аливаа засаг ба засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүнгүүд зоргоор иргэнийг элсэн хороож тариа хагалбаас нэгэн арванаас аравд хүрсэнийг нэгэн жилийн пүнлүү хас. Чуулганы даргын засгийн пүнлүүг адил хас. Хорьд хүрвээс хоёр жилийн пүнлүү хас. Чуулганы даргыг мөн адил. Гучид хүрвээс гурван жилийн пүнлүү хас. Чуулганы даргын мөн адил. Дөчид хүрвээс түшмэл эвдэж тушаал авахуул. Таван жил эндэгдэлгүй болбоос дахиул. Чуулганы даргыг засгийн пүнлүүг гурван жил хас. Үүнээс дээш болбоос түшмэл эвд. Чуулганы даргыг ял тогтоож зарлигийн гуйн айлтга!, пүнлүү үгүй туслагч тайж, тавнан, сул тайж тавнангууд, нэг иргэнээс аравд хүрвээс хоёр есөн мал ав. Чуулганы дарга харъяат засгийг гурван сарын пүнлүү хас. Хорьд хүрвээс гурван есөн мал ав. Чуулганы дарга засгийг зургаан сарын пүнлүү хас. Гучид хүрвээс дөрвөн есөн мал ав. Чуулганы дарга засгийг есөөд сарын пүнлүү хас.Үүнээс дээшид хүрвээс түшмэд эвдэж таван есөн мал ав. Чуулганы дарга засгийг нижгээд жилийн пүнлүү хас. Харъяат захирах монголчууд зоргоор иргэнийг элсэж тариа хагалбаас хүний тоог бодохгүй түшмэл болбоос түшмэд эвдэж хоёр есөн мал ав. Харц хүмүүн болбоос зургаан сар дөнгө дөнгөлж өдөр дууссаны хойно зуун ташуур занч. Харъяат тайж тавнан, жич засаг, туслагч тайжийг ялган салгаж есөн мал ав. Даруй дагаж гүйцэтгэхгүй болбоос ван, гүн, тайж, тавнанг хүндээр яллах ба түшмэл ардыг цөлж өртөөнд тушаан зовох албанаа явуулна. Монголчууд цаазалсан бэлчээр газрыг зоргоор хагалж тариалах болбоос ван, бэйл, бэйс, гүн жич туслагч тайж нарыг журганаас чангалан ял хэлэлцэнэ. Тайж болбоос шууд түшмэл эвд. Түшмэл цэрэг, сул монгол болбоос хоёр сарын дөнгө дөнгөлж зуун ташуур занч. Хагалсан тариаг бүрэн ширэлдүүлж бэлчээр болго хэмээжүхүй. Монголын цааз хуулийн хорин тавдугаар дэвтэрт өгүүлсэн нь, Нэгэн зүйл. Аливаа монгол ван, гүнгүүд ханы угсаа лугаа ураг бололцох зэргийн ёслолын дүрмээс гадна хоёр овогт монгол ураг бололцоход цөм харц хүмүүн болбоос барилгын мал морь хоёр, үхэр хоёр, хонь хорийг хэрэглэнэ. Илүү өгч болохгүй. Зөрчвөөс илүү өгсөн малыг торгож албанаа оруул. Цөөн өгснийг цаазлахгүй болго. Бусдын богтолсон гэргийг чөлөөг үзэж, гэргий болгон авбаас ван болбоос арван өрх. Бэйл, бэйс, гүн болбоос долоон өрх. Тайж тавнан болбоос таван өрх авсан гэргийн хамтаар уг богтолон тогтсон хүнд өг. Харц түшмэл болбоос гурван есөн мал. Харц сул хүмүүн болбоос нэгэн есөн мал авч уг богтлон тогтоосон хүмүүнд гэргийн хамтаар өг. Дотоод газрын хятад хүмүүс дотоод гадаад засгийн зэрэг газрын монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй. Зоргоор өгөх ба авах болбоос гэргийг хагацуулж төрхөмд өгүүл. Монгол хуулиас зөрчсөн иргэнийг гурван сарын дөнгө дөнгөлж өдөр дууссаны хойно зуун ташуур занчиж, дэм дэмээр уг нутагт хүргүүл. Харъяат захирах тайжийг гурван есөн мал ав. Харъяат засгийг зургаан сарын пүнлүү хас. Хэрэв тайж засаг өөрийн байцаан гаргасан ял үл хэлэлцэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн хорин зуравдугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа монгол ван, гүн, засаг, тайж нар ба тэдний хатан гэргий нар бие барсанд зарлигаар сайдын түшмэл гаргаж, хүүрийг тайлгамуй хэмээжээ. Монголын цааз хуулийн хорин наймдугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа монгол газар олон нийтийн зовлон гачиг тохиолдвоос улсын газраас сангаас өршөөн тэнхрүүлнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн хорин есдүгээр дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Халхын вангаас доош эрчүүд цөм цэргийн хүн болох тул, арван найман наснаас дээш жаран нас хүртэлх эрчүүдийг сурган боловсруулах, сэргийлэн суулгах. Дайчлан мордуулах, дайлаар одуулах бөгөөд, чухам хичнээн цэргийг аль хэдэн газар сэргийлэн суулгахыг нь тогтоосонгүй тухай бүр Улиастайн жанжнаас цаг үест нийлүүлэн гүйцэтгэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн бичгийн гучин дөрөвдүгээр дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Монголчууд дотоод газрын Хятад иргэнийг худалдан авахыг үүрд цаазлан зогсоогтун, Монголчууд худалдаа ба ураг элгэний учир, одох болбоос засаг хошууны газраас тэмдэгт бичиг өгч илгээ. Хэрэв зөрчвөөс зуун ташуур занчи, засаг түшмэдийг хууль ёсоор ялла худалдааны иргэн хаалга гарч худалдаа хийхэд Чахар хошууны захирах сайд, Хөх хотын жанжин, Долон нуурын мэдээчийн яамнаас зөрчигсөдийн тэмдэгт бичгийг ав. Тэмдэгт бичиг өгөхөд хүний нэр овог, юмны тоо, одох газар, мордох өдрийг өөр тодорхой хуудас бичиж сүүлд наалдуулж тамга тавьж өгнө. Нэгэнтэйгүүр тэдний одох газрын сайд түшмэлд бичиг явуулж байцаах тэмдэг болгоно. Харъяат газар орны сайд түшмэд байцаан үзэж дансанд тэмдэглэж нэгэн жилийн шавдаж буцаа. Хэрэв зөрчигсөд ба журганы тэмдэгт бичиг үгүй зоргоор худалдаа хийгчидийг цөм хоёр сарын дөнгө дөнгөлж өдөр дууссаны хойно дөчин туйван занчиж уул нутагт буцаа, худалдааны юмын нэгэн дундуурыг албанд оруул. Өрнөд, умард замын иргэд хязгаарт Гадаад монголчуудад лугаа харилцан худалдаа хийхэд харъяат захирах жанжин сайдын захирсан газарт хийлгэ. Хязгаар давж болохгүй. Тагна урианхай зэрэг газарт хятадын худалдаа хийхийг цаазлан зогсоогтун. Дотоод газрын хятадын нутаг газарт монголчуудад мөнгө агсан өгч хөлс төрүүлвээс болохгүй, зөрчигчидийг хууль ёсоор ялла. Тэмдэг бичиг үгүй зальт хятад монгол аймагт оршин суугчдыг байцаан гаргаваас зальт иргэнийг харъяат худалдааны газар хоёр сарын дөнгө дөнгөлж өдөр дууссаны хойно зуун чавчирга занчиж уг нутагт дагалдуулан буцааж үүрд хаалга гаргахгүй болго хэмээжээ. Монголын цааз хуулийн гучин тавдугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл: Аливаа засаг ба засаг бус ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд бусад хошууны хүмүүсийг зоргоор алах, өшөөлж алах аргаар алах болбоос зургаан есөн мал авч алагдсан хүний эм хөвгүүдэд өг, гурван есөн мал авч алагдсан хүний эзэнд өг, бас нэжгээд жилийн пүнлүү хас. Сул тайж тавнангуудыг гурван есөн мал авч алагдсан хүний эм хөвгүүдэд өг, хоёр есөн мал авч алагдсан хүний эзэнд өг, басхүү зэргийг байлга. Харц хүн болбоос шүүх цаазын бичгийн ёсоор шийтгэ, харъяат албат, жич гэрийн боолыг мэсээр цавчиж алах, зоргоор алах, согтуугаар алах, болбоос вангуудыг дөчин морь, бэйл, бэйс, гүнгүүдийг гучин морь, тайж тавнанг гурван есөн мал авч алагдсан хүний эм, хөвгүүдэд өг, ах дүүгийн хамтаар бусад хошууны дуртай газарт илгээ. Харц түшмэл болбоос гурваад есөн мал авч алагдсан хүний эм хөвгүүдэд өг. Ах дүүгийн хамтаар зүрхнээс гаргаж дуртай газарт илгээ. Гэрийн боол өөр өөрийн эзнийг алваас огтчиж алахтүн хэмээжээ. Монголын цааз хуулийн гучин зуравдугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Түшмэл ба харц хүн олон цөөн боловч илт булаахад хүнийг алваас даруй цавчин алж толгойг өлгөж олонд цээрлэл үзүүл, гэр бараа малыг хийсгэж хэрэг тохиолдсон хүнд өг, тайж болвоос яг адил боловч гэр бараа, харц албатыг байцаан хэлэлцэхийг үл хэрэгсэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн 37 дугаар ба, 38 дугаар дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа битүү хулгай хулгасан малын тоо нэг хоёр болбоос Хунань, Шандуньд цөл гурваас тав хүрвээс Хүван Хяннанд цөл, зургаагаас есд хүрвээс Юн нань, Гүй чжоугийн муу сүртэй газарт цөл, арваас хорьд хүрвээс хөвчдөн алах ял унагаж гяндан хорьж хүлээ, хориос гучид хүрвээс хөвчдөн алах ял унагаж, гянданд хорьж хүлээ, гучаас дээш болбоос хөвчдөн алах ял унагаж хорьж хүлээ, бага насны мал хонь болбоос дөрвийг нэгд бодно. Үүнээс дээш алахыг нь цөм намар шүүхэд оруулж үнэнд болгон татаж хүрээлэх уурлан алахад болгон зэрэг хөнгөтгөх цөлхийг нь өртөөнд тушааж зовиур албанаа зүтгүүлэхээс гадна тайж болбоос ял адил унах боловч зэрэг хэргэм эвдэх, албат ард татаж гаргуулах зэргээр гүйцэтгэн шийтгэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн 39-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Харц хүн ван, бэйл, бэйс, гүн засаг, тайжийн тэдний хатны хүүрийг өргөсөн боловч авсыг үзээгүйг хөвчидөн алах ял унаж гянданд хорьж хүлээ, авсыг үзвээс хөвчидөн алах ял оноож даруй ал, авсыг нээж үзвээс даруй цавчин ал, харц хүн харц хүний авсыг үзээгүйг зуун ташуур занчи, гурван есөн мал ав. Авсыг үзвээс Шаньдун, Хунаньд цөл зовох албанд явуул, ясыг үзвээс туйлын хязгаар муу сүртэй гарт цөл хэмээжээ. Монголын цааз хуулийн 40-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Ван, харц хүний гэргийтэй явалдваас есөн есөн мал ав, бэйл, бэйс, гүн болбоос долоон есөн мал ав, тайж тавнан болбоос таван есөн мал ав, авсан малыг явалдсан эмийн нөхөрт өг, харц хүн хатан лугаа үгсэн явалдваас огтолж ал, хатныг цавчин ал, явалдсан эрийн эм хөвгүүдийг боол болго. Харц хүн харилцан үгсэж явалдваас хоёр сарын дөнгө дөнгөлж зуун ташуур занчи, эмийг золио ав хэмээжээ. Монголын цааз хуулийн 41-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа Монголчууд харилцан гэнэдүүлэн сайн хүнийг боол шивэгчин бага гэргий, хөвгүүд ач нар болгон худалдваас худалдсан ба үгүйг үл ялган зуун ташуур занчиж, гурван есөн мал ав. Гэнэдүүлэгдэж учрыг мэдэх хүнийг зуун ташуур занч, Гадаад Монголчууд дотоод газрын эр эм хөвгүүн гэнэдүүлэн аваачиж бага гэргий, боол, шивэгчин болгон худалдваас худалдсан ба үгүйг үл ялган гагцхүү гэнэдүүлэн аваачваас хөвчидөн алах ял оноож гянданд хорьж хүлээ хэмээжээ. Монголын цааз хуулийн 42-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа монголчууд засаг захиргааг алслаж хэтэрхий заалдах аваас түшмэл тайжийг гурван есөн мал ав, харцыг зуун ташуур занчи. Хэрэв мушигдсан боловч учрыг тодорхойлон гаргаж журганд хүртэл шууд заалдах болно. Аливаа хэргийг ямагт өөр өөрөө заалд хэрэв бус хүн төлөөлөн заалдваас төлөөний хүнээс нэг морь ав уг хэргийг авч хэлэлцэхгүй болго хэмээжээ. Монголын цааз хуулийн 43-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Хөвчидөн цавчин алах ял унасан Монгол заалт ардыг олон харъяат газраас тодорхойлон шүүж журганд мэдүүлж, журганаас гурван цаазын яам лугаа нийлэн хянан тогтоогоод айлтга, гянданд хорьж намрыг хүлээгээд албаас зохихыг нь шүүх явдлын яамны намар шүүхэд оруулж есөн сайдууд хэлэлцэгч түшмэд байцаан үзэж, түшмэд лүгээ хамт нийлж тогтоон хэлэлц, Монгол цаазын бичигт зориуд заасангүй болбоос шүүх цаазын бичгийн ёсоор шийтгэнэ. Түшээт хан, Сэцэн хан аймгийн Монгол иргэн харилцан холбогдсон хүний амины, хулгай, худлын хэргийг Хүрээ сайдын газраас шийтгэ. Монголын халдсан хулгай худлын зэрэг хөнгөн хэргийг чуулганы даргын газраас шүүх: Засагт хан, Сайн ноён хан аймгийн хэргийг энэ ёсоор Улиастайн жанжны газраас шийтгэнэ. Аливаа Монголчууд ял халдаад шүүх цаазын бичгийн ёсоор туйван, чавчирга занчих нь тооны ёсоор нугалж ташуур занчи, цэрэг болгох, цөлөх үйлтгэхийг нь илгээхийг хэлтэрүүлбээс ялган салгаж дөнгө дөнгөлүүл, үйлтгэх ял нэг жил болбоос хорин өдөр, зэрэг тутам таван өдөр нэм, цөлөх ял хоёр мянган газарт тавин өдөр, зэрэг тутамд таван өдөр нэм, цэрэг болгох ял үүрэг газарт далан өдөр. Ойрхи газарт далан таван өдөр, хол хязгаарт наян өдөр, маш хол хязгаарын муу сүртэй газарт жаран өдөр дөнгө дөнгөлөхтүн хэмээжээ. Монголын цааз хуулийн 44-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа пүнлүү хүртэх ван, бэйл, бэйс, гүн тайж, түшмэд ял халдваас торгосон малын албанд оруулбаас зохихын цөм пүнлүүний мөнгө торгоноос таацуулан хас, пүнлүүгүй хүн болвоос морь малыг ав, олон хошууны харъяат тайж түшмэд нар булаан хулгах ял халдваас харъяат засгийг засгийн пүнлүү хас, харц ардын хулгасан ял цөлөхөөс дээш болбоос харъяат тайж түшмэдийг есөн мал торгоно. Аливаа ял, малын үнэ мөнгийг албанд хадгалж гэмт хэргийг гэрчлэн гаргасан ба хулгайг хүчлэн барьсан зэрэг хүмүүст шагнан олгоно. Есөн мал торгоход морь шар үнээ, гуна хошоод, бяруу нэг, долоон мал торгоход морь, шар үнээ, нижгээд гуна, бяруу таван мал торгоход шар, үнээ, гуна нижгээд, бяруу хоёр, хошоод гурван мал торгоход үнээ, гуна, бяруу нэжгээд хэмээжээ. Монголын цааз хуулийн 45-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа зарга, зальхай, худал, хулгай зэрэг эрүүгийн хэрэгт явдал мөр, байдал учир сэжиглэлтэй болбоос хүнд ялыг хүлээн авахгүй бас хүндлэн эсэргүүцэлгүй ялтныг шахаанд оруулж дуусга хэмээжээ. Монголын цааз хуулийн 46-р ба 47-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл.Олон хошуунаас оргон гарах, хэрэн одох ба бас оргодол ба хэрэн ирэгчдийг даран далдлах буюу байцаахыг алдах зэрэг хэрэгт засаг түшмэдийг пүнлүү хасах, зэрэг бууруулах, түшмэл эвдэх, мал торгох зэргээр шийтгэх, оргодол хэрмэлийг хэргийн хүнд хөнгөнийг үзэж хууль ёсоор шийтгэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн 48-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Олон засгуудын газарт үйлтгэх ялаас дээш ял оноовоос зохих ялт хүмүүний журганд мэдүүлж нэгэнтэйгүүр түшмэл цэрэг гаргаж гянданд хориулбаас зохих газар орны түшмэлд дагалдуулан хүргүүлж түр хориулна хэмээжээ. Монголын цааз хуулийн 49-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Цөлөх ялт хүнийг нийслэлээр өнгөрөн явахыг нь журганд хүргүүлж цөл, нийслэлд зам муруйг нь журганд хүргүүлэхгүй жургахаас айлтгаж тогтоосны хойно түүгээр зохих газарт дагалдуулан цөлөхтүн. Эм хөвгүүнийг хамтаар цөлөх нь хөнгөнийг нь ялт хүний бие барсан хойно эм хөвгүүнийг уг нутагтаа буцаа, хүндийг нь сэргийлэн суулгасан цэргийн ардад өгч боол болго хэмээжээ. Монголын цааз хуулийн 50-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа олон засгуудын Монгол газарт дөрвөн зүйлийн мал хулгаж алах, цөлөх ял оноовоос зохих ялт хүнийг ураг өтөлсөн ба өнчин нялх болох нь үнэн болбоос агуулж ургийг тэжээлэг, ялт хүнийг дөчин өдөр дөнгө дөнгөлүүлж зуун ташуур занчи, дахин хулгах аваас агуулж тэжээлгэхгүй болго хэмээжээ. Монголын цааз хуулийн 51-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа золио авах нь хөнгөн ялд хууль ёсоор золио авна. Дараагаар зоргоор алах хүнд ялд хүрвээс цөм золиослохгүй болго хэмээжээ. Монголын цааз хуулийн 52-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Аливаа хүнийг занчаад үхэхэд хүргүүлсэн ба хэлтрүүлэх зарлигт зэрэг хөнгөтгөсөн ба жич уурлан алахад их хөнгөтгөсөн ялт хүнийг цөм гурван есөн мал авч үхсэн хүний урагт олгуулж дуусга. Хэрэв чинээгүй болбоос Шаньдүн, Хунаньд цөлж өртөөний зовох албанд явуул хэмээжээ. Монголын цааз хуулийн 53-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Шинэлэх цагаалахад урд хойно болговоос ван, бэйл, бэйс, гүнгүүдийг долоон мал, тайж тавнангуудыг таван мал, харц хүнийг нижгээд морь авч гэрчилсэн хүнд өг. Аливаа хувцасыг тогтоосон ёсоор хэрэглэ. Зөрчвөөс ван, гүн, тайж нарыг нижгээд морь, харц хүнийг нижгээд хонь авч гэрчилсэн хүнд өг. Аливаа Монголчууд булга, хүн эм гөрөөлөх ба түүх энгийн худалдан авахыг цаазлан зогсоохтун. Зөрчвөөс хууль ёсоор ялал. Засаг ба засаг бус ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд бус хүний газрын зурхайг эзэлж нутаглаваас нижгээд жилийн пүнлүү хас, пүнлүүгүй тайж тавнанг тавин морь ав, харц хүнийг хоёр есөн мал ав хэмээжээ. Монголын цааз хуулийн 54-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Оргодлыг барих хугацаа зургаан сараас эхлэн дөрвөн удаа хугацаа хугацаж бариулна. Барьж олвоос шагнал олгоно. Барьц олохгүй болбоос ял шийтгэнэ хэмээжээ. Монголын цааз хуулийн 55-р дэвтэрт өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Бага сага ялын тухай харц хүн муу үгээр ванг дайрваас гурван есөн ав, бэйл бэйс, гүнгүүдийг дайрваас хоёр есөн мал ав, тайж тавнанг дайрваас нэг есөн мал ав, тэргүүлсэн түшмэл болбоос нэг есөн мал ав, мэйрэн болбоос долоон мал, залан болбоос таван мал, сумын занги болбоос гурван мал ав, авсан малыг дайрагдсан хүнд өг. Аливаа элч явах замд хулгагдвал тохиолдсон харуулд суусан занги нарыг гурван есөн мал ав, хуягуудыг зуун ташуур занчи, түймэр алдсаныг хүн мал үхэхэд хүрсэн эссэн, санаатай ба сайнаагүйг ялган салгаж хууль ёсоор шийтгэнэ. Хүйтэн цагт зам явах хүнийг хонуулахгүй гэм болговоос нэг есөн мал ав, эс гэм болбоос нэг бяруу ав, бус хүний малыг зоргоор харваж албаас ор төлүүлж нэг есөн мал ав, эндүүгээр харваж үхвээс ор холбоо хөөж төлүүл, үхсэнгүй эдгэрбээс нэг бяруу ав. Аливаа явах хүний унасан малыг өөрийн алдсан мал хэмээн эндүүгээр буулгаж авбаас таван мал авч уг хүнд өг. Аливаа алдсан малыг гурван өдөр болсон хойно ойрхи засаг захиргааны газар мэдүүлж барь. Нэг малын ацагт нэг хонь өг. Олсон малыг эдэлвээс таван мал ав, эзэн гарахгүй малыг хадгалж тарааваас нэг есөн мал ав хэмээжээ. Монголын цааз хуулийн 56, 57, 58, 59, 90-р дэвтрүүдэд өгүүлсэн нь. Нэгэн зүйл. Лам нарын хууль, Бээжин, Мүгдэн, Баруун зуу, Андугийн зэрэг газрын сүм хийдийн нэр өргөмжлөл засаг хэргэмтний тушаалыг дагаж суух гэлэн бандийн тоо, олгон цалин аму шагнах шийтгэх дүрэм, олон хутагт хувилгаан засаг лам нарын эрх дэв дүйнли ном унших, ээлжлэн жасаалах ёслол өргөмжлөл олгуулах хууль зүйлийн тухай бөгөөд монгол тэр үед үүнд оролцсонгүй болой. Гагцхүү үүний дотор гадаад дотоод олон засаг хошууны газарт тавин өрх гэрээс дээш сүм барьж нэр шагнахыг гуйх аваас уламжлан журганд мэдүүлж журганаас нэр зохион бичиж айлтгаад зарлигаар тогтоон олгуулна. Хэргэмтэн лам нарт тэмдэгт бичиг, магад гэрээс гарахын тэмдэгт бичиг олгуулахыг гуйх аваас журганаас олгуулж жилийн эцэст хураангуйлан айлтгана. Аливаа хүн лам нарыг урьж өвчин засуулах ном уншуулах аваас харъяат ламд учрыг тодорхойлон мэдүүлж авчруул, хэрэг дуусмагц авчирсан хүнийг гэдрэг хүргүүлж харъяат захирах ламд тодорхойлон тушаа. Лам банди нар одсон гэрт өнжих ба харъяат захирах ламд мэдүүлэхгүй аваачих, гэрт өнжүүлэхэд хүрвээс зоргоор явах өнжсөн лам банди нараас гурваад есөн мал ав, зоргоор аваачсан хүнийг хууль ёсоор ялал, нөхөргүй эмийн гэрт өнжвөөс лам банди нар шар шувталж зуун ташуур занчи, эмийг зуун ташуур занчих ял оноо, лам банди нарыг журганы цэсэд бүхийгээс гадна нэмэгдүүлэхгүй болго, лам банди нарын хэрж явахыг зоргоор халгаж авахуулбаас болохгүй, зөрчвөөс яллахтун, гадаад Монголын газарт дансанд нэр бүхий лам нараас гадна хэрж явах гэлэн банди нарыг бүрэн үлдэн, хэрэв дарж агуулах ба бас өөр өөрийн албат ба гэрийн боолыг зоргоор банди болгох нь болбоос ван, бэйл, бэйс, гүн, засаг, тайж, тавнанг нэжгээд жилийн пүнлүү хас, пүнлүүгүй тайж тавнанг тавиад морь ав, түшмэлийг түшмэл эвдэн харц хүнийг зуун ташуур занчи, нууж дарсан дансанд, нэргүй гэлэн банди нарыг цөм албадаж хар болгон уг хошуу ба гэрийн эзэнд тушаан баримтлан захируул. Аливаа Монголын хуяг өмссөн өсвөрийн эр зоргоор увш болж болохгүй, зөрчвөөс зоргоор гэлэн банди болсон хууль ёсоор ялал, насан өтөлсөн ба эмгэлсэн, эр төөлөх данснаас нэр хассан хүний дотор дуртайгаар увш болсугай хэмээвээс тэднийхээр болгохтун, лам нарын суусан сүмд эм хүн явж болохгүй. Хэрэв лам нарын суусан гэрт эм охиныг явуулах болбоос халгаасан тэргүүн ламыг хоёр есөн мал, дэмчийг нэг есөн мал, гэлэн банди нарын таван мал ав, одсон эмийн нөхрийн хамтаар хууль ёсоор ялал, аливаа лам нар ял халдсан ба хулгай хийж явсан хүнийг халгаж агуулваас ял хүний нэг адил ял унага, лам банди нар зоргоор оргож өөрөө ял гуйн ирвээс анх удаагийн жаран ташуур занчи, 2-р удаагийн наян ташуур занчи, 3-р удаагийн зуун ташуур занчиж ламаас байлга, барьж олбоос 100 ташуур занчиж ламаас байлга, аливаа лам нар ялын учирт барьж шүүхэд хүрвээс урьд ламаас байлга, үнэн болбоос ялыг хууль ёсоор эдэлмүй. Худал болбоос уг ёсоор лам болго хэмээжүхүй

No comments:

: